Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/77

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т холбогдох 1727000690047 дугаартай, 146/2017/00070/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 09 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Арцатад оршин суудаг, ял шийтгэлгүй, Б.У    

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн нутагт байх 2 дугаар сургуулийн урд талд Б.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: Тэр өдөр Ц.Б манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр титэм нэртэй бааранд сууж байхад манай найз охин болох Б.Н ирсэн. Тухайн үед Б.Н нь Хархорин сумын эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд бид гурав манайд очихоор баарнаас гараад явган явж байхад Б.Н-ийн ах Б.Г ирсэн.  Б.Г ирээд мотоциклиосоо буусныхаа дараа манай дүү Б.Н-ийг битгий дээрэлхэж, зовоогоод байгаарай гэж хэлээд намайг цохиж авсан. Тэгэхээр нь би буцааж Б.Г-г нэг удаа цохисон. Би Б.Н-ийг дээрэлхэж зовоосон зүйл байхгүй...миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Г-гын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Б.У нь миний төрсөн дүү Б.Н-ийн найз залуу нь байгаа юм. Манай гэрт 2017 оны 09 дүгээр сарын эхээр орж ирсэн. Тэр цагаас хойш мэдэх болсон. Б.У-ын аав, ээж нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын хүмүүс гэсэн, одоо бол Хархорин суманд шилжиж ирсэн гэж байсан. Миний дүү Б.Н-тэй Б.У нь албан ёсны гэр бүл болоогүй гэрлэлтийн баталгаа байхгүй. Б.Н нь саяхан буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Намайг гэрт байж байхад Б.Н утсаар залгаж Б.У баар саваар яваад байна. Та Хархорин сумын захын урд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь тойхгүй орхисон юм. Тэгтэл хэсэг хугацааны дараа ахиж миний дүү Б.Н надруу залгаж Б.У намайг цохилоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очсон. Намайг очиход Б.Н, Б.У, Ц.Б нар хамт Хархорин сумын 2 дугаар сургуулийн урд хэсэг задгайд хэрэлдсэн байдалтай зогсож байсан. Тухайн үед Б.Н-ийн биед ил харагдах шархи сорви огт байгаагүй. Ц.Б, Б.У хоёр архи ууж хэрэглэсэн бололтой байсан. Тэгэхээр нь би Б.У-ыг ямар учраас хүүхэд зовоогоод байгаа юм бэ? гэж хэлээд нэг удаа цохисон. Тэгтэл Б.У миний зүүн нүдрүү цохисон. Миний дүү Б.Н тухайн цаг хугацаанд эмнэлэгт байж байсан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Ц.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Тухайн өдөр ажил тарсны дараа би Б.У-ын гэрт очсон. Тэр үед Б.У-ын найз охин Б.Н нь Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан юм. Тэгээд Б.У-ын хамт эмнэлэг орсон. Тэрний дараа Б.У бид хоёр Хархорин сумын “Бадархундага” нэртэй бааранд орж хоёр хоёр шил пиво уусан. Бааранд пиво ууж байхад Б.Н, Б.У-ын утасруу залгаж байсан. Удалгүй баарнаас гарч ирсэн чинь Б.Н баарны гадаа ирчихсэн байсан. Тэгээд Б.У-ыг хариач намайг эмнэлэгт байхад пиво уугаад байх юм гэж хэлсэн. Дараа нь Б.Н, Б.У бид 3 харих гээд явган алхаж явж байхад Б.Н ахыгаа утсаар залгаж дуудсан. Тэгтэл ах нь мотоцикльтой ирээд бид нарыг Хархорин сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн хажууд явж байхад ирээд Б.У-ыг чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлээд цохисон. Тэгтэл Б.У хойшоо унаж ойчсон. Дараа Б.У босоод Б.Н-ийн ахыг нэг цохисон, цохихдоо нүдрүү нь цохиж байгаа харагдсан. Өөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэр үед Б.Н-ийн ах нь цагдаа дуудсан. Миний мэдэхээр Б.У найз охиноо зодож цохиогүй, Б.Н нь тухайн үед том гэдэстэй байсан...” гэжээ.  /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Б.Н-ийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Намайг эмнэлэгт хэвтэж байхад манай найз залуу Б.У нь нэг найзынхаа хамт ирээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.У-ын утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би хамт явж байсан Ц.Б-ийн дугаар луу залгаж асуутал найз нь танай найз залуугийн гэрт байна гэж хэлээд утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа ахиж залгасан чинь утсаа огт авахгүй байсан. Тэгээд ахиж залгаж асуутал одоо харих гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хариад залгаарай гэж хэлэхэд за гэсэн. Утсаар надтай ярихгүй байхлаар нь би ахиж залгаад хаана байгаа юм бэ гэж асуусан чинь эмнэлэгийн арын бааранд сууж байна гэж Ц.Б хэлсэн. Тэгээд бааранд очтол Ц.Б бүжиглэж байсан. Харин манай залуу пиво уугаад сууж байсан. Тэгээд баарнаас гарч харъя гэж хэлтэл Б.У одоо угаасаа харьлаа гэж хэлээд миний мөр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Б.Г ахыг дуудсан. Бид нарыг явган Хархорин сумын 2 дугаар сургуулийн урд хэсэгт явж байхад Б.Г ах ирсэн. Тэгээд Б.Г ах ямар учраас хүүхэд зовоогоод байгаа юм бэ гэж хэлээд Б.У-ыг цохисон. Тэр үед манай ах Б.Г намайг Б.У цохилоо гэж хэлсэн. Би тухайн үед Б.У ах Б.Г-г цохиж байхыг хараагүй. Б.У бид хоёр үерхэж нөхөрлөөд 4 жил гаран болж байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоохондоо тус тусдаа өөрсдийнхөө гэрт амьдарч байна...” гэжээ.  /хх-ийн 23 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 392 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Г-гийн биед тархи доргилт, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ.  /хх-ийн 27 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 400 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.У-ын биед гэмтэл тогтоогдоогүй...” гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 26, 30 дугаар хуудас/

Б.У-ыг урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн нутагт байх 2 дугаар сургуулийн урд талд Б.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Б.Г, гэрч Ц.Б, Б.Н нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 392 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулав.

Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 241 /хоёр зуун дөчин нэгэн/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.У хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА