Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/73

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа

Нарийн бичгийн дарга: А.Батцог  

Шүүгдэгч: П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-т холбогдох 1727000610034 дугаартай, 146/2017/00067/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, периродорчин мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны туслах ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг, Дэнж 2 айлын орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, П.Э

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хохирогч Ц.О-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: Бид хоёрыг Өвөрхангай аймагт байж байхад Хужирт суманд дуудлага гараад бид хоёр Өвөрхангай аймгаас Хархорин суманд ирсэн ... тухайн үед Ц.О архи уусан байсан. Би Ц.О-ыг архи уулаа гэж загнаад бид хоёр маргалдсан. Дараа нь өөрийнхөө өмсөж явсан гутлаар Ц.О-ыг 2 удаа цохьсон. Би буруутай үйлдэл хийсэн миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэж оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ц.О-ы 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...П.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед манай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт байх гэрт ирсэн. Тухайн үед П.Э эрүүл байсан. Гэрт оролгүй гэрийн гадаа байхдаа намайг ямар учраас утсаа авахгүй байгаа юм бэ гэсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр орж нэг шил архи авч уусан. Тэрний дараа П.Э намайг ажил гарлаа, Хархорин сумруу хүргээд өг гэж хэлсэн, тэгээд хүргэж өгөхөөр явсан. Арвайхээр сумаас Хархорин сумруу явж байхдаа хоорондоо үл ялих зүйлээс хэрэлдсэн. Тухайн үед бид хоёроос өөр хүн автомашинд байгаагүй. Хархорин сумын нутагт өглөө гэгээ орж байхад очсон. Тэгээд П.Э-ын гэрт очсон. Тэгсэн П.Э өөрийхөө гэрт намайг өмсөж явсан гутлаараа хэд хэдэн удаа цохисон. Би П.Э-ыг таньдаг болоод нэг жил гаран болж байна. П.Э бид хоёр зүгээр найз нөхдийн холбоотой хүмүүс. Гэр бүл болоогүй. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө би Ө.Б гэж залууг утсаар дуудсан удалгүй Ө.Б ирсэн тэгэхээр нь би болсон зүйлийн талаар хэлсэн...намайг П.Э чулуугаар бол цохиж зодоогүй. Чулуу бариад дайрахад нь Ө.Б намайг П.Э-аас салгасан юм. П.Э нь 2016 оны 10 дугаар сарын үеэр миний нүдрүү нэг цохиж байсан юм. Өөр цохиж зодож байсан удаа байгаагүй явж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ахиж зодсон. Миний биед өвдөж хавдсан зүйл байхгүй тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 8-10 дугаар хуудас/

Гэрч Ө.Б-ын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “… Би П.Э-ыг 2001 оноос хойш мэднэ. Бид хоёр нэг албан байгууллагад ажилладаг юм. Зан байдлын хувьд төлөв томоотой. Архи ууж хэрэглэж байсан талаар нь би мэдэхгүй миний мэдэхээр шар айраг /пиво/ ууж хэрэглэдэг. Намайг ажил дээр байж байхад надтай цуг ажилтай П.Э-ын найз хүүхэн Ц.О өөрийнхөө утсаар надруу залгаж, П.Э намайг зодоод байна гэж хэлээд намайг хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байгаа юм гэж асуутал, “Зочин бууз”-ын гадаа байна гэсэн. Тэгэхээр нь би ажлаас гарч “Зочин бууз”-ын тэнд очтол Ц.О байшингийн буланд суучихсан уйлж байсан. Юу болсон талаар Ц.О-аас асуутал П.Э зодсон гээд хацраа дарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би П.Э чиний хаана чинь зодсон юм бэ? гэж асуутал ямар нэгэн зүйл яриагүй. Намайг очиход Ц.О нүүрэн хэсэгт ил харагдах шарх анзаарагдаагүй. П.Э-ын найз Ц.О намайг автомашины түлхүүр П.Э-аас аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Э-ын хашааны хаалгаар ортол П.Э, Ц.О бид хоёрын өмнөөс гарч ирсэн. Намайг очиход Ц.О, П.Э хоёр согтуу байсан. Тэгээд Ц.О П.Э-аас автомашиныхаа түлхүүрийг авч автомашинаа унаж Өвөрхангай аймаг явна гээд байхлаар нь би Ц.О-ы автомашиныг унаад П.Э-ын хашаанаас гарах гэж байхад Ц.О, Ө.Б-аа аваарай намайг П.Э аллаа гэж хашгирсан. Тэгээд эргэж хартал П.Э гартаа чулуу барьчихсан байдалтай байсан. Тухайн үед Ц.О П.Э-ын гарнаас нь бариад зогсож байсан. Би П.Э, Ц.О хоёрын дундуур орж салгаж, П.Э-ын барьсан чулууг авч яаж байгаа юм гэж асуухад зүгээр зүгээр би Ц.О-аар тоглож байгаа юм, юу гэж чулуугаар цохих билээ гэж надад хэлсэн. Ямар учраас П.Э, Ц.О-ыг зодсон талаар мэдэхгүй ...” гэжээ.  /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Гэрч Т.Ц-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Намайг жижүүрээс буугаад Цагдаагийн хэлтсийн гадна зогсож байхад Цагдаагийн хэлтсийн гадна байх автомашины зогсоол хэсэгт хүмүүс хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би явж очсон П.Э нэг хүүхэнтэй хэрэлдэж байсан. Цагдаагийн ахлагч Б.Б, П.Э тэр хоёрыг салгаж байсан. Тухайн үед П.Э-тай хэрэлдэж байсан эмэгтэй цагдаад өргөдөл өгнө П.Э намайг зодсон гэж ярьсан. Тэгэхээр нь би цагдаагийн хэлтэст тэр эмэгтэйг дагуулж орж ирээд мэдээлэл хүлээн авагчаар тухайн өдөр гарч байсан цагдаагийн ахлагч н.Б-т хүлээлгэж өгчихөөд явсан. Тэр эмэгтэй хүний биед ил харагдах шархи сорви байхгүй байсан. П.Э болон өргөдөл өгнө гэж яриад байсан эмэгтэй нар согтуу байсан. Би тухайн үед жижүүрээс бууж байсан болохоор яваад өгсөн...” гэжээ.  /хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 383 дугаартай  шинжээчийн дүгнэлт: “...1. Ц.О-ы биед баруун гайморийн хөндийн доод ар хананд шугаман цууралт, зүүн чамархай, баруун хацар, амны хөндий, зүүн мөр, гар, гуя, баруун гуя, зүүн өгзгөнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байна. 5. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 7.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ.  /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 22 дугаар хуудас/

П.Э-ын эзэмшлийн хөлдөөгч, угаалгын машиныг битүүмжлэх тухай, битүүмжилсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-36, 38 дугаар хуудас/

П.Э-ыг урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хохирогч Ц.О-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ц.О, гэрч Ө.Б, Т.Ц нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 383 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан мөн хуулийн 17.5 зааснаар уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй  байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 размерийн хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн эзэмшлийн 1 ширхэг хөлдөөгч, 1 ширхэг угаалгын машин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцлоо.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хэрэгт хураагдаж ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч П.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 10 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 размерийн хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч П.Э-ын эзэмшлийн 1 ширхэг хөлдөөгч, 1 ширхэг угаалгын машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хорих 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА