Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Ж.Мөнх-Очир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 1738002910111 дугаар хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Г.Э, 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ... дугаартай,

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн Ж.Мөнх-Очирын жолоодож явсан мотоцикльтой мөргөлдөж Ж.Мөнх-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн Ж.Мөнх-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 сарын 04-ний өдрийн өглөө би найз Лхагважавын хамт адуундаа явсан. Бид хоёр тэр өдөр Лхагважавын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклиор явсан. Тэгээд өдөржин адуундаа явж байгаад 18 цагийн үед сумын төв орж хүргэн ах Билэг-Өрнөхийн гэрт очиж унд уучхаад эргээд Бор толгой гэдэг газар луу адуугаа харахаар явсан. Сумын төвөөс айлаас хөдлөөд гарахдаа би мотоциклийг унаад араараа Лхагважавыг суулгаад хөдөлсөн. Сумын төвөөс гараад нэг их холдоогүй Бор толгойн шилээр давдаг замаар давах гээд явж байгаад өөдөөс ирсэн мотоцикльтой мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 сарын 04-ний өдөр би гэртээ байж байгаад 18 цагийн үед сумын төв рүү явах ажил гараад өөрийнхөө БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй хар өнгийн Даюун маркийн мотоциклио унаад гэрээсээ хөдөлсөн. Би замдаа сааталгүй явсаар сумын төв рүү орохын наахан талд Бор толгой гэдэг газарт явж байтал миний өөдөөс нэг мотоцикль ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би тэр мотоцикльтой зөрөөд өнгөрөх гэтэл миний урд дугуй орчим рүү мөргөх шиг болсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд сумынхаа эмнэлэгт хэвтэж байсан…Одоо нэхэмжлэхгүй зүйлгүй...” гэв.

Гэрч М.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн: “2017.10.04-ний өдөр би өөрийн хамаатны ах Э-тэй хамт Хужирт багаас сумын төв рүү явах ажилтай байсан болохоор миний өөрийн бор өнгийн Мустанг мотоциклиор 18 цагийн үед сумын төвд ирсэн. Сумын төвд ирээд ах Билэг-Өрнөхийн гэрт ирж хоол идчихээд буцаад хөдөө Бор толгой гэдэг газраас адуугаа авч ирэхээр 19 цаг өнгөрч байхад явсан. Сумын төвөөс хөдлөхдөө мотоциклийг Г.Э ах унаад би араар нь суугаад явсан. Би ард нь суугаад баруун тийшээ Бор тохой орчмоор адуугаа хараад явж байтал гэнэт л мөргөлдөх шиг болсон. Нэг мэдэхэд би газарт хэвтэж байсан. Намайг босоод иртэл Г.Э ах, бас нэг мотоцикльтой хүн газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь би ахдаа болсон явдлыг хэлээд ах маань ирээд араас нь эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Т.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “2017.10.04-ний өдөр би гэртээ байж байтал 18 цаг 30 минутын орчимд манай төрсөн дүү Лхагважав надруу өөрийнхөө 98250221 дугаарын утсаар залгаад сумын төвийн дээд талд мотоцикльтой мөргөлдчихлөө, та хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон. Намайг очиход Лхагважав, Г.Э хоёр босоод суучихсан, хажууд нь зүс таних нэг залуу сууж байсан. Хоёр мотоцикль нь сумын төв тал руу харсан байсан. Намайг очиход тэр 3 болсон явдлыг олигтой ярихгүй, ёолж өвдсөн хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 666 дугаартай:

  1. Ж.Мөнх-Очирын биед эрүү ясанд 2 ширхэг хугарал, зүүн чихэнд сорви, зүүн өвдгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Ж.Мөнх-Очирын биед учирсан зүүн чихний сорви, зүүн өвдөгний шарх гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Ж.Мөнх-Очирын биед учирсан эрүү ясны хугарлууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 670 дугаартай:

  1. Г.Э-ийн биед зүүн шанаа, зулайн хуйх, зүүн өвдгөнд өнгөц сорвижил, тухайн үед тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Г.Э-ийн биед учирсан сорвижилт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэл тогтоогдохгүй байна.
  4. Г.Э-ийн биед тухайн үед учирсан тархи доргилт гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай:

  1. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтооход тухайн тээврийн хэрэгслийн тормозны зам бүрэн зогсолтын зам зэрэг харгалзах үзүүлэлтүүд шаардлагатай байдаг ба хэргийн газрын үзлэг болон хэргийн материалын хүрээнд эдгээр үзүүлэлтүүд хангалтгүй байгаа учраас тухайн тээврийн хэрэгслүүд ямар хурдтай явсныг тогтоох боломжгүй байна.
  2. Тухайн зам нь суурин газрын гадна байрлах шороон зам байгаа учраас жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 80 км цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явах ёстой.
  3. Уг зам тээврийн осол нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгслүүдийн хажуугийн зайг зөв сонгож яваагүйгээс болж гарсан байна гэж үзэв.
  4. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан жолооч Г.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 “Суурин газрын гаднахь зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.”, 2.2.а “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.3.в “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн заалтуудыг Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан жолооч Ж.Мөнх-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2.а “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;”, 2.3.в “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Хэрэг болсон гэх газрын схем зураг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлээ /хх-ийн 84-85 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ам бүл 2, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Мөнх-Очир нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ хийсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738002910111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Э-ийг автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн 1738002910111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР