Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2024/00388

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Ц.Н-ийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгч: Ц.Н,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч Ц.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

      1.1. Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2005 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилласан. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдөр асрагчаар томилсон тушаал аймгийн архивын газраас шүүлгэж гарч ирсэн. 2024 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар тэтгэвэрт гарах насанд хүрч холбогдох бичиг баримтыг Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч нарт шалгуулахад 1991-1994 оны хооронд түр тушаалаар ажилласан үндсэн тушаал байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй гэсэн үндэслэлээр тус хугацааны ажилласан жил нотлогдохгүй байгаа учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж үзсэн учраас шүүхэд хандах шаардлагатай болно. Иймд миний 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

      2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 94 дүгээр Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, 1994 онд хамт олноороо авхуулсан гэх фото зураг, Д.Б-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.У-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 069 дүгээр сарын 06-ны гаргасан Ц.Н-гийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1995 онд төлсөн шимтгэл төлөлтийн лавлагаа, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Ц.Н-гийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

       3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, мөн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 579 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 297 дугаар албан бичиг, гэрч Д.Б, Д.У нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

       1. Нэхэмжлэгч Ц.Н-гийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

      2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Н-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч Ц.Н нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

       3. Ц.Н-д 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Барилга трестээс нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт ...1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр халдвартын тасагт асрагчаар ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр улсад 6 жил, 11 сар, 26 хоног ажилласнаар тооцов хэмээн бичилт хийгдэж, тамга дарагдсан байх тул нотлох баримтаар үнэлэв.

        Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 94 дүгээр Ажилд түр томилох тухай тушаалаар Ц.Н-г 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр халдвартын тасгийн асрагчаар томилжээ.

       Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Н-ийн Нэгдсэн эмнэлэгт 1993 оны 1, 4 дүгээр саруудад асрагчаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

        Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 069 дүгээр сарын 06-ны гаргасан лавлагаагаар Ц.Н нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1995 онд ажиллаж хөдөлмөрийн хөлс, орлогоос шимтгэл төлж байжээ.

       4. Шүүхээс гэрч Д.Б, Д.У нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Б Би Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг 1984 онд сувилагч мэргэжлээр төгсөж ирээд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт сувилагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа хүүхдийн тасаг, сэтгэц мэдрэлийн тасаг, доторын тасаг, сүрьеэгийн тасаг, мэдрэлийн кабинет, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасагт ажиллаж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарсан. Ц.Н 1991 онд халдвартын тасагт асрагчаар ажилд орж байсан. Мөн ажиллах хугацаандаа дотор мэдрэлийн тасагт асрагчаар ажиллаж, 1994 оныг дуустал ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Д.У Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1978 оны 12 дугаар сараас асрагчаар ажилд орж байсан. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт асрагчаар тасралтгүй ажиллаж байгаад 2006 онд тэтгэвэртээ гарсан. Ц.Н 1991 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт асрагчаар ажилд орж, дотрын тасагт мөн асрагчаар ажилладаг байсан. Ц.Н Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг, дотрын тасагт 1994 оны 12 дугаар сар хүртэл асрагчаар ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         5. Нэхэмжлэгч Ц.Н нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан болох нь Ц.Н-д 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Барилга трестээс нээсэн ...1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр халдвартын тасагт асрагчаар ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр улсад 6 жил, 11 сар, 26 хоног ажилласнаар тооцов хэмээн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 94 дүгээр Ажилд түр томилох тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Н-ийн Нэгдсэн эмнэлэгт 1993 оны 1, 4 дүгээр саруудад асрагчаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Д.Б, Д.У нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

      6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ц.Н-гийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

       7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн 1994 онд хамт олноороо авхуулсан гэх зураг нь хэн, хэзээ, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаазгай овогт Ц.Н-ийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                             ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР