| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/00925/И |
| Дугаар | 101/ШШ2024/03263 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2024/03263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *********, Ж******* т******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** тоот хаягт оршин суух, Б*******тын М*******ид /иргэний бүртгэлийн дугаар *******/ холбогдох
761,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж******* т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.М******* нь нэхэмжлэгч Ж******* т******* ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч А**** х*******, Т нэртэй дэлгүүрүүдээр дамжуулан зарж борлуулж байсан. Тэрээр тухайн дэлгүүрүүдийг түрээслэн ажиллуулж байсан тул манай байгууллага бага үнийн дүнгээр бараа нийлүүлсэн.
Хариуцагч Б.М******* А х******* дэлгүүрт 450,000 төгрөг, Т дэлгүүрт 611,600 төгрөг, нийт 761,600 төгрөгийн төлбөр тооцоо байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд манай байгууллагын нягтлан бодогчтой 2023 оны 03 сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдоно.
Иймд хариуцагч Б.М*******оос 761,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Ж******* т******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2023 оны 03 сарын 30-ны өдөр үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Б.М*******ид 2024 оны 04 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж******* т******* ХХК нь хариуцагч Б.М*******ид холбогдуулан 761,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж******* т******* ХХК нь хариуцагч Б.М******* нь өөрийн түрээслэн ажилладаг А х******* дэлгүүрт 2023 оны 02 сарын 08-ны өдрөөс 450,000 төгрөгийн, Т дэлгүүрт 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 311,600 төгрөг, нийт 761,600 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлэн авсан хэмээн тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ж******* т******* ХХК-ийн нягтлан бодогч, хариуцагч Б.М******* нар нь Б.М*******ийн 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 30-ны өдрийн хооронд Ж******* т******* ХХК-ийн үйлдвэрээс зээлэн авсан бараа бүтээгдэхүүний талаар харилцан тооцоо нийлэхэд Б.М******* нь 761,600 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн бөгөөд талууд уг баримтад хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулжээ.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч Б.М******* нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг хариуцагч Б.М*******оос 761,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж******* т******* ХХК-д олгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч 2024 оны 01 сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч Б.М*******ийг шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2024 оны 03 сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагч Б.М*******ийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ.
/ХХ-ийн 1, 8, 10-13 дугаар тал/
Хариуцагч Б.М*******ид 2024 оны 04 сарын 23-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 14-17 дугаар тал/
2024 оны 06 сарын 27-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Б.М*******ид 2024 оны 06 сарын 24-ний өдөр мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй байна
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.М*******ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
/ХХ-ийн 15, 21-22, 26 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.М*******оос 761,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж******* т******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж******* т******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******оос 22,828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж******* т******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН