Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/652

 

 

 

 

 

 

   2022             6              23                           2022/ДШМ/652

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,                     

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/942 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2203000930185 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-гийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...................... аймгийн .................... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...................... хамт .................. дүүргийн .. дугаар хороо, .......... гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../; 

Яллагдагч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын баруун замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 11-27 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.3-д Гэрэл ... бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 10 настай эмэгтэй У.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хуульд зааснаар шүүгч өөрийн санаачилгаар явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 асуудлын хүрээнд хэлэлцүүлж, Ж.Б-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзэв.

  1. Прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд яллагдагч Ж.Б-ийг 10 настай зорчигч У.Номин-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн байна.

Шүүх хэргийн материалтай танилцахад хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээдгүй, энэ талаар мөрдөгч, прокурорын шийдвэргүй, харин насанд хүрээгүй этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон тогтоол авагдсан байна. Иймд хууль ёсны төлөөлөгч тогтоосон тогтоолыг агуулгын хувьд хохирогч тогтоосон гэж адилтган үзэхгүй. Тодруулбал, хэрэгт хохирогч тогтоогоогүй байгаа нь хохирсон субъект тодорхойгүй гэж үзэх үндэслэл болно.

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэгт хэрэг үйл явдал болсны дараах асуудлыг мэдүүлжээ. /хх 17/ Мөн яллагдагчийн мэдүүлэгт “ослын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа, тухайн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн байх ба /хх 74/ Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгаа, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Түүнчлэн, хэргийн газарт байсан хүн 88021900 дугаараас зам тээврийн осол хэргийн талаар дуудлага өгсөн нь дуудлагын лавлагааны хуудсаар тогтоогдож байхад, дуудлага өгсөн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй, улмаар 88021900 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байв гэсэн тэмдэглэлийг үйлдэж хэрэгт хавсаргажээ. /хх 86/

Иймд дээрх нөхцөл байдлаас үзвэл, хэрэг үйл явдал хэрхэн гарсан талаар яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр тодруулсан мэдүүлэггүй байх ба хэргийн газар хохирсон этгээд, гэрч нарыг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад асуудлыг/-ыг, 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг” нотолбол зохих ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэл болно.

Нөгөө талаас осол хэргийн талаар дуудлага өгсөн 88021900 дугаарын эзэмшигчийг олж тогтоох талаар үүрэн холбооны холбогдох байгууллагаас лавлагаа, мэдээлэл аваагүй, огт ажиллагаа явуулалгүйгээр залгасан эсэх нь тодорхойгүй тэмдэглэл хөтөлж хэрэгт хавсаргасан нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймээс нотолбол зохих ажиллагааг хангалттай хийж нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хэрэг үйл явдлыг бүрэн нотлон тогтоох шаардлагатай гэж шүүх дүгнэж, хэргийг прокурорт очтол Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, яллагдагчийн жолооны болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэлдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/942 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно. 1.1 дэх заалтад ...арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж хуульчилсан ба насанд хүрээгүй 10 настай У.Н-ийг хохирогчоор тогтоох шаардлагагүй, тодруулбал, түүний төрсөн эх Ч.Уранчимэгийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байна. Хэдийгээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг явдал болсны дараах асуудлыг мэдүүлсэн боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцож байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн насанд хүрээгүй У.Н-ийг насанд хүрээгүй хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах гэсэн боловч зам тээврийн ослын улмаас түүний биед хацар яс, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба мэдүүлэг өгөх чадавргүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Иймд хууль ёсны төлөөлөгч нь түүний эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцож байгаа учраас түүнийг насанд хүрээгүй хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн болно.

2. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, жолооч Ж.Б-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Ж.Б нь оройн цагаар тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлагыг хангахгүй буюу бүдэг асдаг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа насанд хүрээгүй явган зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь дээрх үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд дуудлага өгсөн гэх 88021900 дугаарын эзэмшигчийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэх шаардлагагүй бөгөөд тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/942 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ж.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас Ж.Б-ийг 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хорооллын баруун замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 11-27 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 5.3, 12.3, дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, “...хэрэгт хохирогч тогтоогоогүй байгаа нь хохирсон субъект тодорхойгүй гэж үзэх үндэслэл, хэрэг үйл явдал хэрхэн гарсан талаар яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр тодруулсан мэдүүлэггүй байх ба хэргийн газар хохирсон этгээд, гэрч нарыг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад асуудлыг/-ыг, 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг” нотолбол зохих ажиллагааг явуулаагүй, хэргийн газарт байсан хүн 88021900 дугаараас зам тээврийн осол хэргийн талаар дуудлага өгсөн хүнийг гэрчээр асуух, ажиллагаа явуулах” шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан нөхцөл байдал тогтоогдсон учраас насанд хүрээгүй хохирогч У.Номин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчөөр эх Ч.Уранчимэгийг тогтоосон нь үндэслэлтэй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Уранчимэг нь насанд хүрээгүй хохирогч У.Н-ийг төлөөлөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогчийг тогтоох шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогчийг хохирогчоор тогтоож, ойлгомжгүй зүйл байгаа бол шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, талуудаас тайлбар авах замаар тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад асуудлыг/-ыг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч Ж.Б-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/942 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ж.Б-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                     Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                      Б.ЗОРИГ