| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/0050/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/72 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/72
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа
Хохирогч: Т.Г, Г.Б
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч: Н.Болд,
Шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: Б.Б, Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Ц нарт холбогдох 201615010169 дугаартай, 146/2017/0050/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Ц
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Т.Н-ын гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч Т.Н-д 3.950.000 төгрөгний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын иргэн О.Г-н гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч О.Г-д 2.480.000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө давтан үйлдлээр яллагдагч Б.Ц-той бүлэглэн, машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Б-гийн гэрт нэвтрэн орж авдарт нь түлхүүр тааруулан хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Г.Б-д 5.470.000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Ц-той бүлэглэн, давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.И-ын “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж хохирогч Л.И-т 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц нь шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Б-гийн гэрт нэвтрэн орж авдарт нь түлхүүр тааруулан хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Г.Б-д 5.470.000 төгрөгний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.И-ын “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж хохирогч Л.И-т 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Надад хийсэн хэрэг байхгүй. Хархорин сумын дэслэгч Б.Б намайг хөдөө байхад манайд ирсэн. Би хөдөө гэртээ ажлаасаа ирээд байж байсан чинь уулзъя гээд аваад явсан. Намайг хийсэн хэргээ мэдэж байна уу гэсэн. Надад хийсэн хэрэг байхгүй гэж би хэлсэн. Тэгээд намайг авч яваад зодсон. Би хийсэн хэрэг байхгүй гэсэн чинь хийсэн хэргээ мэдэж байгаа биздээ гэсэн. Тэгээд Хархорин суманд ирээд шөнө надаас байцаалт авсан. Байцаалт аваад хийсэн хэргээ мэдэж байгаа биздээ гэсэн. Би өмнө нь хэрэг хийж байгаагүй гэж хэлсэн. Авсан зүйлээ гаргаад өгчих, тэгвэл явууллаа гэж хэлсэн. Надад авсан зүйл байхгүй, би юу ч аваагүй гэсэн. Тэгсэн Б.Б намайг хоёулаа Сансар оръё гээд цагдаагийн хэлтэс дээрээс хар өнгийн приүс машинтай авч яваад замдаа гавалж байгаад зодоод, дээл хувцасаа тайл гэсэн. Тухайн үед би Хархорин суманд ээжтэйгээ байсан бөгөөд Б.Б шөнө намайг цус нөжтэй нь холиод гэрт буулгаад явсан. Надад хийсэн хэрэг байхгүй. Т.Н эхнэртэйгээ өөр бас нэг хүнтэй намайг 3-улаа хээр очиж согтуу байхдаа зодсон. Би хөдөө гэрлүүгээ явж байсан. Тийм болохоор надад хийсэн хэрэг байхгүй. Хэцүү байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: Надад хийсэн хэрэг байхгүй. Г.Б гэдэг айлын гэрээс юм хулгайлсан гэж байгаа нь худлаа. Би гэрийн ажилд нь зарагдаж байсан. Юмыг нь авбал авах л байсан. Энэ хэрэгт холбогдоод нэг жил гаран явлаа. Хэцүү байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Б мэдүүлэхдээ: Манай гэрт хулгай ороод Булган аймгийн Рашаант сумын цагдаагийн байгууллагад хандсан. Гэрт хулгай орсноос хойш 2 хоногийн дараа Хархорин сумаас Б.Б байцаагч ирж шалгаж үзээд явсан. Тэгээд энэ хоёрыг байцаасан гэсэн. Б.Б Б.Ц-той явсан гэж байсан. Миний бодлоор Б.Б манай гэрийг ганцаараа ухаагүй. Манайх гурван авдартай, дунд талдаа тавьдаг байсан авдрыг өвөлжөөндөө буугаад гэрийнхээ баруун талд тавьсан байсан. Ганцхан тэр баруун талын авдарыг ухсан байсан. Манайд амбааран жижиг байшин байдаг. Тэрийг бас ухсан байсан. Гэхдээ нэг ч зүйл аваагүй байсан. Амбаарт сүүлийн үеийн мөнгөн тоноглолтой эмээл, хазаар байсныг аваагүй, боогоод хийсэн байсан зүйлүүдийг задлаад, онгичоод орхисон байсан. Өмнө нь би бурхныхаа эргүүлдэг хүрдний дэргэд эхнэрийнхээ алтан бөгжийг тавьсан байж байгаад алдсан. Тэгээд би эхнэртээ манай гэрээс юм алга болоод байна. Чи дүү нартаа хэл эсхүл манай гэрт нэг хулгайч байна гэж хэлэхээр миний дүү нар хулгай хийхгүй гэдэг. Би тухайн үедээ дүү нараа хардаад яахав гэж бодоод өнгөрсөн. Би он, сар, өдрөө сайн санахгүй байна. Орой 6-7 цагийн үед саравч дээрээ очиж хоноод өглөө 7-8 цагийн үед би эхнэртэйгээ гэртээ ирсэн. Би түлхүүрээ мартчихаад цоожоо хөдөлгөөд үзтэл гэрийн цоож нь сул байсан. Тэгээд эхнэртэйгээ гэртээ ороод хоёулаа цоож нь сул байдаг юм байхдаа гэж ярьж байгаад юмаа үзтэл авдран дотор байсан хоёр мөнгөн бугуйвч, гурван мөнгөн аяга, нэг алтан ээмэг, хүзүүний мөнгөн гинж, хаш чулуу, хүүхдийн 2 жижиг мөнгөн ээмэг, хоёр мөнгөн бөгж, жаазны ард байсан дээр үеийн улаан хүрэн өнгийн хүний хөөрөг байхгүй болсон. Зарим зүйлийг нь сайн санахгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Г мэдүүлэхдээ: 2015 оны 03 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд би Булган аймаг руу 5 хоног олимпиадад оролцож яваад ирсэн. Тэр хугацаанд манай гэр эзэнгүй байсан. 2015 оны 03 дугаар сарын 30-ны шөнө гэртээ ирэхэд гэрийн чанх хойд талын нэг унь хугарсан байсан. Би тухайн үед яагаад хугарсан юм бол гэж бодоод өөр зүйл анзаараагүй өнгөрсөн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа манай эхнэр гэртээ ирээд мөнгөн аяга байдаг шүүгээгээ онгойлгож үзтэл мөнгөн аяга байхгүй байсан. Тэгээд би Булган аймгийн цагдаад 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн. Тухайн үеийн ханшаар 16 ширхэг мөнгөн аяга нийт 2.480.000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо нэхэмжилж байна гэв.
Хохирогч Г.Б-гийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай өвөлжөө нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр баг “Дуганы бууц” гэх газар байдаг. 2016 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө манай өвөлжөөн дээр бариатай байсан гэрт хулгай орж хуучин цагийн 3 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг, мөнгөн гинж, үсний мөнгөн даруулга 2 ширхэг, хаш чулуун тээг, мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг алдагдсан. Манайхаас алдагдсан эд зүйлсийн онцлох содон шинж тэмдэг нь хуучин цагийн 2 мөнгөн аяга цулгай, нөгөө мөнгөн аяга нь дарьганга хийцтэй манай ааваас надад үе дамжин ирсэн мөнгөн аяга байсан. Мөнгөн аяга нь ууттай, уутны хаш чулуун тээгийг мөн манай аав надад өгч байсан юм. Эмэгтэй хүний алтан ээмэг нь манай эхнэрийн ээмэг байгаа юм. Хуучин цагийн үндсэн тагштай мөнгөн аягыг 1.000.000 төгрөгөөр, дунд гарын хуучин цагийн цулгай мөнгөн аягыг 500.000 төгрөгөөр, хортол суучихсан байсан хуучин цагийн дунд гарын мөнгөн аягыг 450.000 төгрөгөөр, алтан ээмэг нь 500.000 төгрөгөөр, мөнгөн гинжийг 80000 төгрөгөөр, хуучин цагийн шүрэн шигтгээтэй мөнгөн үсний даруулгыг тус бүрт нь 800.000 төгрөгөөр, хаш чулуун тээгийг 500.000 төгрөгөөр, мөнгөн бөгжийг тус бүрт нь 20000 төгрөгөөр, мөнгөн бугуйвчийг тус бүрт нь 400.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авмаар байна. Манайхаас алдагдсан мөнгөн аяга хаш чулуун тээг эмэгтэй үсний даруулга зэрэг нь хуучин цагийн эд зүйлс байсан...” гэжээ. /хх-ийн 77-78 дугаар хуудас/
Хохирогч Т.Н-ын мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 08 цагт эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотруу хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэж явахдаа гэр харж байгаарай гээд хадам ээж Б.Д-гийнд үлдээсэн. Маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед эх нялхас эмнэлэгт хүүхдээ үзүүлж байтал манай эхнэрийн дүү Н.Д гэрт чинь хулгай орсон байна гэж утсаар хэлсэн. Тэр даруй би сумын цагдаа С.Г-тэй утсаар ярьхад манайд ирсэн байсан. Тэгээд би аавын дүү н.Б-тай Улаанбаатар хотоос гарч 23 цагийн үед гэртээ ирсэн. Шөнө 01 цагийн үед хэсгийн төлөөлөгч Б.Х-ы хамт гэртээ ороод эд зүйлс бүртгэж үзэхэд 16 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Алдагдсан мөнгөн аягануудын содон шинж тэмдэг гэвэл 600 грамм ордог дунд гарын дотор талын ёроол хэсэгт дөрвөлжин хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 500 грамм ордог хээгүй цулгай мөнгөн аяга 4 ширхэг, 300 грамм ордог мөнгөн 11 ширхэг, нийт 16 ширхэг шинэ үеийн мөнгөн аягануудыг хулгайд алдсан. Нийт 4.000.000 төгрөгний хохирол учирсан. Би гомдолтой байна. Алдсан аягануудаа олж авмаар байна...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 230 дугаар хуудас/
Хохирогч Л.И 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Нарийн хүр” багийн нутаг “Баянголын ам” гэх газраас би өөрийнхөө сургуулийн хүүхдийг авахаар Хархорин сумын Арцатын гудамжинд байдаг аав, ээжийнхээ гэрт хөдөөнөөс өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй мотоцикльтой 2016 оны 12 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд ирсэн. Тэгээд хашааны гадна талд мотоциклио үлдээж аав, ээжийнхээ гэрт ороод удалгүй гарч ирсэн чинь миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан мотоцикль шинэ улаан өнгийн мотоцикль байсан. Хойд талын шаврын хаалтны тэнд нэмэлт дохиотой, урьд талдаа нэмэлт никель карлон хийсэн байгаа. Уг мотоциклийг 2016 оны 05 дугаар сард Хархорин сумын Хүнс барааны захаас 1.600.000 төгрөгөөр шинээр худалдан авсан. Миний мотоциклийг хүн түрээд явчихсан шинжтэй байсан. Өөр ямар нэгэн ул мөр байхгүй байсан. Би алдсан мотоциклио маргааш өдөр нь цагдаагийн ажилтнаас бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ./хх-ийн 203-204 дүгээр хуудас/
Хохирогч Т.Н-ын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2015 оны 03 дугаар сарын 25-наас 2015 оны 03 дугаар сарын 31-ний хооронд манайхыг эзгүй хойгуур манай гэрт хулгай орж 16 ширхэг мөнгөн аяга алга болсон юм. Тийм учраас цагдаагийн байгууллагат гомдол гаргасан юм. Би мөнгөн аягануудаа Рашаант суманд зарагдаж байгаа мөнгөн аяганы ханшаар бодоход 2.480.000 мянган төгрөг болж байсан энэ мөнгийг нэхэмжилж байна. Би үнэлгээтэй танилцсан бөгөөд өөрийнхөө гэрээс алдсан 16 ширхэг мөнгөн аягыг хэрэг гарах цаг хугацаанд худалдан борлуулж байсан мөнгөн аяганы үнээр үнэлж үнэлгээ гаргуулсан. Үнэлгээтэй санал нийлж байгаа тул хохиролоо бүрэн барагдуулах хүсэлттэй байна. 16 ширхэг мөнгөн аягыг 2.480.000 төгрөгийг нэхэмжилж байна” ...гэжээ. /2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Оготно устгалтын ажилд явах хүмүүсийг зар тавьж байгаад өөрийнх нь санал, багийн даргын хүсэлт зэргийг харгалзан үзэж, оготно устгалын ажилд авч 8 хоног Б.Б, Б. Ц нарыг авч ажиллуулсан юм. Ажил өглөөний 10 цагаас эхлээд оройн 18 цаг өнгөрөөгөөд буудаг байсан. Бид нар өөрийн гэсэн гэр оронтой, гарч хөдөө гарч ажилласан юм. Би ахлаж явсан хүний хувьд хоол, унд бензин тосоор хангаж байсан юм. Би шөнө нь Рашаант суманд ирж хоноод өглөө нь бензин тосоо хийж ирж байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан ухаа” гэх газраас орой 18 цаг өнгөрч байхад ажилчдаа ажлаас буулгаж хоол унд хийж идээд гэрээ ачиж, Рашаант сумын төвд ирж хоносон. Тухайн шөнө манай ажилчид гэртээ харьж хоноод өглөө эрт Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун хөтөл ус” гэх газарт очиж ажилласан. Б.Б, Б.Ц нар өглөө хоцроогүй ирсэн. Мөн тэр хоёр мотоцикльгүй байсан ...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 80 дугаар хуудас/
Гэрч Б.Х-ын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутаг “Дуганы бууц” гэх газар өвөлжөөн дээрээ бариатай байсан их гэрээс 2016 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө модон авдар дотроос хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн ээмэг, мөнгөн үсний даруулга, 2 ширхэг хуучины мөнгөн аяга хийдэг байсан уутны хаш чулуун тээг, шинэ цагийн мөнгөн бөгж 3 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдсан. Хулгайд эд зүйлээ алдсан талаараа 2016 оны 10 дугаар сарын 26-нд мэдсэн. Манай гэрийн хаалганы цоожыг эвдэж гэрт орж авдарны цоожинд түлхүүр тааруулсан бололтой байсан...” гэжээ. /хх-ийн 85-86/
Гэрч Б.Ц 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Б.Ц, Б.Б 2 манай гэрт орж ирчихээд бид 2-ыг яв гэсэн таны бичиг баримтыг аваад ирээрэй гэсэн гэхээр нь би өөрийн бичиг баримтыг өгөөд танай эхнэр чинь наашаа гарсан гэсэн та 2 тосоод аваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд 21 цагийн үед Б.Ц эхнэрээ дагуулчихсан Б.Б-тай хамт ирж хоол идчихээд Б.Ц, Б.Б 2 тамхи татна гэж гараад нэг их удалгүй орж ирсэн. Тэгээд тэр 3 явлаа гээд гарах гэхээр нь би орой болсон хойно та хэдэд хаанаас унаа олддог юм гэсэн чинь унаа олдвол явчихна олдохгүй бол эргээд ирнэ. Ямарч байсан таньд хэл хүргэнэ гээд гараад явсан. Манай гэрт манай эхнэр Б.Д, хүү Б.Б, охин Б.А нар байсан манай хашаанд Б.Б, Б.Ц нар мотоцикль авч ирж тавиагүй. Ямар нэгэн мотоциклийн дуу чимээ гараагүй. Манай хашааны хаалга нилээн дуу чимээтэй хаалга байдаг. Хархорин сумын цагдаагийн төлөөлөгч Б.О манай гэрт ирээд надтай уулзаад явсан. Тэгээд л би Б.Б, Б.Ц нарыг мотоцикль хулгайлсныг мэдсэн. Б.Б, Б.Ц нар явган явж ирлээ гэж байсан, буцаж мах авч ирэхдээ хүртэл явган ирсэн гэж байсан. Би тухайн үед гэрээс гарч хараагүй...” гэжээ./хх-ийн 205 дугаар хуудас/
Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед намайг ажил дээрээ байх үед манай охин М.Д утсаар яриад хүргэн ах Т.Н-ынд хулгай орсон байна гэж хэлсэн. Би н.Э-ийг дагуулаад Т.Н-ынд очиход хаалга нь онгорхой байсан. Сумын цагдаа С.Г-ийг ирэхээр нь хамт гэрт ороход авдар дотор байсан дээлнүүдийг гаргасан байсан бөгөөд ягаан өнгийн зүйлээр ороосон 16 ширхэг мөнгөн аяганууд алдагдсан байсан. Гэрийн голд ширээн дээр сандал тавьсан байдалтай байсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 232 дугаар хуудас/
Гэрч М.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай хүргэн ах Т.Н эгчтэй хамт хүүхдээ Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр явахдаа намайг гэр харж байгаарай гэж түлхүүрээ үлдээсэн. Маргааш өглөө 10 цагийн үед н.О дүүгээ дагуулаад Т.Н ахын хашааны үүдэнд очиход жижиг хаалга нь онгорхой байсан. Гэрийн хаалгыг нь онгойлгож ороход авдар дотор байсан эд зүйлсийг гаргасан байсан. Тэгэхээр нь н.О эгчийг гэрээс нь дуудаад хүргэн ах Т.Н-ын гэрт хамт орсон. н.О эгчийн утсаар ээжтэй ярьсан. Ээж би цагдаа дагуулаад очъё гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаа С.Г ирсэн. 16 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан өөр юу алга болсон талаар би сайн мэдэхгүй байна...” гэжээ./1 дүгээр хх-ийн 233 дугаар хуудас/
Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манайх 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 30-ны хооронд эзгүй байх хойгуур манай гэрт хулгай орж 16 ширхэг мөнгөн аяга алга болсон юм. Тэгээд бид нар 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 30-ны хооронд би хөдөө мал дээрээ малаа төллүүлж байсан юм. Харин манай нөхөр аймаг ажлаар явсан юм. Тухайн үед манай гэр эзэнгүй байсан. Гэрээ хажуу талын эмээгийнд захиж үлдээсэн юм...” гэжээ. /2 дугаар хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Р.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.Б намайг гэрийнхээ гадаа дуудаж гаргаж ирээд надад 4 ширхэг мөнгөн аяга байна, чи Улаанбаатар хот явах гэж байгаа юм чинь хотод аваачиж зараад мөнгийг нь миний дансаар явуулчих гээд регистрийнхээ дугаарыг надад цаасан дээр бичиж өгсөн. Тэгээд тэр 4 ширхэг мөнгөн аягаа гэрийнхээ ард байдаг амбаараас гаргаад ирэх шиг болсон. Яг хаанаас гаргаж ирснийг нь мэдээгүй. Мөнгөн аягаа надад даавуунд ороож өгсөн. Тухайн үед би юун учиртай мөнгөн аяга юм бэ гэж асуухад хүнд хэлж болохгүй шүү нууц мөнгөн аяга байгаа юм гэж хэлсэн. Ингээд 4 ширхэг мөнгөн аягыг нь аваад Улаанбаатар хотруу тухайн өдрөө явсан. Тэгээд Хархорин зах дээр 4 ширхэг мөнгөн аягыг 250000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед ямар хүн худалдаж авсныг санахгүй байна. Тухайн аягануудыг зарахдаа би ганцаараа явсан...” гэжээ. /2 дугаар хх-ийн 84-85 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Б-ын гутлын ул шинжилгээнд тэнцэнэ. Б.Ц-ын гутлын улны мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №12 дугаартай гутлын улны мөр Б.Ц-ын зүүн хөлний гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн зураг №3 дугаартай гутлын мөр Б.Б-ын баруун хөлийн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн зураг №4 дугаартай гутлын мөр Б.Б-ын зүүн хөлийн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 190-192 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21, 156, 217 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 6 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 22-27, 157-161, 218-222, 2 дугаар хх-ийн 11-15, /
Хохирогч Г.Б, Т.Н, Т.Г, Л.И нарт учирсан хохиролын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 42, 176, 2 дугаар хх-ийн 25, 3 дугаар хх-ийн 50, 54, 57-58, 61-62 дугаар хуудас /
Цагдаагийн хэлтэсээс эрэн сурвалжлалт зарласан материалууд /1 дүгээр хх-ийн 235-244 дүгээр хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 117-132 дугаар хуудас/
Цагдаагийн хэлтэсээс эрэн сурвалжлалт зарласан материалууд /2 дугаар хх-ийн 28-44 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан гэх “Хайрхан” нэртэй мотоциклийг хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дүгээр хх-ийн 48-56 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хятад цоожны түлхүүрийг хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дүгээр хх-ийн 70-73 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б-аас хураан авсан түлхүүрээр туршилт хийх тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 74-75 дугаар хуудас/
“Даюун” маркийн улаан өнгийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 162-164 дүгээр хуудас/
“Даюун” маркийн мотоциклийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 184 дүгээр хуудас/
Б.Б, Б.Ц нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гутлыг хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 185-188, 193-197 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Б, Б.Ц нарыг урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 142, 148 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б 2014 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Т.Н-ын гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч Т.Н-д 3.950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Т.Н-ын ... 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед ... эхнэрийн дүү Н.Д гэрт чинь хулгай орсон байна гэж утсаар хэлсэн ... би аавын дүү н.Б-тай Улаанбаатар хотоос гарч 23 цагийн үед гэртээ ирсэн. Шөнө 01 цагийн үед хэсгийн төлөөлөгч Б.Х-ы хамт гэртээ ороод эд зүйлс бүртгэж үзэхэд 16 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Алдагдсан мөнгөн аягануудын содон шинж тэмдэг гэвэл 600 грамм ордог дунд гарын дотор талын ёроол хэсэгт дөрвөлжин хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 500 грамм ордог хээгүй цулгай мөнгөн аяга 4 ширхэг, 300 грамм ордог мөнгөн 11 ширхэг, нийт 16 ширхэг шинэ үеийн мөнгөн аягануудыг хулгайд алдсан. Нийт 4.000.000 төгрөгний хохирол учирсан... гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээ, гэрч Б.Д-гийн ... гэрт ороход авдар дотор байсан дээлнүүдийг гаргасан байсан бөгөөд ягаан өнгийн зүйлээр ороосон 16 ширхэг мөнгөн аяганууд алдагдсан байсан. Гэрийн голд ширээн дээр сандал тавьсан байдалтай байсан... гэх мэдүүлэг, гэрч М.Д-гийн ...Гэрийн хаалгыг нь онгойлгож ороход авдар дотор байсан эд зүйлсийг гаргасан байсан...16 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан... гэх мэдүүлэг, Б.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд ...Өвөрхангай аймгийн төвд ирээд айлын гэрийн тооноор орж 16 ширхэг мөнгөн аяга хулгай хийж авч байсан юм ... хашааны хойд талд очиж зогсоод хулгай хийхдээ мотоцикльтой явсан. Мотоциклио үлдээсэн газраа зааж хашааны араас давж хашаан дотор орсон гэснээ зааж, гэрийн тооноор орсон ...16 ширхэг мөнгөн аяга авч гэрээс гарахдаа ширээн дээр модон сандал тавиад тооноор гарсан гэж тооны цамхаг заав...” зэрэг нотлох баримтуудаар,
мөн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын иргэн Т.Г-н гэрт нэвтрэн орж 16 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч Т.Г-д 2.480.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Т.Г-н ...2015 оны 03 дугаар сарын 30-ны шөнө гэртээ ирэхэд гэрийн чанх хойд талын нэг унь хугарсан байсан. Би тухайн үед яагаад хугарсан юм бол гэж бодоод өөр зүйл анзаараагүй өнгөрсөн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа манай эхнэр гэртээ ирээд мөнгөн аяга байдаг шүүгээгээ онгойлгож үзтэл мөнгөн аяга байхгүй байсан. Тэгээд би Булган аймгийн цагдаад 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн. Тухайн үеийн ханшаар 16 ширхэг мөнгөн аяга нийт 2.480.000 төгрөгөөр үнэлэж байгаа... гэх мэдүүлэг, хохиролын үнэлгээ, гэрч Р.Г-ийн ...Б.Б намайг дуудаж гаргаж ирээд 4 ширхэг мөнгөн аяга өгсөн ... гэрийнхээ ард байдаг амбаараас гаргаж ирэх шиг болсон. Хүнд хэлж болохгүй шүү нууц мөнгөн аяга байгаа юм гэсэн... гэх мэдүүлэг, Б.Б-ын сэжигтнээр 2017 оны 02 дугаар сарын 18-нд өгсөн ...би гэрийнх нь тооноор ороод хойморт байсан сирвантыг нь онгойлгоод дотор нь байсан 16 ширхэг мөнгөн аягыг нь аваад буцаад тооноор гарсан... Р.Г-д 16 ширхэг мөнгөн аягыг харуулахад хот яваад зарчихаад мөнгийг нь чамд өгье гэхээр нь 16 ширхэг аягыг өгсөн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
мөн 2016 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө давтан үйлдлээр шүүгдэгч Б.Ц-той бүлэглэн, машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Б-гийн гэрт нэвтрэн орж авдарт нь түлхүүр тааруулан хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Г.Б-д 5.470.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө манай өвөлжөөн дээр бариатай байсан гэрт хулгай орж хуучин цагийн 3 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг, мөнгөн гинж, үсний мөнгөн даруулга 2 ширхэг, хаш чулуун тээг, мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг алдагдсан... Б.Б Б.Ц-той явсан гэсэн. Байцаагч Б.Б надтай уулзаад явсан. Миний бодлоор Б.Б манай гэрийг ганцаараа орж хулгай хийгээгүй. Манайх гурван авдартай, дунд талдаа тавьдаг байсан авдрыг өвөлжөөндөө буугаад гэрийнхээ баруун талд тавьсан байсан. Ганцхан тэр баруун талын авдарыг ухсан байсан. Манайд амбаарт бас хулгай орсон байсан. Гэхдээ нэг ч зүйл аваагүй байсан. Амбаарт сүүлийн үеийн мөнгөн тоноглолтой эмээл, хазаар байсныг аваагүй, боогоод хийсэн байсан зүйлүүдийг задлаад, онгичоод орхисон байсан... авдар цоожтой байсан. Авдраа онгойлгоод юм авах гэтэл авдранд байсан эд зүйл байхгүй байсан. Б.Б манайд хааяа очдог л байсан... Б.Б мөрдөн байцаагчтай хамт манайд ирээд аль авдарыг ухсан бэ гэхэд шууд л энэ гээд Б.Б заасан... гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээ, гэрч Г.Ц-ын ...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан ухаа” гэх газраас орой 18 цаг өнгөрч байхад ажилчдаа ажлаас буулгаж хоол унд хийж идээд гэрээ ачиж, Рашаант сумын төвд ирж хоносон. Тухайн шөнө манай ажилчид гэрт харьж хоносон... гэх мэдүүлэг, Б.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Б.Б-аас хураан авсан түлхүүрээр туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,
мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Ц-той бүлэглэн, давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.И-ын “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж хохирогч Л.И-т 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Л.И-ын ...Хархорин сумын Арцатын гудамжинд байдаг аав, ээжийнхээ гэрт хөдөөнөөс өөрийнхөө эзэмшилийн улаан өнгийн улсын дугааргүй мотоцикльтой 2016 оны 12 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд ирсэн. Тэгээд хашааны гадна талд мотоциклио үлдээж аав, ээжийнхээ гэрт ороод удалгүй гарч ирсэн чинь миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан мотоцикль шинэ улаан өнгийн мотоцикль байсан. Миний мотоциклийг хүн түрээд явчихсан шинжтэй байсан... гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээ, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 269 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Ц-ын.., ...Б.Б-ын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр өгсөн ... мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц нь шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Г.Б-гийн гэрт нэвтрэн орж авдарт нь түлхүүр тааруулан хуучин цагийн мөнгөн аяга 3 ширхэг, алтан ээмэг, мөнгөн гинж, мөнгөн үсний даруулга, хаш чулуун тээг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Г.Бд 5.470.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө манай өвөлжөөн дээр бариатай байсан гэрт хулгай орж хуучин цагийн 3 ширхэг мөнгөн аяга, алтан ээмэг, мөнгөн гинж, үсний мөнгөн даруулга 2 ширхэг, хаш чулуун тээг, мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг алдагдсан. Б.Б Б.Ц-той явсан гэсэн. Байцаагч Б.Б надтай уулзаад явсан. Миний бодлоор Б.Б манай гэрийг ганцаараа ухаагүй. Манайх гурван авдартай, дунд талдаа тавьдаг байсан авдрыг өвөлжөөндөө буугаад гэрийнхээ баруун талд тавьсан байсан. Ганцхан тэр баруун талын авдарыг ухсан байсан. Манайд амбааран жижиг байшин байдаг. Тэрийг бас ухсан байсан. Гэхдээ нэг ч зүйл аваагүй байсан. Амбаарт сүүлийн үеийн мөнгөн тоноглолтой эмээл, хазаар байсныг аваагүй, боогоод хийсэн байсан зүйлүүдийг задлаад, онгичоод орхисон байсан ... авдар цоожтой байсан. Авдраа онгойлгоод юм авах гэтэл авдранд байсан эд зүйл байхгүй байсан. Б.Б манайд хааяа очдог л байсан ... Б.Б мөрдөн байцаагчтай хамт манайд ирээд аль авдарыг ухсан бэ гэхэд шууд л энэ гээд Б.Б заасан ... гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээ, гэрч Г.Ц-ын ... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан ухаа” гэх газраас орой 18 цаг өнгөрч байхад ажилчдаа ажлаас буулгаж хоол унд хийж идээд гэрээ ачиж, Рашаант сумын төвд ирж хоносон. Тухайн шөнө манай ажилчид гэрт харьж хоносон... гэх мэдүүлэг, Б.Б-ын сэжигтнээр өгсөн “...2016 оны 10 сард Ц-ын хамт Г.Б-гийн өвөлжөөн дээр бариатай байсан гэрийн цоожыг эвдэн орж гэрийнх нь баруун талын үнэт эдлэл хийдэг авдарын цоожийг манай гэрийн түлхүүрийг хийж онгойлгон авдар дотор байсан мөнгөн аяга 3 ширхэг, үсний даруулга, гинж, мөнгөн бөгж, мөнгөн аяга хийж байсан уут, чулуун тээгний хамт, алтан ээмэг зэргийг аваад гэрээс гарч хаалгыг хааж эвдсэн цоожийг зүүж орхисон...” гэх мэдүүлэг, Б.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,
Мөн шүүгдэгч Б.Ц 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Бтай бүлэглэн, давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 5-22 тоот хашааны гаднаас иргэн Л.И-ын “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж хохирогч Л.И-т 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Л.И-ын мэдүүлэг, хохирлын үнэлгээ, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 269 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Ц-ын “...Б.Ц, Б.Б 2 тамхи татна гэж гараад нэг их удалгүй орж ирсэн. Тэгээд тэр 3 явлаа гээд гарах гэхээр нь би орой болсон хойно та хэдэд хаанаас унаа олддог юм гэсэн чинь унаа олдвол явчихна олдохгүй бол эргээд ирнэ. Ямарч байсан таньд хэл хүргэнэ гээд гараад явсан ...тэгээд л би Б.Б, Б.Ц нарыг мотоцикль хулгайлсныг мэдсэн... гэх мэдүүлэг, Б.Бын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр өгсөн ...Б.Ц-ын хамт Б.Ц-ын хашаанаас гарч нарийн гудамжаар хойш гараад гэрэлтэй гудамжнаас хашааны гадаа байсан улаан өнгийн даюун маркийн мотоцикль Б.Ц-ын хамт түрээд гэрэлтэй гудамжны үзүүрт намайг үлдээсэн. Б.Ц ганцаараа гудамжны цааш орсон... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зааснаар мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдууулахаар заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялаас хүндэрсэн байх тул хууль буцаан хэрэглэхгүй байх нь шүүгдэгч нарт ашигтай байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ц-ыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Б.Ц нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
“Арвижих эстимейт” ХХК-ний үнэлгээг үндэслэн шүүгдэгч Б.Б 9.165.000 төгрөгийг гаргуулж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Т.Н-д 3.950.000 төгрөг, Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр баг 2-9 тоотод оршин суух хохирогч Т.Г-д 2.480.000 төгрөг, хохирогч Г.Б-д 2.735.000 төгрөгийг олгох, шүүгдэгч Б.Ц-оос 2735000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-д олгохоор тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хохирогч Л.И-т 1000000 төгрөгийн үнэтэй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг буцаан өгсөн, хохирогч Л.И-т төлөх төлбөргүй болно.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б-ын эзэмшлийн 100000 төгрөгний үнэлгээтэй “Хайрхан” маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хятад цоож, 1 ширхэг түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрэгтэй гутал 2 хосыг шүүгдэгч Б.Б, Б.Ц нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Цыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Б.Быг 03 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Худаг овогт Б.Ц-ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 9.165.000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Т.Н-д 3.950.000 төгрөг, Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр баг 2-9 тоотод оршин суух хохирогч Т.Г-д 2.480.000 төгрөг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Г.Б-д 2.735.000 төгрөг, шүүгдэгч Б.Ц-оос 2.735.000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч Г.Б-д тус тус олгосугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б-ын эзэмшлийн 100.000 төгрөгний үнэлгээтэй “Хайрхан” маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хятад цоож, 1 ширхэг түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрэгтэй гутал 2 хосыг шүүгдэгч Б.Б, Б.Ц нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосуай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА