Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

2022 оны 05 сарын 30-ны өдөр       Дугаар 2022/ДШМ/10             Баруун-Урт

Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

          Шүүх хуралдаанд:

Прокурор М.Ханджав

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, Д.Батбаяр

           нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.         

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв. 

                                                      Биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 19...онд Сүхбаатар аймгийн ............... суманд төрсөн, ..........настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын машинист мэргэжилтэй, хувиараа дугуй засварын үйлчилгээ хийдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн .......... сумын ......... дүгээр баг, .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ..............овогт Д.Г-т /РД:................../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Д.Г-т нь Сүхбаатар аймгийн .................... сумын ......дүгээр баг ......................... тоотод 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчимд эхнэр Ж.Б-тай маргалдсаны улмаас галын хайч шидэж, бага насны хүүхэд болох 8 настай Б.Д-ийн эрүүл мэндэд тархины эдийн няцрал хүнд хэлбэр, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархай, зүүн ховдол, 4 дүгээр ховдлын цус хуралт, зүүн дух, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан байх бөгөөд Б.Д нь дээрх хүнд гэмтлийн улмаас эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджав нь шүүгдэгч Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор: шүүгдэгч ...........овогт ..............Д,Г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Г-г  3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь учир дутагдалтай байна. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон цугларсан нотлох баримтаас харахад хэргийн бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Гэтэл Д.Г нь өөрийн хүүхдийн биед гэмтэл учруулах санаа зорилгогүй, хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр агуулаагүй болох нь нотлох баримтаар харагддаг. Д.Г-ийн үйлдэл нь санаатай эсхүл болгоомжгүй эсэхийг тодруулж ижил төрлийн гэмт хэргээс ялган зүйлчилж, яллагдагчид ашигтай шийдвэрлэх хуулийн зарчмыг баримтлан гэмт хэргийн зүйлчлэл бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх боломжтой байхад хэт нэг талыг барьж, Д.Г-ийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд түүнийг зүйлчлэлийг зөвтгөн Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянаж, зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж өгнө үү гэжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Д.Гт нь Сүхбаатар аймгийн ................. сумын ....... дүгээр баг, ............................ тоотод байх гэртээ 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчим  эхнэр Ж.Б-тай маргалдаж, түүн рүү галын хайч шидсэнээс  8 настай хүү Б.Д-ийн толгойн ар хэсэгт онож, тархины эдийн хүнд хэлбэрийн няцрал, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархай, зүүн ховдол, 4 дүгээр ховдлын цус хуралт, зүүн дух, зулай хэсгийн аалзан  халсан доорх цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан хүнд гэмтлийн улмаас эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогдсон талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хуульд заасан журмаар бэхжүүлсэн доорх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тухайлбал:

а. Шүүгдэгч Д.Г-тын: “ 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цайгаа уухаар гэртээ ороход эхнэр Б байшингаа дуусгахгүй, хүний юм хийлээ, архи уугаад гадуур янхандаад явлаа гэж загнаад байхаар нь “чи битгий солиороод бай, би мэдэж байна, чамд хамаагүй” гэхэд янхан, гичий, архичин гэх зэргээр доромжлоод байхаар нь цай уулгахгүй хэрүүл хийлээ гэж хэрэлдэж байгаад гарахдаа аргалын авдарт байсан галын хайчийг авч эхнэрээ айлгах гээд шидсэн. Гэтэл зүүн баганын хажууд зүүн тийшээ, ээж рүүгээ хараад цай угаад газар сууж  байсан хүү Д-ийн толгойн ард, дагзны хэсэгт зоогдчихсон. Би  эхнэрээ айлгах санаатай галын хайчийг доошоо чиглэлтэй шидсэн, түүнээс биш  эхнэр, хүүхэд рүүгээ санаатай шидээгүй., хэт их уурлаж бухимдсанаас болж хүүгээ санаандгүй ийм байдалд хүргэчихлээ, маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-90/,

б.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б: Би Д.Г-той 2015 онд танилцахаас өмнө өөрийн хүү Б.Д, Б.Б нарыг төрүүлсэн байсан,  2017 онд Г-ын охин У-г төрүүлээд, 2018 онд ........ суманд Г-той амьдрах болсон. 2021 оны 10 дугаар сарын 23-ний өглөө 10 цагийн үе цайгаа чанаад нөхрийгөө цайгаа уу гэж хүү Д-ээр дуудуулсан. Нөхөр Б-ийн хамт орж ирэхэд нь цай хийж өгчхөөд байж байтал Гт “тэгчихгүй яасан юм, ингэхгүй яасан юм “ гээд үглээд” алцайсан пизда” гэхээр нь би уурлаж “одоо хүйтэн орлоо, байшингаа хурдан дуусга, өөрийнхөө юмыг хийхгүй, хүний юм хийгээд  хугацаа алдлаа” гэхэд  “чамд ямар хамаатай юм бэ? би өөрөө мэдэж байна, алцайсан хулгайч” гэхээр нь би уурандаа элдэв янзын үгээр загнасан. Тэр үед би зүүн хойд талын орон дээр орны баруун урагшаа чигтэй хараад сууж байсан, хүү Д пийшингийн зүүн хойно над руу хараад цайгаа ууж байсан. Хүү Б, охин У нар гэрийн баруун талд орны хажууд зогсож, Б баруун орон дээр сууж байсан. Гт гарах гэж байснаа зуухны хажууд байсан галын хайчийг аваад над руу далайгаад шидэх шиг болсон. Гэтэл өөдөөс хараад сууж байсан 8 настай хүү Д ангайж гацсан байдалтай харагдсан,  тэгсэн Даваацэрэнгийн толгойн ар хэсэгт галын хайч зоогдчихсон байсан. Бид 2 айсандаа сандран толгойноос нь галын хайчийг татаж авах үед Д уйлсан. Манай нөхрийн намайг айлгах гэж шидсэн галын хайч хүүг санамсаргүй оночихсон. Манай нөхөр хүүхдүүдийг өөрийнхөө  хүүхэд шиг хайрлаж халамжилдаг, гэхдээ талийгаач хүүд минь  хааяа уурлаж уцаарлах үе гардагч гар хүрч үзээгүй. Гт надаас 10-аад насаар ах, архи уухаараа аймаар агсан, хэл амаар доромжилно, би ч хэрэлддэг. 2021 оны 5 дугаар сард эрүүлдээ намайг машины реминээр ороолгоод 14 хоног баривчлагдаад гарч ирээд миний мууг үзлээ гээд уурлаад загнасан. Тэр өглөө Б ирж Г-оор юм хийлгэснээс болж уурласан уураа надад гаргасан байх. Ах, дүү нар цуг байдаг  хэрнээ Ганзоригтод юм хэлдэггүй, Б тэр үед баруун орон дээр, хоёр хүүхдийн хажууд сууж байсан, түүнд их гомдож байна.  Одоогийн байдлаар Г тэжээж байсныг нь бодохоор өрөвдөх юм, хүүгээ өнгөрснийг бодохоор гомдолгүй гэж хэлэхэд хэцүү байна. Надад бүрдүүлсэн баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Буяны ажлаар гарсан зардлыг Г-оос нэхэмжлэх нь ч хаашаа юм, надад ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд хэцүү байна “ гэх мэдүүлэг  /хх-17-19, 22/,

в.Гэрч С.Б-ийн: Би 2021 оны 10дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед Г-нд очиход байшин дотроо пийшингээ шавардаж байгаад  ах поошигоо таслуулах гэж байна уу гэж асуухад нь тиймээ гэж хэлээд байшингаас гарцгаасан. Хоёр өдрийн өмнө тэдний хашаанд хоёр поошиг  орхисон байсны нэгнийх нь амыг таслаад дуусаж  байхад гэрээс Д, Б нар гарч ирээд Г-г “ааваа цайгаа уу” гэж дуудсан. Бид 2 гэрт ороод  Г-т пийшингийн зүүн талд газар сууж, би баруун орон дээр суухад У бид 2-т цай хийж өгсөн. У гэнэт л “намар эртхэн гэрээ будаж янзлахгүй, байшиндаа ч орж байгаа  юм байхгүй, өөрийнхөө юмыг хийхгүй,  хүний юм хийгээд,  дэмий тэнэж,  бөгс эргүүлээд явлаа пизда” гэж хэлээд чичлээд загнаад эхэлсэн. Г “би хийж байгаа, амжихгүй байна” гээд хоорондоо хэрэлдээд эхлэхээр нь би цайгаа уучхаад  гэрээс гарах үед Г гэрийнхээ зүүн урд талд нойлын цаас  хуйлаад зогсож байсан. Намайг гэрийн баруун урд байрлах гараажийн   ойролцоо очиход гэнэт хүүхэд бахирахаар нь эргээд харахад  гэрийн үүдэнд тэр хоёр Д-г тэвэрчихсэн “ түргэн дуудаарай” гээд бахираад байхаар нь аавынх руу нь орж Д ахад хэлээд , тэр хоёр луу дахиж очоогүй гэх мэдүүлэг /хх-47/,

г. Гэрч С.Б-ийн: “... Д.Г-той багаасаа цуг ............... суманд амьдарч байсан. Төлөв томоотой, даруухан, нутаг орондоо нэр хүндтэй, хүн болгонд тус болдог хүн. Эхнэрийнх нь хоёр хүүхэд, өөрийнх нь нэг хүүхэд байдаг. Г нь хүүхдүүддээ ширүүн зан гаргадаггүй, гар хүрдэггүй, харин ч үлгэрлэж зааж өгдөг. Гэр бүлээ тэжээхийн тулд зээл авч, граж барин засварын газар ажиллуулсны үр дүнд намар хувийн байшин бариад амьдрал нь гайгүй цэгцрэх тийшээ хандаж байсан. Эхнэртэйгээ маргах явдал гардаг ч Б  түргэн ууртай, уурласан үедээ Г-ыг хэл амаар доромжлон загнадаг байсан” гэх мэдүүлэг /хх- 34,35/ 

д. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 492 дугаартай: “.. Б.Д-ийн биед тархины эдийн няцрал хүнд хэлбэр, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал,тархины зүүн чамархай,  зүүн ховдол, 4 дүгээр ховдлын цус хуралт, зүүн дух, аалзан хальсны доорх цус харвалт, бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна” гэх дүгнэлт  /хх-52-53/,

е. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2356 дугаартай : ...Талийгаач Д.Д-ийн цогцост зулайн баруун ар хэсгийн хуйхны шарх, гавлын баруун зулайн ар хэсгийн  цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдалт, зулайн ар  дагзны хэсэг дэх хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн бөмбөлгийн эд дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, толгойн хуйх, доод уруул, баруун мөр, тохойн хонхор, шуу, зүүн ташаа, өгзөг, баруун өвдөг, шилбэ, зүүн тавхайн зулгаралт, дагз, зүүн шуу,баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл 1.7х0.6 см орчим хэмжээтэй, хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Эдгээр гэмтлүүд нь хүний ямар ч байрлалд үүсэх боломжтой. Талийгаачийн биед учирсан  гавал тархины ил гэмтлүүдийн байрлалаас үзэхэд дээрээс доош, баруунаас зүүн тийш чиглэлтэй үүсгэгдсэн байна. Талийгаач нь гавал, тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж бага байжээ...” гэх дүгнэлт   /хх-56-61/ зэрэг болно.

ё. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, Д.Г-ын хаягийн бүртгэлийн лавлагаа, Д.Г-тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б. Д-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г-тын үйлдэл давхар нотлогдож байна. /хх- 2-6, 10, 94, 116,134-163 /     

 

 4. Прокурорын газраас шүүгдэгч Д.Г-тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан, хуульд заасан шаардлагын хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үнэлж тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн  гэж дүгнэв.

5. Шүүх Д.Г-тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууг  тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор үнэлж, дүгнэн, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар , хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан ялыг хөнгөрүүлэн оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

6.  Шүүгдэгчийн өмгөөлөгч Хүдэр “ Д.Г-тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар   зүйлчилсэн ял шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй. Учир нь: Шүүгдэгч Д.Г-тын үйлдэл өөрийн хүүхдийн биед гэмтэл учруулах санаа зорилгогүй, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр агуулаагүй нь нотлох баримтаар тогтоогддог тул зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий  байх үүднээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчлүүлэхээр давж заалдах гомдол гаргажээ.

 а. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд  хүргэсэн  бол санаатай гэмт хэрэгт тооцох”-оор, мөн зүйлийн 3 дахь хэсэгт  “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч, мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

б. Шүүгдэгч  Д.Г-т эхнэртэйгээ маргалдан, түүнийг айлгах гэж галын хайч авч  шидсэнээр амь хохирогчийг онож хүнд гэмтэл учруулан улмаар амь насыг нь хохироосон байна.

в. Шүүгдэгчийн эхнэр рүүгээ галын хайч шидсэн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хүний амь нас хохироох хор уршигт хүргэснийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

7. Иймд энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-тын  цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

 

    ШҮҮГЧИД                                                    О.БААТАРСҮХ

 

                                                                           С.ОЮУНТУНГАЛАГ