Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/03252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоот, Ю******* ф******* ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоот, ******* тоот хаягт оршин суух, Б*******гийн Б******* /РД: *******/,

Хариуцагч: ****** тоот, ******* тоот хаягт оршин суух, Д*******ийн Э******* /РД: / нарт холбогдох

276,325,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц,

Хариуцагч Б.Б*******,

Хариуцагч Д.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ю******* ф******* ******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2021 оны 07 сарын 01-ний өдөр дугаартай зээлийн гэрээг зээлдэгч Б.Б*******, Д.Э******* нартай байгуулсан.

Уг гэрээгээр 150,000,000 төгрөгийг 30 хоногийн 2,5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэй харилцан тохиролцон зээлдүүлсэн ба 150,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 01-ний өдөр олгосон.

Дээрх зээлийн барьцаанд ******** тоот хаягт байршилтай 36.73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ****** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан.

Зээлдэгч нар эхний 4 сарын хүүг зохих ёсоор хуваарийн дагуу сар бүр 3,750,000 төгрөгийг төлж байсан бөгөөд 2022 оны 03 сараас эхлэн зээлийн хүүгээ төлөөгүй ба 2022 оны 09 сарын 13-ны өдөр 2022 оны 09 сарын 16-ны өдөр тус бүр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийг төлснөөс хойш зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

Иймд зээлдэгч Б.Б*******, Д.Э******* нараас 2023 оны 10 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 80,250,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,825,000 төгрөг, нийт 247,075,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох ******* тоот хаягт байршилтай 36.73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ******* тоот хаягт байршилтай, 84.9 м.кв 2 өрөө орон сууцуудыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан.

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 10 сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нарын төлөх ёстой байсан үндсэн хүү 24,375,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,875,000 төгрөг, нийт 29,250,000 төгрөгөөр шаардлагаа ихэсгэсэн.

Иймд хариуцагч Б.Б*******, Д.Э******* нараас зээлийн гэрээний дагуу нийт 276,325,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Э******* нь Б.Б*******тэй хамтарч Ю******* ф******* *******-тай 2021 оны 07 сарын 01-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 30 хоногийн 2,5 хувийн хүүтэй, 150,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж авсан.

Зээлийн барьцаанд ****** тоот хаягт байршилтай 36.73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ******* тоот хаягт байршилтай, 84.9 м.кв 2 өрөө орон сууцуудыг тус тус барьцаалсан.

Энэхүү зээлийг үеэл эгчийн нөхөр Б.Б*******ийн гэр бүлийн хувийн бизнест зарцуулсан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бизнесийн хүрээнд ***** нутаг дэвсгэрт баригдах орон сууцны төслийг дэмжих зорилгоор уг санхүүжилтэнд зориулж авч байсан.

Зээлдэгч бидний зүгээс эхний 4 сарын хүүг зохих ёсоор төлж нийтдээ 15,000,000 төгрөг төлсөн. 2022 оны 03 сараас эхлэн зээлийн хүү, төлбөр төлөх нөхцөл бололцоо байхгүй болж эхэлсэн. Учир нь 2022 онд барилгын төсөлд хөрөнгө оруулалт оруулах компанитай байгуулсан гэрээний хэрэгжилт удааширч цаашид гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болж ирсэн.

Улмаар 2022 оны 09 сарын 13, 16-ны өдрүүдэд тус бүр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн.

Мөн 2023 онд уг барилгын төсөлд хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулах байсан боловч удааширч төсөлд хөрөнгө оруулалт зогссон. Ю******* ф******* *******-аас 2023 оны 05 сарын 26-ны өдөр дугаартай албан бичгээр зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү төлөх тухай албан бичгийг хүлээн авсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 247,075,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б******* миний бие Д.Э*******тэй хамтарч Ю******* ф******* ******* ХХК-тай 2021 оны 07 сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30 хоногийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 150,000,000 төгрөгийг зээлсэн.

Зээлийн гэрээний үүрэгт Д.Э*******гийн өмчлөлийн ****** тоот хаягт байршилтай 36.73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ****** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв 2 өрөө орон сууцуудыг барьцаалсан.

Гэрээний дагуу эхний 4 сарын хүүг зохих ёсоор төлсөн ба нийт 15,000,000 төгрөг төлсөн.

Энэхүү зээлийг гэр бүлийн бизнест зарцуулсан ба ****** бүхий барилгын ажлыг 2021 оны 04 сард эхэлж уг барилгад зарцуулсан. Барилгын ажилд 700,000,000 төгрөг зарцуулсан бөгөөд суурийн ажлыг 2021 оны 12 сард дуусч тухайн оны өвөл ажил зогссон.

2022 оны 09 сарын 13, 16-ны өдрүүдэд тус бүр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн.

2023 онд уг барилгын төсөлд хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулах байсан боловч удааширч төслийн хөрөнгө оруулалт зогссон. Ю******* ф******* *******-аас 2023 оны 05 сарын 26-ны өдөр бичгээр зээл төлөх мэдэгдэл хүлээн авсан ба санхүүжилт зэрэг тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой зээл төлөлт зогссон бөгөөд зээлийн төлбөрийг төлөхгүй гэж байгаагүй. Ю******* ф******* ******* ХХК-тай зээл төлөхтэй холбоотой байнгын харилцаатай байсан.

Энэ зээлийг яг зориулалтынх нь дагуу зарцуулсан. Д.Э******* энэ мөнгөнөөс огт ашиглаагүй, тухайн үед барьцаа хөрөнгийн эзэн гэдгээрээ гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Д.Э******* гадагшаа сургуульд явах гэж байгаа тул шүүхийн шийдвэрээр өртэй байж болохгүй болоод байна. Хүний амь, амьдралтай холбоотой тул Д.Э*******г хариуцагчаас хасвал тухайн зээлийн төлбөрийг би төлнө.

Санхүүжилт сонгуультай холбоотой хойшилсон бөгөөд бид барилгын ажлаа эхлүүлэн төсөл дуусч ашиг гарах үед уг мөнгийг төлөх бүрэн боломжтой гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХК нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Д.Э*******, Б.Б******* нарын зээл хүссэн өргөдөл,

2021 оны 07 сарын 01-ний өдрийн дугаар бүхий зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 07 сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,

Ю******* ф******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансны 2021 оны 07 сарын 01-ний өдрийн хуулга, мөн уг дансанд хариуцагч нар зээлийн хүү төлсөн баримт, зээлийн хүүгийн тооцоололууд, хариуцагч нарын зээлийн хүү төлсөн баримт зэргийг ирүүлсэн байна.

Хариуцагч Д.Э******* нь итгэмжлэл, хариу тайлбарууд, хариуцагч Б.Б******* нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбаруудыг тус тус ирүүлсэн болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК нь хариуцагч Д.Э*******, Б.Б******* нар холбогдуулан 247,075,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

/2023 оны 10 сарын 05-ны өдрийн байдлаар:

Үндсэн зээл 150,000,000 төгрөг,

Зээлийн хүү 80,250,000 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 16,825,000 төгрөг, нийт 247,075,000 төгрөг/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК нь 2023 оны 10 сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 24,375,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,875,000 төгрөг, нийт 29,250,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн үндсэн зээл 150,000,000 төгрөг,

Зээлийн хүү 104,625,000 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 21,700,000 төгрөг, нийт 276,325,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Б.Б*******, Д.Э******* нар нь Юнайтеп ф******* ******* ХХК-тай 2021 оны 07 сарын 01-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 150,000,000 төгрөгийг 30 хоногт 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн зээлдэгч Д.Э******* нь зээлдүүлэгч Ю******* ф******* ******* ХХК-тай 2021 оны 07 сарын 01-ний өдөр тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн ****** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, ******* тоот хаягт байршилтай, 36.73 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дугаар бүхий барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 10-17 дугаар тал/

******** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, ******** тоот хаягт байршилтай, 36.73 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц нь хариуцагч Д.Э*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 14-17 дугаар тал/

Зээлдүүлэгч Ю******* ф******* ******* ХХК нь зээлдэгч нарт 2021 оны 07 сарын 01-ний өдөр Э*******, Б******* нарт зээл олгов гэсэн гүйлгээний утгатай 150,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон нь зээлдүүлэгч талын Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд зээлдэгч тал уг мөнгийг зээлэн авсан талаараа маргаагүй.

/ХХ-ийн 18, 100 дугаар тал/

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Ю******* ф******* ******* ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Б.Б*******, Д.Э******* нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Ю******* ф******* ******* ХХК-ийн зээлдэгч Б.Б*******, Д.Э******* нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч Б.Б*******, Д.Э******* нар нь 2021 оны 07 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт:

2021 оны 08 сарын 02-ны өдөр зээлийн хүү 3,750,000 төгрөг,

2021 оны 09 сарын 21-ний өдөр зээлийн хүү 3,750,000 төгрөг,

2021 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн хүү 3,750,000 төгрөг,

2021 оны 11 сарын 08-ны өдөр зээлийн хүү 3,750,000 төгрөг,

2022 оны 09 сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг,

2022 оны 09 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг,

2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг төлсөн нь зээлдүүлэгч талын Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансны хуулгаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 19, 83, 100-107 дугаар тал/

2021 оны 07 сарын 01-ний өдрийн тоот зээлийн гэрээний 1.3-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү бусад төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх баталгаа болгож зээлдэгч нь энэхүү гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох барьцааны гэрээг зээлдүүлэгчтэй байгуулна

2.5-д Зээлийн хүү, зээлийг зээлдэгчид зээлийг олгосон өдрөөс эхлэн зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд үндсэн зээлийн дүнгийн үлдэгдэлд хуанлийн 30 хоногт 2,5 хувиар бодно,

2.6-д Зээлдэгч үндсэн зээл ба хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлдүүлэгчид төлнө. Хэрэв төлбөр хийх өдөр нь бямба эсвэл ням гаригт, эсвэл нийтээр амрах баярын өдөр таарвал дараагийн ажлын эхний өдөр төлбөрийг хийнэ,

2.9-д Зээлдэгч үндсэн зээл , хүүг энэхүү гэрээнд заасан хавсралт 1-ийн дагуу хугацаанд нь зохих ёсоор төлж чадаагүй бол зөрчил гарсан өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох ба түүний хэмжээ нь 2.5-д заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. Нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний дагуу төлөх бүх төлбөрийг бүрэн төлж барагдуулах эсвэл зээлдүүлэгчийн зөвшөөрсний дагуу зөрчлийг арилгаж, зээлдэгч энэхүү гэрээнд заасан зөрчлийн байдлаас гарах хүртэл тооцно,

2.10-т Зээлдүүлэгч зээлдэгчид энэхүү гэрээний 4.3-т заасны дагуу зээлийг даруй төлөхийг шаардсан мэдэгдэл өгсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тийнхүү мэдэгдэл өгсөн өдрөөс эхлэн тооцох бөгөөд түүний хэмжээ нь 2.5-д заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. Нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний дагуу төлөх бүх төлбөрийг бүрэн төлж барагдуулах эсвэл зээлдүүлэгчийн зөвшөөрсний дагуу зөрчлийг арилгаж, зээлдэгч энэхүү гэрээнд заасан зөрчлийн байдлаас гарах хүртэл тооцно гэж тус тус заасан байна.  

Зээлдэгч Д.Э******* тухайн зээлийн гэрээний дагуу зээлэн авсан 150,000,000 төгрөгөөс зарцуулаагүй гэх боловч тэрээр уг зээлийн гэрээний дагуу хариуцлага хүлээхээр хүлээн зөвшөөрч үүнийгээ баталгаажуулсан тул тэрээр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

/ХХ-ийн 7-14 дүгээр тал/

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,

21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байна.

Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд 2022 оны 09 сарын 13, 16, 2022 оны 10 сарын 25-ны өдрүүдэд төлсөн нийт 8,000,000 төгрөгийг үндсэн зээл 150,000,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлгүй.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн.

Зээлдэгч тал ковид 19 цар тахлаас үүдэлтэй хүнд нөхцөл байдалд орсон гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй ба өөрөөр хэлбэл цар тахлаас үүдэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд авсан эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтаа ирүүлээгүй.

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 07 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний 4.1-т Гэрээнд заасан нөхцлийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг хугацаанд нь төлөхийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд зээлдэгч нар зээлдүүлэгч талаас 2023 оны 05 сарын 26-ны өдрийн дугаар бүхий зээл төлөх мэдэгдэл бичгээр хүлээн авч байсан тухайгаа тайлбарласнаас гадна зээлдэгч буюу хариуцагч Б.Б******* зээл төлөх мэдэгдэл авч байсан талаараа шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Зээлдэгч Б.Б*******, Д.Э******* нар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК-тай 2021 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 104,625,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,700,000 төгрөг, нийт 276,325,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б*******, Д.Э******* нараас 276,325,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б*******, Д.Э******* нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Э*******гийн өмчлөлийн ******** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, ******** тоот хаягт байршилтай, 36.73 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай иргэн Б.Нын банк дахь дансанд 2023 оны 01 сарын орчим 3,000,000-4,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй тул зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй.

Мөн хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК нь ТМ-ТВ нэртэй телевизын сувгаар түүний нэр, регистрийн дугаарыг дурьдан зээлээ төл хэмээн нэр хүндэд нь халдсан гэх бөгөөд энэ талаарх хүсэлтээ холбогдох газар нь хандан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б*******, Д.Э******* нараас 276,325,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б*******, Д.Э******* нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Э*******гийн өмчлөлийн ********, ******* тоот хаягт байршилтай, 84.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, ******** тоот хаягт байршилтай, 36.73 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтан нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,767,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******, Д.Э******* нараас 1,609,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю******* ф******* ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН