Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/653

 

 

 

 

 

 

   2022             6              23                                         2022/ДШМ/653

 

    Э.Б-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,         

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2207000000022 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М................ овгийн Э-ны Б, 20... оны .. дүгээр сарын .........-ний өдөр ........................ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.................., ам бүл .., ................ хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .................../; 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 150 нэгж буюу 150.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 650 нэгж буюу 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгасан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны дунд Н.Бат-Эрдэнэтэй хажуугаар гарахдаа мөрлөсөн гэх шалтгааны улмаас маргалдах явцад маргааныг салгахаар очсон Э.А-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 45 хоногийн хорих ялыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 11 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэхдээ тус зүйл ангийн ялын санкцийн хувьд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Гэвч шүүх миний үйлчлүүлэгчийн үйлдлийг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн үндэслэлээр хэрэг маргаанд ял шийтгэх оногдуулсан. Тус үндэслэл нь хэргийн бодит нөхцөлтэй огтоос таараагүй бөгөөд хэрэг гарах болсон гол шалтгаан нөхцөл, хохирогчийн зүй бус үйлдлээс улбаатай, хохирогчийн шүүгдэгчийн ахад гаргасан үйлдэл зэргээс ихээхэн хамааралтай байтал шүүх урьд өмнөх ял шийтгэлтэй нь холбоотойгоор шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Э.Б-д холбогдох хэрэг маргааны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийтгэлийн хамгийн бага цагаар буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан. Эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргахдаа шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдсан. Эдгээр нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг 360 цагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир уг шийтгэх тогтоолтой санал нэг байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны дунд Н.Бат-Эрдэнэтэй хажуугаар гарахдаа мөрлөсөн гэх шалтгааны улмаас маргалдах явцад маргааныг салгахаар очсон Э.А-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-2/, 

хохирогч Э.А-ын “...2021 оны 12 дугаар сарын 23-ны орой шинэ жилийн арга хэмжээнд оролцоод тараад 00 цагийн үед найз Н.Бат-Эрдэнийн хамт соёлын төвийн баруун талд 31, 32 дугаар байрны хажууд ойр зуурын юм ярьж, тамхи татчихаад салаад гэр рүүгээ явж байтал ард хүмүүс муудалдцах чимээ гарахаар нь эргээд хартал 31, 32 дугаар байрны голд манай найз Н.Бат-Эрдэнэ 2 залуутай маргалдаж байгаа харагдахаар нь салгах санаатай буцаад алхаад очоод “больцгоо та нар” гэж хэлээд найзыгаа гэртээ харь гэж хэлтэл зэрэгцээд зогсож байсан 2 залуугийн өндөр залуу нь  шууд миний толгой руу цохиод би газар унасан. Би хэсэг манараад босох гэтэл духнаас цус гоожоод доошоо урсаад нүд рүү ороод юм харагдахгүй байсан чинь Н.Бат-Эрдэнэ намайг босгоод нөгөө залуучууд чинь зугтаачихлаа гэсэн. ... би нөгөө өндөр залууг чи юугаар цохьчихов гэхэд би  чамайг гараараа цохисон, арчаагүй амьсгаа вэ гээд инээгээд шоолсон ба дөхөөд очихоор цаашаа зугтаагаад байсан...” /хх 5/,

гэрч Р.Энхтайваны “...Би том хүү М.Батболд руу залгахад утсаа аваад ээж би Э.Баттулгыг дуудаад хамтдаа явж байна. Одоо ордонгийн урд явж байна, удахгүй орлоо гэж хэлэхээр нь би утсаа таслаад гал тогооны өрөөндөө гараа угаагаад байж байтал гадаа хүмүүс шуугилдах чимээ гараад гал тогтооны цонх онгорхой байсан болохоор манай хүү Э.Б-ын дуу гэдгийг таньсан ба ээжээ гээд орилохоор нь цонхоор очоод хартал Э.Б, М.Батболд нар ордонгийн урагшаа гүйгээд араас нь 2 хүн хөөж байхаар нь би гялз хувцсаа өмсөөд гүйж гараа ордонгийн урд яваад очтол Э.Б, М.Батболд нарыг  залуу хөөгөөд танил Э.А гэх залуугийн духнаас нь цус гарсан байдалтай, танай хүүхэд намайг зүгээр байхад ийм болгосон, одоо ална гээд араас хөөгөөд байхаар нь цагдаа дуудсан...” /хх 13/,

гэрч М.Батболдын “...Буян-Налайхын урд Э.Б-тай таараад бид хоёр ойр зуурын юм яриад 31 дүгээр байрны хажуугаар орц руу орохоор алхаж явтал бид хоёр хоорондоо юм яриад инээж хөхөрсөнийг тухайн залуу өөрийг нь шоолж байна гэж бодсон юм уу яасан юм, ямарч байсан бид хоёрыг дуудаад орилоод байхаар нь тоохгүй цаашаа алхаад явсан. ...би болсон асуудлыг сайн санахгүй байна. Ямарч байсан би газар унасан, намайг цохиод унагасан юм уу яасан юм бүү мэд, ямарч байсан газар унаад босоод иртэл Э.Б байхгүй араас нь нөгөө 2 залуу хөөгөөд гүйж байхаар нь би босоод араас нь ордонгийн урд очоод зогсож байтал цагдаа ирсэн. ...сүүлд духан дээрээ оёдол тавьсан залуу манай гэрт орж ирээд танай хүүхэд намайг ийм болгосон гээд байсан...” /хх 15/,

гэрч Н.Бат-Эрдэнийн “...31 дүгээр байрны хажууд явж байтал 2 залуу ардаас алхаж ирж яваад намайг шууд мөрлөөд гарахаар нь би яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө залуучууд урдаас яасан юм бэ гээд над руу дайрахад Э.А цаанаас ирээд нөгөө залуучуудыг боль гээд голоор ортол нэг залуу нь шууд Э.А-ыг цохиод газар унагасан ба би Э.А-ыг очоод босгоход нөгөө 2 залуу зугтаахаар нь араас нь очоод яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд уулзах гэхээр тойрч зугтаагаад нэг туранхай өндөр залуу нь та нар шиг хөгшөн банди нарт баригдана гэж байхгүй гээд ордонгийн урд талбай тойроод зугтаагаад байсан...” гэх мэдүүлгүүд /хх 17/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “...Э.А-ын биед духанд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” дүгнэлт /хх 20-21/,

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх 22-23/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, шүүгдэгч Э.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байх ба шүүгдэгч Э.Б-ын үйлдлийг тухайн зүйл хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Баттулгыг хохирогч Э.А-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөлийг шүүгдэгч Э.Б-д ял оногдуулахдаа харгалзлаа” гэсэн дүгнэлт нь буруу бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимтай харьшилсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б-ын хохирогч Э.А-ын эрүүл мэндэд нэг удаагийн үйлдлээр хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь тохирох ял шийтгэлийг шүүгдэгчийн Э.Б-ын хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэхийг харгалзан оногдуулах учиртай. 

Гэвч, анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохируулан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.Б-ын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нийт 51 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 51 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

                         ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

                         ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ