Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/03261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Ундраа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********** тоот хаягт оршин суух, Д*******гийн Э*******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, Х*******ын Б*******д /РД: *******/ холбогдох

Эмчийн нэр хүндийг сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М*******,

Гэрч Ю.Ч*******, Н.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Х.Б******* нь нэхэмжлэгч Д.Э*******тай хамтран ажилладаг хүмүүс болон мөн үйлчлүүлж зөвлөгөө авдаг иргэд, гишүүнтэй M группэд чат бичиж Д.Э******* нь эмч биш, сувилагч юм байна, надад эмч гэж хэлэн хууран мэхэлж ажилд орсон байна, эмч биш учраас тагнуулын байгууллагаас хөөгдсөн юм байна гэсэн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу сошиалаар цацаж Д.Э*******гийн нэр төр, ажил мэргэжлийн нэр хүндэд халдаж гутаан доромжилсон.

Мөн Д.Э******* нь нөхөргүй, хүүхэдгүй, ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг гэх зэргээр хувийн мэдээллийн нууцыг олон нийтэд зарлаж гутаан доромжилсонд гомдолтой байна.

Дээрх мэдээллийг анх үзэж, сонсоод маш их гомдож амиа хорлоход бэлэн байсан. Жирийн нэг жолооч хүмүүс хоорондоо маргалдах өөр, гэвч эмчийн нэр төр гэдэг нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой.

Хариуцагч Х.Б******* нь шунахайн сэдлээр худал мэдээлэл тараасан. Нэхэмжлэгч Д.Э*******гийн хувьд орос хэлтэй, Монгол улсдаа болон Оросын холбооны улсын Москва хотод боловсрол эзэмшсэн, сүүлийн үеийн техник технологийг Монголдоо авчирч хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байсан.

Гэвч хариуцагч Х.Б*******ий тараасан худал мэдээллээс болоод үйлчлүүлэгч болон хамтран ажиллаж байсан эмч нар нь хамт ажиллахаас татгалзаж байна.

Нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Х.Б******* нар нь хамтран ажиллаж байхад шилэн хоргонд хэн алиных нь диплом байсан. Нэхэмжлэгч Д.Э*******гийн даралт нь ихэсдэг, тэтгэвэрт гарсан өндөр настай хүн. 2024 оны 04 сарын 15-ны өдөр ээж нь нас барсан. Хүний амь нас тоглоом юм уу, хэдэн хүний амь насаар энэ нэр төрийг сэргээлгэх бэ.

Иймд Д.Э*******гийн эмчийн нэр төрийг сэргээж, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв

 

Хариуцагч Х.Б*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд шаардлага нь нотлогдохгүй байна. Д.Э******* эмчээр үйлчлүүлж, зөвлөгөө авч байсан хүмүүс ирэхээ больсон гэх ба ямар, ямар хүмүүс үйлчилгээ авч байгаад больсон талаарх баримт байхгүй.

Тухайн үйлчлүүлэхээ больсон гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ёстой байсан ба ямар ч хамааралгүй, хов ярьсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч дэмий цаг үрж байна.

Яриад байгаа эмчилгээ нь цахилгаанаар цохьдог жижиг төхөөрөмж байдаг ба аппликейшн татаад сургалтанд нь суугаад би ч энэ эмчилгээг хийх боломжтой. Энд заавал эмчийн мэргэжил шаардахгүй.

Уг M компанийн хувьцаа эзэмшигч, захирал нь нэхэмжлэгч Д.Э******* өөрөө бөгөөд Х.Б******* уг хүнийг ажилд авах боломжгүй. Мөн тухайн үйлчилгээг хийсэн хүмүүс өөрсдөө мөнгөө аваад явдаг байсан.

Тагнуулын байгууллагаас халагдсан гэж хэлж нэр төр гутаасан гэж байх ба энэ талаар мөн нотлох баримт байхгүй.

Тухайн үед Х.Б******* эмч энэ асуудлын талаар нэхэмжлэгч Д.Э******* руу холбогдож тодруулахад Д.Э******* өөрөө харилцсан зүйлээ постолсон байдаг ба амиа хорлох гэж байгаа хүн групп чатанд пост оруулаад сууж байх уу.

Сэтгэл санааны хохирлын талаар эмчилгээ хийлгэсэн, ямар эмч дээр очсон, төлбөр төлсөн эсэх, эмчийн дүгнэлт гарсан эсэх талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол шаарддаг болсон ба үүнээс үүдэн ийм нэхэмжлэл гаргаж болохгүй.

Нэхэмжлэгч Д.Э******* өөрөө үйл ажиллагаа явуулдаг өрөөгөө цоожилсон бөгөөд уг өрөөнд хариуцагч Х.Б*******ий эд зүйл байгаа бөгөөд очихоор нь байр, машиныг чинь хураалгана, цагдаа дуудна гэдэг.

2024 оны 03 сарын 04-ний өдөр Д.Э******* эмч өөрөө харилцсан зүйлээ постлосон. Тэр ч утгаараа Х.Б******* эмчтэй харилцсан чатад үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан байх. Яагаад гэвэл өөрөө эхэлж постлосон нь үзлэгээр илрэх учраас. Нэхэмжлэгч Д.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Э******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Д.Э*******гийн ерөнхий мэргэжлийн эмчийн бакалаврын дипломын хуулбар, хавсралт,

Х.Б*******тэй харилцсан мессежүүд, Ю.Ч******* эмчтэй харилцсан мессежүүд, M гишүүнтэй групп чат, Д.Э*******гийн эмчийн лиценз сунгах хүсэлт /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Олон улсын эмч нарын уулзалтын хөтөлбөр, М.Дгийн нас барсны гэрчилгээний хуулбар, гэрэл зураг, Д.Э*******д олгосон бүтээлч оюутны өргөмжлөл, оюутны өнөөгийн тулгамдсан асуудал уулзалтын хөтөлбөр зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч Х.Б******* нь итгэмжлэл, хариу тайлбар зэргийг баримтаар ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Х.Б*******д холбогдуулан эмчийн нэр хүндийг сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Д.Э******* нь Хариуцагч Х.Б******* нэхэмжлэгч Д.Э*******тай хамтран ажилладаг хүмүүс, үйлчлүүлж, зөвлөгөө авдаг иргэд, гишүүнтэй M группэд, Д.Э******* эмч биш, сувилагч юм байна, эмч гэж хууран мэхэлж ажилд орсон, эмч биш учраас тагнуулын байгууллагаас хөөгдсөн юм байна, мөн нөхөргүй, хүүхэдгүй, ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг гэсэн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу сошиалаар цацаж Д.Э*******гийн нэр төр, ажил мэргэжлийн нэр хүндэд халдаж гутаан доромжилсон тул эмчийн нэр төрөө сэргээлгэнэ, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч Х.Б******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

3.1. Гэрч Ю.Ч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

3 жилийн өмнө дүү маань хорт хавдартай болж эмчилгээ сураглаж байгаад эмчилгээний шинэ технологи гарсан, хорт хавдартай хүнд тус болж магадгүй гэсэн зөвлөмж авсан. Энэ талаар судлаж байхдаа энэ 2 хүнтэй танилцсан. Цахилгаан соронзон долгион ашиглаж хүнийг эсийн түвшинд оношлоод эмчилгээ хийдэг. Монголын био резонанс эмч нарын групп. Бид групп чаттай. Групп чатны админ нь Х.Б******* эмч. Ажилтай холбоотой зүйлээ бичдэг.

2024 оны 03 сарын үед Д.Э******* эмч Америкад байсан... Х.Б******* эмчээс 03 сарын 09-ний өдөр хийх сургалт яасан бэ гэж асуухад юун сургалт бэ, бөөн асуудал болоод байна, Д.Э******* эмч биш байсан байна, сувилагч байсан байна гэсэн. Тагнуулын төв газар ажилладаг байсан гэдэг нь худлаа, хөөгдсөн юм байна гэсэн.

Би худлаа байх, нөхөр, хүүхэд нь тэнд байдаг гээ биз дээ гэхэд нөхөр, хүүхэд байхгүй юм байна гэсэн. Эмч нар мэдсэн үү гэхэд бүгдээрээ мэдэж байгаа гэсэн. Би гайхаад чи 3 жил хамт ажилласан байж мэддэггүй юм уу гэсэн. Өвчтөнд нь бас хэлсэн гэсэн. Би өвчтөнд хэлдэг нь яаж байгаа юм, өөрийг нь ирэхээр ярилцах хэрэгтэй байх гэсэн.

Энхээ эмч миний талаар хэн ингэж хэлсэн, би учрыг нь олно гэж бичсэн байсан. Би Энхээ эмчийн хувийн чат руу та битгий санаа зов, учир нь олдоно гэж бичсэн. Дараа нь би бичсэн чатаа харах гэтэл Х.Б******* эмч устгасан байсан. ... н.Ц, н.Н, н.Д, н.А гэж хүмүүс Х.Б******* эмчийг дагаж явсан байсан. Д.Э******* эмч дээр хүн ирэхээ байсан. ...

2024 оны 03 сарын 07-ны өдрийн шөнө би хажууд нь байсан ба зүрх хаагдах гээд байна гэсэн. Би эмтэй явж байсан тул эм өгч тайвшруулсан. Одоо хүртэл эмчлүүлж байгаа. Би эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй.Тэр шөнө даралтыг нь хэмжээд зүрхний цохилтыг нь үзсэн. 05 цаг хүртэл оффисын үүдэнд байж байгаад тайвшраад гайгүй болохоор нь гэр рүү нь явуулсан.

... Т.Э******* эмч бид хоёр Дорнод руу яваад ирэхэд Д.Э******* эмч цоожны гол сольсон гэдгээ хэлсэн. Яагаад сольсон гэхэд асуудлыг шүүхээр шийдвэрлэсний дараа хамт ажиллахгүй тул оруулахгүй гэж түгжсэн гэж би ойлгосон. ...Бид цалин авдаггүй, энэ компанид эмч нар хувиараа хамрагддаг ... гэв.

3.2 Гэрч Н.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Х.Б*******, Д.Э******* нарыг танина. Д.Э******* эмчийг ирэхийн өмнө би ажилтай холбоотой Х.Б******* эмчтэй уулзах гээд орсон. 2 хүн эмчилгээ хийлгэж байсан ба Д.Э******* эмчтэй хамтрахгүй, эмч биш сувилагч юм байна лээ гээд ярьж байсан. Мөн бичиг баримтгүй, дипломгүй гэж байсан.

Уг яриаг би анх удаа сонссон. Дараа нь Х.Б******* эмч надад чи Д.Э******* эмчийг ирэхээр тусалж бай гэсэн. Би тухайн групп чатад байдаггүй учраас ажлын групп чатад бичсэн зүйлийг мэдэхгүй.

Миний мэдэхийн 2 үйлчлүүлэгчийн хажууд хэлж байсан. Н.Цацрахнар гэж хүн байсан ба нөгөө хүний нь нэрийг мэдэхгүй. Энэ хоёр хүн Х.Б*******, Д.Э******* эмч нарын үйлчлүүлэгч байсан. Хоёулангийнх нь үйлчлүүлэгч байсан. Өдөр өдрөөр эмчилгээ хийдэг байсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж групп чатыг хэлж байгаа байх. Ямар ч байсан эмч биш, дипломгүй байж эмчилгээ хийсэн, тагнуулын ерөнхий газар ажиллаж байгаагүй гэж хэлсэн.

Би анхнаасаа Д.Э******* эмчтэй хамтарч байсан. Х.Б******* эмч намайг Д.Э******* эмчийг ирэхээр цуг ажиллаарай гэсэн ба би залуу хүн болохоор ганцаараа чадна ... гэж хэлсэн...Д.Э******* эмчийн талаар гадны хүмүүс дунд яригдаагүй. Дараагийн удаа очиход өөр хүмүүсийн хажууд ярьсаар байсан. 2024 оны 03 сарын дундуур бас 2-3 хүнд ярьж байсан... гэв.

4. Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 2-т: хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй,

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ,

21.9-т энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана,

497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан.

Аливаа этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн талаар худал мэдээлэл тараасан бол тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээх ба иргэн, хуулийн этгээдийн нэр төр гэдэг нь тухайн этгээдийн хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж юм.

4.1 Нэхэмжлэгч Д.Э*******гийн нэхэмжлэлдээ дурдсан Хариуцагч Х.Б******* нэхэмжлэгч Д.Э*******тай хамтран ажилладаг хүмүүс, үйлчлүүлж, зөвлөгөө авдаг иргэд, гишүүнтэй M группэд Д.Э******* эмч биш, сувилагч юм байна, эмч гэж хууран мэхэлж ажилд орсон, эмч биш учраас тагнуулын байгууллагаас хөөгдсөн, мөн түүнчлэн нөхөргүй, хүүхэдгүй, ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг гэх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу сошиалаар цацаж Д.Э*******гийн нэр төр, ажил мэргэжлийн нэр хүндэд халдаж гутаан доромжилсон гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.

4.2 Мөн нэхэмжлэгч Д.Э******* нь сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг шаардаж байх боловч түүний сэтгэл санаа хохирсон гэх үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна сэтгэл санаанд учирсан гэх хохирлыг хэрхэн тооцоолон тодорхойлж байгаа нь тодорхой бус байна.

4.3 Гэрч Ю.Ч*******, Н.Н нар нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэлд дурдсан асуудалтай холбоотой үйлчлүүлэгч цөөрсөн гэх боловч хичнээн үйлчлүүлэгч байсан болох, хэрхэн яаж цөөрсөн, Д.Э*******, Х.Б******* нарын хооронд үүссэн гэх маргаанаас үүдэн үйлчлүүлэгч цөөрсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

4.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* нь фэйсбүүкт харилцсан чатуудад үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдлаа.

5. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Х.Б*******д холбогдох эмчийн нэр төрийг сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай Д.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасан ба томилогдсон иргэдийн төлөөлөгч ирээгүй тул талуудын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Х.Б*******д холбогдох эмчийн нэр төрийг сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай Д.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

ШҮҮГЧИД Б.УНДРАА

Б.ЦОЛМОНГЭРЭЛ