| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/01057/И |
| Дугаар | 183/ШШ2024/02640 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/02640
| 2024 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2024/02640 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний
Нэхэмжлэгч: Д****т байрлах **** /РД:00000-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****байрлах **** ХХК-д холбогдох,
Нийтийн эзэмшлийн хөрөнгөд учруулсан 6,330,729 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад 2017 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар х-ны гүйцэтгэсэн тохижилт ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа, зүлэг, мод бутыг Дархан Номин Худалдааны төв нь шугам солих ажлын талбарт манай байгууллагын санхүү бүртгэлийн 39213 кодтой дансанд 1 м.кв нь 15,000 төгрөгийн үнэ өртөгтэй 136 м.кв нь талбайн зүлэгжүүлэлт, нэг бүр нь 87,941 төгрөгийн үнэтэй 45 ширхэг нолт бор мод, 1 м.кв нь 30,423 төгрөгийн үнэтэй 39214 кодтой 17 ширхэг ногоон байгууламжийн хамгаалалтын хашааг сүйтгэсэн болно. Иймээс манай байгууллагаас 6,330,729 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгааБ нэхэмжлэлтэй, Ө-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ө нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 16-р багт байрлах объектод худалдаа, үйлчилгээний зориулалтаар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ба уг үйл ажиллагааг явуулахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон ус, дулааны шугам сүлжээ нь манай компанийн өмчлөлийн эд хөрөнгө биш юм. Нэхэмжлэлд дурдсан Дархан сум 16-р баг Ардын Өргөн чөлөө гудамж төв авто зам дагуу байрлах ногоон байгууламж, зүлэг, мод бут хамгаалалтын хашаа зэргийг сүйтгэсэн, устгасан ажлыг манай компани хийгээгүй болно. Уг асуудлаар тухайн эд хөрөнгийг бидэнд түрээслүүлдэг Н ХХК-иас тодруулахад төвийн шугам солих ажлыг Дархан-Уул аймгийн дулааны сүлжээ ТӨХК-тай зөвшилцөж хийсэн ба тухайн төвийн шугамаас Номин Реалтор ХХК-ийн өмчлөлийн барилгаас гадна 3 аж ахуй нэгж дулаанаа авдаг дундын шугам гэх тайлбарыг бидэнд өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ" гэж заасны дагуу Ө нь хариуцагч биш бөгөөд нэхэмжлэлийн зүйл болох мод бут, зүлэг, ногоон байгууламжийг устгах үйл ажиллагаа явуулаагүй тул хариуцагч биш юм. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь нэхэмжлэгчийн дурдаад байгаа нийтийн эзэмшлийн зам талбай зүлэг, мод ногоо, хамгаалалтын хашаа буулгаж сүйтгэсэн нь Ө нь биш гэж үзэж байна. Яаж нотлох вэ? гэхээр Ө нь үл хөдлөх эд хөрөнгийг нь түрээслээд дотор нь үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нь Номин реалтор ХХК юм. Үл хөдлөх өмчлөгчөөр нь тогтоогоод мөн түрээсийн гэрээ байдаг. Дархан-Уул аймаг дахь дулааны цахилгаан ТӨХК-иас завсрын ажил хийгээд 2021 онд эхэлсэн. Ус алдаж байна үүнийгээ солихгүй бол бид нар дулаанаар хангахгүй гэсэн шаардлага ирүүлсэн байдаг. Гэтэл тухайн шугам нь өөрөө Улсын буюу төрийн өмчийн шугам биш эсрэгээрээ хувь компаниуд дулаанаар хангадаг шугам байсан. Зөвхөн ХХК биш, *** авто засвар, Найрамдал төв, Т-ийн үйлчилгээний төв зэрэг 5, 6 газар дулаанаа авдаг шугам байсан. Тухайн засвар үйлчилгээний ажлыг нь Я-иас хийсэн байдаг. Яагаад гэвэл засвар үйлчилгээг хийх эсэхийг нь шалгахын тулд зүлэг модыг нь эвдлэх шаардлага гарсан байдаг. Доод талын шугамыг нь 5,6 байгууллага дулаанаа хангуулдаг учраас засварын мөнгийг нь тухайн байгууллагууд дундаасаа нийлүүлээд гаргаж өгсөн байдаг. Тэгээд хувийн байгууллагаар шугамаа солиулсан байсан. Шугам сольсон бетон зуурмагийн хэсгийг нь буцаагаад янзлах үүргийг нь засвар хийсэн компани хариуцсан. Мод зүлэг, талбай хамгаалалтын хашааг яг манай байгууллага хариуцах биш эсвэл Н ХХК эсвэл дээр дурдсан нэр бүхий байгууллага уу? магадгүй Дархан хотын дулааны цахилгаан түгээх ТӨХК уу? өөрсдөө хариуцах эсэх нь тодорхой байна. Н ХХК нь хамааралгүй гэж байгаа биш адилхан тус тусдаа хуулийн этгээд юм. Тухайн байгууллагын зарим нэг хүмүүсээс энэ асуудлыг тодруулахад үнэхээр манайхыг төлөх ёстой гэж хэлэх юм бол өөрт ногдох хэсгээ заавал шүүхийн журмаар гэхгүйгээр төлнө. Гэхдээ 100 хувь хариуцахгүй гэж амаар хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Ө нь нийтийн эзэмшлийн зам талбай мод бутыг сүйтгээгүй. Ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Дархан-Уул аймгийн Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 464 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хохирол барагдуулах акт, Дархан-Уул аймгийн Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, Ө-ийн Дархан номин худалдааны төвийн дулааны шугам солих ажлын талбар өртсөн талбайн байршлын зураг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн NR/22/1 дугаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, 2022 онд мөрдөх түрээсийн тарифын хуулбар, Номин реалтор ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний № 4-12/390 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн № 4-12/654 дугаар албан бичиг, 000428409 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д нь хариуцагч ХХК-д холбогдуулан нийтийн эзэмшлийн хөрөнгөд учруулсан хохирол 6,330,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ө нь манай байгууллагын ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа, зүлэг, мод бутыг Дархан номин худалдааны төвийн шугам солих ажлын явцад сүйтгэсэн. Санхүү бүртгэлийн 39213 кодтой дансанд 1 м.кв нь 15,000 төгрөгийн үнэ өртөгтэй 136 м.кв нь талбайн зүлэгжүүлэлт, нэг бүр нь 87,941 төгрөгийн үнэтэй 45 ширхэг нолт бор мод, 1 м.кв нь 30,423 төгрөгийн үнэтэй 39214 кодтой 17 ширхэг ногоон байгууламжийн хамгаалалтын хашааг сүйтгэсэн болно. Иймд 6,330,729 төгрөг хариуцагчаас гаргаж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дархан номин худалдааны төвийн барилгын өмчлөгч нь Н ХХК юм. Ө нь үл хөдлөх эд хөрөнгийг тус компаниас түрээслээд дотор нь үйл ажиллагаа явуулдаг. Дархан номин худалдааны төвийн шугам нь Н ХХК болон А-ын авто засвар, Найрамдал төв, Тунгалагийн үйлчилгээний төв зэрэг 5, 6 газар дулаанаа авдаг шугам байсан. Тухайн засвар үйлчилгээний ажлыг нь Я-иас хийсэн. Шугамын төлбөрийн дээрх байгууллагууд хуваан төлсөн байдаг. Харин дээрх Мод зүлэг, талбай хамгаалалтын хашааг манай байгууллага хариуцах эсэх нь тодорхойгүй. Манай Ө нь нийтийн эзэмшлийн зам талбай мод бутыг сүйтгээгүй. Ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ө болон Н ХХК нар нь 2022 оны 01 сарын 01-ний өдөр NR/**/1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Дархан-Уул аймгийн 20 дугаар хороо, *** цогцолборын 7 давхарт Ө нь байрлан үйл ажиллагаа явуулахаар талууд тохиролцжээ.
5.Талууд Ө болон ** ХХК нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ хүчин төгөлдөр болох, хариуцагчийн байрлаж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, 8,861 м.кв талбайтай Дархан номин худалдааны төв /Номин юнайтед цогцолбор/ барилгын өмчлөгч нь Номин реалтор ХХК болох талаар маргаагүй.
Харин Ө нь** худалдааны төвийн цэцэрлэг дэх мод зүлэг, талбай хамгаалалтын хашааг сүйтгэсэн талаар маргасан.
6.Нр ХХК нь **** үйлчилгээний зориулалттай барилга /9 давхар орон сууц, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга/ үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөг болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү200000 дугаартай, 0000000 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Дархан номин худалдааны төвийн шугам нь зөвхөн Ө-ийн өмч биш бөгөөд *** номин, ***н авто засвар, Батур хотхон, **** обьект зэрэг байгууллагын дундын өмч бөгөөд үүнийг засварлахтай холбогдон гарсан хохирлыг дан ганц Ө-иас шаардаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэжээ. Хариуцагч талаас дээрх тайлбарыг няцаагаагүй бөгөөд ямар үндэслэлээр Ө-иас шаардаж байгаа нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ө нь Дархан номин худалдааны төвийн цэцэрлэг дэх мод зүлэг, талбай хамгаалалтын хашааг сүйтгэсэн, хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
7.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа засварын ажлын явцад Дархан номин худалдааны төвийн цэцэрлэг дэх мод зүлэг, талбай хамгаалалтын хашааг сүйтгэсэн хохирлыг уг барилгыг өмчлөгч, түрээслэгч Номин реалтор ХХК хариуцна гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ийн гаргасан хариуцагч Ө-д холбогдох 6,330,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ийн гаргасан харуицагч Ө-д холбогдох 6,330,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,000 төгрөгийн 116,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 3,759 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА