Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/68

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: Т.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-т холбогдох эрүүгийн 1727000000028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны АТМ дээр иргэн Ц.Т-ийн картнаас 500.000 төгрөг гүйлгээ хийгдэн гарахад түүнийг авч завшсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед халамцуу байсан. Хаан банкны картаа хийсэн санагдаад байгаа. Хүний 500.000 төгрөгийг авсан. 2 өдрийн дараа цагдаа нар ирсэн. Тэгээд би өөрийнхөө хаан банкны картыг үзсэн чинь мөнгөө аваагүй байсан. Мөнгийг нь хохирогчид өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Т-ийн өгсөн “...Би 2017 оны 10 дүгээр сарын 18-ны өдөр сургууль дээр байж байхдаа өөрийн хичээл орж байсан ангийн 2 хүүхдийг Хаан банкны АТМ-с мөнгө авчираад өг гэж хэлээд виза картаа өгч явуулсан. Миний 2 шавь болох С, А 2 хэсэг хугацааны дараа АТМ-с мөнгө гарч ирсэнгүй гэж хэлээд буцаж ирсэн. Тэр үед миний данснаас мөнгө /500.000/ хасагдсан талаар мессэж утсанд ирсэн. Тэгэхээр нь би өөрөө Хаан банкинд очиж хандсан. Маргааш нь надад Хаан банкны ажилтан утсаар хэлэхдээ таны данснаас гарсан 500.000 төгрөгийг АТМ-с мөнгө авахаар оочирлож байсан дараагийн хүн авсан байх магадлалтай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандсан юм. Одоо миний хувьд ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний данснаас 2017.10.18-ны өдөр гарсан 500.000 төгрөгийг хурдан шуурхай шалгаж мөнгө авсан хүнийг олж миний хохирлыг барагдуулсан та бүхэнд баярлалаа. Өөр шалгуулах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.С-гийн өгсөн: “...Манай ангид 2017.10.18-ны өдөр хичээл орж байхдаа С, Ал 2-ийг Хаан банкны АТМ-ээс надад 500.000 төгрөг авчраад өг гэж хэлээд Хаан банкны виза картыг А-д өгсөн. Тэгээд А бид 2 сургуулиас гарч Хархорин сумын төв хаан банкны гадна талд байдаг АТМ-с бэлэн мөнгө авахаар багшийн өгсөн виза картийг А АТМ-д уншуулсан. Тэр үед би АТМ-ийн хажуу шатны тэнд зогсож байхад Ариунжаргал надад АТМ-ийн дэлгэцэн дээр эхлээд картаа, дараа нь мөнгөө авна уу гэсэн бичиг гарч ирсэн тэгээд картаа авсан чинь мөнгө гарч ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал бид 2-ийн ард хүүхэд тэвэрсэн эгч би виза картаа хийж үзье гэж хэлээд картаа хийж мөнгө авсан. Тэрний дараа А ахиж картаа хийж гүйлгээ хийсэн. Тэгсэнээ ахиад мөнгө гарч ирсэнгүй гэж надад хэлсэн. Тэгтэл бид 2-ийн ард байсан нэг согтуу ах хурдал гэж хэлээд А нөгөө ахтай байраа сольсон тэгээд нөгөө ах АТМ-ийн урд хэсэгт очиж зогсоод гэнэт А бид 2-луу харсан. Тэгснээ бид 2-т энэ АТМ болохгүй байгаа юм биш үү гэж 2 удаа хэлсэн. Тэгсний дараа картаа хийж мөнгө аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.А-ын өгсөн: “...Намайг 2017.10.18-ны өдөр манай ангид хичээл орж байсан Т багш намайг ангийн дарга Б.С-гийн хамт Хаан банкны АТМ-с 500.000 төгрөг аваад ир гэж хэлээд виза картаа нууц дугаарынхаа хамт өгсөн. Тэгээд С бид 2 явж Хаан банкны гадна талд байдаг АТМ-с мөнгө авахаар би картийг хийж сонгох цэснээс 500.000 төгрөг гэж хийсэн. Тэгтэл АТМ-ийн дэлгэц дээр эхлээд картаа дараа нь мөнгөө авна уу гэсэн бичиг гарч ирсэн тэгэхээр нь картаа аваад хэсэг хүлээсэн тэгтэл мөнгө гарч ирээгүй. Миний араас нэг хүүхэд тэвэрсэн эгч гүйлгээ хийсэн тэгэхэд АТМ зүгээр байгаа юм байна гэж бодоод би ахиж гүйлгээ хийсэн намайг гүйлгээ хийж байхад миний араас нэг ах хурдал гэж хэлээд байсан тэгэхээр нь би хүлээж байгаад АТМ ажиллахгүй байгаа юм болов уу гэж бодож нөгөө ахыг гүйлгээ хийг гэж бодоод байраа сольсон. Тэгтэл нөгөө ах АТМ-ийн тэндээс С бид 2-луу эргэж хараад болохгүй байгаа юм биш үү гэсэн. Тэгснээ өөрөө гүйлгээ хийгээд мөнгө авсан. Тэгэхээр нь би картаа ахиж хийж багшийн виза картанд байсан дансны үлдэгдлийг шалгахад 61.000 төгрөг байсан. Тэгээд сургууль орж багшид хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

- Хохирогч Ц.Т-ийн данснаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 57 минутанд 500.000 төгрөгийн гүйлгээ гарсныг нотолсон ХААН банкны гаргаж өгсөн иргэн Ц.Т-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6 дугаар хуудас/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 61, 62 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц-ыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны АТМ дээр иргэн Ц.Т-ийн картнаас 500.000 төгрөг гүйлгээ хийгдэн гарахад түүнийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд Т.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Ц-ыг алдаатай гүйлгээ завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ыг 450 /дөрвөн зуун тавин /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Ц-ын 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 64-00 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн верна маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай. 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА