Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 152/ШШ2024/00320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Д.С,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 60 настай. Би 1981-1983 оны хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Техник мэргэжлийн сургуульд суралцаж, зөгийн үржүүлгийн аж ахуйн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд тус сум дахь Зөгийн үржүүлгийн газарт хуваарилагдан 1983-1984 оны хооронд ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус байгууллагадаа 1987 оны 11 дүгээр сараас 1989 оны 6 дугаар сар хүртэл зөгийчнөөр ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгийн үржүүлгийн газарт 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ц.Выг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай зөвлөмжийн хуудас, Д.Сгийн 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувиар, тус хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай тодорхойлолт, 1987 оны 7 дугаар сар, 1988 оны 6 дугаар сар гэх тайлбартай гэрэл зураг, Д. Сэнгээгийн 1993 оны 5 дугаар сараас 2000 оныг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухай баталгаажилтын хуудас, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 215 дугаартай цалингийн тодорхойлолт хавсралтын хамт, гэрч Цэрэн овогтой Ванганы иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Вы 089300 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 6116 дугаартай Д.Сгийн цэргийн алба хаасан эсэх лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Д.Сгийн хүсэлтээр Ц.Выг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Сгийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар гаргуулав.

Шүүхийн журмаар, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, Д.Сгийн хөдөлмөрийн дэвтэр нь нэг төрлийн дэвтэр мөн эсэх, засвартай эсэх талаар дүгнэлт гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Д.Сгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

2. Д.С нь шүүхэд хандаж 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс  1989 оны 6 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт зөгийчнөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Д.Сгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Д.С нь 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс  1989 оны 6 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт зөгийчнөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Д.С нь 1981-1983 оны хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Техник мэргэжлийн сургуульд суралцаж төгсөөд тус сум дахь Зөгий үржүүлгийн газарт хуваарилагдан зөгийчнөөр ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдсан байна. Улмаар цэргийн алба хааж ирээд 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сар хүртэл тус Зөгий үржүүлгийн газарт үргэлжлүүлэн ажилласан боловч ажилд орсон тушаал болон цалингийн баримт нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасагт хадгалагдаагүй байна.

3.2.  Ийнхүү ажилд орсон тушаал байхгүйн улмаас Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Д.Сгийн Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт ажилласан хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаартай албан бичгээр “Тус архивын сан хөмрөгт Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газрын баримт шилжин ирээгүй тул Д.Сд холбогдох архивын лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан Д.Сгийн 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Шаамар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн авто хөдөө аж ахуйн машины засварчны ангид элсүүлэн суралцуулав, 1981 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн захирлын 129 тоот тушаалаар, 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Шаамар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн авто хөдөө аж ахуйн машины засварчны мэргэжлээр төгсгөж, Шаамар Зөгий үржүүлгийн газарт хуваарилав, 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 69 тоот тушаалаар гэж тус тус тэмдэглэсэн байх ба Сэлэнгэ аймгийн Шаамар дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн тамга дарж баталгаажуулсан байна.

Улмаар тус хөдөлмөрийн дэвтрийн 03 дугаарт “Зөгий үржүүлгийн газрын даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 тоот тушаалаар Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт туслах зөгийчнөөр авч ажиллуулав” гэж тэмдэглэж, тус Зөгий үржүүлгийн газрын тамга дарж баталгаажуулжсан бол 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хугацаат цэргийн албанд дайчлагдсан тул туслах зөгийчний  үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэж, тамга даржээ.

Д.Сгийн энэхүү 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь засваргүй болохыг Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай криминалистикийн шинжилгээний дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд Д.Сгийн 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг Төрийн архивын газарт тус аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газрын баримт хадгалагдаагүй улмаас Д.Сгийн 1983-1984 оны хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт ажиллаж байсан эсэхийг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдотой баримт байхгүй байгаа боловч хэрэгт эх хувиар авагдсан Д.Сгийн 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн Д.Сг 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт туслах зөгийчнөөр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 6116 дугаартай архивын лавлагаагаар Д.С нь Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 184 дүгээр ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр халагдсан гэжээ.

Д.С нь хүсэлтдээ “...1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цэргээс халагдаж ирсэн” гэх боловч дээрх лавлагаагаар Д.С нь 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан үйл баримт тогтоогдож байх тул түүний 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс тус оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан хугацааг Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт туслах зөгийчнөөр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Д.С нь 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт зөгийчнөөр ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан Д.Сгийн цэргийн алба хаасан эсэх лавлагаа, түүний 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байх тул 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд түүнийг Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт зөгийчнөөр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

4.3. Улмаар Д.Сгийн 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Цэргийн албанаас халагдаж ирсэн тул I фермд зөгийчнөөр томилж ажиллуулав гэж тэмдэглэсэн бол 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Зөгийчнөөс чөлөөлж, барилгачнаар томилж, ажиллуулав гэж тэмдэглэж, Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газрын тамга дарж баталгаажуулжээ.

Хэдийгээр хүсэлт гаргагч Д.Сгийн зүгээс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарыг хүртэл тус Зөгий үржүүлгийн газарт зөгийчнөөр ажиллаж байсан гэх боловч хэрэгт авагдсан түүний 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтрээр Д.С нь 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зөгийчнөөр ажиллаж байсан, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тус газартаа барилгачнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, Увс аймгийн Улсын бүртэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн Д.Сгийн ХААТР-1 маягтад түүнийг 1988 оноос Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт зөгийчнөөр ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэсэн байх бөгөөд энэхүү ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх ба энэ нь Д.С 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт зөгийчнөөр ажиллаж байсан үйл баримтыг давхар нотлох нотолгооны ач холбогдолтой баримт байна.

Харин энэхүү баримт нь Д.С тус Зөгийн үржүүлгийн газарт 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн барилгачнаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг тогтооход хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.

4.4. Гэрч Ц.В нь 1984 оныы 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт бага эмчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний 089300 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул түүний “Миний бие 1984-1987 он хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт зөгийн эмчээр хуваарилагдан ажилласан. Намайг тухайн байгууллагад ажилд ороход Д.С зөгийчнөөр ажиллаж байсан. Бид нэг аймгийн хүмүүс гээд хоорондоо дотно байдаг байсан. Д.С нь 1984 оны 6 дугаар сарын сүүлээр цэргийн албанд татагдан яваад 1987 оны 11 дүгээр сард цэргээс халагдаж ирж байсан. Би 1987 оны 12 дугаар сарыг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж нутагтаа ирсэн. Д.С тухайн байгууллагадаа зөгийчнөөр ажиллаад үлдсэн. Тухайн үед Зөгий үржүүлгийн газрын даргаар Батын Жамц гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.     

5. Иймд шүүхээс хүсэлт гаргагч Д.Сгийн 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт туслах зөгийчнөөр, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зөгийчнөөр, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарыг хүртэл барилгачаар  ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Д.Сгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Д.С 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт туслах зөгийчнөөр, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зөгийчнөөр, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарыг хүртэл барилгачаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хүсэлт гаргагч Д.Сд Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдөр түүнд олгосон ногоон өнгийн, 217700 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг буцаан олгосугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА