Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 152/ШШ2024/00302

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Ц.Б-ийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд оролцогчид:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь Ц.Б-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

       1.1. Ц.Б 1968 онд төрсөн, 56 настай. Ц.Б Увс аймгийн Зүүнговь сумын 8 жилийн сургуульд 1976 онд ороод 1 дүгээр ангиас сургуулиас гарсан. Төрөлхийн 2 чих нь дүлий учир сургуульд сууж чадаагүй, цэргийн алба хаагаагүй юм байна лээ. Сургуулиас завсардаад шууд хөдөө гарч эцэг, эхийн хамтаар Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд мал маллаж байгаад 1985 оноос эхлэн өөрийн нэр дээр Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд эх хонь, ямаа маллаж эхэлсэн бөгөөд 1990 оныг дуустал тус нэгдэлд малчин хийж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд хандсан. Аймгийн архиваас Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Иймд Ц.Б-ийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Ц.Б-тэй хамт ажиллаж байсан Р.Э, Н.Ц нарыг гэрчээр асуулгасан болно гэжээ.

      2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Ц.Б-ийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, баталгаажилтын хуудас, хөдөлмөрийн дэвтэр, Р.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Ц-ийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НДБайцаагч Б.Э-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан тодорхойлолт, Ц.Б-ийн эрүүл мэндийн картын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, иргэний хаягийн хуудас №7, гэрч Р.Э, Н.Ц нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Нэхэмжлэгч Ц.Б-ийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

        2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч Ц.Б нь ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

         3. Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ц.Б-ийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

         Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Ц.Б-ийн ХААТР-1 маягтад ажилладаг байгууллага Говийн хөгжил нэгдэл, эрхэлдэг ажил хоньчин, 1984 онд ажилд орсон гэж, хаягийн хуудас №7-д 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Зүүнговь сумын Суварга бригадад хоньчин гэж тус тус тэмдэглэжээ.

        4. Шүүхээс гэрч Р.Э, Н.Ц нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Э  Би 1973 онд цэргийн албанд татагдаж, 1976 онд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн үйлдвэр бригадад тракторын жолоочоор ажилд орж, 1990 онд Говийн хөгжил нэгдэл хувьчлагдаж Говийн хөгжил ХК-д 1995 он хүртэл ажилласан. Ц.Б-ийн аав хөдөлмөрийн баатар н.Ц гэж хүн байдаг. Ц.Б чих муутай байсан тул цэрэгт яваагүй аав, ээждээ тусалж мал малладаг байсан. Ц.Б 1985 оноос 1990 оныг дуустал Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн Суварга бригадад мал малласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Н.Ц Би 1985 онд Увс аймгийн Баруунтуруун сумын дунд сургууль төгсөж, 1986 онд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн Баяннуур бригадад ирж айл өрх болж, Говийн хөгжил нэгдэлд малчин хийж байсан. Манайх Баяннуур бригадад малчин, харин Ц.Б Суварга бригадад малчин хийдэг байсан. Би 1986 онд Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж эхлэхэд Ц.Б мал малладаг байсан. Нэг голд зусдаг байсан тул Ц.Б-ийг Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн Суварга бригадад малчин байсныг сайн мэднэ. Ц.Б Говийн хөгжил нэгдэлд 1990 он хүртэл мал малласан. Ц.Б нутагтаа одоо ч хувийн малаа маллаж байгаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

        5. Нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Ц.Б-ийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Ц.Б-ийн ажилладаг байгууллага Говийн хөгжил нэгдэл, эрхэлдэг ажил хоньчин, 1984 онд ажилд орсон гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт, 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Зүүнговь сумын Суварга бригадад хоньчин гэж тэмдэглэсэн хаягийн хуудас №7, гэрч Р.Э, Н.Ц нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

       6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ц.Б-ийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

     Хэдийгээр ХААТР-1 маягтад түүнийг 1984 онд ажилд орсон гэж тэмдэглэсэн байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1985 оноос ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн болно.

        7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь хэзээ, хэн хаанаас нээсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Ц.Б-ийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БОЛОР