Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгчид Н.Нямсүрэн, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Н.Ганболд,

Иргэдийн төлөөлөгч С.Цэнд-Аюуш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд, Д.Содномдорж,

Шүүгдэгч Ц.Б, Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Ц.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1738000150078 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Б, 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн .... дугаартай,

Монгол улсын иргэн, Н.Д, 1978 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ... дугаартай,

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16-4а тоот хашаанд иргэн Н.Д-той бусдыг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 07 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16-4а тоот хашаанд иргэн Ц.Б-той бусдыг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “2017 оны 07-р сарын 02-ны өдөр намайг Мөрөн сумын 1-16-04 тоотод байрлах гэртээ байж байхад манай хамаатны ах Д нь нилээн согтуу манай гэрт орж ирсэн. Урд өдөр нь Эрдэнэт хотоос эмээгийн дүүгийнх нь хүүхэд болох Шүрээ ах эхнэрийнхээ хамт ирсэн. Тэгээд би Д ахад “та яагаад Ш ахыг ганц ирж байхад агсам согтуу тавиад байгаа юм бэ” гэж хэлэхэд Д ах “хүргэн гэхээр хүний хүн болчихдог юм уу” гээд надруу дайраад гараараа миний хоолойг хоёр удаа ухаан алдтал боогоод мөн намайг цохисон. Д ахыг бооход би хэсэг зуур ухаангүй болсон. Мөн гадаа намайг бооход нь би хэсэг ухаан алдсан. Тэгээд нэг мэдэхэд би Д ахыг хутгалсан байсан. Тухайн үедээ би Даваадорж ахыг хутгалсан гэдгээ мэдээгүй. Д ах л чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж байсан. Тэгээд байж байтал манай эгч Ичинхорлоо гарч ирээд чи яаж байгаа юм бэ гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-16-04 тоотод гэртээ байхад хүргэн ах болох Н.Д орж ирсэн юм. Тэгээд би “Шүрээ ахыг ганц удаа ирж байхад нь хэрүүл хийгээд яахав, эвтэй бай” гэж хэлсэн. Түүнээс болж маргаан үүссэн юм. Намайг гэрт байхад 2 удаа боож, цохисон юм. Би үнэхээр шоконд орсон байсан. Яаж хутгалснаа ч мэдээгүй. Дараа нь би туслах гэтэл “яах гээд байгаа юм бэ” гээд намайг ойртуулалгүй, “гэртээ ороод байж бай” гэсэн. Тэгээд тайвшрах гээд байж байтал гаднаас цагдаа орж ирээд намайг аваад явсан. Надад ямар ч өс хонзонгийн сэдэлт байгаагүй, анхаарал болгоомжгүйгээс болж л ийм үйлдэл гаргалаа гэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Н.Д-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Намайг эхнэрийнхээ хамт гэр лүүгээ орох гэж явахад араас Б гүйгээд ирсэн. Би Б-ийг хутгатай явна гэдгийг мэдээгүй, ...тэгээд барьж аваад нэг цохиод газарт унагаагаад дээрээс нь дараад унасан. Тэгсэн чинь Б намайг хутгалчих шиг  болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Д-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: ... 2017 оны 07-р сарын 02-ны өдрийн 23 цагийн  орчимд Мөрөн сумын 1-16-4а тоотод байрлах гэртээ харьсан. Ингээд намайг гэртээ орох гээд бараг гэрийнхээ үүдэнд явж байтал хадам дүү Б дуудахаар нь очиход “та Шүрээ ах руу яагаад уурлаж байгаа юм бэ, таныг хөгийн залуу вэ гэж байсан” гэсэн. Тэгэхээр нь би Бямбаад “чи ер нь юу гээд байгаа юм, Шүрээг чи бараг танихгүй биз дээ, чи ер нь давраад байгаа шүү” гээд 2 удаа орон дээр гараараа хүзүүг нь боож унагаасан. Ингээд байж байтал манай эхнэр хажуугаас орж ирээд салгасан. Тэгээд нэг харахад Б намайг ална гээд хар өнгийн иштэй уртхан хатга барьж явахаар нь манай эхнэр салгаж Б-гийн гэрээс гараад хаалгыг нь дараад зогсож байгаад эхнэр бид хоёрыг гэрлүүгээ орох гээд явж байтал Бямбаа эхнэр бид хоёрын араас хутга барьсаар гүйгээд ирэхээр нь би барьж аваад дахиад боож унагаагаад дээр нь дараад хэвтсэн чинь Б миний биеийн зүүн талын хавирган тушаа нэг удаа хутгалсан. Ингээд манай эхнэр, хүүхэд хоёр ирж намайг Б-гаас салгасан” ...Б миний урдаас хэрэлдээд намайг эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь би Б-ийг айлгах гэж, зодоон болгохгүй гэсэндээ Бямбадоржийг дарж унагаагаад бага зэрэг боосон. Б боолгож байсан болохоор ухаан нь орж гарсан байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Х.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг Б-ийн гэрт ороход Д, Б хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгийгээ гөлөгөөр нь дуудаад байхаар нь “та хоёр юу болоод байгаа юм бэ, юунаас болж хэрэлдэж маргалдаад байгаа юм бэ” гэтэл манай нөхөр Б-ийн хоолойноос боож унагаагаад байсан. Ингээд би нөхрийгөө Б-гаас салгаад аваад гартал Б нөхөр бид хоёрын араас хар иштэй хутга бариад гараад ирэхээр нь би Б-д чи яах гээд хутга шөвөг барьж аваад байгаа юм бэ, нэг нэгийгээ гэмтээх нь үү гээд Б-г түлхэж гэрт нь оруулаад, нөхрийгөө гэртээ оруулах гээд гэрийнхээ хаалган дээр очтол Бямбаа нөхөр бид хоёрын араас хүрээд ирсэн. Ингээд манай нөхөр Б-г чи ер нь яах гээд байгаа юм бэ гээд Б-г барьж аваад ноцолдоод унасан. Тэгээд манай хүүхэд Тэмүүлэн болон манай эгчийн охин Оюундарь хоёр аавыг хутгалчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Х.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...орой 23 цаг өнгөрч байхад унтахаар орондоо ороод байж байтал хашааны хаалга нүдээд байхаар нь гараад очтол Д-ийн хүү Тэмүүлэн манай хашаанд хүмүүс зодолдоод байна, та хурдан очооч гэсэн. Би буцаж гэрлүүгээ орж хувцсаа өмсөөд араас нь хашаа руу нь ороход Д байшингийнхаа зүүн урд сууж байсан. Хажууд нь хүү Тэмүүлэн аавыг Б ах хутгалчихлаа гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Оюундарийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д ахын том хүүхэд болох Тэмүүлэн манай хашаанд зодоон болоод байна, цагдаа дуудаад өгөөч, та гараад ирээч гэсэн. Тэгээд би гутлаа өмсөөд гэрээс гараад Тэмүүлэн дээр очоод юу болоод байгаа талаар асуухад аав, Б ах хоёр зодолдоод байна гэсэн. Ингээд би шууд цагдаад дуудлага өгөөд Д ахын хашаа руу ороход Д ах хашаандаа байрлах 2 байшингийн голд суучихсан, Б ах өөрийнхөө байшингийн урд зогсож байсан. Миний хувьд анх Д ах, Б ах хоёрыг зодолдоод болчихсон байна гэж ойлгосон боловч Тэмүүлэн надад хэлэхдээ Б ах аавыг хутгалчихсан гэж хэлсэн. Ингээд би Д ах буюу бид нарын дууддагаар Шонхоо ахын пудволко руу утасныхаа гэрлийг тусгаж үзэхэд Шонхоо ахын пудволкны зүүн талын хэсэг нь цус болчихсон байсан. Ингээд би эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...аав, ээж хоёрын араас Б ах гүйгээд очсон, Б ахыг аав түлхээд Б ах доор нь аав дээр нь хоёулаа газарт унасан чинь Б ах аавыг гартаа барьж байсан хутгаараа зүүн талын хавирган тушаа нь хутгалсан гэж өөрийнхөө биеийн зүүн талын хавирган тушаа заав. Ингээд би Б ахаас хутгыг нь аваад байшингийнх нь урд тал руу шидсэн. Ингээд аав газарт хэвтэж байснаа боссон, аавыг босоод нэг их удаагүй байхад Оюундарь эгч хашааны гаднаас орж ирээд аав руу гэрэл тусгасан чинь аавын пудволко цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаартай:

  1. Н.Д-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Н.Д-ийн биед цээжний зүүн доод хэсгийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралдалт, зүүн уушгины уналт, шарх, 1 хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  5. Дээрх цээжний зүүн доод хэсгийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралдалт, зүүн уушгины уналт, шарх, гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 1 хавирганы хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 434 дугаартай:

  1. Ц.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Ц.Б-ийн биед уруул, жавьжны салстад язарсан шарх, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/, 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-18 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 66-79 дүгээр хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган  үзэхэд: Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16-4а тоот хашаанд Н.Д-той бусдыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Н.Д-ийн цээжний зүүн доод хэсэгт хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16-4а тоот хашаанд Ц.Б-ийг бусдыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргаан үүсгэхэд нь түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, үйл баримт тогтоогдож байна.

Харин шүүгдэгч нарын үйлдэл, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.Б-ийн “…та яагаад Шүрээ ахыг ганц ирж байхад агсам согтуу тавиад байгаа юм бэ” гэж хэлэхэд Д ах “хүргэн гэхээр хүний хүн болчихдог юм уу” гээд надруу дайраад гараараа миний хоолойг хоёр удаа ухаан алдтал боогоод мөн намайг цохисон. Д ахыг бооход би хэсэг зуур ухаангүй болсон. Мөн гадаа намайг бооход нь би хэсэг ухаан алдсан. Тэгээд нэг мэдэхэд би Д ахыг хутгалсан байсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Д-ийн “…2 удаа орон дээр гараараа хүзүүг нь боож унагаасан. Ингээд байж байтал манай эхнэр хажуугаас орж ирээд салгасан. Тэгээд нэг харахад Б намайг ална гээд хар өнгийн иштэй уртхан хатга барьж явахаар нь манай эхнэр салгаж Б-ийн гэрээс гараад хаалгыг нь дараад зогсож байгаад эхнэр бид хоёрыг гэрлүүгээ орох гээд явж байтал Б эхнэр бид хоёрын араас хутга барьсаар гүйгээд ирэхээр нь би барьж аваад дахиад боож унагаагаад дээр нь дараад хэвтсэн чинь Б миний биеийн зүүн талын хавирган тушаа нэг удаа хутгалсан. Ингээд манай эхнэр, хүүхэд хоёр ирж намайг Б-аас салгасан” ...Бямбадорж миний урдаас хэрэлдээд намайг эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь би Бийг айлгах гэж, зодоон болгохгүй гэсэндээ Б-ийг дарж унагаагаад бага зэрэг боосон. Б боолгож байсан болохоор ухаан нь орж гарсан байж магадгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Ичинхорлоогийн “…гэтэл манай нөхөр Б-гийн хоолойноос боож унагаагаад байсан. …Ингээд манай нөхөр Б-г чи ер нь яах гээд байгаа юм бэ гээд Б-г барьж аваад ноцолдоод унасан. Тэгээд манай хүүхэд Тэмүүлэн болон манай эгчийн охин Оюундарь хоёр аавыг хутгалчихлаа гэсэн” гэх мэдүүлэг,

 Насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн “Б ах гүйгээд очсон, Б ахыг аав түлхээд Б ах доор нь аав дээр нь хоёулаа газарт унасан чинь Б ах аавыг гартаа барьж байсан хутгаараа зүүн талын хавирган тушаа нь хутгалсан” гэх мэдүүлэг зэргийг шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд:

Шүүгдэгч Ц.Б-ийг бусдыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргаан үүсгэхэд түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хүзүү, хоолойд зулгаралт бүхий гэмтэл учруулан удаа дараа боож унагасан шүүгдэгч Н.Д-ийн хууль бус, зүй бус үйлдэлд нь шүүгдэгч Ц.Б нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Н.-ийг хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн доод хэсгийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, зүүн уушгины уналт, шарх, 1 хавирганы хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл, гэм буруугийн шинж тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт  хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Н.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Мөн шүүгдэгч Н.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, түүний ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг,  эрүүл мэндийн  байдал зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Бж, Н.Д нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.5см урттай хар өнгийн бариултай, 14 см урт ажлын хэсэгтэй үзүүр хэсэг нь улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах  нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738000150078 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Ц.Б-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Н.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Ялтан Н.Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.5см урттай хар өнгийн бариултай, 14 см урт ажлын хэсэгтэй үзүүр хэсэг нь улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 7 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
  9. Эрүүгийн 1738000150078 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                       ШҮҮГЧИД                             Н.НЯМСҮРЭН

                                                                                     Н.АРИУНЖАРГАЛ