Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0200/З |
Дугаар | 128/ШШ2016/0335 |
Огноо | 2016-05-06 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2016/0335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн Засгийн газрын 11 дүгээр байран дахь шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчоо 3 гудамж 49 в тоотод оршин суух, Харгачин овогт Мөнхийн Энхтуяа, /РД:ЦД69010661/
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбуян, прокурор П.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:М.Энхтуяа миний бие анх 2003 онд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилд орсноос хойш төрийн албанд тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болж, улмаар 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Орлого, шимтгэлийн байцаагч, мөн өдрөөс Эрүүл мэндийн байцаагчаар ажиллаж байсан. Миний бие төрийн захиргааны албанд шат шатны ажлыг 16 дахь жилдээ үр бүтээлтэй, нэр хүндтэй хийж, төрийн албанд шударга, хоёргүй сэтгэлээр ажиллахын зэрэгцээ салбартаа тэргүүлэн 2013 онд шилдэг ажилтан болж, жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг онц, сайн дүгнүүлж ирсэн.
Гэтэл Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар намайг хууль бусаар төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан. Миний бие төрийн албанд чин үнэнчээр зүтгэж, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласаар ирсэн боловч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулах боломж олгосон, нийгмийн даатгалын санд хохирол учруулахад хүргэсэн мэтээр буруутган, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хамгийн дээд шийтгэлийг ногдуулсанд туйлын гомдолтой байна.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан боловч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор гомдлыг хангаагүй тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн орой 17 цагийн үед ажлаа хийж байхад хуралд бэлэн бай гэж хэлсэн бөгөөд тухайн хуралд ороход нийгмийн даатгалын хөрөнгийг бусдад ашиглуулах боломж олгосон гэж намайг ямар нэг үг хэлэх боломж олголгүй ажлаас халсан.
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалд Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 2.5.2-д заасан Ажилтан нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах боломж олгох гэснийг зөрчиж, нийгмийн даатгалын санд хохирол учруулсан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.1.5, Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 4.1.11-д заасныг баримтлан тушаал гаргасан.
Миний бие нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаагүй, бусдад ашиглах боломж олгоогүй, тийм эрх надад хууль болон дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор олгогдоогүй.
Тухайлбал: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 4.1.1-д Сум /хороо/-ны нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн ... баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэн гарын үсэг зурна, 4.1.3-д сум хорооны тэтгэврийн нийгмийн даатгалын байцаагч нарын хүлээн авсан материалыг хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар хянаж, гарын үсгээ зурж баталгаажуулна гэж заасны дагуу хорооны тэтгэврийн нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн материалыг хүлээн авч, эрх зүйн дагуу бүрдсэн эсэхийг хянаж, дараа нь тэтгэврийн ахлах байцаагч, тэтгэврийн албаны дарга, санхүүгийн албаны дарга, эцэст нь нийгмийн даатгалын хэлтсийн дарга зэрэг 5 хүн хянаад гарын үсэг зурж, зөвшөөрсний үндсэн дээр тэтгэвэр олгох эрх нь нээгддэг.
Гэтэл тэтгэврийн байцаагч биш, хянах эрх бүхий этгээд биш, ажлын байрны тусдаа чиг үүрэгтэй Орлого, шимтгэлийн байцаагч /сүүлд эрүүл мэндийн байцаагч болсон/ болох намайг зөрчилтэй материалыг хүлээн авч шалгаж, хянасан тэтгэврийн нийгмийн даатгалын байцаагч мэтээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, бусдад ашиглуулсан үзсэн нь ойлгомжгүй байна.
Нам гэдэг зүйл гарч ирээд мэргэшсэн боловсон хүчнийг нийтээр халдаг болсон. Манай байгууллагаас 50 гаруй хүн ажлаас халагдсан. Миний бие тэтгэвэрт гарах болж байгаа бөгөөд байгууллагад чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн. Гэтэл хуурамч материалыг хүлээн авч, шалгасан тэтгэврийн байцаагч, түүнд хяналт тавьсан хэлтсийн дарга нар хариуцлага хүлээх бус, огтоос хамааралгүй, тэтгэврийн материалыг хүлээн авсан, хянасан баримтад миний гарын үсэг зурагдаагүй, энэ хүний юм юу болж байна вэ асуусны төлөө намайг буруутан болгож, гаргасан алдаагаа надад үүрүүлж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна.
Миний бие тэтгэврийн байцаагч, хяналт тавьдаг этгээдүүдийн үйл ажиллагаанд огт оролцоогүй, тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч би нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах боломж олгох санаа зорилго байгаагүй, надад тийм эрх байхгүй. Гагцхүү гараа хугалсан, ядарсан З.Хорлоо гэх настай эмээ над дээр ирж өргөдөл, холбогдох материалаа тэтгэврийн байцаагчид өгсөн, тэтгэврийн байцаагч болон бусад 5 хүн хянасан боловч тэтгэврийн дэвтрийг нь гаргаж өгөхгүй удаад байна гэж гуйсны дагуу туслах гэсэн сайхан сэтгэлийн үүднээс тэтгэврийн дэвтрийг нь боломжтой бол хурдан гаргаж өгөхийг ахлах байцаагчаас хүссэн удаа байгаа. Гэхдээ уг материалыг ямарваа шалгалтыг алгасах, өөрчлөх зэргээр хууль бус шаардлага хүсээгүй, тухайн баримтыг хуурамч гэдгийг мэдээгүй. Уг асуудал нь тухайн үед аль хэдийн шийдвэрлэгдсэн буюу материалыг нь хүлээн авч, хянаад бэлэн болсон байсан.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалд Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийг баримталсан байх бөгөөд уг дүрмээр ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж өгсөн. Дүрмийн 4.4-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шүүмжлэл, нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл, нийгмийн даатгалын байгууллагын удирдлагын санаачлагыг үндэслэн тухайн ажилтныг нийгмийн даатгалын ажилтны мэргэжил, ёс зүйг зөрчсөн эсэхийг шалган тогтооно, 5.1-д ёс зүйн дүрмийн зөрчил гаргасан нийгмийн даатгалын ажилтны асуудлыг Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл-ийн хурлаар хэлэлцэж, авах арга хэмжээний тухай дүгнэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон тухайн аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/-т албан бичгээр мэдэгдэнэ, 5.2-т Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага эрхийнхээ хүрээнд энэ дүрмийг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн сануулах, үндсэн цалинг 6 сар хүртэл 20 хувь бууруулах, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл хүлээлгэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа бол Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл надад холбогдох асуудлыг заавал шалгаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр хэлтсийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах ёстой. Гэтэл Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл хэлэлцээгүй, асуудлыг хэлэлцэж, ёс зүйг зөрчсөн эсэх талаар шалгаж тогтоогоогүй, дүгнэлт гаргаагүй байхад шууд даргын зөвлөлийн хурлаар оруулж, үндэслэлгүйгээр ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь холбогдох дүрэм, журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн албанаас халах үндэслэл бүрдээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг халсан.
Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтанцэцэг болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбуян нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тэтгэврийн улсын ахлах байцаагч Д.Гэрэлцэцэг 5-6 хүний материалыг бариад хэлтсийн дарга дээр орж, М.Энхтуяа байцаагч 2 болон 3 хүний материалыг дандаа хортой нөхцөлөөр, хөдөлмөрийн дэвтэр байхгүй тэтгэвэр тогтоолгох гэж гуйгаад байна гээд эдгээр хүмүүсийн материалыг давхар шалгуулах хүсэлт гаргасан. Мөн тухайн жилд манай байгууллагад Нийгмийн даатгалын ерөнхий газрын ээлжит шалгалт орох хугацаа болсон учраас урьдчилсан хяналт шалгалт явуулахаар болж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тэтгэврийн хувийн хэрэгт дотоодын хяналт шалгалт хийх тухай А/29 дүгээр тушаалын дагуу ажлын хэсэг томилогдон, хэлтсийн нийт тэтгэвэр авагчдын хувийн хэрэг болон 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шинээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын хувийн хэрэг, материалыг хамруулан шалгасан.
Хяналт шалгалтын явцад хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн Үндэсний төв архиваас авсан лавлагааг тодруулахаар тус хэлтсээс албан бичгээр хүсэлт гаргахад Үндэсний төв архивын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03/237 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд 19 иргэдийн материал нь зөрчилтэй, эх баримттай ямар нэг байдлаар таарахгүй, Үндэсний төв архиваас лавлагаа авсан гэх байдал нь тогтоогдоогүй.
Шалгалтаар хөдөлмөрийн хортой нөхцөлөөр 2013-2015 онд тэтгэвэр тогтоолгохдоо Үндэсний төв архивын лавлагааг хуурамчаар үйлдэж, тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчтай холбоотой 26.025.100 төгрөгийн зөрчил илэрсэн. Эдгээр тэтгэвэр авагчдаас 11 иргэний тэтгэврийг тогтоож, хянуулж баталгаажуулахад тус хэлтсийн байцаагч М.Энхтуяа оролцсон нь тэтгэвэр тогтоосон байцаагч нар, тэтгэврийн ахлах байцаагчийн мэдүүлгээр батлагдаж байсан.
Тухайлбал: тус хэлтэст 2 дахь жилдээ ажиллаж байгаа С.Бямбажаргалаас Ж.Гантөмөрийг манай хамаатны хүн, Ж.Түмэнжаргалыг манай танил, тэтгэврийг нь хурдан гаргаад өгөөч гэж гуйж байсан,
Тэтгэврийн байцаагчаар 1 жил ажиллаж байгаа Т.Чимэдцэрэнгээс Ж.Цогбаатарын тэтгэврийг тогтоосон уу, аль шатандаа байгааг нь асууж байсан, мөн Д.Нямхүүгийн материалаа өгснөөс хойш 1 өдрийн дараа сангийн нягтлан бодогч Ж.Наранчимэг тогтоосон уу, хаана байна гэж асуусан, Ж.Наранчимэгийн тайлбараас М.Энхтуяа эгч амраад хөдөө байна. найзынхаа /Д.Нямхүү/ материалыг 16 дугаар хороонд өгсөн хурдан үзүүлээдэх гэж хэлүүлсэн байсан,
Тэтгэврийн байцаагчаар 8 дахь сардаа ажиллаж байгаа В.Мөнхбаяраас Ч.Уламбаярын тэтгэврийн дэвтэр нь гарсан уу гэж асууж байсан,
Тэтгэврийн байцаагчаар 1 дэх сардаа ажиллаж байгаа Х.Алтанзагасаас Б.Эрдэнэчимэг, Ш.Алтанцэцэг, Л.Эрдэнэжаргал, О.Энхтуяа нарын тэтгэврийн тогтоолтыг асууж, хувийн хэргийг ахлах байцаагч Д.Гэрэлцэцэг рүү өөрөө авч орж, хянуулж байсан,
Д.Гэрэлцэцэг ахлах байцаагчаас О.Энхтулга, Доржпалам, Ж.Цогбаатар, Д.Нямхүү, Ж.Түмэнжаргал, Ж.Гантөмөр нарыг гуйж байсан зэрэг тайлбаруудаар тогтоогдсон тул Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлөөр бус, хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар М.Энхтуяа болон холбогдох ажилтнуудыг оролцуулан 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагт хуралдаж, асуудлыг хэлэлцэн төрийн албан хаагчийн өргөсөн тангаргаа зөрчиж Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.5, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийн 2.5.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3 дахь хэсэгт заасныг баримталж М.Энхтуяаг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн ажиллах журмыг баримталж тушаалыг гаргах үндэслэл байхгүй. М.Энхтуяаг ажлаас халсан шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хянаад үндэслэлтэй болохыг тогтоосон.
Үндэсний төв архивын лавлагааг хуурамчаар үйлдсэн этгээдүүдийг олж тогтоолгох, шалгуулахаар З.Хорлоогийн тайлбар, тэтгэвэр тогтоож өгнө гээд иргэдээс урьдчилгаа 200000-300000 төгрөг, тэтгэвэр тогтоолгосны дараа тэтгэврийн дэвтрийг авч, хамт банк руу очиж, тэтгэврийн зээл авахуулан 1500000-2000000 төгрөг авдаг байсан зэрэг иргэдийн тайлбар холбогдох материалуудыг Авилгатай тэмцэх газарт хүргүүлж, хуурамч материал бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдад байцаагчийн акт тогтоож, барагдуулах шатанд холбогдох тайлбар, нэмэлт материалууд гарч ирж байгаа бөгөөд тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
М.Энхтуяа нь 2003 онд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад 2007 оноос тус хэлтэст жижүүрээр ажилд орсон. Улмаар 2007-2011 онд эрүүл мэндийн байцаагч, 2012 оны Орлого, шимтгэлийн байцаагч, 2013-2014 онд эрүүл мэндийн байцаагч, 2015 онд Орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сараас эрүүл мэндийн байцаагчаар тус тус томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа нийгмийг даатгалын дэвтэрт хуурамч бичилт хийн баталгаажуулсан үндэслэлээр хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, Засгийн газрын 11-11 төвд гаргасан иргэний гомдлоор Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/256 тоот албан бичгээр анхааруулга, ажилдаа хариуцлагагүй хандаж, төлбөрийн баримтыг бүрэн хүлээлцээгүйгээс оны эхний тайлангийн үлдэгдэл зөрсөн зөрчил гаргахад хүргэсэн, програмд гүйлгээ давхар шивж, ногдуулалт устгаснаас оны эхний тайлангийн үлдэгдэл зөрүү гарахад хүргэсэн зөрчил гаргасан үндэслэлээр хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээж байсан.
М.Энхтуяатай холбоотой хуурамч баримт материалаар тэтгэвэр тогтоолгож байсан иргэд нь дадлага туршлага бүрэн суугаагүй, залуу тэтгэврийн байцаагч нарын хариуцсан хороонд тогтоолгосон, мөн хамт олныхоо итгэх итгэлийг ашиглаж, тэтгэврийг хяналтын шатанд хурдан гаргуулах гэж гуйж байсан зэрэг нь тэтгэврийн байцаагч болон албадын дарга нарын тайлбараар нотлогдож, бусдад нийгмийн даатгалын санг ашиглуулсан, бусдад боломж олгосон атлаа би буруугүй, намайг ажлаас хууль бусаар халсан гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. М.Энхтуяаг эргэн ажилд нь томилох боломжгүй, хэлтсийн даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор П.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Тус захиргааны хэрэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төрийг төлөөлөн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн талаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэйгээр оролцож байна. Нэхэмжлэгч М.Энхтуяа нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.1, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 2.5.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр нийгмийн даатгалын санг зориулалтын бусаар ашиглах боломж, нөхцөлийг олгож, нийгмийн даатгалын санд хохирол учруулсан үндэслэлээр халсан байх бөгөөд М.Энхтуяа нь уг шийдвэртэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан өргөдлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хянаад ажлаас халсан нь үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн. М.Энхтуяа нь тэтгэврийн байцаагч нарт хөндлөнгөөс нөлөөлсөн байдлаас болж нийгмийн даатгалын санд хохирол учирсан гэж үзэхээр байх тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Энхтуяа нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч М.Энхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 4.1.1, 4.1.3-д зааснаар тэтгэврийн нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн материалыг хүлээн авч, эрх зүйн дагуу бүрдсэн эсэхийг хянаж дараа нь тэтгэврийн ахлах байцаагч, тэтгэврийн албаны дарга, санхүүгийн албаны дарга, эцэст нь Нийгмийн даатгалын хэлтсийн дарга зэрэг 5 хүн хянаад гарын үсэг зурж, зөвшөөрсний үндсэн дээр тэтгэвэр олгох эрх нь нээгддэг. Миний бие ажлын байрны тусдаа чиг үүрэгтэй, Эрүүл мэндийн байцаагч бөгөөд тэтгэвэр тогтооход ямар нэгэн байдлаар оролцох эрх дүрэм, журам болон хуулиар олгогдоогүй тул нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулах боломж олгосон, нийгмийн даатгалын санд хохирол учруулахад хүргэсэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Нөгөөтээгүүр ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрэм-ийг баримтлах ёстой бөгөөд Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл шалгаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр хэлтсийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах ёстой. Гэтэл Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлөөр хэлэлцээгүй, асуудлыг хэлэлцэж, ёс зүйг зөрчсөн эсэх талаар шалгаж тогтоогоогүй, дүгнэлт гаргаагүй байхад шууд даргын зөвлөлийн хурлаар оруулж ... ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж, хариуцагч нь ...Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тэтгэврийн хувийн хэрэгт дотоодын хяналт шалгалт хийх тухай А/29 дүгээр тушаалын дагуу ажлын хэсэг томилогдон, хэлтсийн нийт тэтгэвэр авагчдын хувийн хэрэг болон 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шинээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын хувийн хэрэг, материалыг хамруулан шалгасан.
Шалгалтаар хөдөлмөрийн хортой нөхцөлөөр 2013-2015 онд тэтгэвэр тогтоолгохдоо Үндэсний төв архивын лавлагааг хуурамчаар үйлдэж, тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчтай холбоотой 26.025.100 төгрөгийн зөрчил илэрсэн. Эдгээр тэтгэвэр авагчдаас 11 иргэний тэтгэврийг тогтоож, хянуулж баталгаажуулахад тус хэлтсийн байцаагч М.Энхтуяа оролцсон нь тэтгэвэр тогтоосон байцаагч нар, тэтгэврийн ахлах байцаагчийн мэдүүлгээр тогтоогдсон тул Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлөөр бус, хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төрийн албан хаагчийн өргөсөн тангараг, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.1.5, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 2.5.2-т заасныг зөрчиж бусдад нийгмийн даатгалын санг ашиглуулсан, ашиглах боломж олгосон зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3 дахь хэсэгт заасныг баримталж, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Нэг: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:
2015 онд тус хэлтэст Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийгдэх хяналт шалгалтын урьдчилсан үзлэгийн бэлтгэл болгон хэлтсийн нийт тэтгэвэр авагчдын хувийн хэрэг болон 2013 оноос 2015 оны хоорондох тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолт, хувийн хэргийн бүртгэл, баяжилтыг шалгах зорилгоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Тэтгэврийн хувийн хэргийн хяналт шалгалт хийх тухай А/29 дүгээр тушаал гаргаж, хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд шалгалтаар хөдөлмөрийн хортой нөхцөлөөр 2013-2015 онд тэтгэвэр тогтоолгохдоо Үндэсний төв архивын лавлагааг хуурамчаар үйлдэж, тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчтай холбоотой 26.025.100 төгрөгийн зөрчил илэрчээ. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар дээрх тэтгэвэр авагчдаас 11 иргэний тэтгэврийг тогтоож, хянуулж баталгаажуулахад тус хэлтсийн байцаагч М.Энхтуяа оролцсон асуудлыг хэлэлцүүлж, М.Энхтуяаг бусдад нийгмийн даатгалын санг ашиглуулсан, ашиглах боломж олгосон ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч М.Энхтуяа нь дээрх хяналт шалгалтын хамрах хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагчийн, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/25, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/153, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/73 дугаар тушаалуудаар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн[1] болон Орлого, шимтгэлийн байцаагч[2] нь тэтгэвэр тогтоолгох иргэдийн материалыг хүлээн авах, шалгах, тэтгэврийг тогтоох чиг үүрэг, эрх хэмжээгүй. Гагцхүү тэтгэврийн байцаагч[3] нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байх бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч М.Энхтуяаг ... хөдөлмөрийн хортой нөхцлөөр тэтгэвэр авагчдаас 11 иргэний тэтгэврийг тогтоож, хянуулж баталгаажуулахад тус хэлтсийн байцаагч М.Энхтуяа оролцсон эсэхийг, мөн бусдад нийгмийн даатгалын санг ашиглах боломжийг хэрхэн, ямар байдлаар олгосон, ямар үүрэгтэйгээр М.Энхтуяа нь оролцсон, ёс зүйн ямар зөрчил гаргасныг шалгаж тогтоогоогүй[4], ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүй эрхэлсэн зөвлөл нь зөрчлийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргаагүй байхад түүнийг шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.
Нэхэмжлэгч М.Энхтуяагийн эрхэлж байсан Эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар нэхэмжлэгч М.Энхтуяа нь төрийн жинхэнэ албан хаагч юм.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч М.Энхтуяагийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, тэдгээрийн үйл ажиллагаандаа хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байна.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоогоогүй атлаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тус хэлтсийн тэтгэврийн байцаагч С.Бямбажаргал, Х.Алтанзагас, Т.Чимэдцэрэн, В.Мөнхбаяр, тэтгэврийн ахлах байцаагч Д.Гэрэлцэцэг нарын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч М.Энхтуяаг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 273 дугаар тушаалаар баталсан Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 4.2-т Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж байгаа эсэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон тухайн аймаг /нийслэл/-ийн Нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн дэргэдэх нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүй эрхэлсэн зөвлөл хяналт тавина, 4.4-т иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шүүмжлэл, нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл, нийгмийн даатгалын байгууллагын удирдлагын санаачлагыг үндэслэн тухайн ажилтныг нийгмийн даатгалын ажилтны мэргэжил, ёс зүйг зөрчсөн эсэхийг шалган тогтооно, 5.1-д Ёс зүйн дүрмийн зөрчил гаргасан нийгмийн даатгалын ажилтны асуудлыг Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл-ийн хурлаар хэлэлцэж, авах арга хэмжээний тухай дүгнэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон тухайн аймаг /нийслэл/-ийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/-т албан бичгээр мэдэгдэнэ, 5.2-т Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага эрхийнхээ хүрээнд энэ дүрмийг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл-ийн дүгнэлтийг үндэслэн дараах сахилгын шийтгэл ногдуулна гэснийг тус тус зөрчжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь хууль тогтоомжид заасан үндэслэл, журмыг зөрчиж, нэхэмжлэгч М.Энхтуяаг төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Энхтуяаг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч М.Энхтуяаг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан, түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2016 оны 05 дугаар сарын 06-ныг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2016 оны 05 дугаар сарын 06-ныг дуустал хугацаагаар тооцож, ажилгүй байсан 6 сар 22 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.394.586 /зургаан сая гурван зуун ерэн дөрвөн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу М.Энхтуяагийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч М.Энхтуяагийн 2013 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээний биелэлтийг 91.0 буюу маш сайн, 2014 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээний биелэлтийг 92.2 буюу маш сайн гэж дүгнэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн М.Энхтуяаг төрийн албанаас халах тухай Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Энхтуяаг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Энхтуяад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 06-ныг дуустал хугацаагаар тооцож, ажилгүй байсан 6 сар 22 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.394.586 /зургаан сая гурван зуун ерэн дөрвөн мянга таван зуун наян зургаа/төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, М.Энхтуяагийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 123 дугаар хуудас,
[2] Хавтаст хэргийн 125 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 154 дүгээр хуудас,
[4] Загсийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтын 4,