Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1183

 

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын     20-ны өдрийн 181/ШШ2020/01015 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “З” ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр 5 605 363 төгрөг, алданги 2 802 681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, А.Гулим нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, А.Гулим шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХК анх 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “З” ХХК-тай гарааш түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, энэ үеэс эхлэн өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэн. Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээг, 2015 онд тус тус гэрээг шинэчлэн байгуулж, агуулахын байрууд түрээсэлж байна. Одоогийн байдлаар гуанзны барилгын 1 давхар /205, 115, 40 тоотууд/, №7 тоот агуулах, гуанзны барилгын 1 давхар оффисын өрөөг хариуцагч түрээслэдэг. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээний сунгалтын дагуу нийт түрээсийн үндсэн төлбөрт сард 4.344.000 төгрөг төлөхөөр тохирсон. Уг дүнд сар бүрийн дулааны төлбөр болон НӨАТ орсон дүн болно. Талуудын хувьд дээр дурдсан гэрээнүүдийг цаг тухайд нь сунгаж, шаардлагатай өөрчлөлтийг оруулж ирсэн. Дээрх бүх гэрээнүүдийн 4.1-д төлбөр төлөх хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байдаг. Гэрээнд зааснаар түрээслэгч төлбөрийг дараа сарын 01-ний өдрийн дотор төлөх ёстой. Гэвч хариуцагч байгууллага 2018 оны 12 дугаар сараас хойшхи хугацааны сар бүрийн түрээсийг төлөхдөө заасан хугацааг хожимдуулж төлдөг байсан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн үлдэгдэл 1.261.363 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын түрээс 4.344.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны алдангид Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцон 2.802.681 төгрөг, нийт 8.408.044 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч шүүх хуралдаанаас өмнө 5.643.860 төгрөгийг төлж, манай дансанд орсон байна. Энэ мөнгөнд төлөх ёстой үндсэн төлбөр 5.605.363 төгрөг дээр ус дулааны зэрэг нэхэмжлээгүй хэрэглээний зардлын мөнгө нэмэгдэж төлөгдсөн байна. Иймд энэ мөнгийг үндсэн төлбөрт хасч тооцон алданги 2.802.681 төгрөг гаргуулах шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ. 

Хариуцагч З” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай “З” ХХК-ийн ажилтнууд энэ шаардлагыг ойлгохгүй байна. Занаду дарс эдийн засгийн хямралын улмаас санхүүгийн стресст орсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд би 5.643.860 төгрөгийг биечлэн төлсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар “З” ХХК-аас 138.092 төгрөгийг гаргуулж, “Г” ХК-д олгож, үлдэх 2.664.589 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149.479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 107.461 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, А.Гулим давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нь алдангийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаа тул төлөхөөс татгалзаж байна хэмээн тайлбарласан байх бөгөөд алдангийн хэмжээ болон алданги тооцсон аргачлалтай огт маргаагүй ба хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ хэмээн шүүхээс дүгнэсэн. Гэвч хавтаст хэргийн 28, 29 дүгээр талд авагдсан нотлох баримт буюу нэхэмжлэгчээс гаргаж өгсөн харилцагчийн гүйлгээний баримтаар хариуцагч төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаагүй болох нь нотлогдоно. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй нийт нэхэмжлэлийн шаардлага нь 8.408.044 төгрөг бөгөөд үүнээс 2.802.681 төгрөг нь төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүйгээс үүдэн үүссэн алданги юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу талууд гэрээний агуулгыг болон үндсэн нөхцөл, төлбөрийн хэмжээ зэргийг өөрсдөө тодорхойлон улмаар гэрээг байгуулсан болно. Мөн гэрээнд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, гэрээний 2.2-т тусгасан байдаг. Талууд гэрээнд тусгасан тус заалтыг шууд утгаар нь ойлгох бөгөөд төлбөрийг урьдчилан төлсөн байхаар гэрээлэгч талууд тохирсон. Хариуцагчийн төлбөр төлөх үүргээ хууль шүүхийн байгууллагад хандаж улмаар шүүх хурлын өдөр биелүүлж буй уг үйлдэл нь Монгол улсын хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний сахилга батыг үл тоосон, үл хүндэтгэсэн үйлдэл болж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХК нь “З” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 5.605.363 төгрөг, алданги 2.802.681 төгрөг, нийт 8.408.044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн  төлбөрийг хариуцагч төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал шаардлагаа багасгаж, алданги 2.802.681 төгрөг нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээний харилцаа үүсч, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус тус түрээсийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд байгуулагдсан ба уг гэрээгээр “Г” ХК нь Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 67 дугаарт байрлах 4928 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс 20, 21, 23, 30 тоот граж хэсгийг агуулахын зориулалтаар, түрээслүүлэгчийн дээрх хөрөнгөнөөс гуанзны 1 дүгээр давхарт байрлах хэсгээс 205 м.кв, 115 м.кв, 40 м.кв, 14 м.кв талбай, 7 тоот граж зэргийг агуулахын зориулалтаар “З” ХХК-д ашиглуулах, түрээслэгч “З” ХХК гэрээгээр тохиролцсон хөлсийг  “Г” ХК-д төлөхөөр  тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-25, 41/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ мөн хуулийн 318.3 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Гэрээний сунгалтаар “З” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний сараас түрээсийн төлбөрийг төлөхөөр, “...гуанзны барилгын 1 давхарын / 205 м.кв, 115 м.кв, 40 м.кв / агуулахын сарын төлбөр 3.240.000 төгрөг, 7 тоот агуулах 880.000 төгрөг, гуанзны барилгын 1 давхарын 14 м.кв талбайтай оффисын өрөөг 224.000 төгрөг, нийт 4.344.000 төгрөгт хүйтний улирлын халаалтын үнэ орсон” гэж заасан тул ашиглалтын зардалд хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1.261.363 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөр 4.344.000 төгрөг, нийт 5.605.363 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 5.643.860,60 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй. / хх-ийн 25, 43 /

 

Нэхэмжлэгч нь 2.802.681 төгрөгийн алданги шаардсан үндэслэлээ хариуцагч 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд сар бүр түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн тул алданги тооцсон гэж тайлбарласан боловч 2019 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн “түрээсийн гэрээний сунгалт” гэх гэрээний 3 дах хэсэгт  заасан  2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Зохигчдын хоорондох 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээнүүдийн 4.1, 5.3-д хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд анзын талаарх талуудын тохиролцоог тусгасан эдгээр гэрээг  2019 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн “түрээсийн гэрээний сунгалт” гэх гэрээний 3 дах хэсэгт  заагаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

 Анхан шатны шүүх хариуцагчаас алданги 138.092 гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 57 584 төгрөгийг улсын төсөвд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

                                                          ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ        

                                                                                                            Н.БАТЗОРИГ