| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2203000980190 |
| Дугаар | 2022/ДШМ/603 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ДШМ/603
2022 6 09 2022/ДШМ/603
Г.Ц-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чинзориг,
нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/691 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Ц-д холбогдох эрүүгийн 2203000980190 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Г-гийн Ц, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................. аймагт төрсөн, .. настай, ................., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаараа, .............. дүүргийн ... дугаар хороо, .......... дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./.
Г.Ц нь 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Бурхант төвийн ертөнцийн зүгээр урд замд “Соната-6” маркийн 93-42 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.О-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж, шүүгдэгч Г.Ц-ын нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг гэх ба “Ub cab” ХХК-тай гэрээ байгуулж ажилладаг гэжээ.
Иймд шүүгдэгч Г.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт холбогдох нотлох баримтуудыг шалгаж “Ub cab” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзлээ.
Хэдийгээр шүүхээс иргэний хариуцагчийг тогтоож болох боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүй тул шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл болох тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж заасан.
Шүүгдэгч Г.Ц-ын осол үйлдэх үедээ унаж явсан “Соната-6” маркийн 93-42 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний өөрийн нэр дээр байдаг өөрийнх нь өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түүний шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгээр тогтоогддог.
Шүүгдэгч Г.Ц нь хэдийгээр “Ub cab” гэх такси компанитай гэрээтэй ажилладаг байж болох хэдий ч энэ зам тээврийн осол гарахад тухайн компани ямар нэгэн буруугүй, дээрх тээврийн хэрэгсэл тухайн компанийн эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш тул тус компанийг иргэний хариуцагчаар татах боломжгүй юм.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/691 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос Г.Ц-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, “...UB cab ХХК-ийг иргэний хариуцагчаар татах” шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Ц тухайн осол гаргахдаа жолоодон явсан автомашин нь “UB cab” ХХК гэх аж ахуйн нэгжтэй ямарваа нэгэн өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудал байхгүй, шүүгдэгч Г.Ц-ын өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, шүүгдэгч Г.Ц-ын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шүүх хуралдаанаар тодруулж, зохих хууль зүйн дүгнэлт өгч, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/691 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ