Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1126

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00879 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.Х-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ь нь Ё.Х-д 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байрны урьдчилгаа мөнгө дутаад байна туслаач гэхэд нь хүнээс 20.000.000 төгрөг зээлээд түүний 5031829286 тоот дансанд шилжүүлж өгсөн. Энэ 20.000.000 төгрөг надад бэлэн байгаагүй би хүнээс хүүтэй зээлж авч өгсөн. Гэтэл Ё.Х- нь надаас 20.000.000 төгрөг зээлж, шинэ байрандаа нүүж орж амьдарч байгаа мөртлөө надад буцааж мөнгийг маань өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Би энэ хугацаанд 9 сараас хойш маш их хүү төлж, өрийн дарамтанд орсондоо маш их гомдолтой байна. Нэгэнтээ би Ё.Х-тай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй зөвхөн аман тохироо хийж, дансаар шилжүүлсэн учир хүү, алданги нэхэмжлэхгүй үндсэн зээл 20.000.000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шүүхэд хандаж байна гэжээ. 

Хариуцагч Ё.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Б.Б-ьтай бичгээр хийсэн гэрээ байхгүй амаар харилцан тохирч Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Дөл хотхоны 97А байрны 23 тоот, 58,8 метр квадрат 3 өрөө байрыг урьдчилгаа 30.000.000 төгрөг төлөөд гэрээ байгуулж, байрандаа орж үлдэгдэл төлбөрийг сар болгон 500.000 төгрөгнөөс дээш төлөлтөөр хийхээр амаар тохирч, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг Б.Б-ийн Төрийн банкан дахь 102200156148 дансанд, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 20.000.000 төгрөгийг Б.Б-ийн Хаан банкан дахь 5131249407 дансанд тус тус тушаасан. Ингээд гэрээгээ байгуулж байрандаа нүүж ормоор байна гэдгээ хэлтэл Б.Б-ь байрандаа нүүгээд орчих гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дээрх орон сууцанд нүүж ороод одоог хүртэл амьдарч байна. Үүнээс хойш би удаа дараа гэрээгээ хэзээ хийх, яаралтай хийх талаар хүсэлтийг маш олон удаа Б.Б-ьд тавьдаг байсан. Тэгээд Б.Б-ьтай 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр уулзаж гэрээгээ хийе гэхэд таны данснаас манай байгууллагын данс руу мөнгө орсон байх шаардлагатай гээд Б.Б-ь нь өөрийнхөө Хаан банкны 5026677679 дугаарын данснаас 20.000.000 төгрөгийг Ё.Х-гийн Хаан банкны 5031829286 дугаарын данс руу 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж, буцаагаад миний дээрх данснаас Б.Б-ийн Хаан банкны 5131249407 дугаарын дансанд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 37 минутанд би дээрх 20.000.000 төгрөгийг 3 минутын дараа шилжүүлж өгсөн. Дээрх явдлаас хойш буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Снек Монгол констракшн” ХХК-тай орон сууц захиалах гэрээ хийсэн ба гэрээнд урьдчилгаа 51.500.000 төгрөг төлснөөр хийгдсэн. Татварын буцаан олголт авахын тулд би өөрийн ээж болох П.Цэрэннадмидын нэрээр гэрээг хийсэн. Б.Б-ь нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр надтай өөрийнхөө фейсбүүк хаяг болох Beegii Beegii хаягнаас “та миний зээлсэн мөнгөнөөс өгөх боломж байна уу, эсвэл та мөнгө хүүтэй зээлүүлэх үү, мөнгөний хэрэг гараад байна” гэх зэргээр мессеж явуулсан ба би хариуд нь ямар мөнгө билээ гэсэн хариуг өгч байсан. Би Б.Б-иас 20.000.000 төгрөг зээлж авсан асуудал байхгүй байхад намайг бусдаас зээлж авсан мөнгөө өгөхгүй алга боллоо гэдэг байр сууринаас миний нэр хүндэд халдаж шүүхэд нэхэмжлэл гаргасанд би болон манай ар гэрийн зүгээс Б.Б-ьд маш их гомдолтой байна. Өөрөө дур зоргоороо ийм юм хийчээд тэгээд одоо хүн гүтгээд байж байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Х-гаас зээлийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зээлдүүлсэн 20.000.000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр "зээлдүүлэв" гэсэн утгатай гүйлгээ орж ирсэн байх бөгөөд мөн өдрийн 16 цаг 37 минутад 5131249407 тоот данс руу 20.000.000 төгрөгийг 97А байрны урьдчилгаа" гэх гүйлгээний утгатай хариуцагчийн данснаас буцаан шилжүүлсэн 20.000.000 төгрөгийн гүйлгээг нэмэмжлэгч рүү ямар зорилгоор шилжүүлсэн талаар буюу хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг бодитоор тогтоож чадсангүй. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараас үзвэл Ё.Х- нь дээрх гүйлгээнүүдийн дүнд орон сууцны худалдан авах урьдчилгаа 51.500.000 төгрөгийг бүрдүүлж, “Снек Монгол констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан талаараа хүлээн зөвшөөрч, хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь түүний нэхэмжлэгчээс 20.000.000 төгрөг зээлснийг нотолж байна.     Шүүгч дээрх баримтуудыг үнэлж дүгнээгүй атлаа хариуцагчийн гаргаж өгсөн фэйсбүүк чат, захидлын хуулбарыг талууд огт мэтгэлцээндээ хөндөж яриагүй, шаардлага хангаагүй баримтыг "нэхэмжлэгчийн төлөөлөгч маргаагүй гэх шалтгаанаар" үнэлэх үндэслэлгүй байна. Шүүхээс үндэслэх хэсэгтээ тусгасан Ё.Х-гийн 20.000.000 төгрөгийн хүлээн авч, буцаан шилжүүлсэн 2 удаагийн гүйлгээний баримтыг шинжлэн судлахдаа буцааж Б.Б-ийн “Снек Монгол констракшн" ХХК-ийн менежер Ж.Оюунбаяр болон түүний төрсөн дүү нартай хамтран эзэмшдэг байсан байрны урьдчилгааг төвлөрүүлдэг тоот 5131249407 дансыг шүүхээс огт судалж нягтлаагүй, тодруулаагүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хуралдааныг 1 удаа хойшлуулж, талуудаас шаардлагатай нотлох баримтыг шаардан гаргуулах боломжтой байсан. Мөн хэрэгт авагдсан баримтыг судлан үзэж, хэргийг нэг мөр шийдвэрлэхэд эргэлзээтэй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б-ь нь өөрийн эзэмшлийн ХААН банкан дахь харилцах данснаас 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч  Ё.Х-гийн ХААН банкан дахь дансанд 20.000.000 төгрөгийг “зээлдүүлэв” гэсэн утгатай шилжүүлсэн харилцах дансны гүйлгээний баримтыг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. /хх-ийн 5/

Хариуцагч Ё.Х- нь “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б-ь надтай ирж уулзахдаа гэрээгээ хийе, гэхдээ таны данснаас манай байгууллагын данс руу мөнгө орсон байх шаардлагатай гээд өөрийн данснаас 20 сая төгрөгийг миний данс руу шилжүүлээд буцаагаад миний данснаас өөрийн дансанд шилжүүлж авсан. Б.Б-иас 20.000.000 төгрөг зээлж авсан асуудал байхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан үндэслэлээ тайлбарлаж, уг тайлбараа нотлохоор хоорондоо харилцаж байсан фэйсбүүк дэх захидал харилцааг хуулбарлан хэвлэж шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 17-25/

 

Гэвч хариуцагч талаас гаргасан дээрх фэйсбүүк захидлын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх “...нэхэмжлэгч тал Beegii Beegii гэх нэр  Б.Б-ь биш гэж, уг захиаг бичсэн эсэх талаар маргаагүй...” гэж шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар үзлэг хийлгэх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх хэдий ч зохигчдын цахим шууданд үзлэг хийлгэх эсэхийг талуудаас тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчим зөрчихгүй юм.

 

Зохигчдын тайлбарын аль нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн болохыг тодорхойлоход хариуцагч талаас гаргасан хоорондоо харилцаж байсан фэйсбүүк дэх захидал харилцаа ач холбогдолтой байна. Нөгөө талаар, “Снек монгол констракшн”    ХХК-ийн П.Цэрэннадмидтай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууц захиалах гэрээ хэрэгт авагдсан ба уг гэрээний 2.3-т заасан орон сууцны урьдчилгаа төлбөр 51.500.000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд нэхэмжлэгчээс 20.000.000 төгрөгийг хариуцагч зээлсэн гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагч нь “Снек монгол констракшн” ХХК-д урьдчилгаа төлбөрт нийт хэдэн төгрөг төлсөн нь тодорхой бус байна.

 

Хариуцагчаас Дөл хотхоны 97а-23 тоот орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн гэх  зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул уг байдлыг “Снек монгол констракшн” ХХК-аас тодруулах шаардлагатай байна. /хх-ийн 37-43/

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээрх байдлаар зөрчсөн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00879 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,000  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                    Н.БАТЗОРИГ