Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 00312

 

 

 

 

 

 2017          11              30                                            312        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Х.Отгон-Эрдэнэ,

Шүүгдэгч О.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-нн У-т холбогдох эрүүгийн 1738000000142 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.У, 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ... дугаартай,

Шүүгдэгч О.У нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 28-08 тоот хашааны гадна Х.Отгон-Эрдэнэтэй маргалдаж улмаар архины шилээр түүний зүүн гарын сарвуу, нуруу, хэвлий хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.У нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 28-08 тоот хашааны гадна Х.Отгон-Эрдэнэтэй маргалдаж улмаар архины шилээр түүний зүүн гарын сарвуу, нуруу, хэвлий хэсэгт зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч О.У-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11-р сарын 16-ны өдөр би Мөрөн сумын 9 дүгээр хороонд байрлах хамаатны эгч Уламнэмэхийн гэрээс өөрийн хамаатны хүн болох Отгон-Эрдэний хамт гарсан. Ингээд бид хоёр нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад Мөрөн сумын 11 дүгээр хороонд оршин суух нутгийн хүн болох Баянзулын гэрт нь очсон. Ингээд бид хоёр аваачсан нэг шил архиа Баянзултай хувааж уусан. Бид гурвыг архи ууж байхад Отгон-Эрдэнэ янз бүрийн юм яриад намайг үгээр идээд байсан. Гэхдээ нэг их сүртэй юм болоогүй. Ингээд бид гурвын ууж байсан архи арай дуусаагүй байхад Отгон-Эрдэнэ бид хоёр явъя гэж тохироод Баянзулын гэрээс нь арай дуусаагүй 0.75 литрийн Ерөөл нэртэй архиа авч гараад машинаас нь дөнгөж гараад би авч гарсан архиа хашаа руу цохиж хагалаад Отгон-Эрдэний гэдэс рүү нь цохиж байсан. Би нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Отгон-Эрдэнийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11-р сарын 16-ны өдрийн 19-20 цагийн барагцаанд би өөрийн хамаатны хүн болох У-ын хамт дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад Мөрөн сумын 11-28-08 тоотод оршин суух хамаатны хүн болох Баянзулын гэрт нь очсон. Бид хоёрыг Баянзулын гэрт нь очиход Баянзул гэртээ эхнэр хүүхдүүдийнхээ хамт байсан. Тэгээд У- бид хоёр аваачсан нэг шил архиа Баянзултай гурвуулаа хувааж уух зуураа би У-т хандан ганц хоёр ширүүн үг хэлсэн. Тэгээд ууж байсан архи дуусаад У- бид хоёр Баянзулын гэрээс гарсан. Баянзулын хашаанаас дөнгөж гараад байж байтал У- чи намайг хэл амаар яагаад доромжлоод байгаа юм бэ гээд бид хоёр барилцаж аваад У- архины шил хагалаад толгойгоор нь миний цээж, нуруу, гэдэс рүү цохиод байх шиг байсан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор юу болоод байгааг сайн мэдээгүй. Тэгээд гэдэснээс шингэн зүйл гоожоод байх шиг болохоор нь гараа тавиад үзсэн чинь миний хувцас нил цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 11-р сарын 16-17-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Дашцоож, Бямбабаяр нарын хамт албаны 35-91 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Эрчим арваас Мөрөн сумын 9-15-08 тоотод хүн хутгалсан байж магадгүй очоод шалгаад үзчих гэж мэдэгдсэн. Дуудлагын дагуу хамт явсан хоёр албан хаагчийн хамт Мөрөн сумын 9-15-08 тоотод очоод тус тоотын хаалгыг тогшиход үл таних эмэгтэй гарч ирээд хаалга онгойлгохоор нь юу болсон талаар асуухад Отгон-Эрдэнэ өөрөө гаднаас хутгалуулчихсан орж ирсэн гэж хэлсэн. Ингээд У-ыг байгаа эсэхийг асуухад байна гэсэн бөгөөд У- гэгчийг уг тоот хашаанаас гаргаж ирээд машиндаа суулгаж юу болсон талаар асуухад Отгон-Эрдэнэ нь манай ах дүү хамаатан садны хүмүүсийг дээрэлхээд байдаг болохоор хашааны буланд шил хагалаад хэвлийнээс доогуур нэг удаа хатгасан. Санаандгүй л юм болчихлоо гэж ярьсан. Ингээд цагдаагийн газарт авчирч согтуу байсан тул түр саатуулах байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Х.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 11-р сарын 16-ны өдрийн 17 цагийн барагцаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас замын машинаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн. Ингээд би Мөрөн сумын 9-15-08 тоотод оршин суух өөрийн аавын төрсөн эгч Уламнэмэх гэх хүний гэрт очсон. Намайг Уламнэмэх эгчийн гэрт очиход Уламнэмэх эгч хүүхдүүдийн хамт байсан. ...Ингээд оройн 19 цагийн орчимд тэр хоёр гараад явсан. Би тэр хоёрыг хаашаа явсан талаар нь мэдээгүй. Тэгээд оройн 21 цагийн орчимд намайг Уламнэмэх эгчийн гэрт байж байхад Отгон-Эрдэнэ ах, У- хоёр орж ирсэн ба тэр хоёр орж ирэхдээ Отгон-Эрдэнэ ах элгээ тэвэрсэн байдалтай, хувцас нь нил цус болчихсон байсан. Тэгээд шууд түргэн дууд би үхлээ гэсэн. Тэгээд түргэн дуудаад түргэний эмч ирээд Отгон-Эрдэнэ ахыг аваад явсан. Харин цагдаа нар ирээд У-ыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Г.Уламнэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хамаатны хүмүүс болох Отгон-Эрдэнэ, У- хоёр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-15-08 тоотод байрлах гэрт байж байгаад оройн 18 цагийн барагцаанд хоёулаа хамт манайхаас гарахдаа Отгон-Эрдэнэ бага зэргийн архи уучихсан, У- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ингээд 20-21 цагийн орчимд Отгон-Эрдэнэ, У- хоёр хамт орж ирсэн бөгөөд Отгон-Эрдэнэ элгээ дарчихсан, хувцас нь цус болчихсон байдалтай орж ирээд түргэн дуудаарай гэсэн. Харин У-ын гар зүсэгдчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 693 дугаартай:

  1. Х.Отгон-Эрдэнийн биед зүүн сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Х.Отгон-Эрдэнийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 702 дугаартай:

  1. Х.Отгон-Эрдэнийн биед зүүн сарвуунд шарх нэмэлтээр хэвлий цээж, ууцанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Х.Отгон-Эрдэнийн биед учирсан гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч О.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.У-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч О.У нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч  Х.Отгон-Эрдэнэ нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тухай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээд хүзүү хэсэгтээ хөх өнгийн металл гадаргуу дээр улаан өнгийн дэвсгэр дотор морин хуурын толгой дүрсэлсэн, ямар нэг бичиггүй, шилний дээд хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738000000142 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээд хүзүү хэсэгтээ хөх өнгийн металл гадаргуу дээр улаан өнгийн дэвсгэр дотор морин хуурын толгой дүрсэлсэн, ямар нэг бичиггүй, шилний дээд хэсгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  5. Эрүүгийн 1738000000142 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР