Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/633

 

 

 

 

 

 

     2022         6             16                                         2022/ДШМ/633                                                

                                                               

     Э.Б-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/773 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаар эсэргүүцлийг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2111000000955 дугаар хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Э-ны Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............. аймгийн ............... суманд төрсөн, эрэгтэй, .. настай, тусгай дунд боловсролтой, ....................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ................ дүүргийн .. дугаар хороо, ....................... .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................................/.

Э.Б нь  2021 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г-291в тоотын гадна Ниссан теана маркийн 60-81 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Н.С-ийг 2 удаагийн үйлдлээр мөргөж, улмаар ухарч байгаад дайрч амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх зэрэг асуудлыг дутуу хянаснаас шалтгаалж хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдлууд үүсчээ. Үүнд:

Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч хэргийг мөрдөн шалгах явцдаа яллагдагчийг шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцуулаагүй оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэжээ. Гэтэл прокуророос яллагдагчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан гэж шүүх хуралдаанд мэтгэлцэж байна.

/1-р хх 64/ 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагч Э.Б гэж гарын үсэг зурсан шинжээчийн дүгнэлт /тайлбар, мэдүүлэг, танилцуулсан тэмдэглэл авагджээ.

Хэрэгт нийтдээ 2132, 2956, 4679, 2965, 06/311, 06/310, 4601, 797, 06/312, хавтаст хэргийн 115 хуудсанд дугааргүй шинжээчийн дүгнэлт зэрэг нийт 10 шинжээчийн дүгнэлт авагджээ. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс яг ямар дугаартай, аль шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт танилцуулсан 1 ширхэг бланк дээр Б гэж бичүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрх болох хэргийн материалтай танилцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд хэргийн оролцогч нарыг хэргийн материал, түүнд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдтэй нэг бүрчлэн танилцуулж, дүгнэлттэй холбогдох санал хүсэлтийг нь авч хуулийн дагуу шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангах нь зүйтэй байна.

Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн яг ямар зүйл заалтыг  зөрчсөн эсэх нь тодорхойгүй байх тул шинжээч томилж, энэ талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна. Учир нь, Э.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ямар санаа зорилготой байсан, ямар сэдэлттэй байсан яагаад амь хохирогчийн амь насыг хохироох болсон эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна гэж үзэн хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Майбаяр эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/773 дугаар шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хавтаст хэрэг авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг тухай бүр яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хангаж ажилласан бөгөөд энэ нь яллагдагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн зүгээс прокурорын байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар гаргаж байсан 5 хүсэлт, 2 гомдол, тухайн хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн прокурорын тогтоолоор болон 1-р хх 164, 2-р хх 33, 94 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлт /тайлбар, мэдүүлэг/ танилцуулсан тэмдэглэлээр нотлогдоно.

Өмгөөлөгч Г.Ганцэцэгийн хүсэлтээр Э.Б болон амь хохирогч Н.С, тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Оюунтогтох нарыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоолгох зорилгоор ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн болон Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарыг тус тус томилж хоёр удаа шинжилгээ хийлгэсэн боловч шинжээчийн 12/06, 202214 дугаартай дүгнэлтүүдээр тэдгээрийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг тогтоох боломжгүй гэсэн болно. / 1-р хх 28-29, 2-р хх 91-92/,

Мөрдөн байцаалтаар яллагдагч Э.Б-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох ажиллагаа хийгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шатанд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” талаар зохицуулсан байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй байна.

Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа “Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоо” гэсэн атлаа яг ямар ажиллагаа хийлгэх талаар огт тусгаагүй, ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөрдөн байцаалтаар яллагдагч Э.Б, амь хохирогч Н.С нар нь өөр хоорондоо өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй, ганц, хоёр удаа уулзаж байсан талаар яллагдагч болон гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлдэг.

Прокурорын зүгээс мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудад үндэслэн, өөрийн дотоод итгэлд тулгуурлан яллагдагч Э.Б-ыг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, бусдын амь насанд аюултай аргаар буюу тээврийн хэрэгслээр мөргөж унагаад дайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд тэрээр өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тодруулбал, яллагдагч Э.Б нь өөрийг нь Б.Оюунтогтохтой дотно харилцаатай байхад тохирохгүй талаар Б.Оюунтогтохын найз хүүхнүүдийн ярьсан ярианд уурлаж гэрээс гарсан, тээврийн хэрэгслээ асааж хөдлөхдөө урд нь зогсож байсан Н.С-ийг мөргөж, түүнийг мөргөснөө мэдсэн атлаа түүнийг өвдөг дээрээ сөхөрч унахад нь тээврийн хэрэгслээ зогсоох бүрэн боломжтой байтал зогсоолгүйгээр ухарч байгаад дайрч амь насыг нь хохироосон, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.

Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж нотолсон, хэрэгт авагдан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хууль ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн 2022/ШЗ/773 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2022/ШЗ/773 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, анх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. “Хувийн таарамжгүй байдлын улмаас Э.Б, Н.С-ийг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон” гэх үндэслэлээр анх хэрэг нээсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн таарамжгүй харилцаа байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Гэрч нар тэр талаар бүгд мэдүүлсэн. Яллагдагчид дүгнэлтийг тухай бүрд нь танилцуулж байсан гэж прокурор хэлж байна. Гэтэл хавтаст хэргийн материалтай нэг бүрчлэн танилцуулаагүй. Э.Б мөн гарын үсэг зураагүй. Хавтаст хэргийн 136 дугаар хуудаст байх Э.Б-аас спиртийн агууламж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгаж, шинжилгээ авсан дүгнэлтийг танилцуулаагүй. Хавтаст хэргийн 154 дүгээр хуудсанд  Автотээврийн үндэсний төвийн дүгнэлтийг танилцуулаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд Э.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар баримт байх бөгөөд үүнийг мөн танилцуулаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд  Дотоодын их сургуулийн дүгнэлтийг мөн танилцуулаагүй. Үндсэндээ маш олон дүгнэлт гарснаас зөвхөн хоёрыг нь л танилцуулсан. Бусдыг нь танилцуулаагүй бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил болж байгаа юм. Яллагдагчаас зөвхөн мэдүүлэг авснаар эрхийг нь хязгаарласан гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ “Өмгөөлөгч маш олон удаа гомдол гаргасан. Прокурорын тогтоолоор шинжээчийн дүгнэлтийг танилцуулж байсан” гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд гомдолд өгсөн хариу мэдэгдэх хуудас, прокурорын тогтоолд дүгнэлт танилцуулна гэсэн үндэслэл байхгүй. Тодорхой хэмжээгээр хариу өгч, гомдлын хамт хэрэгт нь хавсаргана гэж заасан байгаа. Мөн мөрдөгчөөс хэргийг шилжүүлэхдээ хавтаст хэргийн материал танилцуулж, тэмдэглэл үйлдэх ёстой байсан. Прокурор “Э.Б нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” гэдэг боловч энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн хэдийн хэд дэх заалтыг зөрчсөн талаар тодруулах ёстой байсан. Э.Б-ын тухайн үед унаж явсан тээврийн хэрэгсэл бүрэн бус гэдэг нь тогтоогдсон бол энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлөх боломжтой гэж дүгнэлт гарсан. Гэтэл яагаад Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Гэмт хэргийн санаа, сэдлийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Прокурор санаатайгаар 2 удаа мөргөсөн гэж ярьж байгаа боловч ямар зорилго агуулж ийм хэрэг үйлдсэнийг нь тогтоогоогүй. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр 2 удаа мөргөсөн нь тогтоогдсон гэж үзэж байх шиг байна. Тэр насанд хүрээгүй гэрч нь 2 зөрүүтэй мэдүүлэг өгсөн. 2 дахь мэдүүлэгтээ “Хойшоо ухарсныг нь санахгүй байна. Ухарч байсан шиг санагдаж байна” гэсэн байдаг. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийх ажиллагаа дутуу хийгдсэн. Тээврийн хэрэгслийн дугуйны мөр гарсан хэсгүүдийг тодорхойлох ёстой байсан. Хэрэг гардаг өдөр маш их бороотой байсан учраас ухраад, буцаж урагшлах зэрэг олон үйлдэл хийхэд мөр гарах ёстой. Дотоод хэргийн их сургуулийн дүгнэлтэд “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай, эсхүл болгоомжгүйгээр зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн байгаа. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай, гэмт хэргийн шалтгаант нөхцөлийг тогтооход эргэлзээтэй дүгнэлт юм. Үүнд дахин 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой. Хэргийг буцаах үед энэ ажиллагааг хийх бүрэн боломжтой байхад гүйцэтгэхгүй байсан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гэмт хэргийн санаа сэдэл, гэм буруугийн хэлбэрийг шалгаж, тогтоох шаардлагатай гэж үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч Э.Б амь хохирогч Н.С-ийг тээврийн хэрэгслээр 2 удаа мөргөсөн нь тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтэл нь 2 ба түүнээс дээш үйлдлээр үүссэн гэдэг нь тогтоогдсон. Шүүгдэгч Э.Б Жолооны хүрд гэмтэлтэй байсан тул хажуу тийшээ дарж чадалгүй чигээрээ явсан. Тухайн үед хүн шүргэчихлээ гэж бодсон. Хүн дайрчих шиг боллоо шүү дээ гэж орилох үед нь сандраад тэр чигээрээ явчихсангэж мэдүүлдэг бөгөөд хэрвээ үнэхээр ийм зүйл болсон бол яагаад 2 удаагийн үйлдэл байгаа нь ойлгомжгүй байна. Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтэд Гэрэлтүүлэгтэй байсан. Талийгаачийг харах боломжтой байсныг харуулж байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж тоормоз гишгэх боломжтой байсан ч тоормоз гишгээгүй. Тухайн хэргийг зам тээврийн осол гэж үзэхгүй гэсэн байна. Шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэргийн санаа, сэдэл нь туйлын ойлгомжтой байсан бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Э.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Прокуророос Э.Б-ыг 2021 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г дугаар гудамжны 291в тоот хашааны гадна Ниссан теана маркийн 60-81 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Н.С-ийг 2 удаагийн үйлдлээр мөргөж, улмаар ухарч байгаад дайрч амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Э.Б-ын хүнийг алах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго бүрэн тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч, амь хохирогч нарын хувийн байдал, тэдний харилцаа зэрэг хэрэгт зайлшгүй шалгавал зохих зүйлүүд тодорхойгүй, хэргийг оролцогчдын эрхийг бүрэн хангаагүй зэргээс шүүх хэргийг бодитой шийдвэрлэх боломжгүй талаар дурьдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарчээ.  

Мөн анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамжиндаа тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Дээрх дүгнэлтүүд нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой гэж давж заалдах шатны үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/773 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Майбаярын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ