Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/1004/З |
Дугаар | 310 |
Огноо | 2018-09-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 310
Д.М-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
сайдад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0262 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч Л.Б,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р,
Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,
Хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Б нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, гуравдагч этгээд Д.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.М-ын ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жил 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 19,322,226 төгрөгийн олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0262 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “8 дугаар сарын 12-ны” гэснийг “11 дүгээр сарын 04-ний” гэж, “6 сарын” гэснийг “2 сарын” гэж, “19,322,226” гэснийг “16,336,350” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол
3. Давж заалдах шатны шүүх Д.М-ын нэхэмжлэлтэй хэрэг буюу түүнийг ажлаас халсан Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тушаалыг захиргааны акт хэмээх өнцгөөс тайлбарлаж, Д.М төрийн албаны хуульд тусгагдаагүй асуудлаар төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргаж шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн үед олгогдох мөнгийг /олговрыг/ хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй гэж буруу дүгнэлт хийсэн.
4. Номтойбаяр сайдын 07 дугаар тушаал нь нэг талаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд тусгагдсан захиргааны акт боловч энэ актаар Д.М-ыг төрийн жинхэнэ албанаас халж буй байгууллага болон төрийн албан хаагч хооронд үүссэн маргааныг агуулдаг байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 22, 25, 26 гэх мэт Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан асуудал дээрх 07 тоот тушаалд агуулагдсан тул Д.М-ын Төрийн албаны зөвлөлд хандсан Монгол Улсын хуульд тусгагдсан үйл ажиллагаа мөн. Уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 39.7 гэх мэт заалтад дээрх асуудал тусгагдсаныг дурдъя.
5. Төрийн жинхэнэ албан хаагч, Төрийн албаны хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөр шийдвэрлүүлж, эцэст нь захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцлэгддэг жишиг Монголд байгаа асуудлаар Улсын Дээд шүүхийн тодорхой тайлбар, удирдамж байдаг. Төрийн албаны хуулийн 39 дүгээр зүйлд энэ талаар тодорхой дурьдсан байна.
6. Иймд дээрх үндэслэлээр хэргийг хянан давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад буй өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэг хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс үүдэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
8. Шүүх “...нэхэмжлэгч Д.М нь Төрийн албаны зөвлөлөөс гомдлын хариуг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж үзлээ” гэж зөвхөн нэг талын бодит үнэнд нийцээгүй тайлбарыг үндэслэн дүгнэсэн. Шүүхийн дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрчилдсөн, шүүхийн мэтгэлцээний явцад тогтоогдсон нөхцөл байдалд үндэслээгүй, Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
9. Нэхэмжлэгч нь захиргааны актыг мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа буюу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ: 39.1.1.энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан; 39.1.2.Энэ хуулийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон буюу чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гомдлоор үүссэн маргаан; 39.1.3.төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан" гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн маргаантай холбоотой бүхий л маргааныг Төрийн албаны зөвлөл захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх боломжгүй бөгөөд зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хуулиар харьяалуулан тогтоосон маргааныг л хянан шийдвэрлэх боломжтой болохыг хуульчилсан.
10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.М нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн зохицуулалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргаагүй. Шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй юм. Харин ч хөөн хэлэлцэх хугацааг хамаардаггүй нэхэмжлэлийн хэлбэр болох захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан, нэхэмжлэлийн шаардлагаа уг шаардлагаар өөрчилж байсан болно.
11. Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд хандах шаардлагатай тухай хариу авсан хэдий ч нэхэмжлэгч шүүхэд хугацаа хожимдуулж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчид Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгээр харьяаллын маргаан биш болох талаар хариу өгч, нэхэмжлэгч Д.М-ын өргөдөлд дурдсан албан ёсны гэрийн хаягаар хариуг хүргүүлсэн байна. Уг хариуг шууданч 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хаягаар нь хүргүүлсэн болох нь гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг, шууданчийн тайлбар, нэхэмжлэгчийн өөрийн бичгээр өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог, өөр нотлох баримтаар үгүйсгэгддэггүй болно.
12. Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн тохиолдолд энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байтал үүнийг 22 хоногоор хэтрүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. Төрийн байгууллага нь өргөдөл, гомдол гаргагчийн албан ёсны хаягаар хариуг хүргүүлсэн байхад, мөн гэрчүүд хариуг хүргүүлснийг нотолж байхад бодит үнэнд нийцэхгүй тайлбар гаргаж буй нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчиж гаргаж байгаа тайлбар буюу нэг талыг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлыг хангаагүй болно.
13. Өөрөөр хэлбэл гэрчийн “утсаар яриад хүлээн авагчийн хүсэлтийн дагуу бичгийг үлдээсэн” гэдэг мэдүүлэгт шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Төрийн албаны зөвлөлийн хариуг аваагүй байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй дүгнэлт болно. Нэхэмжлэгчийн огт хүлээж аваагүй гэж мэлзэж буй төрийн албаны зөвлөлийн албан бичгийг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлд хавсаргасан баримтад өгсөн байгаа нь түүний тайлбар бодит үнэнд огт нийцэхгүй байгааг илтгэж байна.
14. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс албан бичгийн хуулбарыг авахдаа уг албан бичгийн огноо дугаар шуудангаар явсан болохыг мэдэж байсан тул уг шуудангаар илгээсэн хугацаанаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Нэхэмжлэгчийн тайлбараар авч үзвэл хариуг Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авахад Төрийн албаны зөвлөл нь хариуг шууданд хийсэн болохыг мэдэгдсэн байна. Уг албан бичиг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч талд хүрсэн тул 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу хуулбар авсан өдрөөс хойш даруй 9 хоногийн дараа нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрч байгааг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч уг хугацаанд ч нэхэмжлэл гаргаагүй бүр хожим нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.
15. Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Д.М-т түүний албан ёсны оршин суугаа хаягаар хариуг хүргүүлснийг актыг мэдэгдсэнд тооцох хуулийн зохицуулалт байна.
16. Гэтэл нэхэмжлэгч тал, шүүх тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасныг тайлбарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй гэжээ.
17. Гэтэл хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн албан ёсны хаяг өөрчлөгдөөгүй, шуудангаас Төрийн албаны зөвлөлд хүлээн авагч хаягтаа байхгүй тухай хариу ирээгүй, шууданчийн мэдүүлгээр утсаар холбогдож, хүлээлгэн өгсөн зэрэг нотлох баримтууд тогтоогдож байна. Мөн шүүхийн үзлэгүүдээр үйл баримт болсон хугацаанд төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан хаягтаа байсан, шилжүүлэг хийгдээгүй байсан, тухайн албан бичиг хариуг хүлээн авсан, авах боломжтой байсан нь тодорхой байдаг.
18. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Нэхэмжлэгчийн огт хүлээн аваагүй гэж тайлбарлаж буй нотлох баримт болох Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй хамт шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч сүүлд гэрийнхээ шүүгээн дээрээс бичгийг олсон мэтээр тайлбар өгсөн байдаг. Гэрчүүдийн мэдүүлгээр уг албан бичгийг жижүүрийн өрөөнөөс ирж авсан болох нь тогтоогддог. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ягштал баримтлахгүй, нотлох баримтыг бүрэн цуглуулж, эргэлзээгүй, үнэн зөв талаас огт үнэлээгүйн зэрэгцээ гэрчид нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзаагүй. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн хариу очих үед оршин суух хаягтаа байсан талаарх хорооны тодорхойлолт, сүүлд 2017 онд л оршин суух хаягаа өөрчилсөн тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан, Захиргааны ерөнхий хуульд албан ёсны хаягаар хариуг хүргүүлсэн бол гардаж авсанд тооцох хуулийн зохицуулалт, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарууд зэргийг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс болж шүүх үндэслэлгүй шийдвэр гаргалаа.
19. Гэрчийг зураг үзүүлэхэд энэ хүн аваагүй, өөр хүн авсан гэх мэдүүлэгт л үндэслэж хэргийг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх ямар зургийг гэрчид үзүүлж, яаж таниулсан бэ гэдгийг давах, хяналтын шүүхээс дүгнэх боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл одоо хавтаст хэрэгт гэрчид үзүүлсэн зураг байхгүй. Уг нотлох баримтыг гуравдагч этгээдэд шүүх хуралдааны дараа буцааж өгсөн. Иймээс бид давах, хяналтын шүүхэд уг нотлох баримттай холбоотойгоор няцаах, мэтгэлцэх боломжгүй болсон. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ. Уг үзүүлсэн зургийг Д.М-ын гэдгийг тогтоогоогүй.
20. Хууль ёсны дагуу томилогдсон гуравдагч этгээдийн итгэлийг шүүх хамгаалаагүй. Бид маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны акт, зөрчилтэй акт гэж үзэхгүй байгаа билээ. Гэхдээ маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн бол хуулийн хугацаанд нэхэмжлэл, гомдол гаргаж эрх зүйн үйлчлэлгүй болгуулах нь нэхэмжлэгч талд олгогдсон эрх билээ. Харин маргаагүй бол тухайн акт эрх зүйн зөрчилтэй байсан ч хууль зүйн үйлчлэлтэй үлддэг нь эрх зүйт ёсны зарчим билээ. Нэгэнт хэн ч уг актад маргаагүй учраас хариуцагч сонгон шалгаруулалт явуулан Д.З-г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилсон юм.
21. Шүүхүүд мэтгэлцээний шатанд тогтоогдсон нөхцөл байдлыг огт хэрэгссэнгүй. Талууд мэтгэлцэх нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх, бодит үнэнд нийцсэн байх, шийдвэр гаргах нэг ач холбогдолтой билээ. Гэтэл мэтгэлцээний шатанд нэхэмжлэгч талын өөрөө өөрийгөө үгүйсгэсэн бодит үнэнд нийцээгүй тайлбарыг шүүх дүгнэсэнгүй. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол
22. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэгч Д.М-ын өргөдлийг хүлээн аваад 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгээр хариу өгч, улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл гаргагчийн албан ёсны гэрийн хаягийн дагуу баталгаат шуудангаар өргөдлийн хариуг явуулсан байна.
23. Баталгаат шуудан хүргэгч Б.О нь нэхэмжлэгчийн оршин суугаа албан ёсны хаягийн дагуу очин нэхэмжлэгчтэй утсаар ярьж нэхэмжлэгч Д.М-ын өөрийнх нь хүсэлтийн дагуу дугтуйтай албан бичгийг байрны жижүүрт үлдээж, улмаар Д.М өөрөө жижүүрийн хаалгыг тогшоод уг бичгийг гардаж авсан байна. Энэ нь дараах үйл баримтуудаар тогтоогддог.
23.1. Гэрч Ч.Ц-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 73 тоотын оршин суугчид гардуулна уу гээд дугтуйтай бичгийг шуудан зөөгч өгсөн. Би тэгээд 73 тоотын эмэгтэйд өгсөн”, “...жижүүрийн хаалгыг тогшоод тухайн баримтыг надаас авсан”, “...шуудан зөөгч миний хажууд утсаар яриад надад үлдээсэн”, “...надаас дугтуйтай бичгийг авахаар нь араас нь дагаж очоод хэдэн тоотод орж байгааг нь харсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг,
23.2. Гэрч Б.О-ийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би тэр бичгээс утасны дугаарыг нь хараад, утасруу нь залгаж асуухад би ойрхон явж байна, та орцны жижүүрт үлдээчих гэж хэлсэн” гэж мэдүүлсэн мэдүүлэг,
23.3. Гэрч Д.Б-н “манай байгууллагаас албан ёсоор баталгаат шуудангаар хүргүүлснийг апбан ёсоор хүргэгдсэнд тооцно, ...миний хувьд албан бичгийн хуулбарыг хүсэлтийнх нь дагуу өгсөн” гэж мэдүүлсэн мэдүүлэг,
23.4. Гэрч Д.Б-н 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд “Бид таны өргөдлийн хариуг шуудангаар явуулсан, ...хуулбарыг өгсөн” гэж мэдүүлсэн мэдүүлэг,
23.5. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл өгөхдөө баталгаат шуудангаар хүргэгдсэн эх хувь бичиг болох Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгийг нотлох баримтаар нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Энэ нь баталгаат шуудангаар хүргэгдсэн эх хувь албан бичгийг нэхэмжлэгч гардаж авсан болохыг илэрхийлж байна.
24. Дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч Д.М нь Төрийн албаны зевлөлийн албан бичгийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гардаж авсан болох нь тогтоогдож байгаа учир түүний шүүхэд нэхэмжэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
25. Мөн нэхэмжлэгч нь дээрх үнэн, бодит нөхцөл байдлыг шударгаар мэдүүлэхээс зайлсхийн төөрөгдүүлж баталгаат шуудангаар хүргэгдэж ирсэн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгийг гардаж авсан атлаа “аваагүй” гэж хэлэн уг бичгийн хуулбарыг авчээ. Хуулбарыг авсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “...баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж хуулчилжээ.
26. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
27. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
28. Давж заалдах шатын шүүх “нэхэмжлэгч Д.М нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хугацаа алдсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байхад уг хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус актын улмаас учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасантай нийцэхгүй...” гэж дүгнэн энэ хэсгийн цалинтай тэнцэх олговорыг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь буруу байна.
29. Учир нь, нэгэнт шүүх маргаан бүхий актыг хууль бус гэж дүгнэсэн тохиолдолд түүний улмаас учирсан хохирлыг гаргуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан зохицуулалтын зорилго бөгөөд үүнийг “хэрэв хууль бус актын талаар хандах ёсгүй этгээдэд гомдол гаргасан, эсхүл буруу шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн цаг хугацаанд хамаарах хохирлыг хариуцагчаас гаргуулахгүй” гэж тайлбарлах боломжгүй юм.
30. Нөгөөтэйгүүр, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” хуулийн шаардлагыг зөрчсөн, ийнхүү гомдол гаргах журмыг актад тодорхой заагаагүйгээс нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар урьдчилан шийдвэрлэх журмаар Төрийн албаны зөвлөлд хандсаныг нэхэмжлэгчийн буруу, харин “хариуцагч буруугүй” гэж дүгнэх үндэслэлгүй.
31. Иймд, “давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн утгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 3-6/ хангах үндэслэлтэй байна.
32. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Учир нь, дээр дурдсанчлан хариуцагч маргаан бүхий актад гомдол гаргах этгээд болон хугацааг тодорхой заах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийг “захиргааны актыг мэдсэнээс хойш шууд шүүхэд хандах ёстой байтал Төрийн албаны зөвлөлд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан” гэх хариуцагчийн тайлбар болон гомдлыг шүүх хангах үндэслэлгүйн зэрэгцээ /Тодорхойлох хэсгийн 9-10/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэгт хамаарахгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.
33. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгийг “Монгол шуудан” ХК-иар нэхэмжлэгчийн гэрийн хаягаар хүргүүлсэн боловч тус компанийн ажилтан орцны жижүүрт өгсөн гэх, Д.М нь өөрийн биеэр авсан гэдгийг нотлох баримт байхгүй, энэ талаар баримтжуулаагүй, харин тэрээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дээрх албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтнаас гардаж авсан, үүнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандсан үйл баримтыг хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын гомдолд дурдсан /Тодорхойлох хэсгийн 11-25/ үйл баримтууд нь үгүйсгэхгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг ... шаардлагатай тохиолдолд шуудан, ... болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.
34. Иймд, шүүх бүрэлдэхүүн “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол, мөн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэх гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, харин нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0262 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ