Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч   Г.Сарантуяа даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Иргэдийн төлөөлөгч Б.Долгорсүрэн

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Рашзэвэг /0-634/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201414000577 дугаартай гурван хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай эмэгтэй, дээд боловсолтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-5-48 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоо Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 54б-22 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ИМ- дугаартай, Боржигон овогт *******

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, 5-41-37 тоот 2 өрөө орон сууцыг төлбөрийг бүрэн гүйцэт барагдуулахаас өмнө, байрны гэрчилгээ гараагүй байхад худалдан борлуулах эрхгүй атлаа бодит байдлыг мушгин гуйвуулж итгэл эвдэх аргаар иргэн *******т 53.000.000 төгрөгөөр худалдан уг мөнгийг Төрийн орон сууцны корпорацийн дансанд шилжүүлээгүй залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-13-14, 50, 109-110/,

2.Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-48-49, 111/,

3.Гэрч Д.Гансумын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-52/,

4.Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-54/,

5.Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-63-66, 112/,

6.Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-29, 76, 79-98, 142-149, 167-186/,

7.Барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд болон залуу гэр бүлийн орон сууц батламж /хх-67-73/

8.Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх-36-39/

9.Зээлийн гэрээ /хх-6, 99/

10.ХААН банкны депозит дансны хуулга /хх-115-141/,

11.Орхон аймгийн 50 айлын орон сууцны 37 тоотын 2 өрөө орон сууцын захиалсан  *******ийн үлдэгдэл төлбөрийн тооцоо /хх-101/,

12.Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд

13.Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг,

14.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, 5-41-37 тоот 2 өрөө орон сууцыг төлбөрийг бүрэн гүйцэт барагдуулахаас өмнө, байрны гэрчилгээ гараагүй байхад худалдан борлуулах эрхгүй атлаа бодит байдлыг мушгин гуйвуулж итгэл эвдэх аргаар иргэн *******т 55.000.000 төгрөгөөр худалдан уг мөнгийг Төрийн орон сууцны корпорацийн дансанд шилжүүлээгүй залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч Д.Гансумын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн мэдүүлэг, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орон сууцны захиалгын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, бусдын 53.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь *******ийн 53.000.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэх  үндэслэл тогтоогдоогүй бөгөөд,  харин орон сууц худалдсан 53,000,000 төгрөгөөс 20.119.428 төгрөгийг Орон сууцны санхүүжилтийн корпорацид шилжүүлж худалдан авагч *******т орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэлгүй удаа дараа худлаа хэлж залилан мэхэлсэн нь:

     хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн  ...Би  2013 оны 08 дугаар сарын 20-ны үед зурагтаар 5-41-37 тоот 2 өрөө орон сууцыг худалдана гэсэн зарын дагуу Оюунчимэгтэй утсаар яриад байрыг очиж үзсэн. Тэгэхэд ТОСК-ийн гэрээ үзүүлээд байрны төлөлт хийсэн гэрчилгээгээ хүлээж байна гэж хэлж байсан. Би тухайн үедээ Оюунчимэгт итгээд худалдаж авахаар болсон. Нийт 55.000.000 төгрөгөөр худалдаж авах болсон. Ингээд 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байр худалдан авах гэрээ хийж эхний ээлжинд 36.000.000 төгрөгийг Оюунчимэгийн хүү Гансумын дансаар шилжүүлсэн. Хэд хоногийн дараа 3.000.000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн. Би Оюунчимэгээс гэрчилгээгээ гаргаад ирэхээр нь өгье гэж хэлсэн. Тэгсэн Оюунчимэг нь гэрчилгээ гарах гэж байна. Хурдан мөнгө шилжүүл гэж шаардсаар байгаад 2 удаа салгаж шилжүүлээд нийт 53.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг гэрчилгээ гарахаар өгнө гээд өгөөгүй байсан. Би 36.000.000 төгрөг шилжүүлээд байрныхаа түлхүүрийг надад өгөөд манайх нүүж орсон. Одоо энэ байрандаа амьдарч байгаа. Оюунчимэгээс байрны гэрчилгээ гарсан уу гэж асуухад гараагүй байна гэж хэлдэг байсан. Оюунчимэг нь ТОСК-аас хүн ирвэл эгч нь байна гэж хэлээрэй гэхээр нь ТОСК-ийн хүмүүс ирээд үзэхэд нь эгч нь байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд 2014 оны 03 дугаар сард мэргэжилтэн Ганзориг гэдэг хүнээс гэрчилгээний талаар асуухад танай байрны гэрчилгээ гарсан Оюунчимэг мөнгө төлөөгүй гэхэд нь мэдээд энэ байрыг худалдаж авсан гэхэд ТОСК-ийн мэргэжилтэн Ганзориг гэж хүн худалдаж болохгүй байрыг худалдсан байна гэж хэлсэн. Үүнээс хойш Оюунчимэгтэй байнга ярихад өнөө маргаашгүй санхүүжилт ороод ирэхээр мөнгийн төлөөд гэрчилгээгийн гаргаад өгнө гэж хэлдэг байсан. Би 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ТОСК-ийн мэргэжилтэн Ганзоригийн өрөөнд Оюунчимэг, хүү Гансум нартай уулзахад ТОСК-ийн Ганзориг гэж мэргэжилтэнд сарын дотор төлөөд гэрчилгээг гаргаж өгье гэж хэлсэн. Тэгээд сар хүлээгээд төлөөгүй. ТОСК-аас яриад та байраа суллаж өг гэдэг шаардлага тавьсан учир би цагдаад хандсан. ... *******ээс одоо оршин сууж байгаа 5-р микийн 41-р байр 37 тоот 2 өрөө орон сууцны гэрчилгээ ТОСК-аас өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Би *******ээс бэлэн мөнгө авахгүй. ******* нь ТОСК-д мөнгө төлөөд миний нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгвөл гомдол саналгүй болсон гэдгээ хэлэх болно...  гэсэн мэдүүлэг / хх-13-14, 50, 109-110/,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн  ... ******* нь 24.764.721 төгрөгний гэрээг хийсэн байгаа. Гэрээнд жилд 2 удаа үнээ шинэчилнэ, төлөөгүй тохиолдолд, төлөх боломжгүй тохиолдолд буюу гэрээг  хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд манай байгууллагын санаачлагаар гэрээг цуцлаж уг обьектыг дараагийн худалдан авагчид шилжүүлнэ. ******* нь манайд 4.000.000 төгрөг тушаасан байгаа. ..Яг гурвуулаа ирж байгаагүй. Гансум, Эрдэнэчимэг хоёр хамт ирж байсан. Гансум бас ганцаараа ирж уулзаж байсан. Эрдэнэчимэг нь 2014 оны 01 дүгээр сард уулзахад Эрдэнэчимэг нь Оюунчимэгтэй уг байрыг 50.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг тайлбарыг хэлсэн. Оюунчимэгийг утсаар дуудаж уулзахад Оюунчимэг нь ирдэггүй байсан. Эрдэнэчимэгээр дамжуулж байж Оюунчимэгтэй нь уулзаж байсан. Оюунчимэг нь надад хэлэхдээ бид нар уг мөнгийг авсан манай хүү Гансум барилгын компанитай гэлүү, тендертэй гэлүү тэр ажилруугаа оруулчихсан байгаа тэр мөнгө хоёр гурав хоногийн дараа орж ирнэ орж ирэнгүүт танай төлбөрийг барагдуулаад гэрчилгээгээ бичүүлж авъя гэж надад хэлсэн. Орж ирэнгүүт нь шууд хийгээрэй гэж хэлээд салцгаасан. 7 хоног өнгөрсөн боловч хариу өгөөгүй. Хариу өгөхгүй болохоор нь өөр лүү нь холбогдох гэсэн боловч чадахгүй болохоор нь дахин Эрдэнэчимэг рүү холбогдон Гансумын утсыг олж аваад Гансумтай яриад орон сууцны гэрээг чинь цуцаллаа. Та нар 3 хоног гэж хэлсэн боловч одоо 10 хоночихлоо иймээс гэрээгээ цуцлаад урьдчилгаа болох мөнгөө манайхаас аваарай гэж хэлсэн. Ингээд маргааш нь ирж уулзаад нөгөө байгууллагаас мөнгө орж ирэхгүй хойшлоод байна 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаа олгоочээ гэдэг хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр ЗГ-ын бондын хүүг тооцож 2.000.000 гаран төгрөгийг хүүний төлбөрт төлж чадна гэх юм бол 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж болох юм аа гэдгийг хэлтсийн дарга Гэрэлт-Одтой зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлсэн. Бидний шийдвэрийг нөхдүүд хүлээж аваад тохиролцоод гарсан. Дансанд 6.000.000  төгрөг бэлэн байгаа маргаашийн дотор 6.000.000 төгрөгийг тушаагаад үлдэгдэлийг 10 дугаар  сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж хэлээд Гансум гарсан байгаа. Ингэж удаа дараа уулзахдаа гэрээ хийгээгүй, дандаа амаар яриад тохиролцож байсан. ...******* нь нэг удаа ТОСК дээр мөнгө төлөх зорилгоор болон бусад зорилгоор ирж байгаагүй. Харин хэрэг гарсанаас хойш хэд хэдэн удаа ирж уулзах болсон. ******* нь манай байгууллага дээр нэг ч удаа ирж байгаагүй учраас тэгж буцааж байсан тохиолдол байхгүй. Манай байгууллага иргэдтэй дансаар харьцдаг учраас иргэдээс бэлнээр мөнгө авах шаардлага байхгүй. Одоо ******* нь 24.690.100 төгрөгний төлбөрийг барагдуулах ёстой байгаа энэ нь баримтаар надад байгаа...  гэсэн мэдүүлэг /хх-48-49, 111/,

гэрч Д.Гансумын мөрдөн байцаалтанд өгсөн:  ...Би 2013 оноос эхлэн Улаанбаатар хотод магистарт суралцаад тэндээ ажиллаж амьдрахаар болсон. Тухайн үед манай дүү бас оюутан болсон байсан болохоор ээж бид гурав Улаанбаатар хотод шилжин амьдрахаар болоод ээжийн нэр дээр захиалсан байрыг ТОСК-оос очиж асуухад гэрчилгээ нь нэгдсэн журмаар гарна гэж байсан. Бид нар өөрсдөө засвараа хийсэн. Намайг хотод суралцаж байхад ээж уг байрыг таньдаг хүндээ зарлаа гэж хэлж байсан. Уг байрны гэрчилгээ гараагүй байхад зарж болохгүй гэдгийг би мэдэж байсан. Манай ээж нэг өдөр таньдаг хүндээ зарчихлаа гэж хэлсэн. Нөгөө хүн нь ээжийн болон миний дансаар шилжүүлж мөнгө хийж байсан. Миний дансаар 36.000.000 төгрөг нэг удаа орж ирсэн. ТОСК-т шилжүүлэх гэсэн гэрчилгээ арай гараагүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-52/,

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Эрдэнэчимэг эгчид байраа зарсан нь үнэн. Би өмнө нь Онцгой байдлын газарт санхүүч хийж байхдаа өөрийн нэр дээр захиалж бариулсан. Тухайн үед бүх байрнууд баригдчихаад ордер нь гараагүй байсан. Би бие эрүүл саруул байх үедээ байраа зарж мөнгийг нь авч байсан. 2009 оны 12 сард санхүүжилт авч байх хугацаандаа аваарт орж тархины хүнд хагалгаанд орсноос хойш ухаан санаа орон гаран болж зарим үед яаж явснаа ч санадаггүй. Эрдэнэчимэг эгчээс хэдэн төгрөг авч яаж зарцуулснаа ч мэдэхгүй заримдаа тийм байдалтай болдог гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

     Мөн шүүгдэгч ******* нь Орхон аймгийн Онцгой байдлын хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа  Эрдкон инжиниринг корпораци ХХК-тай 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан Эрдэнэт хотын 5 дугаар хороололд баригдах залуу гэр бүлд зориулсан 50 айлын орон сууцны  2 дугаар блокийн  3 давхрын 37 тоотын  2 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож урьдчилгаа 30 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид шилжүүлсэн  болох нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд, залуу гэр бүлийн орон сууц батламж, бэлэн мөнгөний орлогын баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-39, 67-73/

Гэвч барилгын ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс захиалсан орон сууц гүйцэд баригдаагүй тул уг орон сууцыг  Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийн мэдэлд шилжүүлснээр орон сууцны захиалгын гэрээг  Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус шинэчлэн байгуулжээ. /хх-36-38/

Сүүлд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээнд Эрдэнэт хотын нутаг дэвсгэрт байрлалтай 50 айлын орон сууцны 37 тоотын 38.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 24.764.721 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, орон сууцны нийт үнийн дүнгийн 25 хувь хүртлэх төлбөр болох 4.645.293 төгрөгийг дансанд байршуулж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтанд орж, түлхүүр хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор төлөх, эсхүл зээлийн гэрээ байгуулахаар гэрээндээ заажээ.

Дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээ, орон сууцны захиалгын гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээнүүдийн үндсэн дээр орон сууцыг шууд эзэмших эрх *******т үүссэн байна.

Ингээд захиалгаар бариулсан орон сууц ашиглалтанд орж орон сууцны түлхүүрийг оршин суугчдад хүлээлгэн өгч иргэд орон сууцандаа орсон боловч орон сууцны гэрчилгээ гараагүй байх үед 2013 оны 08 дугаар сард шүүгдэгч ******* нь  *******тэй уг орон сууцыг 55 сая төгрөгөөр худалдахаар 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, 39 сая төгрөгийг урьдчилан авч, ******* нь үлдэгдэл 16 сая төгрөгийг 1 сар буюу 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, ******* нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсаны дараа орон сууцны гэрчилгээг  Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-иас шилжүүлэн авч өгөхөөр тус тус тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /хх-6, 99/

Хохирогч ******* нь уг орон сууцыг  Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК-ийн захиалгаар бариулсан, орон сууцны гэрчилгээ гараагүй  байгаа гэдгийг  лавтай сайн мэдэж байсан атлаа худалдаж авахыг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, гэрээний ард бичсэн  үлдэгдэл 16.000.000 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулсаны  дараа байрны гэрчилгээг шилжүүлэн авч өгнө  гэсэн тэмдэглэл, Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, шүүгдэгч, хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх шинэ эрх өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан ба  ******* нь  Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК-д 20.119.428 төгрөгийг шилжүүлэн тус байрны үнийг төлж улмаар хэлцлийг бүртгүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэлгүй мөнгийг өөр зүйлд зарцуулсан мөртлөө бодит байдлыг гуйвуулан “одоохон мөнгийг төлж ордерийг гаргаж өгнө” хэмээн удаа дараа хуурч мэхэлсэн байна. Хохирогч ******* нь *******ээс 55 сая төгрөг нэхэмжлээгүй бөгөөд 20.119.428 төгрөг Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК-д төлж өмчлөх эрхээ шилжүүлэхийг шаарджээ.

     Иймд шүүгдэгч *******ийг худалдсан  орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн мөртлөө 20.119.428 төгрөг Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК-д төлж өмчлөх эрхийг шилжүүлэлгүй хохирогч Б. Эрдэнэчимэгийн өмчлөх эрхийг буюу 20.119.428 төгрөг залилан мэхэлж авсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн /2005 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-д “ Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн,гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг доордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгч *******ийн эрхзүйн байдлыг дээрдүүлж байгаа 2002 оны эрүүгийн хуулийг баримтлаж хэргийг шийдвэрлэсэн болно.

Хохирогч  ******* нь 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *******ийн хүү Д.Гансумын дансанд 36.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8.000.000 төгрөг, *******ийн дансанд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, *******т бэлнээр 3.000.000 төгрөг, нийт 53.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна.  Хамгийн сүүлд мөнгө шилжүүлсэн үеийн буюу 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 192000 төгрөг байсан ба Эрүүгийн хуулийн /2002/ оны 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар 20.119428 төгрөг нь үлэмж  хэмжээний хохиролд тооцогдохоор байна. Иймд *******ийн үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн шүүх *******ийг бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг 20.119428 төгрөгийн хэмжээнд залилан мэхэлж аван   үлэмж  хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн /2002 оны/ 148 дугаар зүйлийн 148.2-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь  Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-д  20.119.428 төгрөг төлж *******т орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэн хохиролгүй болгосон нь  шүүхэд факсаар ирүүлсэн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн 2017 оны 05-р сарын 19-ны өдрийн 1/537 тоотоор  Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлстэст хандан Орхон аймаг Баян-Өндөр сум, 50 айлын 41 дүгээр байр 37 тоот 2 өрөө 38.8 м.кв  орон сууцны үнийг 100 хувь төлсөн тул хохирогч *******ийн охин Г.Сэлэнгэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүссэн агуулгатай албан бичгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэж үзнэ. Шүүгдэгч *******ийн эд хөрөнгийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ялаар шийтгэх нь хуулийн үндэслэлтэй байна.

*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015  оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 минутаас өмнө үйлдэгдсэн тул 2015 оны 08-р сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******  нар  ирээгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 34.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй тул   мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 2, 34.11 дүгээр зүйлийн 2-д зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд  хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 34.14 дугаар зүйлийн 2-д  зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох Эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн /2002 он/ 148 дугаар зүйлийн 148.2 болгон өөрчилж зүйлчилсүгэй.

2.Боржигон овогт *******ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн /2002 он/ 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар  *******тийн эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     4.2015 оны 08-р сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д зааснаар  *******т Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  *******т хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  ******* цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх  тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА

                                                  ШҮҮГЧИД                     А.НАРАНТУЯА   

                                                                                         Г.ДЭЛГЭРСАЙХАН