Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1072

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00801 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-т  холбогдох

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, автомашиныг бэлэглэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г.Б-ээс гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулахдаа би төлбөр төлөхгүй гэдэг байдлаар хандаагүй. Гэтэл Г.Б- нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс тунхагласны баяраар би Г.Б-т  97-28 УБМ дугаартай Приус 30 маркийн автомашиныг бэлэглэсэн. Гэр бүл цуцалснаас хойш Г.Б-ийн гэр бүлээс гадуурх харилцаа, мөн 2 өрөө байрны урьдчилгаа 20 гаруй сая төгрөгийг нууцаар хураасан байсан. Би сахарын өвчин тусаад 11 жил болж байна. Энэ хугацаанд сахарын өвчин хүндэрч, тарианд орсон. Г.Б- намайг сахарын тариа байхгүйгээр 7 хонож чадахгүй гэдгийг мэдсээр байж, би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн эмнэлгээс тариагаа авахаар очиход 10,11 дүгээр сарын сахарын тариаг авсан байсан. Сахарын тариаг авч миний амь насанд аюултай, ноцтой үйлдэл хийсэн байна. Иймд машин бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.Б-  шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар тухайн нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээ хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж ярьсан. Гэтэл тариаг авснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ямар хор хохирол учирсан нь харагдахгүй байна. Тухайн машиныг гэр бүлийн хэрэгцээнд хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх зорилгоор авсан, гэр бүлийн гишүүний хэний нэр дээр байхаас үл хамаараад дундын өмчид тооцогддог. Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2737 тоот шийдвэрээр гэрлэлт цуцалсан, шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Шийдвэрийн 3 дахь заалтад Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг баримтлан 97-28 УБМ дугаартай Приус 30 маркийн автомашиныг Г.Б-т үлдээсэн. Эрүүл мэндэд нь ноцтой хор хохирол учруулсан гэдгийг эмнэлгийн байгууллага тогтоогоогүй. Бэлэглэсэн нотлогдоогүй, бэлэглэгчийг гомдоосон гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасныг баримтлан Г.Б-т 97-28 УБМ дугаартай Toyoto Prius маркийн машиныг бэлэглэсэн гэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг хүссэн Д.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бэлэглэлийн гэрээг заавал бичгээр хийхийг шаардахгүй бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дах хэсэгт заасан. Г.Б- нь Д.Э-ийн хэрэглэдэг чихрийн шижингийн эмийг 2019 оны 10, 11 дүгээр сард авсан нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл болохгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь тус хэргийн материалын 44-45 дугаар хуудаст Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн чанарын албанд гаргасан Д.Э-ийн гомдол, хуудас 60-д байгаа Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн чанарын аюулгүй байдлын албанаас ирсэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гомдлын хариу бичигт Д.Э- миний чихрийн шижин өвчинд хэрэглэдэг инсультард, микстрад тариаг Г.Б- авсан болохыг нотолж байхад тус баримтыг шүүхээс үнэлээгүй. 2019 оны 10. дугаар сарын 16-ны өдөр Г.Б-, Д.Э- бидний гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг Р.Алтантуяа шүүгч шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад өмгөөлөгч Г.Чингис хүсэлт гаргасныг шийдвэрлээгүйтэй холбоотой асуудлаар тус шүүгчээс татгалзсаар байхад татгалзлыг ерөнхий шүүгчээс үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн хууль бус үйлдэл байна. Д.Э- миний нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02737 дугаар шийдвэрийг үндэслэсэн нь үндэслэлгүй. Тус шийдвэрээр дундын өмч хөрөнгө гэдгийг тогтоогоогүй, миний бие бэлэглэж байсан бөгөөд бэлэглэгчийг гомдоосон нөхцөл байдал үүсээгүй байсан тул Г.Б-т өгч шийдвэрлэсэн. Харин Г.Б- нь Д.Э- надтай хамааралгүй болж гэр бүл цуцлуулсныхаа дараа буюу дээрх шийдвэр гарсны дараа миний амь нас, эрүүл мэндэд яаралтай хэрэгтэй инсультард, микстрад тариаг эмнэлгээс Д.Э- надад өгнө гэж худлаа хэлж аваад өөрийн хамтран амьдрагчдаа өгсөн үйлдэл нь өөрөө бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл болсон. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан бэлэглэлийг хүчингүйд тооцуулах тухай үндэслэл болсон юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Г.Б-т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Тоёото приус-30 маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс тунхагласны баяраар би Г.Б-т  97-28 УБМ дугаартай Приус 30 маркийн автомашиныг бэлэглэсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 

Нөгөө талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02737 дугаар шийдвэрээр Д.Э-, Г.Б- нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэсэн үндэслэлээр 97-28 УБМ дугаартай Тоёото приус маркийн машиныг Г.Б-т, 46-78 УБН дугаартай Nissan Terrano машиныг Д.Э- нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. / хх-ийн 34-36 /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч Г.Б-ийн өмчлөлийн 97-28 УБМ дугаартай Приус 30 маркийн автомашиныг бэлэглэлийн гэрээний зүйл байсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, Г.Б- нь Д.Э-ийн хэрэглэдэг чихрийн шижингийн эмийг 2019 оны 10, 11 дүгээр сард авсан гэх байдал нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл болохгүй юм. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00801 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 300 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                                            Н.БАТЗОРИГ