Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 554

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Т.Д*******ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгын цагдаагийн хошууч М.Э*******д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э******* нар шүүх хуралдаанд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “УБХЦ газрын замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх ХАБХТ-ын цагдаагийн хошууч М.Э*******ий 2016 оны 04 дүгээр сарын 07-ны 572 тоот “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шийтгэвэр”, УБХЦ газрын замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх ХАБХТ-ын цагдаагийн хошууч М.Э*******ий 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Захиргааны шийтгэл ногдуулах тухай тэмдэглэл”-ийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ маргаан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон замын хөдөлгөөн зөрчсөн эсэхтэй холбоотой маргаан биш. Захиргааны байгууллага хууль тогтоомжгүйгээр хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай энэ хуульд нийцсэн аливаа хэм хэмжээний акт, дүрэм, журмаас бүрдэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. 

Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Гэтэл хуульд нийцсэн журам буюу хууль тогтоомж нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцсэн жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Т.Д*******ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, согтруулах ундаа хэрэглэсэн гэж хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй драгер 7510 төхөөрөмжийг үлээлгэж, согтруулах ундаа хэрэглэсэн байна гэж тогтоож хуульд заасан арга хэмжээ авсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр оногдуулсан байна. Өмнөх шүүх хуралдаан хойшилсны дараа хариуцагчаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хууль зүй дотоод хэргийн сайдын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журам, Стандартчилал хэмжил зүйн газрын даргын тушаалыг бичгээр хүргүүлсэн байгаа. 2002 оны энэ журмаар тандагч багажаар тогтоож болно, ашиглана гэсэн байдаг. 

2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж  эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Өөрөөр хэлбэл жолооч согтруулсан ундаа хэрэглэсэн эсэхийг. 

Гэтэл өмнөх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай үйлчилж байх үеийн тэр үед батлагдсан Хууль зүйн дотоод хэргийн сайдын батлагдсан журмаар явсан. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш энэ 1999 оны Хууль зүйн дотоод хэргийн сайдын гаргасан тушаал түүний 2002 оны нэмэлт өөрчлөлттэй адил үйлчлэх боломжгүй. Яагаад гэхээр Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нийцэж хамтарсан байдлаар гарсан нийцсэн, хэм хэмжээний акт биш. Энэ цаг хугацаанаас энэ журмыг хэрэглэх ёсгүй. Эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн  хамтарсан тушаалаар хууль тогтоомж, хэм хэмжээний акт батлагдаагүй байхад замын хөдөлгөөний зохицуулагч, цагдаагийн албан хаагч хууль тогтоомж, дүрэм журамгүйгээр бие дааж хэвшсэн хэвшлийнхээ дагуу, өмнө нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хууль ёсны байсан байх, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бол хууль ёсны биш, хууль бус өмнө нь явж хэвшсэн хэвшлээсээ гараагүй. Драгер гэдэг тоног төхөөрөмж ашиглаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан. Энэ арга хэмжээ авсны дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан журмаараа согтруулах багаж ашиглана. Энэ багаж нь драгер 6810, 7510 гэсэн багажууд байна. 0.2 промилаас дээш бол согтруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ. Үүнээс хойш бол энэ журмыг хэрэглэж эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ дүрэм, журам мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлчлэх үндэслэл байхгүй. Хууль болон хуульд нийцсэн дүрэм журамгүйгээр, өөрөөр хэлбэл хууль тогтоомжгүйгээр хүний эрх ашгийг зөрчсөн. 

Стандартчилал хэмжил зүйн газраас гэрчилгээ хүргүүлсэн байдаг. Гэрчилгээнд энэ багаж ажиллагаа нь хэвийн гэсэн үр дүнг үүсгэж байгаа болохоос энэ багажийг ашиглаж согтрууллыг тогтоох эрхийг Цагдаагийн байгууллагад өгөөгүй. Цагдаагийн байгууллага хүсэлтээ өгч ажиллагааны хэвийн байдал, стандарт хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү гээд талбайн тест 9510, алкастик 7510 хэмжих багажийг баталгаажуулж өгсөн бөгөөд хэрэгслийн бүртгэлд бүртгэсэн. Өмнө үйлчилж байсан хууль болон шинэ үйлчилж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар ийм эрхийг Стандартчилал хэмжил зүйн газарт өгөөгүй. Хууль зүйн сайд ч олгоогүй.

Стандартчилал хэмжил зүйн газраар баталгаажуулсан, Хууль зүйн сайдын  тушаалаар батлагдсан, согтруулыг тандагч ийм зүйлүүдээр тогтоосон алкастик 7510 тогтоосон гэдэг хариу өгч байгаа боловч зөрчлийг хянан шалгасан хуудас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, жолоочийн согтруулыг шалгасан багаж нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 152 дугаартай өгсөн энэ акт нь дээр нөгөө стандартаар зөвшөөрөгдсөн гэдэг багаж нь байхгүй. Холбогдох дүрэм, журамгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан үйлдэл нь хууль бус байна. Холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “ХУД-н ЗЦТ-ийн хэрэг бүртгэгч хошууч М.Э******* би 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Тулга овогтой Д*******-т холбогдох зөрчлийн материалыг хүлээн авч Т.Д******* нь өөрийн эзэмшлийн Т.А******* маркийн ******* УНС дугаарын машиныг жолоодон яваад нарны гүүрийн замд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цаг 45 минутанд зохицуулагч цагдаа а/а Г*******дад зогсоолгон шалгуулж согтуурал шалгуулах багажаар 0.61% гэсэн согтолттой гарсан тэмдэглэлтэй танилцаж Т.Д*******ын биеийн байцаалтыг тодруулж /иргэний үнэмлэх, лавлагаа/ зөрчлийн талаар тайлбар авахад ресторанд нэг шил пиво уусан дараа нь өөрийн эзэмшлийн автомашиныг төмөр замаас нарны гүүр хүртэл жолоодсон, мөн зөрчил гаргасанаа хүлээн зөвшөөрч тайлбар болон эрх хасах шийтгэвэр, шийтгэл оногдуулсан тэмдэглэл зэрэгт гарын үсгээ зурсан байгаа.

Т.Д*******ын гаргасан зөрчилд нь Монгол Улсын ЗХАБТХ-ийн 27.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээр буюу 38400 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараар хасаж шийтгэл оногдуулсан бөгөөд 1999 оны Хууль зүйн сайдын №73 дугаар тушаалд заасан баталгаажуулсан зориулалтын багажаар шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /%/ илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэсэн заалтыг үндэслэсэн ба 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл мэнд, спортын Хууль зүйн сайдын А/138 A/131 тоот тушаалаар журам шинэчлэгдэн гарснаар 1999 оны Хууль зүйн сайдын журам хүчингүй болсон боловч дээрх заалт шинэ гарсан журамд өөрчлөгдөөгүй хэвээр байгаа болно. Иймд Т.Д*******ын гаргасан зөрчилд захиргааны хариуцлага тооцсохн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Т.Д******* нь “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцах тасгийн цагдаагийн хошууч  М.Э*******ий  2016  оны  04  дүгээр сарын  07-ны  572 тоот "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шийтгэвэр”, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн  газрын   Хан-Уул   дүүрэг  дэх   Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцах тасгийн цагдаагийн хошууч М.Э*******ий 2016 оны 04 дүгээр сарын 07-ны “Захиргааны шийтгэл ногдуулах тухай тэмдэглэл”-ийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Т.А******* маркийн ******* УНС дугаарын машиныг жолоодон яваад нарны гүүрний замд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цаг 45 минутад зохицуулагч цагдаад согтуурал шалгах багажаар шалгуулахад 0.61 хувь гэсэн согтолттой гарсан тул зохицуулагч цагдаа Н.Г*******д зөрчлийн тэмдэглэл үйлдсэн байна (хх-20).  

Улмаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцах тасгийн цагдаагийн хошууч  М.Э******* нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Тулга овогтой Д*******т холбогдох зөрчлийн материалыг хүлээн авч шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараар хасах шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “намайг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж дүгнэхдээ “Драйгер Alcotest 7510” багаж ашиглан тогтоосон гэх бөгөөд уг багажийг ашиглах журам 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан бөгөөд тус өдрөөс эхлэн Драйгер багажийг ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох эрх зүйн үндэслэл бий болсон. Иймд намайг хууль, холбогдох дүрэм, журмаар зөвшөөрөгдөөгүй багаж хэрэгсэл ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль бус” хэмээн маргажээ.

Харин хариуцагч “согтолтын зэргийг баталгаажсан зориулалтын багажаар шалгаж тогтоох журам Хууль зүйн сайдын 1999 оны 73 дугаар тушаалаар батлагдсан. Тухайн журамд заасан согтолтын зэргийг тогтоох зохицуулалт шинэ гарсан журамд өөрчлөгдөөгүй хэвээр байгаа” хэмээн тайлбарласан байна.

Маргаан бүхий захиргааны актууд нь цаг хугацааны хувьд  хуулиар эрх олгосон эрх бүхий этгээдүүд баталсан шинэчилсэн журмаас өмнө гарсан. Захиргааны актууд гарах үед  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэсэн зохицуулалт хэрэгжиж байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Гэсэн хэдий ч хариуцагчийг хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн шийдвэрүүд гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Учир нь нэхэмжлэгч Т.Д*******ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хариуцагчаас тогтоохдоо ашигласан “Драгеро 6810, 7510” гэсэн техник хэрэгсэлийг Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/124 тоот тушаалаар хүлээн зөвшөөрч, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон гэдэг нь Замын цагдаагийн газрын албан бичиг, Стандартчлал, хэмжил зүйн газрын даргын тушаал, стандартчилал, хэмжил зүйн газрын гэрчилгээ /хх 48-52/ зэргээр тогтоогдож байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-д замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах эрхтэй байна:  8.2.3-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох;” гэжээ. 

Энэ нөхцөл байдлаас нэхэмжлэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хуульд заасан зориулалтын техник, хэрэгсэл буюу Драгеро 6810, 7510-ийг ашиглан шалгаж хариуцагч тогтоосон гэж үзэхээр байна. 

Хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа өөрт хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн, хууль, холбогдох дүрэм, журмаар зөвшөөрөгдөөгүй багаж хэрэгсэл ашиглан нэхэмжлэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг дүгнэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн тухайлан хэлбэл, хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Хууль зүйн сайдын баталсан 1999 оны 73 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн хавсралтад Хууль зүй, дотоод хэргийн 2009 оны 260 дугаар тушаал /хх 53-54/-аар нэмэлт оруулсан,  энэ журам үйлчилж байсан гэдгийг дурдах нь зүйтэй. 

Үүний учир нэхэмжлэгч Т.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д*******ын “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцах тасгийн цагдаагийн хошууч  М.Э*******ий  2016  оны  04  дүгээр сарын  07-ны  572 тоот "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шийтгэвэр”, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн  газрын   Хан-Уул   дүүрэг  дэх   Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцах тасгийн цагдаагийн хошууч М.Э*******ий 2016 оны 04 дүгээр сарын 07-ны “Захиргааны шийтгэл ногдуулах тухай тэмдэглэл”-ийг тус тус хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ