| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00338/и |
| Дугаар | 152/ШШ2024/00323 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 152/ШШ2024/00323
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Гын,
Хариуцагч: УАМЭГт холбогдох,
УАМЭГрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Г,
Хариуцагч: УАМЭГрын дарга Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь УАМЭГgр жолоочоор ажилладаг. 2023 оны ээлжийн амралтаа 2023 оны 10 дугаар сард авсан ч манай байгууллага ганц жолоочтой8 ажлын зайлшгүй шаардлагын улмаас ээлжийн амралтаа хугацаандаа биеэр эдэлж чадаагүй тул Санхүү албан даргын зөвшөөрлөөр 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нөхөж амарсан. Гэтэл газрын дарга намайг амралттай байх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтэл хүлээлгэсэн. Иймээс тус шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ажлын шаардлагын улмаас эдэлж чадаагүй амралтаа биеэр эдэлсэн. Шалтгаангүйгээр ажил тасалсан зүйл байхгүй. Иймд УАМЭГрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлдээ 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаал гэж алдаатай бичсэн байна. Миний бие 2024 оны 1 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд болон 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажилдаа очоогүй нь үнэн. Энэ талаар маргахгүй. Гэхдээ дээрх хугацаанд миний бие ажлаа таслаагүй, харин 2024 оны 01 дүгээр сарын 02-05-ны өдрүүдийн хооронд ээлжийн амралтаа эдэлж байсан, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд эмнэлгийн магадлагаатай байсан. Мөн 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон хурал дээр даргын зүгээс ажлаас халлаа, тушаал гаргана гэж хэлсэн учраас ажлаас халагдсан гэж ойлгоод түлхүүрээ өгөөд явсан. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаартай нээлттэй сануулах сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулъя гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2023 оны 11 сард амралтаа авчихсан байж байтал Хулан эмчийн ажлаар бид нар бараг 10 гаруй хоногоор явсан. Үүний дараа Х, Б бид нар хойд талын сумаар 3,4 хоног явж ирсний дараа санхүү албаны дарга намайг та машинуудаа хүлээлгэж өгөхгүйгээр амралтаа авсан байна гэж хэлсэн. Миний нэр дээр 5,6 машин байдаг юм. Бүх машинуудаа хүлээлгэж өгчхөөд албаны дарга руугаа орж, би хэднээс хэдэн хүртэл амралтаа авах вэ гэж асуухад та 2023 оны 12 дугаар сарын 03-аас 2024 оны 1 дүгээр сарын 10 хүртэл авах юм байна гэж хэлсэн юм. Амралтын хугацаанд хагас сайн, бүтэн сайн ажлын 2 өдрийн амралтын өдрүүд, баярын өдөр ороод 2024 оны 1 дүгээр сарын 10 хүртэл амрах юм байна гэж хэлэхээр нь би хот яваад байж байтал 2024 оны 1 дүгээр сарын 2-нд Б албаны дарга ярихдаа Б.Г ах та хурдан ирээрэй, дарга таныг ингээд он дамжаад амарч байна гэж хэлээд байна гэж хэлж байна гэхээр нь би 2024 оны 1 дүгээр сарын 2-нд хотоос гараад, 3-нд ирээд, 2024 оны 1 дүгээр сарын 4-нд амраад, 2024 оны 1 дүгээр сарын 5-нд ажил дээр очсон. Энэ хугацаанд намайг ажил тасалсан гэж үзээд байгаа юм. Би болохоор албаны даргын хэлснээр амраад ирсэн юм. Би улсын байцаагч Гд хэлээд тайлангаа бүгдийг нь бичүүлээд Б гэдэг байцаагчийн компьютерт хадгалуулчихсан байсан. Үнэлгээний комисс нь хэзээ хуралдсаныг нь мэдэхгүй. Би 2024 оны 12 дугаар сарын 19-нд амралттай байсан хугацаанд хуралдаад Б.Г тайлангаа өгөөгүй юм байна гээд намайг 40, 50 хувьтай үнэлчихсэн байсан. Манай жижүүр Э надтай адилхан тайлангаа бичээгүй байсан. Тэгтэл Эыг орой 7 цагийн үед дуудан ирж, бичүүлээд 8,9 цагийн үед тайлангийн бичүүлж, хавсаргаад үнэлгээний алба руу оруулаад үнэлүүлээд гаргаад ирсэн. Тэгтэл надад юу ч хэлээгүй, таны тайлан хаана байгаа юм, бид нар хуралдах гэж байна, тайлангаа бичсэн юм уу, үгүй юм уу гэж огт асуугаагүй. 2024 оны 1 дүгээр сарын 2-оос 2024 оны 1 дүгээр сарын 05-ны хооронд дараалан 4 өдөр ажил тасалсан гээд байгаа юм. Албаны дарга амралтын хугацаагаа тодорхой ойлгуулаад хэлсэн бол би ажлаа таслахгүй ирэх байсан. 2024 оны 5 дугаар сарын 31-нд орсон байгууллагын хурал дээр бичсэн протокол дээр зөвхөн миний талаар ярьсан юм бичсэн, даргын ярьсан зүйлийг огт тэмдэглэлд тусгаж бичээгүй байсан. Ажилчид нярав Б бид хоёрыг ажлаас халахаар болж хамт олны хурлаар хэлэлцүүлж, нярав Б бид хоёрыг авч үлдэх юм уу, үлдэхгүй юм уу гэдгээ та нар бичиж санал өгөөрэй гэж байхад би ортол манай хамт олон бичихгүй, ямар учраас бид нар энэ хүний талаар гомдол бичих юм бэ, ямар хууль зүйн үндэслэл байгаа юм гэж хэлээд бүгд бичихгүй гараад явсан” гэв.
Хариуцагч Увс аймгийн МЭэгийн газрын дарга Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Г миний бие нь Төрийн албаны хууль, холбогдох журмын хүрээнд шалгуурыг ханган 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс УАМЭГрын даргаар томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч Б.Гын хүчингүй болгуулахаар дурдагдсан сахилгын шийтгэлүүдэд дараах тайлбарыг гаргаж байна. Б.Г нь нэхэмжлэлдээ УАМЭГрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дугаартай сахилгын шийтгэл ноогдуулах тушаалуудыг хүчингүй болгуулахаар дурдсан байна. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар Сахилгын шийтгэл: Манай байгууллагын жолоочоор (ариутгал халдваргүйтгэл, сантехникч) ажиллаж байсан Б.Г нь 2023 оны жил эцсийн ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.2, 123.3, 123.4, Байгууллагын дотоод журам, Байгууллагын үнэлгээний багийн хурлын тэмдэглэл, удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан 42.2. Ажилтан дараах үндсэн үүрэгтэй, 42.2.1. ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх; 42.2.9. ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах гэх үндсэн үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэн нээлттэй сануулах сахилгын шийтгэл ноогдуулах шийдвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар гаргасан болно. Шийдвэрийг гаргахдаа жолооч Б.Год 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн хариу тайлбарыг авсан. Хариу тайлбарыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагт ирүүлсэн. Ирүүлсэн тайлбарын он, сарыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж бичсэн ба өөрийн биеэр авч ирсэн. Б.Г нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу хийсэн ажлаа тайлагнаагүй. Тайланд эзэмшиж буй тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл, түүнийг засаж сэлбэсэн тухай, тээврийн хэрэгсэл хаашаа, хэнтэй хэдэн километр зам туулсан, зарцуулсан бензин шатахууны хэмжээ зэрэг өөрт хамаарах ажлыг тусгаагүй байна. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 Сахилгын шийтгэл: Манай байгууллагын жолоочоор (ариутгал халдваргүйтгэл, сантехникч) ажиллаж байсан Б.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 4 өдөр буюу 32 цагийг тасалсан тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4 дүгээр хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.2 хэсэг, Дотоод журмын 13 дугаар хэсгийн 13.5.2.1, Байгууллагын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хамт олны итгэл үзүүлэх хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан 42.2.2.хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэх үүргээ хангалтгүй биелүүлсний дээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын Хөдөлмөрийн НОЦТОИ ЗӨРЧИЛ-д (13.7.4 Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 2 өдөр, түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажлаагүй) зөрчлийг гаргасан ба ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тул хамт олны итгэл үзүүлэх саналын дүнг харгалзан үзэж жолооч Б.Год нэг удаагийн боломжийг олгон ажлаас халах шийтгэлийг хөнгөрүүлэн нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг ноогдуулах шийдвэрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 тушаалаар гаргасан болно. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байгууллагын 11 дүгээр дотоод хуралд газрын 14 алба хаагч оролцсон ба жолооч Б.Г, нярав Б.Б нарт хамт олны итгэл үзүүлэх эсэх санал асуулгад Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Б.Б, Улсын байцаагч Б.Г нар нэг удаа итгэх хүлээлгэх санал өгсөн бол бусад алба хаагчид итгэл үзүүлэх эсэх дээр санал өгөөгүй байна. Иймд тус 2 албан тушаалтны саналыг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан. Гаргасан зөрчлийн талаар Б.Год 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 65 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн ба хариу тайлбараа ирүүлсэн. Нэхэмжлэгч Б.Г 2023 онд батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажлын 20 хоногт амрахаар хуваарьтай байсан хэдий ч амралтаа хугацаандаа авалгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 хоног амрахаар амралтын хуудас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичүүлсэн. Байгууллагаас Б.Год олгох ээлжийн амралтын цалин олговрыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тооцон олгосон. Жолооч Б.Г нь Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын төслийн санхүүжилтэй судалгааны ажилд манай газрын мэргэжилтэн О.Х хамт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 8 хоног өөрийн хүсэлтээр ажилласан. Тодруулбал: 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 2 хоног Зүүнговь суманд, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал 2 хоног Улаангом суманд, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал 2 хоног Өлгий суманд, 2023 оны 11 дүгээр сарын 22ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал 2 хоног Давст сумдад ажилласан. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгууллагын ......... улсын дугаартай УАЗ фермер машиныг байгууллагын хашаанд байршуулаад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш амралтын хоногоо нөхөж амрахаар явсан. Энэ өдрөөс хойш ажлын 26 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа ирсэн. Жолооч Б.Гын амралтын 20 хоногийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцвол 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал амрахаар байна. Эндээс үзэхэд жолооч Б.Г нь 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 28-ны ажлын өдрүүдийг тасалсан зөрчил үүсэхээр байна. Нэхэмжлэлд дурдагдсан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл амрах зөвшөөрөл олгосон манай байгууллагын захиргаа санхүү албаны дарга нь дангаар шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш ба тухайн алба хаагчид он дамжуулан амралт эдлүүлэх шийдвэр гаргах нь Төрийн албаны болоод Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох юм. Тус ажил тасалсан 2024 оны 01 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд манай аймгийн Өлгий суманд хүн, мал амьтны зооноз халдварт галзуу өвчний тохиолдол гарсан ба хариу арга хэмжээ авах ажлын хэсгийг ажиллуулсан ба жолооч ажлаа тасалсны улмаас хариу арга хэмжээ тасалдах өвчин тархах эрсдэлийг үүсгэсэн. Иймд тус өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх шуурхай багийн автомашиныг байгууллагын нярав Б.Бээр бариулан тус суманд ажиллуулсан. Дээрх хугацаанд жолооч Б.Г нь ажил таслах болсон шаардлага, шалтгаанаа ямар нэг байдлаар илэрхийлээгүй болно. 2024.05.31-ны Б/29 дугаар Сахилгын шийтгэл: Манай байгууллагын жолоочоор (ариутгал халдваргүйтгэл, сантехникч) ажиллаж байсан Б.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажлын дараалсан 2 өдөр хүндэтгэн үдэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5 дэх хэсэг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар хэсгийн 13.5.2-ын 3, 13.7, 13.7.4, дэх заалт, Б.Гтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар хэсгийн 7.2.2.2, 7.2.2.2-ын б хэсгийг тус тус үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан 42.2.2.хөөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэх үүргээ хангалтгүй биелүүлсний дээр Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын Хөдөлмөрийн НОЦТОЙ ЗӨРЧИЛ-д (13.7.4 Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 2 өдөр, түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажлаагүй) зөрчлийг давтан гаргасан тул 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэлийг оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Жолооч Б.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байгууллагын 11 дүгээр дотоод хурал дээр хэлэлцэгдсэн нярав Б.Б, жолооч Б.Г нарт хамт олны итгэл үзүүлэх санал асуулгын дараа хамт олныхоо өмнө ажлаас чөлөөлөгдөх тухайгаа мэдэгдэж эзэмшиж байсан автомашины болон хашаа, гражийн хаалганы түлхүүрүүдийг Д.Г миний өмнө авч ирж тавиад ажлаас халах тушаалаа гаргаж өгөөд бусад хариуцуулсан эд хөрөнгөө хүлээн аваарай гээд хурлыг орхин гарсан. 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Б.Г нь миний албан өрөөнд орж ирээд ажлаас чөлөөлөх тушаал хурдан гаргаж өг би шүүх байгууллагаар явна чамайг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэх байдлаар хэл амаар дайрч давшлаад гарсан ба нийт 7 өдөр ажил таслаад ирсэн. Ирэхдээ 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны хүртэл өрдийн байдлаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэх эмчийн акт бичүүлсэн байдаг. Дээрх ажил тасалсан өдрүүдэд ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын ерөнхий байцаагч, МЭгийн ерөнхий газрын даргын баталсан МЭгийн үйлчилгээний нэгжид хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу төв байгууллагаас ирсэн байцаагч нартай хамтран 19 суманд үйл ажиллагаа явуулж байгаа 70 нэгжид хяналт хийх ажлаар 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 ажлын хэсэг ажилласан. Жолооч Б.Г ажлаа орхин явсан тул ажлын хэсгийн авто машинуудыг нярав Б.Б, байцаагч Б.Г нар жолоодон дээрх ажлыг гүйцэтгэсэн. Мөн жолооч Б.Год холбогдох сахилгын болоод ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол, мэдээлэл хамт ажилладаг алба хаагчдаас нэг бус удаа ирж байсан ба зарим тохиолдолд сахилгын болоод ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн байдал ажиглагдаж байсан ч тухайн асуудлыг өөрт нь ганцаарчлан болон хамт оны өмнө сануулан хэлж, шаардах байдлаар өнгөрдөг байсан. Зарим тохиолдолд хүний эрх чөлөө, нэр төрд халдсан ёс бус үйлдэл гаргаж байсан тохиолдол бий. Гаргасан зөрчил дутагдлаа ухаарахгүй хууль хяналтын байгууллагын нэрийг барин би яаж ч байсан шүүх миний талд шийдвэр гарган гэх байдлаар алба хаагчидтай болоод удирдлага надтай нэг бус удаа сүрдүүлэх байдлаар харьцаж байсан. Эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангадаггүй, засвар үйлчилгээг тухай бүрт нь хийдэггүйгээс хөдөө ажлаар явах бүрт эвдрэл гэмтэл үүсэн ажил саатах, зардал нэмэгдэх байдал нэг бус удаа гарч байсан. Дээрх сахилгын шийтгэлүүдэд холбогдох баримтуудыг тус бүрд нь хавсарган хүргүүлэв” гэжээ.
Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Г, УАМЭГрын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, УАМЭГрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаартай тушаал, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаал, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаал, УАМЭГрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Гын ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, УАМЭГрын ээлжийн амралт олгох тухай мэдэгдэлийн хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас тус газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 103 дугаартай тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Гын хариу тайлбар, УАМЭГрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай албан бичиг, МЭгийн газрын албан хаагчдын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хангалтгүй үнэлэгдсэн, цагийн таслалттай гарсан албан хаагчдад арга хэмжээ авах талаарх даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл 01, МЭгийн газрын албан хаагчдын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд үнэлгээ хийсэн үнэлгээний багийн хурлын тэмдэглэл 02, МЭгийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаартай тушаал, нэг болон хоёдугаар хавсралтын хамт, Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх хуудасны загвар, МЭгийн газрын албан хаагчдын 2023 оны жил эцсийн үр дүнгийн үнэлгээ, МЭгийн газрын жолоочийн 2023 оны тайлан, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, МЭгийн газрын Ариутгагч жолоочийн ажлын байрны тодорхойлолт, МЭгийн газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаал, МЭгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 65 дугаартай албан бичиг, МЭгийн газрын албан хаагчдын 2024 оны 01 дүгээр сарын ажлын цагийн тооцоо, МЭгийн газрын албан хаагчдын 2023 оны 12 дугаар сарын ажлын цагийн тооцоо, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Увс аймгийн Өлгий сумын галзуу өвчний тохиолдлын үед ажилласан илтгэх хуудас, МЭгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай дотоод хурлын тэмдэглэл, алба хаагчид хамт олны итгэл үзүүлэх санал авах хуудас №1, №2, МЭгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай дотоод хурлын тэмдэглэл, МЭгийн газрын жолооч Б.Гын ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, МЭгийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай тушаал, хавсралтын хамт, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн МЭгийн газрын мэргэжилтэн О.Хулангийн тайлбар, Зүүнговь, Улаангом сумдын малчидтай оролцоот эпидемиологийн аргачлалаар ярилцаж судалгаа хийж, малчдад чиглэсэн сургалт хийсэн ажлын тайлан, УАМЭГрын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дугаартай тушаал, УАМЭГрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай албан бичиг, МЭгийн газрын албан хаагчдын 2024 оны 5 дугаар сарын ажлын цагийн тооцоо, Б.Гын хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Б.Гын ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, МЭгийн ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/85 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэг, хоёрдугаар хавсралтын хамт, УАМЭГрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Б.Бын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №21 дугаартай томилолтын хуудас, тус газрын хяналтын улсын байцаагч Н.Бын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №20 дугаартай томилолтын хуудас, нярав Б.Бгийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №19 дугаартай томилолтын хуудас, МАЭМА-ын дарга Б.Бын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №18 дугаартай томилолтын хуудас, улсын байцаагч Б.Гын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №17 дугаартай томилолтын хуудас, МЭгийн газрын Дотоод журам, SN:ZDH0WBZK серийн дугаартай дугаартай хатуу дискийг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Б.Г нь УАМЭГт холбогдуулан, тус газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаартай тушаал, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаал, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. УАМЭГрын даргаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг гаргахдаа намайг 2023 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаа бичиж өгөөгүй, хангалтгүй үнэлэгдсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. 2023 оны 12 дугаар сард миний бие ээлжийн амралтын дутуу хоногоо нөхөн амарч байсан учраас байгууллагын үнэлгээний комисс хуралдаж, ажилтнуудын ажлыг үнэлэх гэж байгаа тухай мэдээгүй. Байгууллагаас надад энэ тухай мэдэгдээгүй учраас бичсэн тайлангаа бичгээр гаргаж өгч амжаагүй. Надад мэдэгдэхгүйгээр миний ажлыг хангалтгүй гэж үнэлсэн нь хуульд нийцэхгүй.
2.2. Хариуцагч УАМЭГрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар намайг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие ээлжийн амралтын хуваарийн дагуу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд ажлын 20 хоног амрах байсан боловч ажлын шаардлагаар амралтаа бүрэн эдлээгүй байсан. МЭгийн газрын Захиргаа, санхүү албаны дарга Б.Б намайг 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа эдлээрэй гэсэн учраас би ээлжийн амралтаа эдэлсэн. Гэтэл 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Б дарга яриад “газрын дарга таныг ажил тасаллаа, он дамнуулж амарлаа гэж байна”, яаралтай ирээрэй гэсэн учраас би Улаанбаатар хотоос 1 дүгээр сарын 03-ны өдөр гараад 1 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа очсон. Миний хувьд Б.Б дарга ээлжийн амралтаа эдэлж болно гэсэн учраас ээлжийн амралтаа эдэлсэн. Ажилтан он дамнуулан амарч болдоггүй гэдгийг би мэдээгүй. Манай байгууллагаас намайг та он дамнуулан амарч болохгүй гэж хэлсэн бол би ажилдаа очих байсан.
2.3. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар намайг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж буруутгаж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай байгууллагын хурал болж, дарга Д.Г ажилтнуудад жолооч Б.Г 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж ноцтой зөрчил гаргсан тул итгэл үзүүлэх эсэх саналаа өг гэж хэлсэн. Тус хурал дээр би газрын даргатай маргалдаж, тушаалаа гаргаад ажлаа хүлээж аваарай гэж хэлээд түлхүүрээ өгөөд гарсан. Дарга харин таныг халлаа гэж хэлсэн. Би ажлаас халагдлаа гэж бодсон. Зүрх дэлсээд, даралт ихсэж, эмнэлгээр явж байгаад 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тушаалаа гаргасан байх гэж бодоод ажил дээрээ очсон. Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас халагдсан гэж ойлгосон, дээрх асуудлаас болоод бие өвдсөн учраас ажилдаа очиж чадаагүй. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Бат-Үржихүй өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж, эмчлүүлсэн боловч эмнэлгийн магадлагааг нөхөж гаргахгүй гээд надад өгөөгүй” гэв.
3. Хариуцагч УАМЭГрын дарга Д.Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
3.1. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг гаргахдаа жолооч Б.Год 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн хариу тайлбарыг авсан. Хариу тайлбарыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагт ирүүлсэн. Б.Г нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу хийсэн ажлаа тайлагнаагүй. Тайланд эзэмшиж буй тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл, түүнийг засаж сэлбэсэн тухай, тээврийн хэрэгсэл хаашаа, хэнтэй хэдэн километр зам туулсан, зарцуулсан бензин шатахууны хэмжээ зэрэг өөрт хамаарах ажлыг тусгаагүй байсан. Иймд үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаа өгөөгүй, хангалтгүй үнэлгээ авсан тул нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
3.2. Б.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 4 өдөр буюу 32 цагийг тасалсан тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4 дүгээр хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.2 хэсэг, Дотоод журмын 13 дугаар хэсгийн 13.5.2.1, Байгууллагын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хамт олны итгэл үзүүлэх хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан 42.2.2.хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэх үүргээ хангалтгүй биелүүлсний дээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын Хөдөлмөрийн НОЦТОИ ЗӨРЧИЛ-д (13.7.4 Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 2 өдөр, түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажлаагүй) зөрчлийг гаргасан ба ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тул хамт олны итгэл үзүүлэх саналын дүнг харгалзан үзэж жолооч Б.Год нэг удаагийн боломжийг олгон ажлаас халах шийтгэлийг хөнгөрүүлэн нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг ноогдуулах шийдвэрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 тушаалаар гаргасан болно. Б.Г нь дээрх хугацаанд ээлжийн амралттай байсан гэж тайлбарлаж байгаа боловч ажилтан ээлжийн амралтыг тухайн ондоо багтаан эдлэх эрхтэй болохоос он дамнуулан ээлжийн амралт эдлэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй. Мөн Захиргаа, санхүү албаны даргын зөвшөөрснөөр ээлжийн амралт эдэлсэн гэж тайлбарлаад байгаа боловч тус албаны дарга нь ажилтанд ээлжийн амралт эдлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй юм.
3.3. Жолооч Б.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байгууллагын 11 дүгээр дотоод хурал дээр хэлэлцэгдсэн нярав Б.Б, жолооч Б.Г нарт хамт олны итгэл үзүүлэх санал асуулгын дараа хамт олныхоо өмнө ажлаас чөлөөлөгдөх тухайгаа мэдэгдэж эзэмшиж байсан автомашины болон хашаа, гражийн хаалганы түлхүүрүүдийг Д.Г миний өмнө авч ирж тавиад ажлаас халах тушаалаа гаргаж өгөөд бусад хариуцуулсан эд хөрөнгөө хүлээн аваарай гээд хурлыг орхин гарсан. 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Б.Г нь миний албан өрөөнд орж ирээд ажлаас чөлөөлөх тушаал хурдан гаргаж өг, би шүүх байгууллагаар явна, чамайг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэх байдлаар хэл амаар дайрч давшлаад гарсан ба нийт 7 өдөр ажил таслаад ирсэн. Ирэхдээ 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 08-ны хүртэл өрдийн байдлаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэх эмчийн акт бичүүлсэн байдаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Б.Г нь УАМЭГрын даргын 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар УАМЭГт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ариутгагч жолоочоор томилогджээ. Ажил олгогч байгууллага нэхэмжлэгч Б.Гтой 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд тухайн гэрээнд[1] нэхэмжлэгчийн ажлын байрыг Жолооч (ариутгал халдваргүйтгэл, сантехникч) гэж тэмдэглэжээ
4.2. Нэхэмжлэгч Б.Гыг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр УАМЭГрын “Үнэлгээний баг” хуралдаж, тус байгууллагын албан хаагчдын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд үнэлгээ хийсэн байх бөгөөд тухайн байгууллагын жолооч, харуул нар нь гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулдаггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг учраас тэдгээр албан хаагчдын үнэлгээг үйл ажиллагааны бичмэл тайланд үндэслэн дүгнэсэн тухай тэмдэглэжээ[2].
Ийнхүү дүгнэхдээ МЭгийн газрын жолоочийн 2023 оны тайлан гэх баримтад үндэслэн нэхэмжлэгч Б.Гын 2023 оны үйл ажиллагааны үр дүнг 65 хувьтай буюу хангалтгүй гэж үнэлсэн болох нь хэрэгт авагдсан “Албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх хуудасны загвар[3]”, УАМЭГрын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаал, түүний нэгдүгээр хавсралтаар тогтоогдож байна.
Улмаар УАМЭГрын даргын зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, тус газрын албан хаагчдын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хангалтгүй үнэлэгдсэн, цагийн таслалттай гарсан албан хаагчдад арга хэмжээ авах талаар хэлэлцсэн байх бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 19 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Б.Год өөрт хамаарах албан ажлаа хангалттгүй биелүүлсэн, 2023 оны сүүлийн хагас жилийн тайлангийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгджээ.
Нэхэмжлэгч Б.Г дээрх мэдэгдлийг хүлээж аваад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “өөрт хамаарах албан үүргээ хангалттай биелүүлсэн учир сахилгын шийтгэл ногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгатай тайлбар гаргасан ба хариуцагч УАМЭГрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Гыг өөрт хамаарах албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2023 оны сүүлийн хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн, хууль тогтоомжид заагдсан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хариуцагчийн зүгээс дээрх тушаалыг нэхэмжлэгч Б.Год хэзээ танилцуулсан, гардуулсан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагчаас энэ талаар тодруулахад “...Манай байгууллагын хурал 2 дахь өдөр болгоны 09:00 цагт болдог. Тухайн шийдвэр тушаалыг хурал дээр танилцуулсан боловч Б.Г хуралдаа ирээгүй. Надаас гарч байгаа тушаал, шийдвэр бүх зүйл албаны даргаар дамждаг. Надад хэлэхдээ Б.Год тушаал, шийдвэрийг өгсөн гэж хэлсэн” гэх тайлбар гаргасан.
Харин нэхэмжлэгч нь дээрх тушаалын талаар мэдээгүй байсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын сүүлээр мэдсэн гэх тайлбар гаргасан.
Хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2023 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнг тайлагнаагүй, хангалтгүй үнэлэгдсэн гэж маргаж байгаа бол нэхэмжлэгчийн зүгээс намайг ээлжийн амралттай байх хугацаанд байгууллагын үнэлгээний баг хуралдах гэж байгаа тухай надад мэдэгдээгүй, бичмэл тайлангаа өгөх тухай мэдэгдээгүй. Намайг оролцуулахгүйгээр, мэдэгдэхгүйгээр миний гарын үсэг зураагүй 2023 оны 10 дугаар сарын тайланд үндэслэн намайг хангалтгүй гэж үнэлсэн нь миний эрхийг зөрчсөн. Надад тайлангаа өг гэж мэдэгдсэн бол би Батбаяр байцаагчийн компьютер дээр бичээд хадгалсан байсан тайлангаа хэвлээд өгөх байсан гэж маргаж байна.
УАМЭГ нь мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болохын хувьд тус байгууллагын жолооч Б.Г нь Төрийн албаны тухай хуулийн 14.1.1 дэх заалтын дагуу төрийн үйлчилгээний албан хаагч байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчийн улирлын болон жилийн эцсийн ажлын үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх талаар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хэм хэмжээний актаар нарийвчлан зохицуулаагүй боловч УАМЭГрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2 дахь заалтад “…Төрийн үйлчилгээний албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсаны дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан газрын даргаар батлуулж ажиллана…”, 4.13 дахь заалтад “Төрийн үйлчилгээний туслах албан тушаалын албан хаагчдын ажлыг үнэлэх аргачлалыг газрын даргын тушаалаар баталж мөрдөнө” гэж тус тус заажээ.
Мөн тус хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.20 дахь заалтад ажилтан “ажлаа үнэлүүлэх, шагнал урамшил, тэтгэмж, тусламж хүртэх, нийгмийн баталгаагаа хангуулах талаар хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.16 дахь заалтад зааснаар “хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүү”-г хөдөлмөрийн эрхийн маргаан гэнэ.
Энэ тохиолдолд талуудын маргааны зүйл нь хариуцагч байгууллага ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг байлцуулахгүйгээр буюу түүнд мэдэгдэхгүйгээр 2023 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж, тайлангаа өгөөгүй гэх үндэслэлээр 65 хувьтай буюу хангалтгүй гэж үнэлсэн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэх талаар буюу УАМЭГ нь нэхэмжлэгчийн 2023 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхдээ байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг хэрэгжүүлсэн эсэх талаар байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан байна.
Иймд шүүхээс дээрх үйл баримтад үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас УАМЭГрын даргын 2024 ооны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгов.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Г нь УАМЭГ нь түүний 2023 оны жил эцсийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхдээ түүнийг байлцуулахгүйгээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэхгүйгээр түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэх маргаанаа Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
4.3. УАМЭГрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаал, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж буруутгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэв.
УАМЭГрын даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар тус газрын ажилтан, албан хаагчдын 2023 оны ээлжийн амралтын хуваарийг баталжээ. Тус хуваарийн дагуу нэхэмжлэгч Б.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд амрах хуваарьтай байсан боловч ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтыг биеэр бүрэн эдлээгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс тус газрын Захиргаа, санхүү албаны дарга Б.Бын зөвшөөрлөөр 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ээлжийн амралт эдлэхээр болсон, ээлжийн амралттай байх хугацаандаа Улаанбаатар хот явсан тул 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Захиргаа, санхүү албаны дарга Б.Б ажилдаа ор гэж дуудсаны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа ирсэн гэж тайлбарладаг.
Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн тус байгууллагын 2023 оны 12 дугаар сарын цагийн бүртгэлд нэхэмжлэгч Б.Гыг тухайн сард ажиллавал зохих 160 цагт бүрэн ажилласан гэж тэмдэглэсэн бол 2024 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэлд нэхэмжлэгч Б.Гыг ажиллавал зохих 22 өдрөөс 18 өдөр ажилласан, 35 цаг ажил тасалсан гэж бүртгэжээ.
Дээрх цагийн бүртгэлд үндэслэн ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 65 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн ба тус мэдэгдэлд “Ажлын цагаа баримтлахгүй 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 5-ны өдрүүдэд ажлын 32 цагийг тасалсан зөрчил дутагдал илэрсэн тул дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдээс ногдуулах үндэслэлтэй байна” гэжээ.
Улмаар 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр УАМЭГрын ажилтнууд хуралдаж, тус хурал дээр газрын даргаас тус байгууллагын жолооч Б.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд ажлын дараалсан 4 өдөр буюу 32 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тухай танилцуулж, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Год нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны дээрх хугацаанд албаны даргын зөвшөөрлөөр ээлжийн амралтаа эдэлж байсан, хэрвээ надад 2023 оны ээлжийн амралтаа 2023-2024 оны хооронд үргэлжлүүлэн эдлэх нь хууль бус гэдэг талаар мэдэгдсэн бол миний бие тухайн ондоо ээлжийн амралтаа эдлээд, 2024 оны 01 дүгээр сараас ажилдаа ирэх байсан гэж маргадаг.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Гыг 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан гэж үзсэн бол 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ээлжийн амралт эдэлсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, ажилтан ээлжийн амралтыг тухайн ондоо багтаан эдлэх эрхтэй болохоос 2023 оны ээлжийн амралтыг 2024 онд үргэлжлүүлэн эдлэх эрхгүй, мөн жолооч Б.Г ээлжийн амралтын дутуу хоногоо нөхөн эдлэх тухай албан ёсоор надад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй гэж буруутгаж, маргадаг.
Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй үйл баримтыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж маргаагүй.
Хавтаст хэргийн 58 дугаар талд УАМЭГрын албан хаагчдын 2024 оны 01 дүгээр сарын ажлын цагийн тооцоо гэх баримт авагдсан бөгөөд тус баримтыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бичиг хэргийн ажилтан Б.Билгүүн үйлдэж, УАМЭГрын дарга Д.Г гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулжээ.
Иймд хариуцагч УАМЭГрын дарга Д.Г нь нэхэмжлэгч Б. Ганболд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй үйл баримтыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар мэдсэн гэж үзнэ.
Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчаас ажилтан Б.Гын 2024 оны 01 дүгээр сард 32 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан эсэх үйлдэлд ямар шалтгааны улмаас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тухай тодруулахад “Манай захиргаа, санхүү, албаны дарга Б.Б Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын дотор арга хэмжээ авч болно гэдэг заалттай байдаг. Тэгэхээр та 6 сарын дотор багтаагаад арга хэмжээ авч болно гэж хэлсэн” гэх тайлбар гаргасан.
Тодруулбал, хариуцагч УАМЭГрын дарга Д.Г нь ажилтан Б.Гыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй үйл баримтыг 2024 оны 01 дүгээр сард мэдсэн боловч 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлах үүрэгтэй бөгөөд ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх хугацааг баримтлаагүй нь ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гыг 2024 оны 01 дүгээр сард ажлын 4 өдөр ажил тасалсан үндэслэлээр 3 сар 25 хоногийн дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Ажил олгогчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Б.Г 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 дүгээр сарын 05-ны өдрүүдийн хооронд ажил тасалсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.
4.4. Хариуцагч УАМЭГ нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Б.Гыг “2024 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсныг мэдэгдье” гэжээ.
Улмаар хариуцагчаас 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Б.Год хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/29 дүгээр тушаалыг гаргахдаа 2023 оны ажлын гүйцэтгэлээр хангалтгүй үнэлэгдсэн, 2024 оны 01 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд ажлын дараалсан 4 өдөр, 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-нд ажлын дараалсан 2 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын болон ноцтой зөрчлийг давтан гаргасан…” үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 78.1.9, 80.1.4, 123.1, 123.2, 123.2.5 дахь хэсгийг баримтлан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтад үндэлсэн нэхэмжлэгч Б.Гыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрүүдийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Тодруулбал, УАМЭГрын ажилтнууд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, тус хурал дээр нэхэмжлэгч Б.Г 2024 оны 01 дүгээр сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хурлын үеэр нэхэмжлэгч Б.Г, УАМЭГрын дарга Д.Г нар маргалдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид машины түлхүүр зэргийг өгөөд, хурлыг орхиж явсан болох нь хэрэгт авагдсан УАМЭГрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай дотоод хурлын тэмдэглэлээр[4] тогтоогдож байна.
Улмаар нэхэмжлэгчийн зүгээс “2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурал дээр газрын даргаас ажилтнуудын олонх нь таныг халах санал гаргавал хална гэсэн агуулгатай зүйл ярьсан” гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй.
Түүнчлэн, хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан тэмдэглэлээс үзвэл, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны үеэр УАМЭГрын дарга Б.Б “5 сарын 1-нд хяналт шалгалтын ажлаар 2 ажлын хэсэг хөдөө сумдаар ажиллана. Жолоочгүй яах вэ одоо” гэхэд МЭгийн газрын дарга Д.Г “Нярав Б.Б нэг ажлын хэсгийн жолоочоор яваарай. Нөгөө ажлын хэсгийн гишүүдээс нэг нь жолоо бариад явах болж байх шиг байна” гэх хариулт өгчээ.
Иймд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажил олгогчийн зүгээс ажилтанд сахилгын зөрчил давтан гаргасан учраас ажлаас халах тухай амаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Г нь өөрийгөө ажлаас халагдсан гэж ойлгосон учраас машины түлхүүр зэргийг газрын даргадаа хүлээлгэн өгсөн, улмаар 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халах тушаалаа авахаар очсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Ажил олгогчийн зүгээс ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан бол ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох үүрэгтэй.
Гэвч энэ тохиолдолд хариуцагч байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны зүгээс байгууллагын нийт ажилтнуудын хурал дээр нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах тухай танилцуулж, улмаар нэхэмжлэгчтэй маргалдаж, ажлаас халах шийдвэр гаргах тухай мэдэгдсэн учраас нэхэмжлэгч Б.Г өөрийгөө ажлаас халагдсан гэж ойлгосон үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг санаатайгаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 2 өдөр ажил тасалсан гэж буруутгасан ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй байна.
Түүнчлэн, ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Год 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсгийг тус тус баримталжээ.
Ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлээс харвал, хариуцагч нь нэхэмжлэгчийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын болон ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж буруутгаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан атлаа мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтан 2 буюу түүнээс дээш удаа сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг.
Харин ажил олгогчийн зүгээс ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд ажилтан заавал давтан зөрчил гаргасан байх эсхүл ноцтой зөрчил гаргасан байхыг шаардахгүй бөгөөд гагцхүү энэхүү шийтгэл нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон байх ёстой.
Тодруулбал, нэхэмжлэгчийн үйлдэлд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа мөн нөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчийг ажлын 2 өдөр дараалан санаатайгаар, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Ийнхүү шүүхээс хариуцагчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр болон 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл мөн үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УАМЭГраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан УАМЭГрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаал, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас УАМЭГрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА