| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/01100/И |
| Дугаар | 155/ШШ2024/00007 |
| Огноо | 2023-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П. М ,
Хариуцагч: Б. М ,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 5,000,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.М ын худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 155/2023/01100/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц,
Хариуцагч Б.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.М нь Б.М ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 5,000,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П. М би 2023 оны 4 сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн ********* ХӨҮ улсын дугаартай "КИА Воngо 3" маркын автомашиныг Б-н М ад худалдахаар тохирч 2023 оны 4-р сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан тээврийн хэрэгслийн нийт үнэ 11,000,000 сая төгрөгөөр худалдахаар тохирч төлбөр төлөх хугацааны хувьд 6,000,000 төгрөгийг 2023 оны 4-р сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2023 оны 7-р сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Тухайн өдөр буюу 2023 оны 4-р сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 2023 оны 7-р сарын 01-ний өдөр өгнө гэсэн боловч түүнээс хойш огт холбоо барихгүй мөнгийг маань өгөхгүй удаж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.
Нийт үлдэгдэл төлбөр 5,000,000 сая төгрөг дээр нь гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0,3 хувийн алданги тооцоод 1,350,000 төгрөгийг нэмж нийт 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянган) төгрөг болж байна.
Иймд П. М би Б-н М аас машины үлдэгдэл төлбөр, алданги нийт 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянган) төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч П. М нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* ХӨҮ Улсын дугаартай Киа Бонго 3 маркийн автомашиныг Б-н М ад худалдахаар тохирч 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулан нотариатаар батлуулж тээврийн хэрэгслийн нийт үнийг 11,000,000 төгрөгөөр тохирч худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед интернэтэд зар тавьж байсан мэдээллээрээ 13,000,000 төгрөгөөр автомашинаа үнэлж байсан боловч хариуцагч Б-н М нь 11,000,000 төгрөгөөр зараач гэж гуйсны дагуу мөнгийг тохирсон. 6,000,000 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр өгсний дараа автомашины гэрээ гэрчилгээ буюу машины өмчлөлийг Б-н М ад шилжүүлэхээр тус тус гэрээгээр тохирсон.
Автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгөө авахаар 2023 оны 6 сарын 30-ны өдөр утсаар ярихад урдаас машин доголдолтой талаар ярьж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.
Иймд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг, гэрээ биелэгдээгүйгээс төлөгдөх алдангид 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Уг автомашиныг зарын дагуу очиж үзээд асаахад моторт дуутай байсан. Мотор дуутай байна гэхэд моторын цахилгаан аппаратурыг энгийн болгосон, асаагаад явахаар зүгээр болно гэсэн. Нээрээ л асаад явахаараа зүгээр болсон. Хэрвээ болохгүй бол би янзалж өгье гэхээр нь итгээд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг автомашинаар ачаа ачихад хүчгүй болчихоод байсан тул П.М ад хэлэхэд засуулж өгнө гээд засварын газар очиход моторын доод эд ангийг нь солих хэрэгтэй, сэлбэг болон засварын зардал нь 2,500,000 төгрөг болно гэхэд өөр газар засуулна гээд нэхэмжлэгч нь өөрөө засуулахаас татгалзсан.
2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө өгөхийг шаардахад нь чи машинаа засуулж өгнө гэчихээд юу яриад байгаа юм бэ гэхэд засуулахаар болж 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр авч яваад өнөөдрийг хүртэл авч ирж өгөөгүй.
Уг тээврийн хэрэгслийг засуулаад ирэхээр нь үлдэгдэл мөнгөө өгөх, эсхүл сэлбэг засварын зардлаа хасаад үлдэгдэл 2,500,000 төгрөг өгөх талаар бид хоёр ярилцсан. Одоо уг автомашин миний эзэмшил өмчлөлд байхгүй, засварын газар байгаа ба би унаж ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Б.М сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ: Автомашиныг анх худалдаж авахад моторт дуутай байсан ба үүнээс хойш 10 хоногийн дараа тухайн тээврийн хэрэгслээр ачаа ачихад доголдолтой болох нь мэдэгдсэн. Энэ талаар нэхэмжлэгч П.М ад хэлэхэд СRD мотортой байсныг нь аппаратур, порсункыг нь сольж энгийн болгосон юм засаж өгнө гээд засварын газар очиход моторын доод эд ангийг нь солих хэрэгтэй сэлбэг болон засварын зардал нь 2,500,000 төгрөг болно гэхэд үнэтэй байна, өөр газар засуулна гэсэн.
Ингээд уг автомашиныг буцаагаад манай хашаанд аваачсан ба нэхэмжлэгч нь засуулж өгөхгүй алга болсон ба 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр надаас мөнгөө өгөхийг шаардахаар нь чи машинаа засуулж өгнө гэчихээд юу яриад байгаа юм гэсэн ба 2023 оны 7 дугаар сарын 25 ны өдөр нэхэмжлэгч П.М ирж уг автомашинаа авч яваад өнөөдрийг хүртэл авчирч өгөөгүй.
Уг тээврийн хэрэгслийг засуулаад ирэхээр нь үлдэгдэл мөнгөө өгөх, эсхүл сэлбэг засварын зардлаа хасаад үлдэгдэл 2 500 000 төгрөг өгөх талаар бид хоёр ярилцсан. Одоо уг автомашин миний эзэмшил өмчлөлд байхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь машиныг засуулахаар засварын газарт аваачсан хэвээрээ байгаа.
Хэдийгээр би тухайн үедээ авто машиныг өөрийн эзэмшилд авсан боловч доголдолтой талаар түүнд мэдэгдэж засварлаж өгөхийг хэлэхэд өөрөө зөвшөөрч, авто машиныг авч яваад засварчинд аваачиж өгөөд засварлаж өгөхгүй байснаа гэнэт шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулж анх авто машин миний эзэмшилд шилжсэн гэснээс хойш 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь миний эрхийг хязгаарлах гэсэн арга заль байсан байна.
Нэхэмжлэгч нь авто машины доголдлыг бүрэн хүлээн зөвшөөрч авто машин засварын газар очиж засварын үнийг мэдсэн. Уг автомашины моторын доод ангийг солихгүй бол цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй юм.
Иймд авто машин худалдах-худалдан авах гэрээг цуцалж, П.М аас 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг анх уг автомашиныг худалдаж авахаар ирж үзэхэд нь машин анх CRD мотортой байсныг энгийн болгосон, аппаратур порсунк хоёрыг нь сольсон тухай хэлж 3 жил унахад ямар ч доголдол байгаагүй, машины моторыг огт солиогүй гэдгийг хэлж байсан. Машиныг засах талаар болон сэлбэг засварын мөнгийг хасаад үлдэгдэл мөнгө өгөх талаар өмнө нь яригдаж байгаагүй бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр утсаар ярихад урдаас ийм зүйл яриад мөнгө өгөхөөс зугтааж эхэлсэн. 2023 оны 7 сарын 25-нд засварчинд өгөхөөр машинаа аваад явсан гэдэг нь худлаа ба өнөөдрийг хүртэл машинаа олж хараагүй. Сөрөг нэхэмжлэл ор үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр няцаасан.
Нэхэмжлэгчээс Хариад овогт П. М ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0059 дугаартай худалдах худалдан авах гэрэээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр П.М аас Л.Цт олгосон 1116 дугаартай итгэмжлэлүүд, сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар зэрэг баримтууд (хавтаст хэргийн 2-5, 9, 26-27, 29 дүгээр хуудас)
Хариуцагч Б.М аас хариу тайлбар, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, Сартуул овогт Б-н М ын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 15, 17-18, 19-20 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний дагуу төлөгдөх 5,000,000 төгрөгийг, алданги 1,350,000 төгрөгийн хамт, нийт 6,350,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч Б.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Автомашиныг зарын дагуу очиж үзээд асаахад моторт дуутай байсан. Мотор дуутай байна гэхэд моторын цахилгаан аппаратурыг энгийн болгосон, асаагаад явахаар зүгээр болно гэсэн. Нээрээ л асаад явахаараа зүгээр болсон. Хэрвээ болохгүй бол би янзалж өгье гэхээр нь итгээд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг автомашинаар ачаа ачихад хүчгүй болчихоод байсан тул П.М ад хэлэхэд засуулж өгнө гээд засварын газар очиход моторын доод эд ангийг нь солих хэрэгтэй, сэлбэг болон засварын зардал нь 2,500,000 төгрөг болно гэхэд өөр газар засуулна гээд нэхэмжлэгч нь тэр засварын газарт засуулахаас татгалзсан.
2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө өгөхийг шаардахад нь чи машинаа засуулж өгнө гэчихээд юу яриад байгаа юм бэ гэхэд засуулахаар болж 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр уг автомашиныг авч яваад өнөөдрийг хүртэл авчирч өгөөгүй. Уг тээврийн хэрэгслийг засуулаад ирэхээр нь үлдэгдэл мөнгөө өгөх, эсхүл сэлбэг засварын зардлаа хасаад үлдэгдэл 2,500,000 төгрөг өгөх талаар бид хоёр ярилцсан. Одоо уг автомашин миний эзэмшил өмчлөлд байхгүй, засварын газар байгаа ба би унаж ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч П.М , хариуцагч Б.М нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ******************** арлын дугаар бүхий KIA Bongo3 маркийн ******* ХӨҮ улсын дугаартай ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулж, худалдан авагч нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөгийг хүлээлгэн өгч, үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч төлбөр бүрэн төлж дууссан тохиолдолд гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тус тус харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ээр тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас)
Зохигч тээврийн хэрэгслийн нийт үнийн дүн, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 6,000,000 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг болох, гэрээнд алданги төлөгдөх нөхцлийг тохирсон эсэх зэрэг үйл баримтад маргаагүй.
Харин хариуцагч Б.М нь худалдан авсан тээврийн хэрэгсэл биет байдлын доголдолтой байсан ба уг автомашины доод эд ангийг солиулахгүй бол цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй, засвар, сэлбэгийн үнийг хасаж тооцоод үлдэх мөнгийг авахыг зөвшөөрөхгүй байгаа учир худалдах худалдан авах гэрээг цуцалж бэлнээр өгсөн 6,000,000 төгрөгийг П.М аас буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
Хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан байх ба талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг ба шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.М нь нэхэмжлэгч П.М ад төлбөрийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж, төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд худалдагч тал нь гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлэх үүргийг тус тус харилцан хүлээжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Худалдах худалдан авах гэрээ-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсэх үндэслэл бий болсон байх ба талуудын байгуулсан гэрээний үйлчлэх хугацаа 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, гэрээ биелэгдээгүйгээс төлөгдөх алдангид 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Иймд нэхэмжлэгч П.М нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний төлбөрийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүйн улмаас төлөгдөх алдангийг тус тус гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Б.М тай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгт худалдахаар гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөө хариуцагч нь 6,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцсон ч хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш хугацаанд гэрээний дагуу үлдэх төлбөр 5,000,000 төгрөгийг шилжүүлээгүй байх тул 5,000,000 төгрөгийг хариуцагч Б.М аас гаргуулж нэхэмжлэгч П.М ад олгохоор,
Түүнчлэн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч Б.М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 110 хоногийн алдангийг төлөгдөөгүй 5,000,000 төгрөгөөс тооцсон. Алдангийн хэмжээг гэрээнд заасны дагуу тооцвол нэхэмжилсэн дүнгээс илүү гарахаар байгаа боловч алдангийг 1,350,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулна гэж шаардсан ба талуудын байгуулсан Худалдах худалдан авах гэрээ- гэрээний 3.5-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын дээрх тохиролцоо нийцсэн байна.
Тодруулбал талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнийг буцаан төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй талд хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцооны хэлбэр юм.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангид 1,350,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсантай нийцсэн, талууд гэрээнд алданги гаргуулах талаар харилцан тохиролцсон байх тул шүүх хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төлөгдөх алдангид нэхэмжилсэн 1,350,000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Б.М дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Уг тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолтой, анх асааж үзэхэд моторт дуутай байсныг асуухад моторын цахилгаан аппаратурыг энгийн болгосон. Асаагаад явахаар зүгээр болно, болохгүй бол би янзалж өгье гэсэн. Тэр үгэнд нь итгээд гэрээ байгуулж урьдчилгаа 6,000,000 төгрөгийг өгөөд машиныг эзэмшилдээ авсан. Үүнээс хойш 14, 15 хоногийн дараа П.М ад машин хүч авахгүй байна гэж утсаар ярихад би хөдөө байна, орохоороо янзалж өгье л гэсэн. Засварын газарт үзүүлэхэд 2,500,000 төгрөгөөр засагдах юм байна гэхэд ийм үнэтэй бол би хүнээр засуулахгүй. Өөрөө засаад өгнө гэж хэлээд машинаа аваад явсан. Одоо машин ч үгүй мөнгө ч үгүй болсон. Иймд худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулна гэв.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Талууд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ-дээ эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй байх ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар ...баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор хариуцагч нь тухайн эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хариуцагч Б.М ад гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжээгүй харин эзэмшил шилжсэн байх хэдий ч хуульд зааснаар доголдыг хариуцах асуудлын хувьд өмчлөх эрхтэй холбоотой эрх зүйн харилцаа ач холбогдолгүй бөгөөд харин хэн тухайн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж ашиглаж байгаа нь ач холбогдолтой.
Хариуцагч Б.М нь тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авах үед тээврийн хэрэгслийн доголдлын талаар мэдсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...машиныг асааж үзэхэд моторт дуутай байсныг асуухад моторын цахилгаан аппаратурыг энгийн болгосон. Асаагаад явахаар зүгээр болно, болохгүй бол би янзалж өгье гэсэн. Тэр үгэнд нь итгээд гэрээ байгуулсан ... гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Машин CRD мотортой байсныг энгийн болгосныг анх ирж үзэхэд нь хэлж байсан. Тухайн үед ямар ч доголдолгүй автомашиныг хүлээлгэн өгсөн. Сэлбэг, засварын үнийг хасаад үлдэгдэл мөнгө өгөх талаар огт яригдаж байгаагүй. Үлдэгдэл мөнгөө авахаар ярихад доголдлын талаар ярьсан ба мөнгө өгөхөөс зугтааж эхэлсэн. ... гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
Дээрх тайлбараас үзвэл хариуцагч Б.М нь тээврийн хэрэгслийг худалдаж авах үедээ доголдлын талаар мэдэж байсан гэж үзэхээр байх ба тэрээр тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авснаас буюу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 6 сарын дотор доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй.
Гэтэл хариуцагч нь дээрх хугацааны дотор тээврийн хэрэгслийн доголдлын талаар шаардлага гаргаагүй, П.М ын өмчлөлийн бага оврын ачааны зориулалт бүхий Киа Бонго3 маркийн ******* ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монголд орж ирсэн хуучин автомашин болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч Б.М нь тухайн тээврийн хэрэгслийг сонгож худалдаж авсан, гэрээний зүйлийг тэр байдлаар нь тодорхойлж үнийг тохирсон, эд хөрөнгийг хүлээж авахдаа мэргэжлийн байгууллагаар оношлуулах, худалдах-худалдан авах гэрээ хийхгүй байх зэрэг боломжит нөхцөл байдал байжээ.
Түүнчлэн хуучин автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцах үндсэн үүрэг худалдагчид буюу нэхэмжлэгч П.М ад үүсэхгүй учир үүргийн зөрчил гэж үзэх боломжгүй.
Иймээс хариуцагч Б.М нь худалдаж авсан тээврийн хэрэгслийн доголдлын талаар нэхэмжлэгч Б.М ад мэдэгдсэн, доголдлыг засуулах, түүнээс гарах зардлын талаар тохиролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус дүгнэв.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.М аас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, гэрээ биелэгдээгүйгээс төлөгдөх алданги 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.М ад олгож, хариуцагч Б.М ын худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,550 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М аас 116,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.М аас 6,350,000 (зургаан сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.М ад олгож, хариуцагч Б.М ын худалдах худалдан авах гэрээг цуцалж, 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,550 (нэг зуун арван зургаан мянга таван зуун тавь) төгрөг, хариуцагч Б.М ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М аас 116,550 (нэг зуун арван зургаан мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.М ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН