| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2110000190476 |
| Дугаар | 2022/ДШМ/632 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/632
2022 6 16 2022/ДШМ/632
Д.Ц-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Ууганбаяр,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Ц-ад холбогдох эрүүгийн 2110000190476 дугаар хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сайн ноён овгийн Дашдондовын Ц, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зам гүүрийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 60-102 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ХЙ85121671/,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Д.Ц нь иргэн Б.Н-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Д.Ц-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор О.Алтангэрэл эсэргүүцэлдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/413 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Прокуророос яллагдагч Д.Ц-тай 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ оногдуулсан байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн ... 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан. Шүүгдэгч Д.Ц-ад холбогдох хэрэг нь хуулийн дээрх заалтуудад хамаарч байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Эрүүгийн эрх зүйн зарчимд ялын төрлөөс хамгийн хүндийг нь хорих ял гэж үздэг бөгөөд энэ зарчим нь эрүүгийн хуульд туссан байдаг. Эрүүгийн хуулийн 5 дугаар бүлэгт үндсэн ялын төрлийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэж тус тус ангилж, хорихоос өөр төрлийн ялыг хорих ял руу сольж болох боловч хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж болохгүй талаар заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ялын төрлүүдээс зөвхөн хорих ялын хэмжээгээр нь ялгаж тооцохоор заажээ.
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хууль мөн энэ зарчмаар батлагдсан болох нь уг хуулийн 6 дугаар зүйлд 6.1, 6.2, 6.3 дахь хэсэгт “ хорих ялаас 2 жилийг хасах”, 7 дугаар зүйлд “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэж тусгагдсанаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг уг өршөөлийн хуульд хамруулахаар ойлгогдож байна.
Мөн шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/413 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-ыг хохирогч Б.Н-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10.0 сая төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 5.0 сая төгрөгийг тус тус авч, нийт 15.0 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, шүүгдэгч Д.Цэрэндбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хамт шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Ц-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Д.Ц-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчиж, прокурорын саналаас өөрөөр шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дээд шатны прокуророос давж заалдах шатны шүүхэд хандаж бичсэн эсэргүүцэлд “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн агуулгатай эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй байна гэж үзэхээр байна.
Учир нь, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл бүрдсэн” гэж дүгнэсэн атлаа прокурорын саналын хүрээнээс өөр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, улмаар шүүгдэгч Б.Цын үйлдэлд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг хамаарч байхад мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
Иймд прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэрэгт прокурор Д.Ц-ад 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал бичгээр гаргасан байхад прокурорын эсэргүүцэлд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохиролцсон мэтээр буруу дүгнэснийг дурьдах нь зүйтэй.
Мөн энэ хэрэгт анхан шатны шүүхийн захиргааны ажилтны хайнга хариуцлагагүй ажиллагааны улмаас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрт бичигдсэн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн эсэргүүцэл давж заалдах шатны шүүхэд ирэлгүй дарагдаж, 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүргэгдэн ирсэн ноцтой зөрчил гарсан бөгөөд тухайн захиргааны ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан тамгын газрын даргынх нь тушаал хэрэгт авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/413 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ц-ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ