| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/01119/И |
| Дугаар | 155/ШШ2024/00120 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М-ийн Б,
Хариуцагч: Нгийн Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай 155/2023/01119/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн,
Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Бөд холбогдуулан гэм хорын хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Н.Бөд зодуулж, тэр үедээ шинжилгээнд орсон баримт болон шинжээчийн дүгнэлтээр биедээ баруун эгэм, далны холбоосны урагдал, мөрний мултрал гэх гэмтлүүд авч хохирсон.
Эмчилгээний явцад мөрний мултрал гэмтэл нь ясны хугарал болох нь тодорхой болж энэ гэмтэл нь хүнд гэмтэлд хамаарах, даруй хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсны улмаас миний бие Улсын төв 2 дугаар эмнэлэгт эмчлүүлж, улмаар 2 дахь шатны хагалгаа хийлгэсэн. Ийм нөхцөлд надад гэмтэл учруулсан хүнтэй зууралдаж мөнгө төгрөг нэхэж байх цаг хугацаа байгаагүй ба Н.Б нь мөнгө төгрөгийн боломж байхгүй гэдгээр шалтаглан өнөөдрийг хүртэл ямар нэг төлбөр төлөөгүй. Анх шүүхэд гэм хорын хохиролд 17,680,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаа багасгаж 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хохиролтой холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн учраас би шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Үүнд: Эм, эмчилгээний зардалд 1,618,317 төгрөг, Мөрөнгөөс Улаанбаатар хот руу ирж очсон замын зардал 768,200 төгрөг, байр түрээсэлсэн түрээсийн зардалд 1,440,000 төгрөг, ялтас 800,000 төгрөг, бусад гарсан зардалд 373,663 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч М.Бтэй 2022 оны 12-р сарын 02-ны өдөр хамт төмөр буулгах ажил хийж байгаад маргаан үүсэж намайг хоолой боох үед нь арагш нь түлхэх үедээ гэмтэл учруулж үүний улмаас Эрүүгийн хэрэг үүсэж шалгагдан нийтэд тустай ажил хийх ял авч ажил хийж хариуцлага хүлээж дууссан. Хэдийгээр гэмтэл учруулах үед М.Бийн буруутай үйлдэл байсан хэдий ч би эрүүгийн хэрэг дээр ямар нэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр баримтаар тогтоогдсон бол зөвшөөрнө гэж байсан. Гэтэл эрүүгийн хэрэг шийдвэрлэх үед М.Б нь ямар нэгэн хохирлын баримт гаргаж өгөөгүй хэрнээ мөнгө нэхэмжилж байсан. Шүүхээс нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гарсан.
Нэхэмжлэгч М.Б нь гэмтэл учирсан цагаас эхлэн үндэслэлгүй 5 сая, 10 сая өг, манай хүүхэд эмч чамайг шоронд явуулна, хүүхдийнхээ туслалцаатайгаар би эмнэлэг эмчилгээ хийлгэж байна гэх мэтээр үл ойлголцол үүсгэж байсан тул би хохирол төлбөр төлж чадаагүй. Мөн тухайн гэмтлийг улсын эмнэлгээс ЭМД-ийн сангаас үнэ төлбөргүй эмчилгээ хийж миний бие эрүүгийн хэргийн шүүхээр орох үедээ ЭМДаатгалын санд /улсад/ эмчилгээний зардлыг нөхөн төлсөн.
Харин зарим эмчилгээ нь үнэхээр зайлшгүй хийгдэх эмчилгээ байсан уу, тухайн гэмтлийн улмаас хэрэглэсэн эмчилгээ хийсэн үү, үндэслэлтэй юу эсэх нь тодорхойгүй байдаг. Иймд одоогийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжилж байгаа төлбөрөөс 3,000,000 төгрөг дээр эвлэрчихэж болохгүй юм болов уу гэсэн саналтай байна. Хохирол төлбөрөөс нь төлөөгүй шалтгаан өөрт нь байгаа. Мөнгөө боломжоороо өгч байх гэхээр чи намайг доромжиллоо гээд хэл үгээр дайрч ярилцах ямар ч боломж өгдөггүй. Нэг бол нэхсэн мөнгө нь өсөөд 5 сая, 10 саяыг өг гээд тохиролцож чадахгүй өдийг хүргэсэн. ...Нэхэмжилсэн хохирол төлбөрөөс хэрэв хугацаа олгоод 2024 оны 11 сард багтааж төлж болно гэвэл 4,000,000 төгрөгийг, 2024 оны 6 сард багтааж өгч болно гэвэл 3,000,000 төгрөгийг өгч эвлэрэх хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч нь энэ саналыг хүлээж авахгүй гэсэн тул шүүхийн шийдвэр гаргуулах хүсэлтэй байна.
...Хохирол төлбөрт нэхэмжилж байгаа Мөрөн сумаас Улаанбаатар хот руу ирж очсон замын зардал, ялтасны үнэ зэргийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байгаа тул нийт нэхэмжилсэн хохирлоос 2,000,000 төгрөгийг төлнө. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банк дахь ***** дугаартай М-ийн Бийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, улсын хоёрдугаар төв эмнэлгийн баримтад Улсын хоёрдугаар төв эмнэлгийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, НӨАТ-ын баримтын хуулбарууд, НӨАТ-ын баримт, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагаа багасах тухай хүсэлт, итгэмжлэгдсэн төлөлөөгчөөс татгалзаж өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, хүсэлт өвчний түүхийн хуулбар, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудасны хуулбар, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн тухай тэмдэглэлийн хуулбар, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, гэрэл зураг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/986 дугаартай эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1224 дугаартай Э.****т олгосон итгэмжлэл, шүүх хуралдааныг хойшлуулах тухай, улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмнэл зүй болон бусад лабораторийн шинжилгээтэй харьцуулах эмчлэгч эмчийн зөвлөгөөний хуудас, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоолгох тухай хүсэлт, түрээсийн гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд, Хаадууд Дамдинсүрэнгийн Б- иргэний үнэмлэхийн хуулбар, нөатын баримтууд, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/28 дугаартай эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, эрүүл мэндийн дэвтэр, (хавтаст хэргийн 2-30, 41-69, 82, 93-95, 109-118, дугаар хуудас)
Хариуцагчаас бичгээр гаргасан хариу тайлбар, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Н.Бөөс, Д.Нд олгосон 0353 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 36, 66 дугаар хуудас)
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Бөд холбогдуулан гэм хорын хохирол 17,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх хуралдаанд тэрээр хариуцагчаас гэм хорын хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Бөд зодуулсны улмаас эгэм далны холбоос ясны урагдал бүхий хүндэвтэр гэмтэл авч улмаар уг гэмтэл нь даамжирч ясны хугарал болсон. Энэ гэмтлийн улмаас Улаанбаатар хотод 2 удаа хагалгаанд орсонтой холбогдон гарсан зардал 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилж шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Эм, эмчилгээний зардалд 1,618,317 төгрөг, Мөрөнгөөс Улаанбаатар хот руу ирж очсон замын зардал 768,200 төгрөг, байр түрээсэлсэн түрээсийн зардалд 1,440,000 төгрөг, ялтас 800,000 төгрөг, бусад гарсан зардалд 373,683 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Тус хэрэг нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж шүүхээс зохих ёсны ял шийтгэлээ эдэлсэн. Нэхэмжлэгчийн авсан гэмтэл нь тухайн үед үүссэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтгүй. Гэсэн хэдий боловч хохирол төлбөрт нэхэмжилж байгаа Мөрөн сумаас Улаанбаатар хот руу ирж очсон замын зардал, ялтасны үнэ зэргийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байгаа тул нийт нэхэмжилсэн хохирлоос 2,000,000 төгрөгийг төлнө гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар хариуцагч Н.Б нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.Бтэй бусдын тээврийн хэрэгслийн эд зүйл зөвшөөрөлгүй авлаа гэх шалтгаанаар маргалдаж түлхэн дээрээс нь дарж унаснаас болж эгэм далны холбоосны урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 27-29 дүгээр тал/.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч М.Бийн биед эгэм далны холбоосны урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсанд зохигч маргаагүй.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэл буюу мөр ба бугалгын хугарал нь тухайн үед үүссэн эсэх нь тодорхойгүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон, хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч М.Бийн биед гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.
Тиймээс хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.Бэд учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, эдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй юм.
Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч М.Бэд буруутай этгээдээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хохирол нэхэмжлэх эрх үүснэ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Тодруулбал хариуцагч Н.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.Бийн биед эгэм далны холбоосны урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан, тэрээр 2022 оны 12 дугаар сарын 13, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд Улсын төв 2 дугаар эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч, зохих эмчилгээ, хагалгааг хийлгэсэн үйл баримт тогтоогдлоо.
Иймд нэхэмжлэгч М.Б нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг нотлох үүднээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж хагалгаанд орсон өвчний түүх болон эрүүл мэндийн дэвтэр, Улаанбаатар хотод очиж байр түрээслэсэн гэх түрээсийн гэрээ, бусад зардлаа нотлохоор нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын болон бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбаруудыг нотлох баримтаар гарган өгчээ.
Хэрэгт нотлох баримтаар гаргасан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн өвчний түүх, мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл зарим төрлийн хиймэл цорго сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн тухай тэмдэглэл, хяналтын хуудасны баримтуудын хуулбар, Нармандах гэх бүртгэлээр төлбөрийн и баримтуудыг бүртгэсэн баримтуудын хуулбар, зардал, банк, эм, бензин, хүнс гэх тайлбартай и баримтууд нь бүдэг, үнийн дүн нь гаргацгүй, бичвэр нь уншигдахгүй, эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр хуульчилсан энэхүү шаардлагыг хангаагүй байна. (хавтаст хэргийн 7-23, 25-26, 42-65 дугаар хуудас)
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээслүүлэгч н.Баасандорж, түрээслэгч М.Б нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч 2022 оны 12 дугаар сарын 16, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдийн бэлэн мөнгөний орлогын баримтад тэмдэг дарагдаагүй учир мөн нотлох баримтын шаардлага хангаагүй. (хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас)
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зохигч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болохоор хуульчилсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд 2,000,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Н.Бөөс 2,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Бөөс гэм хорын хохирол 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 (гурван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Н.Бөөс 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Р.САРАНТУЯА