Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/651

 

 

 

 

 

 

   2022             6              23                                       2022/ДШМ/651

 

Ц.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-гийн өмгөөлөгч Г.Ганбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, Ц.Даваажаргал  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Т-д холбогдох эрүүгийн 2105010840929 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т........... овгийн Ц-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........................... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ....................... хамт ............... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хорооллын .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........................../;

урьд Чингэлтэй дүүргийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Хүслэн” төвийн зүүн талд байрлах ус зайлуулах далангийн дээгүүр тавигдсан гүүрний доор хамтран амьдрагч Д.Б-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 14 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-д оногдуулсан 14 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-гийн цагдан хоригдсон 317 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гаас 8.647.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Т-гийн өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх хүсэлтэйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргаж, анхан шатны шүүх хуралд энэ байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон.

Гэвч анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс Ц.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Өмгөөлөгч миний бие өмгөөлөгч М.Цогтбаатарын хамт тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатнаас яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцож, дараах ажиллагаануудыг нэмж хийлгүүлэхээр хүсэлт гаргаж байсан. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн яаж гаргасан талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар хөтөлбөргүй тогтоосон гэж үзэх боломжгүй байгаа, /Тухайн гэмт хэргийн талаар иргэн Б.Дашням, мөн өөрийгөө “Буурал” гэх нэрээр тэмдэглүүлж дуудлага өгсөн хоёр этгээдээс гомдол мэдээллийг өгсөн байдаг. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 32/-д 88838442 дугаараас ирсэн мэдээлэлтэй давхардсан дуудлага гэж тэмдэглэл үйлдсэн боловч 88838442 гэсэн дугаараас хэн, хэзээ дуудлага өгсөн талаар шалгах ажиллагаа огт хийлгээгүй/,

Хэрэгт авагдсан гэрч П.Оргилын мэдүүлгүүдэд зурагдсан түүний гарын үсгүүд өөр хоорондоо илт зөрүутэй байсан ба үүнийг шинжээч томилуулж, түүний гарын үсэг мөн эсэхийг тодруулах,

Мөн Ц.Т-гийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрчээр өгсөн  мэдүүлэгт зурагдсан гарын үсэг нь түүний бусад баримтууд дээр зурсан гарын үсгүүдтэй тохирохгүй байсан ба түүнд хэргийн материал танилцуулахад тухайн өдөр мэдүүлэг өгөөгүй, албадан саатуулах байранд саатуулагдсан гэж тайлбарладаг. Иймд тухайн гарын үсгийг Ц.Т-гийн гарын үсэг мөн зсэхийг шалгаж тоггоолгох,

Эд зүйлд үзлэг хийсэн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлд амь хохирогчийг байсан газрын бичлэгт үзлэг хийсэн талаар тэмдэглэсэн байдаг. Уг тэмдэглэлээс үзвэл, амь хохирогчийн байсан газар руу хэд хэдэн этгээд орж, гарч байгаа нь бичлэгт бичигдсэн ба үүнийг хэн болохыг гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулан олж тогтоох, гэрч П.Оргил “...2021 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Хонгор, Б нарын унтаж амардаг оромжид очсон тухайгаа мэдүүлдэг боловч шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан камерын бичлэгийг шинжлэн судлахад тухайн цаг хугацаанд хэрэг болсон гэх газар хэн нэг нь орж байгаа бичлэг байдаггүй. Гэрч П.Оргилын мэдүүлэг камерын бичлэгтэй зөрүүтэй байгаа үүнийг шалгаж тодруулах,

Холбогдогч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан хүч хэрэглэсэн, зодсон асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргасан ба түүнээс мэдүүлэг авсны дараа биед нь хийсэн үзлэгийн тэмдэглэлд тодорхой гэмтэл, шарх байсныг баримтжуулсан байдаг. Уг гэмтэлтэй холбогдуулан албадан саатуулах төвд орох үед түүний биед хийсэн үзлэг, тэмдэглэлийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.Т-гийн мэдүүлгээс гэрч П.Оргил, гэрч Г.Баярбат нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй байна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулах, Ц.Т-гаас полиграфийн шинжилгээ авхуулах зэрэг ажиллагааг тус тус нэмж хийлгүүлэх хүсэлтэй байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан зүйл ангиар шалгагдаж өнөөг хүрсэн. Миний бие энэ хэргийг хийгээгүй гэдгээ өнөөг хүртэл хэлсэн боловч уг хэргийг Баянгол дүүргийн Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн ахлах гэх Очирбат, байцаагч Отгонбаяр, Эрдэнэдалай нар нь өөрсдийн биеэр худал мэдүүлэг үйлдэж, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эрүүдэн шүүж зодсоор бйаж биеийн байцаалт авч хүчээр гарын үсэг зуруулсан. Гэрч Оргилтой 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хамт Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байранд хоносон. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн өөр гарын үсэгтэй мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг гэх мэтчилэнгээр хэргийг хийсэн болгож, яллаж байгаад маш их гомдолтой байна. Би хүн алчихлаа гээд инээгээд хэлж явсан удаа байхгүй. Баярбат болон бусад хүмүүсийн үг нийлж адилхан үг өгүүлбэр ярьж байгаад гайхаж байна. Энэ хүмүүсд үгийг зааж нэг хүн яриулсан гэдэгт итгэлтэй байна. Миний ухаан санаа эрүүл, ямар ч хүн би хүн цохиод алчихлаа гээд инээгээд, гайхуулаад явж байхгүй. Оргил 2021 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед ирээгүй, камерын бичлэг дээр ч байдаггүй. Ярьсан яриа өгүүлбэр нь бас нөгөө хүмүүсийнхтэй адилхан хөл гарын барьж үзсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэтчилэнгээс харахад огт байгаагүй хүн адилхан мэдүүлэг өгч, мөн хэргийн газар огт очоогүй байж очсон гэж мэдүүлж байгаад гайхаж байна. Оргил нь хоёр өдрийн камерын бичлэгт гүүрэн доор очсон зүйл огт байдаггүй. Гэтэл Баярбатын мэдүүлэгтэй мэдүүлэг нь таарч байдагт гайхаж байна. Оргил надтай цуг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр явж байхдаа Бг хаана хүмүүстэй архи уусан бол хоёулаа бичлэгийг нь олж үзэх юмсан гэж байсан. Одоо болохоор өөр зүйл ярьж байгааг гайхаж байна. Миний бие энэ хэргийг гарсны дараа Очирбат, Отгонбаяр, Эрдэнэдалай нарт зодуулснаас болж урд, хойдохоо мартаж санадаг болж, унаж татдаг, тархины гэмтэлтэй болсон. Тухайн үеийг маш сайн санаж байгаа, хэргийн газрын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Камерын бичлэг дээр Баярбат олон удаа яагаад ирээд буцаад байгааг гайхаж байна. Мөн талийгаачийн орж ирж байгаа бичлэг огт байхгүй. Тэр үед камерын бичлэг дээр байсан хүний хувцас Баярбатын өмсөж явсан хувцас мөн байсан, үүнийг шинжлэн судлуулах, мөн хавтаст хэрэгт миний зодуулсан зураг болон тэмдэглэл нотлох баримтаар байдаг. Үүнд:

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байранд саатуулагдаад маргааш өглөө нь 2021 оны 6 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн ахлах төлөөлөгч Очирбатын өрөөнд оруулсан. Очирбат Бг танихуу гэж асуусан, танина гэж хэлтэл, тэр хүн чинь тархиндаа хүнд гэмтэл аваад хагалгаанд амжилттай ороод одоо ухаангүй байна. Чи цохисон биз дээ гээд л шууд тулгаад, чамаас өөр хүн цохиогүй пиздаа минь гээд гараараа цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хаалгаа түгжээд ширээнийхээ хажуу талаас бороохой гаргаж ирээд хараагаад шууд зодож эхэлсэн. Чам шиг муу гэр оронгүй архичинд ямар ч хэрэг хүлээлгэж чаддаг юм гээд зүүн талын цээж рүү бороохойгоор хүчтэй цохиход арагшаа ширээ мөргөн унасан, унахад гарын арван хурууг шалан дээр дэлгүүлж байгаад дэвсэж, мөн креселийн хажууд байсан ганжингаар толгой, хүзүү, нуруу гэх мэт газар цохиж зодсон. Чи цохисон биздээ пиздаа минь гэж харааж, хэл амаар доромжилж байснаа дагуулж гараад Эрдэнэдалай гэдэг байцаагчийн өрөөнд оруулаад надах чинь хэргээ хүлээчихлээ гээд үлдээсэн. Тэр үед Эрдэнэдалай гэх байцаагч чи Очирбатад ярьчихсан л байна ш дээ гээд юм бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед бас л зодох байх гэж айсандаа  гарын үсэг зурсан. Мөн дараа нь өөр өрөөнд оруулахад эрүүлжүүлэх байранд хамт саатуулагдсан Оргил байж байсан. Оргил надаас “чамд архи өгсөн үү, надад сая өгсөн” гээд нилээд халсан байдалтай байж байсан. Дараа нь Очирбат өрөөндөө дагуулж ороод за дотор чинь муу, үхэх гэж байна уу, энийг уу гээд тал шил архинаас аягалж өгсөн. Үгүй гэхэд наадахаа уу пиздаа минь гээд хүчээр уулгасан. Тэр үед өрөөнд нь 102-т ажилладаг ахлах ахлагч цолтой цагдаа байсан. Очирбат нь баярлалаа, Оргил та гурвыг камераар хардаг хүн чинь энэ байна гэж хэлж байсан. Дараа нь дахин Оргилын байсан өрөөнд оруулж бид хоёрт бэлэн гоймон өгсөн. Чамаас байцаалт авна гээд Отгонбаяр өрөөндөө дагуулж ороод чи цохисон биз дээ, Очирбат цохисон гэж хэлсэн л байна лээ ш дээ. Оргил хүртэл гэрчилж байна. Чамд Очирбат архи өгч дотрыг чинь заасан гээ биз дээ гэж хэлж байтал очирбат ороод ирсэн. Очирбат утсан дээрээ зураг үзүүлээд Баярбат гэдэг буурал гэж хулгайч чинь мөн үү, би масктай болохоор танихгүй юм гэсэн. Тэгтэл энэ хулгайчууд ингээд байдаг юм гээд шууд төмөр сандлаар толгой руу цохиж зодсон. Би ямар ч мэдүүлэгтэй танилцаагүй, хүчээр юу нь мэдэгдэхгүй цаасан дээр гарын үсэг зуруулсан ба Очирбат Оргилыг аваад явлаа гарсан. Отгонбаяр байцаагч намайг хорих 461 дүгээр ангид 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хорьсон. Маргааш өглөө нь буюу 2021 оны 6 дугаар сарын 16-нд мэдүүлэг авах гэж өмгөөлөгч гэх хүнтэй цуг ирсэн. Тэгээд Бг асуухад “хөөрхий өнгөрсөн ш дээ” гэж хэлж, өөрөө байцаалтандаа хариулт бичиж, хөтөлж байсан. Шалганы цагдаа мэдүүлэгтэйгээ танил, гарын үсэг зур гээд огт миний мэдэхгүй мэдүүлэгтэй танилцуулахад нь “миний өгөөгүй мэдүүлэг байна гэж буцаасан боловч” шалганы цагдаа буцаж ирээд өмгөөлөгч чинь зурчихсан, зүгээр чи зур дараа дахиад ирж байцаалт авна гээд тулгаж байгаад зуруулсан. Тухайн үед хорих 461 дүгээр ангид болсон явдлын талаарх бичлэг 461 дүгээр ангид байгаа. Би хууль зүйн ямар ч мэдлэггүй ба Отгонбаяр байцаагчтай ирсэн өмгөөлөгч гэх хүн хууль зүйн ямарч зөвлөгөө надад өгөөгүй. Мөн энэ зодуулснаас болж тархи толгойдоо гэмтэл авч хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн хяналтанд орж, 2021 оны 7 дугаар сараас хойш одоог хүртэл байнга эм ууж, тус эмнэлэгт 3 удаа хэвтэн эмчлүүлсэн ба цаашид ч эмчид үзүүлэх шаардлагатай байгаа. Уг хэргийг хийгээгү гэдгээ хэлсээр байхад хэргээ тулгаж, эрүүдэн шүүж, ойр орчимд байх архины хамааралтай хүмүүст архи өгч гэрчээр байцаалт авсан гэдэгт илтгэлтэй байна. Цагдаагийн хэлтэс дээр гэрч Оргилд архи өгч согтоосон байсан. Анхан шатны шүүхэд эрүүдэн шүүгдсэн, хэргийн газрын үзлэг, гэрчүүдийг полиграфийн шинжилгээнд оруулах хүсэлт тавьсан боловч оруулаагүй. Авлигатай тэмцэх газрын комиссар 3 дугаар албаны мөрдөн байцаагч А.Мөнхбаяр нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хорих 461 дүгээр ангид ирж уулзахдаа намайг эрүүдэн шүүсэн гэх нотолгоог авчирсан. Очирбатыг толгой руу чинь сандлаар цохисоныг Отгонбаяр нотолж байна гээд зодуулсан зурагнуудыг аваад явж байсан. Тэгээд дараа нь өмгөөлөгч А.Мөнхбаярыг аваад 3 дугаар албаны комиссар гэх хүн рүү явуулсан боловч халагдсан гэсэн хариу өгч байсан. Тэр нотлох баримтуудыг ямар хүнд шилжүүлснийг шинжлэн  судлуулах хүсэлтэй байна. Бтай хамтран амьдрах ямар ч хүсэл зорилго байгаагүй, хамт архи уудаг байснаас өөр шалтгаан байхгүй байхад хамтран амьдрагч гэж хэргийг хүндрүүлсэн. Гэтэл Бгийн өөрийнхөн амьдрах нөхцөл нь өөр өөр газар байдаг. Ийм байхад хүчээр хамтран амьдрагч болгож, хүмүүсээр гэрчлүүлсэн. Миний хувьд Бг өндөр настай эмэгтэй, ядарсан хүн болохоор олсоноо хувааж уудаг байсан. Бг эмнэлэгт дүүгийнхэн нөхөр Чинзориг ээлжилж сахъя гэсэн гуйлтаар сахисан. Би Бтай 2020 оны 9 сард нэг тааралдаад дахин уулзаагүй байж байгаад хэрэг болох үед цугтаа архи уусан. Уг хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 13-нд Б нь надтай хамт багшийн дээдийн “Хаан банк”-наас очиж халамжийн мөнгө болох 250.000 төгрөг авсан. Ингээд бид хоёр 0.75 литрийн архи авч уугаад, дахиад 0.5 литрийн архи авч уусан. Энэ үед гүүрэн доор ирж архийг ууж байсан. Сүүлийн архинд согтолтын байдалтай байж байгаад унтсан. Тэгээд сэрээд харахад Б байхгүй байсан ба сэрээд удаагүй байхад Б согтолттой ирсэн. Хаашаа яваад ирж байгаа юм бэ гэж асуухад, 2-3 хүнтэй архи уугаад, тэгсэн тэд намайг цохиод мөнгийг минь булаагаад явчихлаа, чамд миний хадгалуулсан мөнгө байгаа биз дээ гэж асуусан. Байгаа гэж хэлсэн чинь, жоохон хэвтээдэхий гээд дөнгөж хэвтээд байж байтал гэнэт Баярбат ирсэн. Надтай мэнд мэдэж байх хооронд Б унтсан байсан. Тэгтэл Баярбат Бг хараагүй байж “наад хэн чинь цохиулсан юм уу” гэж асуугаад байсан. /Баярбатын энэ үйлдлийг гайхаж байна/. Би “тийм юм шиг байна 2-3 хүнтэй архи уугаад мөнгөө булаалгасан байна” гэсэн чинь “хаан юм ахаа, явъя уусан газраар нь очиж цохисон хүмүүсийг нь олъё, гялз гялз” гээд байхаар нь Бг дуудсан чинь сэрэхгүй байсан, ирэхэд сэрчих байх гэж бодоод Баярбатыг дагаад явсан. Тэгээд уусан гэх газар руу нь харахад хүн байгаагүй. Баярбат 3 дугаар эмнэлэг явъя, тэнд очиж ганц, хоёр юм ууя гэхээр нь 3 дугаар эмнэлэг явсан. Очоод архи ууж байгаад буцъя гэтэл Баярбат үлдлээ гээд үлдсэн. Би буцаад 19 цагаас 20 цагийн хооронд гүүрэн доор очтол цагдаагийн лент татсан, Б байхгүй байсан. Би тухайн үед согтуу байсан учраас гайхаад зам гараад 2021 оны 6 дугаар сарын 13-ны орой 4 замын цайны газрын тэнд модон доор унтсан. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өглөө дахин гүүрэн доор очтол үнэхээр цагдаагийн лент татсан, Б байхгүй байсан. Тэгээд цааш явж байгаад “Их шавь” сургуулийн тэнд Оргил гэх залуутай таарч архи ууж байгаад 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөө Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 6 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн ахлах Очирбатын өрөөнд оруулсан. Хэргийн талаарх болсон зүйлийг үнэн зөвөөр бичсэн болно. Мөн дахин шинжлэн судлах хүсэлтүүдийг минь хүлээн авч, шинжлэн судлуулж хэргийг анхан шатны шүүхэд буцаан үнэн зөвийг олж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Т-гийн өмгөөлөгч М.Цогтбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ц.Т-г гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан гэрч П.Оргил, Г.Баярбат, Г.Сарангэрэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг яллах талын нотлох баримтаар үнэлжээ. Тухайн нотлох баримтууд нь Ц.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэж шууд үзэхэд эргэлзээтэй, өөр хоорондоо зөрүүтэй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар харьцуулан бичлээ.

Гэрч П.Оргилоос авсан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлгийг “...хэлтсийн 107 тоот албан өрөөнд 19 цаг 25 минутад эхлүүлэв” гэсэн атлаа “...мэдүүлгийг 18 цаг 40 минутад дуусгаж...” гэжээ. Үүнээс үзвэл, мэдүүлгийг ямар хугацаанд хэзээ, яаж авсан болох нь эргэлзээтэй, уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд учир дутагдалтай байсан. /1-р хх 67/,

Түүнчлэн, хэрэгт гэрч П.Оргилын хууль сануулж авсан 3 удаагийн мэдүүлэг, гараар бичсэн 1 тайлбарыг тус тус авагдсан байдаг. Тухайн баримтуудаас үзвэл 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэг /1-р хх 66/, гараар бичсэн тайлбар /1-р хх 70/ нь нэг хүний гарын үсэг, харин 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлэг /1-р хх 68/, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэг /1-р хх 80/ нь нэг хүний гарын үсэг гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрч П.Оргилын гарын үсэг өөр хоорондоо зөрүүтэй байдлаар мэдүүлэгт зурагдсан нь илт мэдэгдэх ба түүнийг мөрдөн шалгах ажиллааны явцад 3 удаагийн мэдүүлэг, нэг удаагийн тайлбар өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Иймээс П.Оргилын гарын үсгийг мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай байсан бөгөөд үүнтэй холбоотой санал хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт, шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүнд тайлбарласан боловч шийтгэх тогтоолд үүнтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой байна.

Дээр дурдсан П.Оргилын гараараа бичсэн тайлбар нь нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, түүнд худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан сануулж, мэдүүлэг авах нь мөрдөн шалгах ажиллагааны журамд нийцэх учиртай. Гэтэл тухайн тайлбарыг ямар учраас хэзээ бичсэн нь тодорхой бус, тухайн тайлбарыг бичихэд хэн нэгэн этгээд нөлөөлсөн байх боломжтойг үгүйсгэхгүй байна.

Гэрч Г.Баярбатын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийн агуулгаас үзвэл, тэрээр “...намайг зарим хүмүүс Буурал гэж хочилж дууддаг ... би тухайн дуудлага мэдээллийг өгсөн. ... тухайн үед Хонгороо гэж дууддаг Ц.Т-тай уулзахад надад өгсөн архийг нь уугаад сууж байх үедээ Хонгороогийн хамтран амьдрагч Бг нь нас барсан байхыг хараад тухайн дуудлага мэдээллийг өгсөн...” гэж /1-р хх 110/ мэдүүлсэн. Тэрээр 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21 цаг 49 минутад “нэг хүнийг хамт байсан хүн нь зодсоор байгаад алчихлаа, амьсгалахгүй бие нь хөшсөн байна” гэсэн дуудлагыг өгсөн ба түүний өгсөн дуудлагыг Г-4192 дугаарт бүртгэсэн талаар мөрдөгч Э.Эрдэнэдалайгийн тэмдэглэлд тэмдэглэгдсэн. Өөрөөр хэлбэл, Г.Баярбат нь амь хохирогчийг нас барсан болохыг мэдсэн даруйдаа 102 тусгай дугаарт гомдол, мэдээллийг мэдэгдсэн талаараа гэрчээр мэдүүлсэн ба уг гомдлыг 21 цаг 49 минутад бүртгэж авсан болохыг дуудлагын лавлагааны хуудаст бүртгэсэн байдаг. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 20 минутад гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөн хугацаанд цогцсыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Дээр дурдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл, гэрч Г.Баярбатын мэдүүлэг үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай байна. Ямар учраас гомдол, мэдээллийг 21 цаг 49 минутад мэдээллэсэн, Ц.Т амь хохирогч Д.Б-г зодож, улмаар алсныг хараагүй байж яагаад харсан мэтээр 102 тусгай дугаарт дуудлага өгсөн нь тухайн хэрэгт сэжиглэх үндэслэл болж байгаа талаар шүүх хэлэлцүүлэгт тайлбарлаж, мэтгэлцсэн. Гэтэл уг асуудлыг шийтгэх тогтоолд дурдаагүй, ямар баримтаар тухайн мэдүүлгийг үгүйсгэж, яллах талын нотлох баримт болж байгаа талаар дүгнээгүй болно.

Дээрх гэрч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан эсэх, эргэлзээ бүхий мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлсэн эсэхтэй холбогдуулан шүүхэд гэрч нарыг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч оршин суугаа хаяг нь тодорхой бус, тэдгээрийг эрэн сурвалжлах, улмаар шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзээд хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1169 дугаартай дүгнэлтэд амь хохирогчийг 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 30 минутад нас барсан талаар дүгнэсэн байдаг. Гэтэл П.Оргилын мэдүүлэгт 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед Д.Б нас барсан байсныг гэрчилдэг. Амь хохирогч яг хэзээ нас барсан, гэрчийн мэдүүлэг үнэн зөв, шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан эсэхийг дахин мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай байсан. Үүнээс үзвэл, амь хохирогчийг нас барсан цаг хугацааг гэрчилсэн П.Оргилын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд учир дутагдалтай байна.

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлийг “...хэлтсийн уулзалт мэдүүлгийн 119 тоот албан өрөөнд 16 цаг 30 минутад эхлүүлэв...” гэсэн атлаа тэмдэглэлийн төгсгөл хэсэгт “...үзлэгийг 20 цаг 54 минутад эхэлж, 21 цаг 35 минутад ... 119 тоот өрөөнд дуусгав...” гэжээ. Уг үзлэгийг хэзээ, хэдэн цагт эхэлж, дуусгасан талаарх цаг хугацаа өөр байдлаар тэмдэглэсэн нь тухайн мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны явагдсан эсэх нь эргэлзээтэй байсан.

Ц.Т нь шүүх хуралдааны явцад “...П.Оргилд болсон явдлыг яриад цуг архи ууж байгаад 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд саатуулагдсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өглөө Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах н.Очирбат гэдэг хүний өрөөнд ороход...” гэж мэдүүлсэн. Энэ талаар гэрч П.Оргил мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээрээ нотлосон байдаг.

Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ц.Т-гаас гэрчийн мэдүүлэг авсан баримт хэрэгт авагдсан байдаг. Тухайн мэдүүлэгт зурсан Ц.Т-н гарын үсгийг бусад нотлох баримтуудад зурсан гарын үсгүүдтэй харьцуулан үзвэл, илтэд зөрүүтэйгээс гадна, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдээс гэрчийн мэдүүлэг авсан гэж үзэхээр байна. Тухайн гарын үсэг зөрүүтэй нөхцөл байдлыг Ц.Т-д хэлэхэд тухайн өдөр гэрчийн мэдүүлэг өгөөгүй талаар тайлбарласан болохыг дурдаж байна. Тодруулбал, тухайн гэрчийн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Т өгсөн эсэх, гарын үсэг нь түүнийх мөн эсэхийг тогтоох шаардлагатай талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хуралдааны явцад өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцсэн боловч шүүх ач холбогдолгүй өгөөгүйд гомдолтой байна.

2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...Ц.Т-гийн ... цээжний зүүн хэсэгт өргөн нь 6 см, урт нь 5 см хэмжээтэй хөхөрсөн байх ба мөрний баруун хэсэгт 3 см урт, өргөн нь 1 см орчим хэмжээтэй зулгарсан байна. ... биеийн ар хэсэгт үзлэг хийхэд зүүн дал орчимд 4 см урттай 2 см өргөнтэй хөхөрсөн ногоон туяатай шарх байх ба нурууны гол хэсэгт 3 см урт 1 см өргөнтэй арьс нь зулгарсан байв. Баруун гарын ар хэсэгт 7 см урттай 4 см өргөнтэй ногоон өнгийн туяатай хөрөхсөн байх ба ... өгзөгний гол рэсэшь 2 см урт, өргөнтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай байна. Өгзөгний зүүн хэсэгт 8 см өргөн 8 см урттай хөхөрсөн байдалтай байсныг тэмдэглэлд тусгав. ... 24 кадр зураг авч бэхжүүлж 17 цаг 52 минутад дуусгав...” /1-р хх 181/ гэжээ.

2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ц.Т-г сэжигтнээр тооцож, улмаар мөн өдрийн 15 цаг 50 минутад сэжигтнээр мэдүүлэг авч, 16 цаг 25 минутад тэмдэглэлийг дуусгасан талаар /1-р хх 195/ бичсэн. Үүнээс үзвэл, Ц.Т-г сэжигтнээр тооцож, түүнээс мэдүүлэг авсны дараа биед нь үзлэг хийхэд тодорхой хэмжээний гэмтлүүд учирсан болох нь дээрх 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд Ц.Т-д хүч хэрэглэж, зодож сэжигтнээр мэдүүлэг авсан гэх түүний гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцсэн боловч шийтгэх тогтоолд “...шүүгчдэгч Ц.Т нь эрүүдэн шүүгдсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч урьд нь энэ талаарх гомдлын дагуу шалгаад Баянгол дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэсэн байх тул энэ талаар дахин шалгах шаардлагагүй юм...” гэжээ.

Ц.Т-гийн өмгөөлөгч Ц.Даваажаргал, М.Цогтбаатар миний бие дээрх гомдол мэдээллийг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол гарснаас хойш буюу гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн болохыг дурдаж байна. Улмаар өмгөөлөгч нар хэргийн “материалтай танилцах үед мөрдөгч Ц.Т-гаас сэжигтнээр мэдүүлэг авсны дараа түүний биед хийсэн үзлэгээр тодорхой хэмжээний гэмтлүүд түүнд учирсан болохыг мэдсэн. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан тухайн тогтоолд гомдол гаргах гэхээр хугацаа дууссан байсан. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүгдсэн асуудлыг шалгасан мөрдөгч тухайн нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй /Ц.Т-гийн биед гэмтэл учирсан эсэхийг шалгалгүйгээр/, зөвхөн тухайн үед мэдүүлэг авсан мөрдөгч нарын мэдүүлгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг. Иймээс Ц.Т-гийн тухайн үед гаргасан гомдол нь үндэслэлтэй, уг асуудлыг дахин шалгах шаардлагатай байна.

Түүнчлэн Ц.Т-гийн биед хийсэн үзлэгээр хөхрөлт, няцралт байгаа талаар тэмдэглэж, гэрэл зургийн үзүүлэлтээр баталгаажуулсан атлаа 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэлд “...цээж болон гар хэсгээр нүдэнд ил харагдах гэмтэл шарх үгүй байлаа...” гэж ямар учраас сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэлд уг гэмтлийн талаар дурдаагүй ойлгомжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Оргил мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Б.Баттөрийг байлцуулсан ба Ц.Т-г сэжигтнээр мэдүүлэг авах мөн Б.Баттөр өмгөөлөгчийг байлцуулсан нь мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, гэрч П.Оргил нь Ц.Т-г гэмт хэрэг үйлдсэн талаар шууд мэдүүлсэн мэдүүлэгт, сэжигтнээр Ц.Т-г тооцож, улмаар түүнээс авсан мэдүүлэгт нэг өмгөөлөгч оролцуулсан нь хууль зөрчсөн.

Шийтгэх тогтоолд “...гэмт хэрэг үйлдэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн” төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “...ач холбогдол бүхий зүйл алга байна...” мөн бичлэг дээрх цаг болон бодит байдал дээрх цагийн хооронд 07 цаг 11 минутын зөрүүтэй гэсэн байх тул гэрч П.Оргилын мэдүүлэгтэй харьцуулан хэргийн талаарх бодит цаг хугацааг тогтоох боломжгүй. Харин хэргийн үйл баримтын талаар гэрчүүд тогтвортой мэдүүлсэн учраас дээрх мэдүүлгүүдийг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ...” гэжээ.

Дээрх шүүхийн дүгнэлт болон түүний үндэслэл болгосон 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл, бичлэг дээрх цаг болон бодит байдал дээрх цагийн хооронд 07 цаг 11 минутын зөрүүтэй болохыг яаж тогтоосон, юуг үндэслэсэн болох нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Хэрэв бичлэг дээрх цаг хугацаа болон бодит байдал дээрх цаг хугацаа 07 цаг 11 минутын зөрүүтэй бол ийнхүү зөрүүгээр тооцож, гэрчүүдийн мэдүүлгүүдтэй харьцуулах боломжтой байна. Гэтэл хэргийн талаарх бодит цаг хугацааг тогтоох боломжгүй, шаардлагагүй гэж шүүх үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн П.Оргил, Г.Баярбат нарыг энэхүү хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа талаар өмгөөлөгч нарын зүгээс маргасан бөгөөд тухайн асуудлаар Ц.Т нь “...Г.Баярбат нь амь хохирогч Д.Б бид хоёрын байрладаг газрыг мэдэхгүй байж шууд олоод ирсэн ... улмаар зодсон этгээдийг ольё гээд тухайн газраас дагуулж гарсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн тул гэрчүүдийн мэдүүлгийг тухайн бичлэгтэй тулгах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Түүнчлэн, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...гэрч П.Оргил нь дээгүүрээ хар өнгийн саравчтай малгайтай ... гадуураа хар өнгийн малгайтай цамцтай...” талаар /1-р хх 188/ дурджээ. Дээр дурдсан флаш дискинд байх бичлэгэнд үзлэх хийсэн тэмдэглэлд “...2021-06-12 19.21.26-д гүүрний доод талын хонгилын хэсэг рүү хар саравчтай малгайтай, дээгүүрээ хар өнгийн цамц мэт зүйл өмссөн хүн ирж ... хонгил руу орж байгаа нь харагдана...” гэснийг дээрх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлтэй харьцуулж үзвэл, бичлэг дээрх этгээд нь П.Оргил мөн эсэх, хэрэв мөн бол үүнийг нотлох баримтаар нарийвчлан тогтоож, түүнээс мэдүүлэг авах журмаар баримтжуулах шаардлагатай байсныг дурдаж байна.

Шийтгэх тогтоолд “...хэргийн үйл баримтын талаар гэрчүүд тогтвортой мэдүүлсэн учраас дээрх мэдүүлгүүдийг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ...” гэжээ.

Энэхүү гомдлын нэгдүгээр үндэслэлд шүүхээс үнэлсэн гэрч П.Оргил, Г.Баярбат нарын мэдүүлэг өөр хоорондоо, мэдүүлэг авсан цаг хугацаа тус тус зөрүүтэй, мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааны журмыг зөрчсөн болохыг дурдаж байна. Гэтэл шүүхээс гэрч нарын мэдүүлгээс зөвхөн яллах талын хэсгийг шийтгэх тогтоолд дүгнэж, улмаар тухайн мэдүүлэг нь бүхэлдээ эргэлзээгүй, тогтвортой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Тухайн мэдүүлгийг бусад хэсэг нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэхгүй, ач холбогдолгүй болохыг тогтоогоогүйд гомдолтой байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс тухайн зүйл, заалтад заасан гэмт хэргийг Ц.Т үйлдсэн гэж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн этгээдүүд өөр хоорондоо үйлдэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг ойлгохоор нэр томьёог хуульчилсан байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгохоор хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, амь хохирогч Д.Б болон Ц.Т нар нь гэр бүл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд маргасан бөгөөд шийтгэх тогтоолд үүнтэй холбоотой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ “Гэр бүл” гэдгийг хэрхэн ойлгох нэр томьёог хуульчилсан байтал үүнийг зөвхөн “хамтран амьдрагч” гэх агуулгаар өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй. Түүнчлэн амь хохирогч болон Ц.Т нар нь хаана хамтран амьдардаг байсан, ямар цаг хугацаанд байсан эсэхийг тогтоогоогүй бөгөөд “Гэр бүл” гэдгийг Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тайлбарласан Гэр бүлийн тухай хуульд “хамтран амьдрагч” гэсэн нэр томьёо байхгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд зүй нь “Гэр бүл” гэх нэр томьёг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тайлбарлах учиртай.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр тогтоох хуулийн шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” үүргээ мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байна.

Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-гийн өмгөөлөгч Г.Ганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримт анхан шатны шүүхээр нотлогдсон гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдсон. Энэ нь гэрч П.Оргил, Г.Баярбат нарын тогтвортой мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6 дугаар сарын 30-ний өдрийн 1169 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогддог. Анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлсэн гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Д.Б нь Ц.Т-тай гэр бүлийн хамаарал бүхий хүн биш, хамтран амьдрагч биш байсан гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан...” гэж шийтгэх тогтоолд тусгасан, хамтран амьдрагч гэж тусгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “... эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэснийг гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж ойлгоно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэсэн заалтуудаар болон Ц.Т-гийн дүүгийн “...Д.Б нь Ц.Т-тай хамтран амьдардаг, дагуулж ирдэг...” гэсэн мэдүүлгээр хамтран амьдрагч гэдэг нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Т-гийн өмгөөлөгч Ц.Даваажаргалын гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Тэрээр давж заалдах гомдолдоо энэ хэргийн талаарх гомдол мэдээллийг хэн, хэзээ гаргасан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй гэсэн байна. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Дашням өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Мөн Дашнямаас энэ талаар гэрчийн мэдүүлэг авсан. 2021 оны 6 дугаар сарын 13-ны 21 цаг 42 минутанд 99001732 дугаараас 210 тусгай дугаарын утсанд өөрийн Буурал гэж тэмдэглүүлсэн иргэнээс дуудлага мэдээлэл өгсөн. Энэ нь Буурал хочит Г.Баярбаатарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа иргэн Дашнямын дуудлага мэдээллийн дагуу явагдсан. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл нь хэзээ, хэнээс гарсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Мөн гэрч П.Оргилын мэдүүлгүүд дээрх гарын үсэг зөрүүтэй гэсэн байдаг. П.Оргил нь бүрэн дунд боловсролтой, гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлдэг. Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн Ц.Т-гийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өгсөн мэдүүлэг дээрх гарын үсэг нь түүний гарын үсэг биш байх тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан байдаг. Ц.Т-гаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг авсан. Ц.Т нь өөрийнхөө эсрэг, өөрийн эрх зүйн байдлыг хүндрүүлж мэдүүлээгүй, хэргийг үйл баримтын талаар мэдүүлээгүй учир гарын үсэгт шинжээч томилох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн. Камерын бичлэгийг зөрүүтэй байгаа талаар гомдолдоо дурдсан байсан. Камерын бичлэг дээрх цаг болон бодит амьдрал дээрх цагын хооронд 7 цаг 11 минутын зөрүүтэй байгаа талаарх тэмдэглэл хэрэгт авагдсан. Камерын бичлэгийг гэрч П.Оргилын мэдүүлэгтэй харьцуулан хэргийн бодит цаг хугацааг тогтоох боломжгүй байгаа юм. Тухайн камерын бичлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн газрын гадна орчин, хүмүүсийн хөдөлгөөнийг харуулсан баримт болохоос хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг харуулсан баримт биш. Ц.Т нь эрүүдэн шүүсэн талаарх гомдлыг удаа дараа бүх шатны прокурорын байгууллагад гаргасан. Ц.Т-гийн гомдлын дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаад дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокурорын газраас 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2414 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Дахин гомдол гаргаж байсан ч уг шийдвэр хүчинтэй байсан учир гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн өмгөөлөгчөөс Ц.Т-гийн мэдүүлгээс гэрч П.Оргил, Г.Баярбат нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй байна, нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулах, полиграфын шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуульчилсан. Шүүгдэгч Ц.Т нь сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн хамтран амьдрагч Д.Б-г зодож алсан талаараа тодорхой мэдүүлдэг.

Дээрх мэдүүлгийг авахдаа яллагдагчийн хуульд заасан эрхийг хангаж өмгөөлөгч оролцуулж мэдүүлэг авсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны шатанд “би алаагүй, намайг эрүүдэн шүүж мэдүүлэг авсан” гэж мэдүүлсээр ирсэн. Хэдийгээр шүүгдэгч энэхүү гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлдэг ч түүний энэ мэдүүлэг нь нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд бусад хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байгаа юм. Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, хэрэгт хууль заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй шийдвэр болсон.

Гэрч П.Оргил, Г.Баярбат нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэн, зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргаж мэдүүлэг өгсөн. Хэргийн хувьд эсрэг сонирхолтой, ноцтой зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй. Иймээс нүүрэлдүүлж мэдүүлэг авах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн гомдолд дурдсан ажиллагааг хийгээгүй.

Шүүгдэгч Ц.Т-гийн өмгөөлөгч М.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар гомдолдоо гэрчийн мэдүүлэг болон үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, алдаатай байна гэснийг үгүйсгэхгүй байна. Гэрч П.Оргилоос авсан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлгийг “...хэлтсийн 107 тоот албан өрөөнд 19 цаг 25 минутад эхлүүлэв” гэсэн атлаа “...мэдүүлгийг 18 цаг 40 минутад дуусгаж...” гэж мөрдөгч бичсэн байдаг. Энэ талаар мөрдөгчөөс техникийн шинжтэй гаргасан хэмээн тайлбар бичиж ирүүлсэн, гэсэн хэдий ч уг мэдүүлгийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, энэ мэдүүлэгтээ дараа өгсөн мэдүүлгүүдээсээ агуулгын зөрүүгүй мэдүүлсэн. Мөн гэрч П.Оргилын энэхүү мэдүүлгийг яллах талын баримт болгож шийтгэх тогтоолд дурдаагүй болохыг хэлэх нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Оргил нийт 3 удаа мэдүүлэг өгснөөс нэгийг нь гараар бичиж өгсөн байдаг. Яагаад гараар бичсэн талаар мөрдөгчөөс тайлбар авахад П.Оргил нь “намайг ямар олон удаа дууддаг юм бэ, би дахиж ирж чадахгүй, өөрөө заавал гараар бичиж өгнө” гээд гараар бичсэн байсан. Үүнийг нотлох баримтаар үнэлж, эх сурвалжаа болгоогүй юм. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийг 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 22 минутад эхэлж, 17 цаг 58 минутад дуусгаж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн. 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дуудлагаар очсон түргэн тусламж, эрүүл мэндийн бүртгэлийн маягтыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар цогцос хүлээн авсан тэмдэглэл гэж ойлгоод байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад дэлгэрэнгүй тайлбарласан.

Өмгөөлөгч давж заалдах гомдолдоо амь хохирогч Д.Б-гийн нас барсан цаг хугацаа зөрүүтэй талаар дурдсан байна. Би яллах дүгнэлт үйлдэхдээ шинжээч эмчийг оролцуулах талаар хүсэлтээ гаргасан, хүсэлтийн дагуу шинжээч эмч оролцсон. Ингэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээч эмчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад амь хохирогчийн нас барсан цаг хугацааны талаар асуухад 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэж, баримжаалж 20 цаг 30 минутад нас барсан гэж мэдүүлсэн. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд оролцож байсан хэргийн оролцогчид бүгд сонсож байсан учир тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өдийг хүртэл сэжигтэй этгээдийн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг хангаж ирсэн. Улсын өмгөөлөгч Л.Ганцэцэгийг Ц.Т-н өмгөөлөгчөөр томилсон баримт хавтаст хэргийн 220 дугаар талд авагдсан байгаа. Шүүгдэгч нийт 5 өмгөөлөгчтэй байсан.

Мөн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг эрүүдэн шүүсэн, энэ талаарх гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссанаас хойш эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан гэсэн байна. Гомдлыг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр прокурорын тогтоолоор татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нар 2021 оны 8 дугаар сарын 6-ний өдөр өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээг үйлдсэн байдаг. Үүнээс үзэхэд эрүүдэн шүүсэн талаарх гомдлыг шийдвэрлэж байх хугацаанд эдгээр өмгөөлөгч нар нь шүүгдэгчид эрх зүйн туслалцаа үзүүлж байсан нь харагдаж байна. Түүнчлэн өмгөөлөгч нараас гэрч П.Оргил, шүүгдэгч Ц.Т нараас мэдүүлэг авахдаа Б.Баттөр өмгөөлөгчийг байлцуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж маргадаг. Сэжигтний эрхийг хамгаалах үүднээс, өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр өмгөөлөгч байлцуулж мэдүүлэг авсан. Харин ч өмгөөлөгч Б.Баттөр нь Ц.Т-гийн эрхийг хамгаалах үүднээс гэрч П.Оргилын мэдүүлэгт байлцсаныг үгүйсгэхгүй. Мөн П.Оргил нь хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд биш, Ц.Т-тай эсрэг ашиг сонирхолгүй байсан учир нэг өмгөөлөгчийг оролцуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Давж заалдах гомдолд дурдсан бусад асуудлууд нь өмгөөлөгч Ц.Даваажаргалын гомдолд дурдагдсан асуудлуудтай давхардаж байгаа тул хариулсан гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, Ц.Даваажаргал нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Хүслэн” төвийн зүүн талд байрлах ус зайлуулах далангийн дээгүүр тавигдсан гүүрний доор хохирогч Д.Б-г зодож алсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-10/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн узүүлэлт /1-р хх 13-16/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 18-25/,

Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн “Дуудлагын лавлагааны хуудас” /1-р хх 32/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-гийн “...Талийгаач ээж маань 1971 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. ...Би айлаас хоёулаа бөгөөд дээрээ нэг ахтай, ах маань одоо Солонгос улсад ажил хийж байгаа. ...2017 онд аав Чех улсад очиж ажил хийхээр яваад, би эмээтэйгээ одоог хүртэл хамт амьдардаг. ...2020 оны 01 сард ээж маань автын осолд ороод ГССҮТ-д хэвтэж байна гэж ар гэрийнхэнд нь мэдэгдээд бид нар ГССҮТ дээр очиход ээж маш их турж, эцсэн байдалтай харагдаж байсан. ...бид хоёр уулзалгүй явсаар уржигдар буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ээж маань өөрийнхөө 94547100 гэсэн дугаарын утаснаас над руу залгаж ярьсан. Ээж над руу тухайн үед залгаж ярихдаа дунд зэргийн согтолттой байсан ба намайг Хонгороо ахтайгаа ярих уу гэж асуухаар нь би үгүй, Хонгороо ахтай ярихгүй гээд гар утсаа тасалсан. ...Тухайн өдөр ээжийн намайг ярих уу гэсэн Хонгороо гэдэг эрэгтэй ямар учиртай эрэгтэй хүн бэ гэхээр 2020 оны 1 сард ээж маань автын осолд ороод ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэдгийг манай гэр бүл мэдээд ГССҮТ дээр очиход ээжийг огт танихгүй нэгэн эрэгтэй хүн сахиж байсан юм. Тэгээд би ээжээс тухайн эрэгтэй хүн ямар учиртай эрэгтэй хүн юм бэ гэж асуухад тухайн эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа гэж хэлж байсан. ...ээж өөрийгөө Хонгороо гэх эрэгтэйгээр сахиулах санал гаргаж байсан бөгөөд би тухайн үед анх Хонгороо гэх эрэгтэйг харж байсан. ...Тэгээд өнөөдөр ээж маань нас барсан байна гэдгийг цагдаагийн газраас хэлснээр би ээжийгээ нас барсан гэдгийг мэдсэн. ...Ээж тухайн өдөр надтай ярихдаа...дунд зэргийн согтуу байсан ба намайг сайн уу, хичээл нь амарсан уу гэж ойр зуурын юм асууж байгаад Хонгороо ахтайгаа ярих уу гэхээр нь би гар утсаа тасалчихсан... Миний ойлгосноор тухайн эрэгтэй хүний жинхэнэ нэр нь Хонгороо биш, хоч нь Хонгороо юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх 33-38/,

гэрч Д.Байгалмаагийн “...2020 оны 1 дүгээр сарын 01-нд бэр Хулан над руу залгаад ээж авто осолд орсон байна гэмтэлд хэвтэн эмчлүүлж байна гэж байна гэхээр нь ах, дүү нараараа очсон. ...очиход тэнэмэл амьдралтай бололтой Хонгороо гэх хүнтэй хамт байсан бөгөөд уг Хонгороо гэгч нь сахиж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 49-52/,

гэрч Б.Дашнямын “...Би хот тохижилтын газарт зам талбайн үйлчлэгч хийдэг ба баруун 4 замын уулзвараас “Бөмбөгөр” худалдааны төвийн гэрлэн дохио хүртэлх зайг хариуцан цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг ба энэ хэсгийг хариуцаад 5-6 сар болж байна. ...Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Хүслэн” төвийн харалдаа зам цэвэрлээд явж байхад явган хүний шаттай гарцын доод талд дээшээ хараад хэвтсэн эмэгтэй хүн байсан. Дээгүүрээ цагаан өнгөтэй хөнжлийг цээжийг бие хүртлээ нөмөрчихсөн байсан ба хажуу талд нь ууттай лааз, хуванцар сав байсан. Тэгээд би ажиглаад хараад байсан чинь ерөөсөө хөдлөхгүй байхаар нь би дотроо нас барчихсан байна гэж бодоод өөрийн 94161518 дугаараас 102 дугаарт “Гүүрэн гарц доор нь хүн үхчихсэн байна” гэж дуудлага өгчихөөд тэндээсээ алхаад шууд гэр рүүгээ харьсан юм...” гэх мэдүүлэг/1-р хх 54-56/,

гэрч Г.Дарийсүрэнгийн “...Би талийгаачийн хамтран амьдрагч Хонгороотой найз нөхдийн харилцаа холбоотой. Хонгороотой уулзахдаа талийгаачтай 1-2 удаа таарч байсан. ...2021 оны өвөл Хонгороо надтай тааралдаад талийгаач Д.Б автын осолд ороод ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа, хоол аваачиж өгөх гээд явж байна гээд хоол барьчихсан явж байсан. ...Миний мэдэхээр 2019 оноос хойш манай найз Хонгороотой хамт амьдрах болсон. Хонгороо, талийгаач хоёр гэхдээ тогтсон орон гэр байхгүй, гадуур хоноглодог байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 59-60/,

гэрч П.Оргилын “...Тг манай найз нөхдийн хүрээнд Хонгор гэж хочилж, дууддаг. ...Би 2021 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Хонгор, Б нар унтаж амардаг оромжид очиход Хонгор, Бг тэвэрчихсэн унтаж байсан. Тэгээд миний хажууд Хонгор, Бг татаж, чангаагаад сэрээх гэсэн боловч Б огт сэрэхгүй байсан. Тэгэхээр нь Бгийн гар хөлийг нь Хонгор барьж үзээд нас барчихсан байна гэж хэлэхээр би тэндээс яваад өгсөн. Тэгээд удалгүй би Хонгортой Их-Шавь сургуулийн ойролцоо таарсан бөгөөд Хонгор бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...түүсэн шил, лаазаа тушаагаад олсон мөнгөөрөө хоёр шил “Сэржим" нэртэй 750 граммын савлагаатай архи худалдаж аваад хоёулхнаа хуваагаад ууж байтал Хонгор надад ярихдаа “Хамтран амьдрагч Бтайгаа хамт Гандангийн зүүн урд талд засмал зам дагуу байрлах ус зайлуулах далангийн дээгүүр тавигдсан гүүрэн доор архи ууж байгаад маргалдаж, нүүр, толгой хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон чинь нүүрнийх нь цохиулсан хэсгээр нь битүү хавдаад, ухаан алдаад уначихсан, тэгээд ухаан алдсан чигээрээ огт босохгүй байж байгаад нас барсан” гэж надад хэлсэн. Тэгээд Хонгор бид хоёр архиа ууж дуусгаад салцгаасан. ...Надад хэн ч ингэж мэдүүл, тэгж мэдүүл гэж үг зааж өгөөгүй, би зөвхөн Хонгорын ярьсан зүйлийг үнэн зөвөөр нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна. ...2021 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Б, Хонгор хоёртой уулзахаас өмнө Бтай урьд өдрүүдэд нь байнга уулзаж байсан юм. Өмнөх өдөр нь Бтай уулзахад нүүр ам нь хөхөрч, хавдсан зүйл байхгүй, зүв зүгээр байсан юм. ...Зүүн талынх нь нүд нь маш том хавдаж, хөхрөөд, эргэн тойрных нь арьс нь шалбарсан бололтой шархнууд надад харагдаж байсан. Биедээ хувцас өмссөн байсан учир би бусад биеийн хэсэгт нь гэмтэл бэртэл учирсан байсан эсэхийг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р 68-70/,

гэрч С.Болдбаатарын “...Намайг Болдбаатараас өөрөөр Бундуй гэж дууддаг юм. ...миний мэдэхээр сүүлийн 3 жил гаран Т нь Бтай хамтран амьдарч байгаа. Тэр хоёр хамтран амьдрагчийн харилцаа холбоотой бөгөөд хааяа нийтийн байр түрээслэн хамт амьдардаг боловч нийтийн байр түрээсэлж амьдрах нь ховор, гадуур гудамжаар Баянгол дүүргийн эх нялхасын урд талын траншейнд амьдардаг, сүүлд нэг хэсэг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны далангийн гүүрэн доор амьдарч байсан. Би Б, Т буюу Хонгороо нартай хамгийн сүүлд 5 сарын сүүлчээр Баянбүрдийн түүхий эд авах цэг дээр тааралдсан. ...Тэр хоёр хамт нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ маргах нь их байдаг. Бд архи надад бага хийлээ, өөртөө их хийлээ гээд их маргаад байдаг. Т буюу Хонгороо нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам зантай. Бгаа зодож байхыг ганц хоёр удаа харж байсан. Би Буурлаа буюу Баярбат, Хуягаа нартай хамгийн сүүлд, наадмаас хамаагүй өмнө 6 дугаар сарын эхэн хавьцаа 14-нөөс 15-ны үеэр Бөмбөгөрийн урд ажлаа хийгээд цалингаа авах гэж байхдаа эхлээд Хуягаатай таараад байж байхад удалгүй араас нь Буурлаа буюу Баярбат ирж таараад бид гурав Бөмбөгөрөөс нэг шил 0.75 литрийн архи авчихаад Тасганы овооны тэнд очиж хамт авсан архиа хувааж уугаад салцгаасан. Тухайн үед Буурлаа бид хоёрт Хуягаа “Хонгороо эхнэрээ зодоод алчихлаа гээд гайхуулаад явж байна” гэж хэлсэн. Тухайн үед бид гурав л байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх 82-85/,

гэрч Д.Батхуягийн “...Би Б, Хонгороо хочтой Т, Баярбат хочит Буурлаа, Бундуй хочит Болдбаатар нарыг танина. Тухайн хүмүүсийг 2-3 жилийн өмнөөс танина...Намайг Хуягаа гэж дууддаг. ...таньж мэддэг болсноос хойш Хонгороо Б нар нь байнга нийлээд хамт яваад байдгийг мэднэ. 2021 оны 6 дугаар сарын арван хэднээр билээ, одоо сайн санахгүй байна, ямарч л байсан арван гарсан байсан. Ттай Баянбүрдийн шил лааз тушаадаг газар таарсан бөгөөд намайг архи аваад өгчих гэсэн. ...Тухайн үед Т нь “би Бгаа алчихлаа” гээд яриад явж байсан. Т буюу Хонгороо нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...Тухайн үед хогийн цэгийн шил лааз авдаг газрын хүн байсан. ...Би Буурлаа буюу Баярбат, Бундуй буюу Болдбаатар нартай хамгийн сүүлд 6 дугаар сарын эхэн хавьцаа буюу Болдбаатартай таарчихаад байж байхад Буурлаа буюу Баярбат ирж таараад бид гурав Бөмбөгөр худалдааны төвөөс нэг шил 0.75 литрийн архи аваад Тасганы овоон дээр очиж хамт авсан архиа хуваад уугаад салцгаасан. Тухайн үед би Т буюу Хонгороог “Бгаа алчихлаа" гээд яриад явж байсан талаар тэр хоёрт хэлсэн. Тухайн үед бид гурав л байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 89-91/,

гэрч Ц.Тогмидын “...Ц.Т нь миний төрсөн ах байгаа юм. ...2020 оны өвөл залгаад “нэгдүгээр хорооллын арын зам дагуу байрлах эмнэлэгт байна” гэхээр нь “яасан бэ” гээд яваад очиход “Б гэх хүнийг аваарт орж гэмтсэн, би сахиж байна, ар гэр нь намайг сахиж байгаарай гэсэн” гэж хэлсэн тэгээд сахиж байна гэсэн. Уг Б гэх эмэгтэй ямар учиртай эмэгтэй вэ гэж асуухад, Т “миний хамтран амьдрагч эмэгтэй байгаа юм” гэсэн...” гэх мэдүүлэг/1-р хх 98-100/,

гэрч Г.Сарангэрэлийн “...Хонгороо, Б нар нь манай түүхий эд авах цэг дээр түүж цуглуулсан архины шил, саваа өгдөг учир танина. Т, Б нар нь хамтран амьдрагч гэж явдаг, байнга хамт ирдэг байсан. Т манай түүхий эд авах цэгт түүхий эд зараад бараг 7 жил болж байна. Б нь сүүлийн 4, 5 жил Ттай хамтран амьдрагч гээд хамт ирдэг байсан. ...Т хамт архи ууж гадуур шил, лааз түүдэг Оргил гэж ахтай хамт ирж түүхий эд тушаасан. 2021 оны 6 дугаар сарын 13-нд юм уу, 14-ний өдөр байсан байх. Т, Оргил хоёр согтуу ирсэн бөгөөд Т “Б нас барчихсан" гэж хэлэхээр нь “яасан юм, зүгээр байсан биз дээ” гэхэд “унтаад, тэр чигээрээ нас барсан” гээд инээгээд байсан, би худлаа ярьж байгаа байх гэж бодоод тоогоогүй. ...Б эгч хааяа нүд, нүүр нь хөхөрчихсөн ирдэг байсан, яагаад хэн тийм болгосон талаар асуудаггүй...” гэх мэдүүлэг/1-р хх 101-104/,

гэрч Г.Баярбатын “...Намайг зарим хүмүүс Буурал гэж хочилж дууддаг. Би тухайн дуудлага мэдээллийг өгсөн бөгөөд би Хархорин захаас үл таних хүнээс ажиллагаа дутуу утас 5.000 төгрөгөөр авсан бөгөөд тэр утсанд 96001732 дугаар байсан. Би тухайн дуудлагын өгсөн шалтгаан нь тухайн дуудлага өгсөн өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн авто замын баруун талд байдаг далангийн хажуугаар урд зүгээс хойд зүг рүү явж байтал далангийн гүүрний хажууд Т нэртэй Хонгороо гэж хочилдог залуутай тааралдсан. Тэгээд Хонгороо жаахан уух архи барьчихсан, намайг хамт ууя гэхээр нь далангийн гүүрний доод талд очоод тухайн архинаас хувааж уугаад, Хонгороо хамтран амьдрагч Бгийн хажуугаар ороод хэвтсэн бөгөөд би тухайн үед Бг харахад хөдлөхгүй, хөшсөн байдалтай байхаар нь би Бгийн биеийн гаранд нь хүрэх үед хүйтэн болсон байхаар нь Хонгороод “наад хүн чинь үхчихсэн байна шүү дээ” гэж хэлэх үед Хонгороо “зүгээр байгаа, би наад Бг чинь зодчихсон юм аа, наадах чинь үхээгүй” гээд Хонгороо Бгийн шанаа, нүүрэн хэсэгт дарах үед Бгийн хамар хэсгээс цустай, шингэн зүйл гоожсон. Тэгэх үед Хонгороо “би үхсэн хүн тэврээд хэвтээд байсан юм болж байна уу, явъя, зугтаая, би Бг зодчихсон юм аа” гэж хэлээд, намайг дагуулаад явсан. ...Хонгороо архи аваад, бид хоёр 3 дугаар эмнэлгийн ард талын “Нархажид” нэртэй сүмийн хойд талын зүлэгтэй хэсэгт архи уугаад сууж байтал Хонгороо “Бг зодсон юм аа” гэж яриад архиа дуусгасан. ...би тухайн өдрийн маргааш нь Бундуй, Хуягаа ах хоёртой Бөмбөгөр худалдааны төвийн орчим таарах үед Хуягаа ах “Хонгороо, би эхнэрээ зодоод алчихлаа гээд гайхуулаад явж байна” гэж Бундуй бид хоёрт хэлсэн. Тэгээд Хуягаа ах, Бундуй бид гурав Тасганы овооны сандал дээр сууж байгаад 0.75 литрийн “Их монгол” нэртэй архи хувааж уугаад, бид гурав салаад явцгаасан. ...Би Хонгороогоос салж яваад, дахиад архи уухаар Хархорин зах орчим явж байх үед үл таних хүнээс “Самсунг” загварын цагаан өнгийн утас худалдаж аваад, “хүн үхсэн байхыг харсан”, Т надад хамтран амьдрагч Бг зодож алсан тухайгаа хэлсэн болохоор, би уг худалдаж авсан утасныхаа нэгжийг шалгах үед нэгжтэй байхаар нь цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж “нэг хүнийг хамт байсан хүн нь зодсоор байгаад алчихлаа, амьсгалахгүй, бие нь хөшсөн байна” гэсэн дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 107-111/,

шинжээч эмч М.Энхбаярын “...Тухайн гэмтлүүдийг цохиж, арагшаа савж унаад учирсан гэмтлүүд байсан. Задлан шинжилгээгээр нас барсан хугацааг баримжаалж тогтоодог. Би 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн, тэгээд 24 цаг гэж баримжаалж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх 165-168/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн “...Д.Б-гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зүүн дагз, суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, нүүр, мөчдийн зулгаралт, цус хуралт, шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс гавлын зүүн дагз, суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины няцралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины няцралт, аалзан доорх цус харвалт, гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүр мөчдийн зулгаралт, цус хуралт, шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Д.Б нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой, талийгаач Д.Б нь АВО системээр АВ/II/ бүлгийн цустай байжээ. Талийгаач Д.Б нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач Д.Б нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны 20 цаг 30 минутад нас бараад 24 цаг болсон байжээ. Талийгаачид яаралтай эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврахыг үгүйсгэхгүй. Э.Талийгаачийн үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй болно. Талийгаач Д.Бд заг хүйтэн, трихомонадын халдвар илрээгүй болно...” гэх дүгнэлт, химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 113-124/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/155 дугаартай криминалистикийн шинжээчийн гарын мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 128-134/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1798 дугаартай криминалистикийн шинжээчийн мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 137-144/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2996 дугаартай ДНХ-ийн шинжээчийн ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 147-149/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/237 дугаартай криминалистикийн шинжээчийн гарын мөрний адилтгалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 153-157/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 595 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ц.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Т нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хх 161-163/,

“Скайтел” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21/9641 дугаартай албан бичгээр ирүүлсэн 96001732 дугаарын гар утасны орсон, гарсан ярианы лавлагаа /2-р хх 9-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 183-189/, эд зүйлд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 174-180/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх 182/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 242/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх 244/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 246/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Харин анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Т-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Үүнд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-гийн “...Хонгороо гэдэг эрэгтэй ямар учиртай эрэгтэй хүн бэ гэхээр 2020 оны 1 сард ээж маань автын осолд ороод ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэдгийг манай гэр бүл мэдээд ГССҮТ дээр очиход ээжийг огт танихгүй нэгэн эрэгтэй хүн сахиж байсан юм. Тэгээд би ээжээс тухайн эрэгтэй хүн ямар учиртай эрэгтэй хүн юм бэ гэж асуухад тухайн эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа гэж хэлж байсан...” /1-р хх 33-38/,

гэрч Д.Байгалмаагийн “...2020 оны 1 дүгээр сарын 01-нд бэр Хулан над руу залгаад ээж авто осолд орсон байна, гэмтэлд хэвтэн эмчлүүлж байна гэж байна гэхээр нь ах, дүү нараараа очсон. ...очиход тэнэмэл амьдралтай бололтой Хонгороо гэх хүнтэй хамт байсан бөгөөд уг Хонгороо гэгч нь сахиж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 49-52/,

гэрч Г.Дарийсүрэнгийн “...Би талийгаачийн хамтран амьдрагч Хонгороотой найз нөхдийн харилцаа холбоотой. Хонгороотой уулзахдаа талийгаачтай 1-2 удаа таарч байсан. ...2021 оны өвөл Хонгороо надтай тааралдаад талийгаач Д.Б автын осолд ороод ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа, хоол аваачиж өгөх гээд явж байна гээд хоол барьчихсан явж байсан. ...Миний мэдэхээр 2019 оноос хойш манай найз Хонгороотой хамт амьдрах болсон. Хонгороо, талийгаач хоёр гэхдээ тогтсон орон гэр байхгүй, гадуур хоноглодог байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 59-60/,

гэрч П.Оргилын “...Тэгээд удалгүй би Хонгортой Их-Шавь сургуулийн ойролцоо таарсан бөгөөд Хонгор бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...түүсэн шил, лаазаа тушаагаад олсон мөнгөөрөө хоёр шил “Сэржим" нэртэй 750 граммын савлагаатай архи худалдаж аваад хоёулхнаа хуваагаад ууж байтал Хонгор надад ярихдаа “Хамтран амьдрагч Бтайгаа хамт Гандангийн зүүн урд талд засмал зам дагуу байрлах ус зайлуулах далангийн дээгүүр тавигдсан гүүрэн доор архи ууж байгаад маргалдаж, нүүр, толгой хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон чинь нүүрнийх нь цохиулсан хэсгээр нь битүү хавдаад, ухаан алдаад уначихсан, тэгээд ухаан алдсан чигээрээ огт босохгүй байж байгаад нас барсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р 68-70/,

гэрч С.Болдбаатарын “...Миний мэдэхээр сүүлийн 3 жил гаран Т нь Бтай хамтран амьдарч байгаа. Тэр хоёр хамтран амьдрагчийн харилцаа холбоотой бөгөөд хааяа нийтийн байр түрээслэн хамт амьдардаг боловч нийтийн байр түрээсэлж амьдрах нь ховор, гадуур гудамжаар Баянгол дүүргийн эх нялхасын урд талын траншейнд амьдардаг. ...сүүлд нэг хэсэг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны далангийн гүүрэн доор амьдарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 82-85/,

гэрч Д.Батхуягийн “...Хонгороо Б нар нь байнга нийлээд хамт яваад байдгийг мэднэ...” гэх мэдүүлэг /1-р хх 89-91/,

гэрч Ц.Тогмидын “...Уг Б гэх эмэгтэй ямар учиртай эмэгтэй вэ гэж асуухад, Т “миний хамтран амьдрагч эмэгтэй байгаа юм” гэсэн...” гэх мэдүүлэг/1-р хх 98-100/,

гэрч Г.Сарангэрэлийн “...Хонгороо, Б нар нь манай түүхий эд авах цэг дээр түүж цуглуулсан архины шил, саваа өгдөг учир танина. Т, Б нар нь хамтран амьдрагч гэж явдаг, байнга хамт ирдэг байсан...”  гэх мэдүүлэг/1-р хх 101-104/,

гэрч Г.Баярбатын “...Т надад хамтран амьдрагч Бг зодож алсан тухайгаа хэлсэн болохоор, би уг худалдаж авсан утасныхаа нэгжийг шалгах үед нэгжтэй байхаар нь цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж “нэг хүнийг хамт байсан хүн нь зодсоор байгаад алчихлаа, амьсгалахгүй, бие нь хөшсөн байна” гэсэн дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 107-111/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж дүгнэвэл шүүгдэгч Ц.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх боловч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зүйлчлэл тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн гэж” Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг”, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” гэж, 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, 3.2 дахь заалтад “энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж, 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, ойлгоно гэж тус тус заажээ.

Тодруулбал, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг” нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог ба хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Т, амь хохирогч Д.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч болохыг нотолсон бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, амь хохирогч Д.Б өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байгаагүй, хаана амьдардаг байсан, хэдий хугацаанд амьдарсан зэрэг нь нотлогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Ц.Т-гийн нэг удаагийн зодох үйлдлийн улмаас хохирогч Д.Б-г алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд Ц.Т-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.   

Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Ц.Т-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 11 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, Ц.Даваажаргал нар нь “...гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байх тул нүүрэлдүүлэн байцаалгах, полиграфийн шинжилгээ хийлгэх, эрүүдэн шүүсэн талаар шалгуулах, гэрчийн мэдүүлэг болон үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэй алдаатай, амь хохирогч Д.Б-гийн нас барсан цаг хугацаа зөрүүтэй, хэргийн талаарх гомдол мэдээллийг хэн, хэзээ гаргасан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, шүүгдэгч Ц.Т-гийн “эрүүдэн шүүж, хүнд гэмт хэрэг үүрүүлж байгаад гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй” байна гэсэн гомдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас шалгаж, улмаар 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2413 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай /2-р хх 76/ баримт хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд тухайн асуудлыг нэгэнт эрх бүхий байгууллагаас шалгаж, прокурор шийдвэрлэсэн тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дахин шалгуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэхээр байна.

Мөн хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүст мөрдөн байцаагч  хууль сануулж, эрх, үүргийн тайлбарлан өгч мэдүүлэг авсан байх ба гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах, полиграфийн шинжилгээ хийх нь тус хэрэгт ач холбогдолгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдэгдсэн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан зүйл тогтоогдохгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1169 дугаар шинжээчийн дүгнэлтэд нас барсан цаг хугацааг тодорхой тусгасан байх тул магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт болон өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Цэдэндоржийн Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Цэдэндоржийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

- 2 дахь заалтыг “Шүүгдэгч Цэдэндоржийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

- 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-д оногдуулсан 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56  хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ