Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/00902

 

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03029 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1067 дугаар магадлалтай,

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдох

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ажил олгогчийн буруугаас болж ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би номын санчийн мэргэжлээрээ улсад тасралтгүй 34 ажилласнаас 16 жил Шинжлэх ухаан технологийн их сургуульд ажилласан. Номын санчаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр сургуулийн ректор Б.Очирбатын А-162 тоот Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн захиргааны орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн номын санчийн 1 орон тоог хасахаар болж уг тушаалыг үндэслэн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсон тухай мэдэгдлийг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр миний гэр бүлийн хүнд өгч улмаар 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн номын санд тооллого хийн, миний ажлыг өөр хүнд хариуцуулан ажиллуулахаар болсон. Тухайн үед би өвчний улмаас эмнэлгийн магадлалтай хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж шүүхээс Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх асуудал гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шүүхээс 10785/с дугаар шүүгчийн захирамж гарсан. Би 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан боловч тухайн үед Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй байсан. 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаж, тухайн комисс нь миний гомдлын дагуу маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

Ажил олгогч нь орон тоогоо цөөрүүлж, М.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг бусдад шилжүүлснээр М.Алтанцэцэг нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг М.Алтанцэцэгт өгснөөс хойш өнөөдрийг хүртэл ажлаас халсан тухай тушаал, шийдвэрийг гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах, ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилтанд олгоно гэж тайлбарласан байдаг. М.Алтанцэцэг Шинжлэх ухаан технологийн их сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэснээр сарын 606 000 төгрөгийн цалин, хөлс авдаг байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот тогтоолд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн 2012 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэн, үйл ажиллагааг хэвийн явуулж чадаагүй удирдлагын багийг өөрчлөх, Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн бүтцийг оновчтой болгох шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Шинжлэх ухаан, технологийн төв номын сан ашиглалтанд орсноор Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн номын сангаар үйлчлүүлэх оюутны тоо эрс цөөрсөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/162 тоот тушаалаар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан албан тушаалын орон тоог хасаж, орон тоо хасагдаж байгаа ажилтнуудад Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг М.Алтанцэцэгийн нөхөр хүлээн авч, М.Алтанцэцэг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэх гаргасан бөгөөд шүүх түүний гаргасан хүсэлтийг хэлэлцэж, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан. М.Алтанцэцэг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1. дэх заалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчиж, 6 сар 13 хоногийн дараа 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасныг хянан хэлэлцэх гэсэн боловч 2014 оны 9 дүгээр сар хүртэл М.Алтанцэцэгтэй холбоо барьж чадахгүй тул Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 3.15 дахь заалтын шаардлагыг хэрэгжүүлж ажиллах боломжгүй нөхцөл үүссэн. Үүний дараа нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр АНУ явах болсон тул Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд дахин М.Алтанцэцэгтэй холбогдож чадахгүй, маргаан хянан шийдвэрлэх боломжгүй байдалд хүрсэн. М.Алтанцэцэг нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр АНУ явж эмчилгээ хийлгэх болсон гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан нь өөрийнх нь хүсэл зоригоос шууд хамааралтай бөгөөд уг эмчилгээнд явахаас өмнө хуралд оролцож, маргааныг хянан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. М.Алтанцэцэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасныг дахин зөрчин, 2 жил 3 хоногийн дараа Шинжлэх ухаан технологийн их сургуулийн маргаан таслах комисст 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл нь хүсэлттэй адил утгатай байсан. Энэхүү өргөдөлтэй хамт өгсөн эмнэлгийн магадалгаа, комиссын шийдвэр, эмнэлгийн хуудас зэрэг нь эмнэлгийн хуудас олгох журам, эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журамд заасан холбогдох шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 3.15-д заасан заалтын дагуу М.Алтанцэцэгийн хүсэлтийг авч үзэх боломжгүй гэж Хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, шүүхээр хянан хэлэлцэх хугацаа дууссан, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй. Ажил олгогчийн буруугаас болж ажиллуулаагүй хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгөх, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хариуцах үндэслэлгүй. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухайд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаараа М.Алтанцэцэгийг оролцуулан хэлэлцэж, эрүүл мэндийн хуудсуудыг шаардлага хангахгүй гэж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131.1.3.-т заасныг үндэслэн ажлаас халах тушаал гаргах боломжтой... гэсэн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг М.Алтанцэцэгт 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг М.Алтанцэцэг зөрчиж маргаан таслах комиссын шийдвэрийг хүлээн авснаас хойш 26 хоногийн дараа өргөдөл гаргаж, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг 17 хоногоор хэтрүүлсэн. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх... гэсэн шаардлагын тухайд М.Алтанцэцэг нь ажил хийгээгүй, ажлаас чөлөөлөх мэдэгдэл дээр маргалдаад явчихсан учраас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг Шинжлэх ухаан технологийн их сургууль хариуцан төлөх эрх зүйн үндэслэлгүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 37827 дугаар шүүгчийн захирамж нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсныг М.Алтанцэцэг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардан авч байхад 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжид гомдол гаргасан нь шүүгчийн захирамжийг хүлээн авахаас 3 хоногийн өмнө гаргасан нь хуулийг ноцтой зөрчихөд хүрсэн. М.Алтанцэцэгийн өмгөөлөгч Р.Болдбаатар гомдол гаргаснаар гомдлыг авч хэрэлцсэн боловч нэхэмжлэгчид гомдлыг хүлээн авсан талаар мэдэгдээгүй, шүүх хуралд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгчийн захирамжийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.Алтанцэцэг хүлээн авсан атлаа 1 хоногийн дараа шүүх гомдлыг хэлэлцсэн нь хууль зүйн хүрээнд шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрж байна. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ажлаас орон тооны цомхтголоор чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай М.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. М.Алтанцэцэг нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад шүүхэд гомдол гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчин хөөн хэлэлцэх хугацааг 17 хоног хэтрүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлье гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03029 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас ажилгүй байсан хугацааны олговорт 17 070 545 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч М.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 313 503 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1067 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 503 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тайлбарт “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах, ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилтанд олгоно” гэж тайлбарласан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан талаар шүүхэд гомдол гаргаагүй байхад шүүх ажил олгогч нь ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д нийцэхгүй байна” гэж дүгнэн шийдвэрлэж хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаас өөрөөр ажил олгогчийн буруугаас болж ажилтныг ажиллуулаагүй тохиолдолд ажил олгогчоос нөхөн олговор гаргуулж ажилтанд олгуулах хуулийн зохицуулалт байхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан талаар шүүхэд гомдол гаргасан эсэхээс үл хамааруулан шүүх хуулийг төсөөтэй хэрэглэн тус хуулийн 69.1 дэх хэсгийг хэрэглэж болох нь Дээд шүүхийн тайлбараас тодорхой харагдаж байхад давж заалдах шатны шүүх төсөөтэй хэрэглэх хуулийн зохицуулалтыг хариуцагчид илтэл ашигтайгаар буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааны талаар тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна” гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацаа нь ажил олгогч ажлаас халсан шийдвэр гаргасан тохиолдолд эсхүл Хөдөлмөрийн маргаан таслах комисст хамаарах асуудлаар гомдол гаргахад хамаарах зохицуулалт. Гэтэл нэхэмжлэгчээс гаргаж буй маргаан нь ажил олгогч нь ажлаас халсан тушаал шийдвэр бичгээр гаргаж өгөөгүй. Ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасны дагуу шууд шүүхэд хандан шийдвэрлүүлэх маргаан юм.

Би 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл өвчтэй байснаас хойш ажил үүргээ хийж гүйцэтгэж байгаад ажил олгогчоос өгсөн ажлаас халах тухай мэдэгдэлд заасан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж цалин, хөлсөө авсан байдаг. Тухайн үед би өвдөж, эмчлүүлж байгаагүй. Ажил олгогч нь миний хариуцан ажиллаж байсан ажлыг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөр номын санчид хариуцуулан өгсөн болох нь анхан шатны шүүх дээр хариуцагчийн гаргасан тайлбараар хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь мэдэгдэлд заасан хугацаандаа ажлаас халсан шийдвэр гаргах боломжтой байсан атлаа гаргалгүйгээр миний ажлыг өөр номын санчид хариуцуулан өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх М.Алтанцэцэг нь хариуцагч орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн үеэс эхлэн эмнэлгийн магадлагаа, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн комиссын шийдвэрээр эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн баримтуудыг гаргасан байхад шүүх 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 29 сар 14 хоногийн цалин гаргуулсан нь ойлгомжгүй байна” гэж нотлох баримт дээр үндэслээгүй худал дүгнэлт хийсэн нь хууль бус байна. Нэхэмжлэгчээс шалтгаалахгүйгээр ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажиллах боломжгүй болгосон нь хариуцагчийн өөрийн тайлбараар хангалттай нотлогдож байхад нэхэмжлэгч өвчтэй байгаад ажлаа хийгээгүй байна гэж агуулга бүхий нотлох баримтан дээр үндэслээгүй худал дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бичиг нь намайг өвчтэй байсан, өөрөөс нь шалтгаалж ажлаа хийгээгүй байна гэж үзэх үндэслэл биш болохыг анхаарч үзсэнгүй. Миний хувьд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ямар ч орлогогүй болж, арга ядахдаа тэтгэвэрт гарч орлоготой больё гэсэн үүднээс Хөдөлмөрийн маргаан таслах комисс болон ажил олгогчид удаа дараа захиргаанаас тэтгэвэрт гаргаж өгөх талаар хандаж байсан ч шийдвэрлэж өгөөгүй талаарх баримт хэрэгт байгаа. Хэрэв ажил олгогч ажлаас чөлөөлсөн шийдвэр тухайн үед гаргаж өгч байсан бол өдийд би тэтгэврийн орлоготой болж, ийм маргаан үүсгээд явж байхгүй байсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.-д заасныг удирдлага болгосон байдаг. Анхан шатны шүүх аливаа байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй энэ талаар гомдол санал гараагүй байхад үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзсэн нь хууль бус байна. Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэлийг ханган өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан гаргасан  нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хөдөлмөрийн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.5.-д нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний талууд маргааны талаар гомдол гаргах хугацааг тусгайлан тогтоосон бөгөөд анхан шатны шүүх  хэрэглэвэл зохих уг хуулийг хэрэглээгүй нь буруу болохоос гадна нэхэмжлэгчийн зүгээс ажил эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан эсэхийг тодруулаагүй, ажилтан ямар хугацаанд эмнэлгийн акттай байсан, энэ хугацааны олговрыг гаргуулах эсэхийг хууль, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд нийцүүлэн дүгнээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон байна.

Түүнээс гадна Шинжлэх ухаан технологийн их сургууль нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах үндэслэлгүй, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр маргаж байгаа атлаа ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлагыг зөвшөөрсөн нь зөрчилтэй байх ба хариуцагчийн зөвшөөрөл Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эсэхийг дүгнэх шаардлагатай байжээ. Нийгмийн даатгалын шимтгэл нь ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлснөөс тус тус хуулиар тогтоосон хэмжээгээр төлөх хувь хэмжээ байдаг бөгөөд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор авах эрхтэй эсэхийг үндэслэл бүхий тогтоосноор уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээр байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг  хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1067 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА