| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/01084/И |
| Дугаар | 155/ШШ2024/00075 |
| Огноо | 2024-01-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2024/00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч С-гийн Б,
Хариуцагч: Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компани
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоот дахь 2 өрөө 56 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах тухай нэхэмжлэлтэй 155/2023/01084/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн
(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоот дахь 2 өрөө 56 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 4 дүгээр сард Ш.Г ХХК-тай гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байрны ****2 өрөө 56м2 орон сууцыг худалдан авахаар тохиролцож, төлбөр 58.800.000 (тавин найман сая найман зуун мянга) төгрөгийг 100% төлж, 2019.04.26-ны өдөр 2019/**** тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээнд тохиролцсоны дагуу 2019 оны 3 дугаар улиралд багтаан байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр заасан боловч өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээж аваагүй байна.
Би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад Ш.Г ХХК гэрээний үүргээ үл биелүүлж орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй байна.
Иймд С-гийн Б намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байрны ****2 өрөө 56м2 орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг Ш.Г ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанитай Орон сууц захиалгын гэрээ байгуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт баригдаж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын орон сууцны буюу *** дүгээр байрны ****2 өрөө 56 м2 орон сууцыг 1 м2 үнийг 1,050,000 төгрөгөөр тооцож нийт 58,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байрны төлбөр 58,800,000 төгрөгийг бүрэн төлсөн ба хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компани нь гэрээ ёсоор 2019 оны 3 дугаар улиралд багтаан байрыг ашиглалтад оруулахаар байсан боловч энэ хугацаанд байр ашиглалтад ороогүй. 2022 онд 10 дугаар сараас эхэлж айлууд орон сууцандаа орж эхэлсэн ба С.Бгийн захиалсан байрны дулааны болон усны холболтын ажил хийгдээгүй байснаас шалтгаалан 2023 оны 8 дугаар сард байрандаа орсон.
Нэхэмжлэгч нь уг байрыг улсын комисс хүлээж авсны дараа орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлээд авчихаж болох байх гэж байтал тухайн байрыг бүхэлд нь Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Алаг **** банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавьсан, шүүхэд уг барьцаа хөрөнгөтэй холбоотой маргаан хянагдаж байгааг мэдсэн.
Иймээс нэхэмжлэгч С.Б нь өөрийн эрх ашиг, өмчөө хамгаалахын тулд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах **** тоот 2 өрөө 56 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба энэ нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл 1 хуудас, Байчууд С-гийн Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №2019/**** дугаартай Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, улсын бүртгэлий гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хас банкны төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 хуудас, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С.Бгээс Б.Эд олгосон 0****2 дугаартай итгэмжлэл 1 хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах тухай хүсэлт 1 хуудас, Мөрөн сумын Уран дөш багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, айл өрхийн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас, ахуйн хэрэгцээнд дулааны эрчим хүч ашиглалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг (хавтаст хэргийн 2-9, 19-21, 27, 44-54 дүгээр хуудас)
Хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дугаартай захирал З.****өөс дэд захирал З.Гд олгосон итгэмжлэл 1 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.****нийн 2023 оны 12 дугаар сарын 13, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 2 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.****нийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт 1 хуудас, Ш.Г ХХК-ийн захирал З.****ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.****нийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулах тухай цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 14, 26, 35, 61, 78 дугаар хуудас) тус тус шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байрны *** 56 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах *** дүгээр байрны *** 56 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Б мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанитай Орон сууц захиалгын гэрээ байгуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт баригдаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын орон сууцны буюу *** дүгээр байрны ****2 өрөө 56 м2 орон сууцыг 1 м2 үнийг 1,050,000 төгрөгөөр тооцож нийт 58,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож үнийг мөн өдрөөр шилжүүлэн өгсөн. Гэрээ ёсоор хариуцагч компани нь 2019 оны 3 дугаар улиралд багтаан байрыг ашиглалтад оруулахаар байсан боловч энэ хугацаанд байр ашиглалтад ороогүй ба 2023 оны 8 дугаар сард байрандаа орсон.
Хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тухайн орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавьсан, шүүхэд уг барьцаа хөрөнгөтэй холбоотой маргаан хянагдаж байгааг мэдсэн.
Иймээс нэхэмжлэгч нь өөрийн эрх ашиг, өмчөө хамгаалахын тулд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах **** тоот 2 өрөө 56 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Зохигч 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ. (хх-ийн 3-5 дугаар хуудас)
Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байрны ****2 өрөө 56м.кв байрны орон сууцыг нийт 58,800,000 төгрөгийн өртөгтэйгээр нийлүүлэх, 100% төлбөр хийсэн хөрөнгө оруулагчид байрыг хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах, эрхийн бичгийг олгох,
Захиалагч буюу нэхэмжлэгч С.Б нь гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж бүрэн барагдуулах, байрыг авах эрхийн бичиг авснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, гэрчилгээ авахтай холбогдон гарах зардлыг өөрөө хариуцах нөхцлийг тус тус харилцан тохирсон байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч С.Б нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т тус тус зааснаар гэрээний нийт үнэ болох 58,800,000 төгрөгийг 100% өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан бөгөөд тэрээр энэхүү гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хас банкны *** дугаартай хадгаламжийн данснаас гүйлгээ хийгдсэн баримт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.(хавтаст хэргийн 7 дугаар хуудас)
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөс тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд С.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах **** тоот 2 өрөө 56 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгуулах тухай шаардлага гаргасан нь үндэслэлтэй.
Иймд худалдан авагч буюу нэхэмжлэгч С.Б нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул худалдагч буюу хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн буюу нэхэмжлэгч С.Бгийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг *** дүгээр байр (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууц)-ны байрны ****2 өрөө 56м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч С.Бгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,150 (таван зуун хорин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 522,150 (таван зуун хорин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгохоор тогтов.
Нэхэмжлэгч нь миний худалдан авсан байрыг бүхэлд нь банк бусад зээлийн барьцаанд тавьсан, хариуцагч уг зээлээ төлөхгүй байгаагаас улсын бүртгэл хийгдэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад олгуулахгүй гэж тайлбарласан боловч түүнтэй холбоотой холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн авсан талаар хариу мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар тэрээр хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бг Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар баг, *** дүгээр байрны 6 дугаар давхар 27 тоот дахь 56.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, тус орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч С.Бгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ш.Г хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*****нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,150 (таван зуун хорин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г хязгарлагдмал хариуцлагатай компаниас 522,150 (таван зуун хорин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Б