Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/602

 

 

 

 

 

 

    2022              6             09                                        2022/ДШМ/602

 

 

Ц.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

хохирогч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаатарын өмгөөлөгч Г.Цолмон,

шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч А.Бүдханд, Б.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч А.Бүдханд, Б.Оюунчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.С-д холбогдох эрүүгийн 2005019931156 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-ын С, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .......... аймгийн ............ суманд төрсөн, .. настай, .............., дээд боловсролтой, ............. мэргэжилтэй, “............” ХХК-ийн ............... ажилтай, ам бүл .., хүүхдүүдийн хамт ................. дүүргийн .. дугаар хороо, ..................... гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........................./.

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” ХХК-д борлуулагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.447.767 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 24.482.589 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан орлого зэргийг хувьдаа завшиж, нийт 25.930.356 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.С-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Ц.С-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.С-д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Ц.С-гийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-гээс 23.540.734.13 төгрөг гаргуулж, хохирогч байгууллага болох “П” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” буюу “П” ХХК-д учруулсан 23.540.734.13 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг шүүгдэгч Ц.С-д хүлээлгэж, шүүгдэгч Ц.С-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, энэ хэрэгт Ц.С цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган ирүүлсэн кассын ордерын нийт 116 ширхэг санхүүгийн баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, баримтын эх хувийг хохирогч байгууллагад буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

“П” ХХК-ний данс тооцоонд хийсэн “Фитакон аудит” ХХК-ийн аудитын тайлан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг бодитой тогтоож чадаагүй.

“Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-д заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус баримтаар тайлан, дүгнэлт гаргасан. Тухайлбал:

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралт 1-д “П” ХХК-ний 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дахь Ц.С-тэй холбогдох 13.405.292,20 төгрөгийн авлагын тооцоог гаргахдаа түүний задаргаа байхгүй, сар, улирал, хагас, бүтэн жилийн тооцоо нийлсэн акт, зээлийн бүртгэл, НӨАТ-ийн тайлан, авлага, өглөгийн журналын бүртгэлийн хуулбар хавсаргаагүй,

“П” ХХК-ниас Ц.С-д хүлээлгэн өгсөн гэх 19,690,706.65 төгрөгийн бараа материалын зарлагын 62, 404, 623, 19, 186, 99 дугаартай баримтуудад түүний гарын үсэг байхгүй байхад анхан шатны баримтаар тооцож, дүгнэлт гаргасан,

“П” ХХК-иас Ц.С-д хүлээлгэн өгсөн гэх 7.215.500 төгрөгийн бараа материалын зарлагын баримт огт байхгүй байхад анхан шатны баримтгүйгээр дүгнэлт гаргасан,

Тус компаниас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 950.000 төгрөг, 2020.01 дүгээр сарын 29-ний өдрийн 390.000 төгрөгийн кассын орлого ордерт Ц.С-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. /хавсралт 1, 2, 3/,

Мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1.365.000 төгрөгийн кассын орлогын ордерт нэмэлт бичилт хийж дүгнэлт гаргуулсан. /хавсралт 4/,

Аудит болон шинжээч нар дүгнэлт гаргахдаа 2 талын тайлбарыг сонсож, шинээр гаргаж өгсөн баримтыг үнэлж дүгнэлт гаргаагүй. Тухайлбал, Ц.С-гийн харилцагч байгууллагуудад бүтээгдэхүүн нийлүүлж, тооцоо нийлсэн бүртгэл /хар дэвтэр/, орлогын баримт аваагүй, “П” ХХК-д тушаасан 3.687.310 төгрөгийн орлогыг тооцолгүй шинжээчийн дүгнэлт гаргасан. /хавсралт 5/,

Шинжээч нь Ц.С-гийн харилцагч 53 байгууллагуудын өр авлагын журналын бүртгэл, тооцооны акт, бэлэн мөнгөний баримт, НӨАТ-ийн тайлантай танилцаж дүгнэлт гаргаагүй. Тулган баталгаажуулалтаар 2.305.900 төгрөгийн авлагын үлдэгдлийг харилцагч байгууллагуудаас төлөхөө илэрхийлэн хүлээн зөвшөөрсөн байхад энэ дүнг Ц.С-гийн хохирлоос хасаж тооцоогүй.

Шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай дүгнэлтийн асуулт 3-ын хариулт б хэсэгт “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны борлуулалтыг 21.147.263,78 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ныг дуустал борлуулалтыг 33.346.156,70 төгрөг, нийт 54.493.420,48 төгрөг гэж дүгнэсэн боловч 21.147.263,78 төгрөгийн барааны борлуулалтыг харилцагч байгууллагаар нь гаргаагүй, мөн борлуулсан бараа бүтээгдэхүүний жагсаалтыг нэр төрлөөр нь гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтэд байгууллагын бүх бүртгэл /сар, улирал, хагас, бүтэн жилийн тооцоо нийлсэн акт, тооллого хийсэн материал, зээлийн бүртгэл, НӨАТ-ийн тайлан, авлага, өглөгийн журнал/-ийн хуулбар хавсаргаагүй.

Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх хуульд заасан ажиллагааг дутуу явуулсан. Тус хэрэгт гэрчээр зайлшгүй байцаавал зохих нягтлан бодогч Сувд, Үдэлмаа, бараа хүлээлгэн өгсөн нярав Дагиймаа, Мягмарсүрэн, борлуулагч Заяа, Ууганбаяр, Сүх нараас мэдүүлэг аваагүй. Эдгээр хүмүүсээс бүртгэл, журнал хөтлөлт, борлуулалтын урамшуулал яаж олгож байсан, хэрхэн тооцоо нийлдэг байсан, эд хариуцагч нараас тооллого хэзээ явуулсан тэдэнд барааны дутагдал байсан эсэх, өр авлага хэдийнээс үүссэн талаарх холбогдох баримтуудыг эд мөрийн тооцож, хураан авч хэрэгт хавсаргаагүй, Борлуулалтын албаны дарга Б.Батбаатар нь Ц.С-д хүлээлгэн өгсөн гэх бараа материалын 18.417.939 төгрөгийн 9 ширхэг баримтыг хэзээ ямар нөхцөлд алга болгосныг шалгаж тогтоогоогүй байна.

Иймд “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-д заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус баримтаар шинжээчийн дүгнэлт гаргасныг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, мөн мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан байх тул хэргийг пркурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч Б.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж нэг баримт гаргаж өгч байна. “П” ХХК-ийн байгууллагын дансанд Ц.С-гээс 1.000.000 төгрөг тушаасан байдаг. Үүнийг аудитын болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй. Шүүхийн шатанд хохирогч талаас энэ баримтыг гаргаж өгсөн боловч хохирлоос хасч тооцоогүй. ...” гэв.

Хохирогч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаатарын өмгөөлөгч Г.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, мөн аудитын дүгнэлт болон 2 удаагийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүгдэгч Ц.С-гээс анхан шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн санхүүгийн баримт болон гарын үсэггүй баримтын талаар эдийн засгийн шинжээч Батжаргал шүүх хуралдаанд орж, яагаад энэ баримтуудыг тооцсон талаар тодорхой мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас гадна хохирогч “П” ХХК санхүүгийн дотоод “info гэдэг программ ашигладаг. Энэ программыг дүгнэлт гаргахад ашигласан. 1.000.000 төгрөгийн баримтыг шинжээч Батжаргал дүгнэлтэд орсон мөнгөн дүн гэдгийг тодорхой дурдаж, тайлбар хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа, ерөнхийдөө нэгтгээд дүгнэхэд, нэгдүгээрт гарын үсгийг хурамчаар үйлдсэн гэсэн зүйл яригдаж байна. Шинжээч хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлан аудитын дүгнэлтийг үндэслээд шинжээчийн дүгнэлтээ гарсан. Үүн дээр бол гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэсэн зүйл огт байхгүй. Хоёрдугаарт “П” ХХК-иас Ц.С-д хүлээлгэж өгсөн 7.215.000 төгрөгийн бараа материалын зарлагын баримт огт байхгүй байхад анхан шатны баримтгүйгээр дүгнэлт гарсан гэж ярьж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 370 дугаартай шинжээчийн гаргасан баримт байх ёстой. Аудит болон шинжээч нар дүгнэлт гаргахдаа хоёр талын гаргасан тайлбарыг сонсож, шинээр гаргаж ирсэн баримтыг үнэлээгүй. Тухайлбал, Ц.С-гийн харилцагч байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлж, тооцоо нийлсэн бүртгэл, хар дэвтэр, орлогын баримт аваагүй “П” ХХК-д тушаасан 3.687.314 төгрөгийн авлага тооцоо шинжээчийн дүгнэлт гаргасан гэж байна. Энэ тухай бол шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдаж өгсөн. Шинжээч дүгнэлт гаргахдаа аудитын дүгнэлтийг үндэслээд эдийн засгийн шинжээч оролцуулсан байдаг. Шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай дүгнэлтийн асуулт 3-ын хариулт б хэсэгт “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны борлуулалтыг 21.147.263,78 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал борлуулалтыг 33.346.156,70 төгрөг, нийт 54.493.420,48 төгрөг гэж дүгнэсэн боловч 21.147.263,78 төгрөгийн барааны борлуулалтыг харилцагч байгууллагаар нь гаргаагүй, мөн борлуулсан бараа бүтээгдэхүүний жагсаалтыг нэр төрлөөр нь гаргаагүй гэж байна. Үүн дээр шинжээч борлуулсан бараа бүтээгдэхүүний жагсаалтыг нэр төрлөөр нь гаргах шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл эдгээр бүх харилцагч байгууллагуудын нэр, борлуулсан бараа бүтээгдэхүүний нэр төрөл жагсаалтын бүртгэл, аудитын дүгнэлтийг үндэслээд эдийн засгийн шинжээч бүгдийг нэгтгэн дүгнэж, дүгнэлтээ гаргасан. Дараа нь байгууллагын тоо бүртгэл /сар, улирал, хагас, бүтэн жилийн тооцоо нийлсэн акт, тооллого хийсэн материал, зээлийн бүртгэл, НӨАТ-ын тайлан, авлага, өглөгийн журнал/-ийн хуулбар хавсаргаагүй гэж байна. Хуулбарыг хавсаргах шаардлагагүй, энэ талаар эдийн засгийн шинжээч дүгнэлтэд хуулбарыг хавсаргах шаардлагагүй гэж үзсэн байдаг. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх хуульд заасан ажиллагааг дутуу явуулсан гэж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалгаж тогтоосон. Бусад гэрчийг асуухгүй байсан хэдий ч бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзсэн учраас гэрчээр асуугаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч А.Бүдханд, Б.Оюунчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллаагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Ц.С нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” ХХК-д борлуулагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.447.767 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал, 24.482.589 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан орлого зэргийг хувьдаа завшиж, нийт 25.930.356 хохирол учруулсан болох нь:

Хохирогч “П” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн хариуцлага хүлээх тухай гэрээ /1-р хх 132-147/,

ажлын байрны тодорхойлолт /1-р хх 148-149/,

“П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал /1-р хх 150-151/,

“П” ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулбар /1-р хх 172-180/,

Ц.С-гийн дансны дэлгэрэнгүй хуулбар /1-р хх 194-201/,

эм бараа борлуулах зориулалтаар авсан ба мөнгө тушаасан акт /1-р хх 205-209/,

2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх бараа материалын үлдэгдэл /1-р хх 210/,

тооллогын баримт, харилцагч байгууллагуудын тооцооны үлдэгдэл, тулган баталгаажуулах захидал явуулсан бүртгэл /1-р хх 211, 213-216/,

хохирогч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаатарын “...Манай байгууллага эм эмийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж 7 салбар нэг бөөний төвөөр дамжуулан харилцагч аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт бөөний үнээр болон ширхгийн үнээр зарж борлуулдаг юм. Манай байгууллагад Ц.С нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр борлуулалтын туслах ажилтнаар ажилд томилогдож ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс борлуулалтын ажилтнаар ажиллан бие дааж бараа болон бэлэн мөнгөтэй харьцаж борлуулалт хийх болсон. Ц.С нь 2020 оны 01 дүгээр сар хүртэл борлуулалтаа ямар нэгэн алдаа дутагдалгүй сайн хийж байсан. Оны шилдэг ажилтнаар шалгарч ажиллаж байсан. Манай байгууллага борлуулалтын ажилтанд зориулсан ямар нэгэн программ байхгүй, бүх бараа бүтээгдэхүүнийг цаасан падаан баримтаар хүлээн авч цааш нь борлуулахдаа гар цаасан баримт бичиж үлдээж нэг хувийн нь өөртөө авч борлуулалт хийдэг байсан. Байнгын худалдан авагч харилцагч байгууллага аж ахуйн нэгж болон иргэнд зээлээр өгч баримт үйлдэж бараа өгснөөс хойш дараа сарынхаа 10-ны дотор шахаж төлбөр тооцоогоо авч манай байгууллагад тушаадаг байсан юм. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс манай байгууллага борлуулагч нарт зориулсан утсан дээр суулгадаг программ ажиллуулж эхэлсэн. Тухайн үеэс Ц.С-гийн борлуулалт багсаад ирсэн. Яагаад борлуулалт багсаад байгаа талаар Ц.С-гээс асуухад Ц.С нь харилцагч байгууллагууд зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг өгөхгүй удаагаад байна гэсэн тайлбарыг өгдөг болсон. Ц.С нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ц.С үлдэгдэл бараагаа тооллогоор хүлээж авахад дутагдал нь 1.447.766 төгрөгийн зөрүүтэй өр төлбөртэй гарсан. Тэрнээс хойш ажилдаа ирэхгүй ажлаа хаяж явах болсон, янз бүрийн шалтаг шалтгаан хэлэх болсон. Ц.С нь эмнэлэгт хэвтэж байна бие өвдөөд байна гэх шалтгаануудыг хэлэх болсон. Тэгээд Ц.С-гээс тооцоо зээлүүдээ шахаарай гэж хэлэхэд, Ц.С нь за тэгнээ энэ сарын 25-ны дотор тооцоогоо дуусгана гэж хэлсэн. Эмнэлгээс гарахаараа очно гэдэг байсан. Тэрнээс хойш утсаа ч авахгүй ажилдаа ч ирэхгүй болохоор нь сураг ажиг тавьж хайсаар Ц.С-гийн байгаа газар очиход, Ц.С нь 7 буудлын эцэст архи, ус, ундаа бөөний төв ажиллуулж байсан. Яагаад ажилдаа ирэхгүй, төлбөр тооцоогоо дуусгахгүй байгаа талаар ярихад Ц.С нь манай нөхөр хөдөө ажилтай болоод нөхрийнхөө оронд энэ бөөний төвд ажиллах болсон болохоор ажилдаа очиж чадахгүй байгаа юм гэх шалтаг хэлсэн. Ц.С-д та яг хэдэнд ажил дээрээ очиж төлбөр тооцоогоо дуусгах талаар ярихад энэ сарын 29-ний өдөр очиж төлбөр тооцоогоо дуусгана гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон Ц.С нь ажил дээрээ ирээгүй учраас захирал Т.Байгальд хэлэхэд шүүх, цагдаад хандана гэж хэлээд цагдаад хандсан юм. Бараа бүтээгдэхүүнээ борлуулаад борлуулалтын мөнгийг Байгаль захирлын нөхөр болох Доржсүрэн гэх хүний данс руу болон борлуулагч нар өөрийн дансаар болон бэлэн мөнгөөр авах эрхтэй. Борлуулалтын мөнгөө авч байгууллагад тушааж байвал яаж авах нь хамаагүй байсан юм. Ц.С-тэй 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр борлуулалтын туслах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ байгуулж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс байгууллагын даргын Б/88 дугаартай тушаалаар борлуулалтын ажилтнаар томилж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр борлуулагчаар ажиллуулах гэрээг хугацаагүйгээр хийж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 018 тоот хөдөлмөрийн гэрээг “П” ХХК-ийн ерөнхий захиралтай гэрээ байгуулсан. Ц.С нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд нийт 54.493.000 төгрөгийн эм бараа бүтээгдэхүүн хүлээн авч, борлуулалт хийсэн гэж бүртгүүлснээс 30.010.000 төгрөгийн орлого тушаасан. Түүнээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлээс 27.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үлдсэн. Тооллогоор хүлээж авсан барааны дутагдал 1.447.000 төгрөгийн дутагдал гаргасан байсан. Манай байгууллага харилцагч байгууллага аж ахуйн нэг нийт 46 харилцагчаар орж тооцоо нийлэхэд Ц.С-д бараа бүтээгдэхүүний мөнгөө өгөөгүй нийт 300.000 төгрөгийг олж авсан. Бас манай байгууллагын Доржсүрэн гэсэн дансанд шилжүүлж хийсэн байсан 2.526.000 төгрөгийг тооцоо нийлж олж авсан. Үнээс үлдэгдэл нийт 23.621.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүн дээр хөндлөнгийн Аудит хийсэн төлбөр болох 4.000.000 төгрөгөөр хийлгэсэн. Бас хуулийн туслалцаа өмгөөлөгч авсан 2.000.000 төгрөг байгаа. Нийт 29.621.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бас Ц.С нь байгууллагын бараа бүтээгдэхүүнийг дутааж хувьдаа завшсан үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатай байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1-р хх 22-23/,

хохирогч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаатарын дахин өгсөн “...Анх 2020 оны 4 дүгээр сард С ажлаас гараад, манайх Сг цагдаад өгөхөд нийтдээ 26.020.339 төгрөгийн дутагдал гарсан юм. Тэгээд тэрнээс зарим хүмүүс нь Сд мөнгөө өгөөгүй байсан болохоор тэр хүмүүстэй холбогдож мөнгөө бид нар өөрсдөө аваад 24.962.032 төгрөгийн үлдэгдэл өр үлдсэн. Бид нар Шүүх шинжилгээгээр дүгнэлт гаргуулахад 24.482.599 төгрөгийн өр, 1.447.767 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан нь манай тооцоотой нийлж байгаа юм. Учир нь гэвэл Шүүх шинжилгээгээр эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргуулсны дараагаар манай харилцагчаас 968.334 төгрөгийн төлбөрөө төлсөн учраас Сгийн төлөх ёстой байсан төлбөрөөс хасагдаад үлдсэн үнийн дүн таарч байгаа. Манайх Сгийн гаргасан дутагдал дээр аудитын дүгнэлт гаргуулсан 3.500.000 төгрөгийг нэмээд 29.621.000 төгрөг анх нэхэмжилсэн юм. Одоо С манайд тушаагаагүй орлого 23.514.265 төгрөг харин дутагдал бараа 1.447.767 төгрөг хэвээрээ байгаа юм. Бид нар аудит болон Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй санал нийлж байгаа. Үүнээс хүмүүсийн өгсөн өр төлбөрийг хасаад 23.514.265 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 25-26/,

гэрч Н.Сарангэрэлийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл 8 сарын турш барааны нярваар ажиллаж байсан. Намайг ажилд ороход С борлуулагчаар ажиллаж байсан юм. Тэгээд 2020 оны 4 дүгээр сард “Пламо" ХХК бараа бүтээгдэхүүнээ татаж тооцоогоо цэгцлэхэд С бараа материалаа өгөөд би ажлаасаа гарлаа гээд ажиллаасаа гарсан. Хамгийн сүүлд С 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа өгөх гэж байна гэж надад үлдэгдэл бараагаа тоолж өгөөд явсан. Тухайн үед яг хичнээн төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байсныг би сайн санахгүй байна. Сгээс бараа материал хүлээж авахдаа би бараа материал тоолж хүлээж авсан баримтан дээр гарын үсэг зуруулаад баримдаа компанид өгсөн байгаа. Өмнө нь тооцоо нийлдэг байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. С 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр надад ганц удаа бараа материал хүлээлгэж өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 31-ний бараа материал авсан асуудал байхгүй, сарын сүүлийн өдрүүдэд бид нарт бараа материал авах зав ч байдаггүй, сарын сүүлийн тооллогоо хийдэг байсан юм. Би нэг удаа 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ц.С-гээс бараа материалын үлдэгдлийг нь хүлээж аваад хүлээлцсэн баримт үйлдсэн байгаа. Баримтыг гаргаж өгье. ...” гэх мэдүүлэг /1-р хх 35-36/,

гэрч М.Ариунзулын “...Ц.С бараа материал авч яваад бараагаа зарсныхаа дараа дансаар авахдаа байгууллагын данс руу тооцоо хийх ёстой харин бэлэн тооцоогоо касс хариуцсан ажилтан Үдэлмаад тушаах ёстой байдаг. Гэвч С байгууллагуудаас өөрийн данс руу борлуулалтын мөнгөө авчихаад байгууллагын данс руу сүүлийн 2 сарын тооцоог хийгээгүй байсан. Манайх өмнөх сард авсан барааныхаа тооцоог дараа сарын 10-ны өдрийн дотор борлуулагч нар дуусгах ёстой байдаг. Гэхдээ С 2 сараас хойш тооцооны үлдэгдэлтэй яваад байсан болохоор урамшуулал олгогдоогүй. Харин манай байгууллага борлуулалтаас үл хамааран үндсэн цалинг нь сар бүрийн 15-нд урьдчилгаа сарын сүүлийн өдөр сүүлийн цалин хэвийн олгодог байсан. С хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын цалинг бүрэн авсан байгаа. Үдэлмаа манай байгууллагад 2014 оноос хойш бэлэн мөнгөний кассаар ажиллаж байгаа. Үдэлмаа борлуулагч нараас борлуулалтын бэлэн төвлөрүүлсэн орлогыг хүлээн аваад “Кассын орлогын ордер” гэсэн баримтыг үйлдэж нэгийг нь борлуулагчдаа өгөөд нөгөө хувийг нь гарын үсэг зуруулаад авч үлддэг байсан. Манай байгууллагаас Ц.С-гийн сүүлийн нэг сарын цалинг олгосон байгаа. Ц.С-тэй холбоотой цалингийн асуудал байхгүй. Ц.С цалингаа өөрийнхөө “Голомт банк”-ны 325510341 дугаарын дансаар авдаг байсан. Манай байгууллага хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгө хариуцлагын гэрээнд заасны дагуу сар бүрийн цалингаас 20.000 төгрөг авч эрсдэлийн сан бүрдүүлдэг. Хэрэв тухайн ажилчин ажлаас гарсан тохиолдолд бүх хариуцаж байсан эд хөрөнгөө бүрэн хүлээлгэн өгөөд төлбөр тооцоо нийлсэн тохиолдолд буцаан олгогдох нөхцөл үүсдэг. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх 38-39/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн санхүүгийн баримтад шинжилгээ хийсэн “...Ц.С нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нийт 75.322.057 төгрөгийн бараа авснаас 8.744.004,87 төгрөгийн хөнгөлөлт хасч тооцон 66.578.052,13 төгрөгийн барааг борлуулахаар хүлээн авсан байна.

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд борлуулбал зохих бараанаас 54.493.419,63 төгрөгийн борлуулалт хийж, 1.447.767 төгрөгийн барааны дутагдал үүссэн. Борлуулалт орлого 54.493.419,63 төгрөгөөс кассад болон харилцах дансанд 30.010.820,5 төгрөгийг шилжүүлснээс үлдэгдэл 24.482.599,13 төгрөгийг тушаагаагүй байна. ...” гэх дүгнэлт /1-р хх 42-51/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаартай хэрэгт нэмэлт шинжилгээ хийсэн “...Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “П” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан Ц.С-гийн 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд борлуулбал зохих бараанаас 54.493.419,63 төгрөгийн борлуулалт хийж, 1.447.767 төгрөгийн барааны дутагдал үүссэн байна. Ц.С-гийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний авлагын үлдэгдэл 13.405.292,20 төгрөг, борлуулалтын орлого 54.493.419,63 төгрөгөөс касс болон харилцах дансанд 43.416.122,7 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 24.482.589,13 төгрөгийг төлөхөөр байна. Завшсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. “П” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дахь Ц.С-тэй холбогдох 13.405.292,20 төгрөгийн авлагын тооцоог оруулсан болно. ...” гэх дүгнэлт /2-р хх 217-223/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 146-149/, 1 хавтас 116 ширхэг санхүүгийн баримт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.С-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Ц.С-д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч А.Бүдханд, Б.Оюунчимэг нарын “...нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус баримтаар шинжээчийн дүгнэлт гаргасныг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүйгээс гадна эдийн засгийн шинжилгээний дүгнэлтээр хохирогч байгууллагад учруулсан хохирлыг бодитой тогтоосон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч А.Бүдханд, Б.Оюунчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч А.Бүдханд, Б.Оюунчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

                   ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ