Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 103

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч К.*******

насанд хүрээгүй шүүгдэгч М. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас******* овогт *******ийн т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080573 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс *******, бага боловсролтой, мэргэжилгүй,******* дугаар ангид сурдаг, ам бүл  8,  эцэг, эх, ах, дүү нарын хамт ******* оршин суух,  регистрийн ******* дугаартай,******* овогт *******ийн нь насанд хүрээгүй буюу 11 настай Х.тэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө байрны доор байрлах авто гражийн цонхоор нь нэвтрэн орж 70-33 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Ггийн монетон ээмэг, монетон бөгж, 2 ширхэг гар утас, бэлнээр 1.700.000 /нэг сая долон зуун мянган/ төгрөг зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч М.т эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй шүүгдэгч М. нь бага насны Х.тэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо, 34 дүгээр байрны доорх гражийн цонхоор нэвтэрч 12 дугаар зогсоолд байрлаж байсан 70-33 УНМ улсын дугаартай Тоёота премио  маркийн тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж хохирогч Гд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч М. мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч К.Айгүлийн өгсөн: “Гадуур явахгүй байх, сургуульдаа явж байгаад нь хяналт тавьж байгаа. 1.000.000 төгрөг авсан байсныг нь гэдэг хүүхэд авч явсныг дараа нь буцааж өгсөн. Өөр мөнгө нэмж төлөөгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ггийн өгсөн: “бэлнээр 1.700.000 төгрөг, ээмэг, бөгжний хохирол байгаа, 560.000 төгрөгний хохирол авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх хохирол байхгүй. ” гэх мэдүүлэг, /2хх-ийн 81 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын өгсөн: “Тухайн үед орлогын мөнгө болох 2.000.000 орчим байсан учир би 2.000.000 төгрөг гэж мэдүүлсэн юм. Би яг 2.000.000-1.700.000 төгрөг үү гэдгийг нь нарийн хэлж мэдэхгүй ээ. Манай эхнэрийн зүүсэн ээмэг нь хайраад байна гээд алдагдсан түрийвчнийхээ голын цахилгаантай хэсэгт нь монетон бөгж, ээмгээ хийсэн. Үүнийгээ шинэ жилээр зүүх гэж байгаад мэдсэн. Мөн машины голын хайрцаг дотор байсан муухан ажилладаг, маркийг нь хэлж мэдэхгүй цэнхэр өнгөтэй утас байсан нь алга болсон байсан ч хэрэглэхгүй байсан учир би мэдүүлэг өгөхдөө хэлээгүй юм аа” гэх мэдүүлэг, /хх-ийн 213-214 дүгээр тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 37-38 дугаар тал/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 246 дугаар тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 83 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тус тус заажээ.

Гэтэл Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь насанд хүрээгүй шүүгдэгч М.ийн 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бага насны Х.тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлан тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдохоор заасан гэмт хэргийг, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргээр  ангилан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын дээд хэмжээ нь хүндэрсэн, хорих ялаас өөр төрөл хэмжээний ялгүй, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт гарган түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч М.ийн үйлдсэн гэмт хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчлэн түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч М.т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, насанд хүрээгүй шүүгдэгч М. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж.

Насанд хүрээгүй шүүгдэгч М.ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзэж түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хяналт тавихыг Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх тасагт даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч******* овогт *******ийн т Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Насанд хүрээгүй шүүгдэгч******* овогт *******ийн ийг агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

3. Насанд хүрээгүй шүүгдэгч******* овогт *******ийн т 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар М.т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар М.т 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд М.т хяналт тавихыг Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ