| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00530/И |
| Дугаар | 101/ШШ2024/03889 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2024/03889
| 2024 08 13 | 101/ШШ2024/03889 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Н******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, С******* овогт С******* Б******* /регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У******* хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, О хороолол, Х гудамж, дүгээр байрны тоотод оршин суух, С******* овогт Ц Г /регистрийн дугаар /-д холбогдох
Үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө болох 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Б******* нь аливаа байдлаар Ц.Гд мөнгөн төлбөр шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, түүнтэй байгуулсан гэрээ хэлцэл огт байхгүй, бидний хооронд аливаа байдлаар үүрэг үүсээгүй. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Ц.Гын эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансруу 30,000,000 төгрөг байрны урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн. Ц.Гаас дээрх төлбөрөө шаардахад буцаан олгоно гэсэн боловч сайн дураараа биелүүлэхгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж заасны дагуу Ц.Гыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байна.
Иймд миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Ц.Гаас 30,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Ц.Г миний бие Р ХХК-ийн захирлаар ажилладаг ба иргэн С.Б******* нь надтай хамт барилга барьж байсан, түүний хүргэн ах Б.У дамжуулан байр захиалсан. Хэсэг хугацааны дараа захиалсан байрны захиалгаа буцааж, төлбөрт өгсөн 30,000,000 төгрөгөө буцаан авах хүсэлт гаргасан байна. Миний бие тухайн төлбөрийн тал 15,000,000 төгрөгийг өгөх ба үлдэгдэл 15,000,000 төгрөгийг надтай хамтарч ажиллаж байсан түүний хүргэн ах Б.Ууганбаяр төлөхөөр тохиролцсон. Тухайн мөнгийг 2024 оны 5, 6 дугаар сард хуваан төлнө гэжээ.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Б*******ийн иргэний үнэмлэх, Х тоот дансны хуулга, С.О тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбараа бичгээр ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч Ц.Гд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө болох 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Ц.Г нь түүний барьж байсан барилгаас нэхэмжлэгч нь хүргэн ах Б.У дамжуулан байр захиалж, улмаар байраа захиалахаа больж, төлбөрт төлсөн мөнгийг буцаан авах хүсэлт гаргасан, уг төлбөрөөс 15,000,000 төгрөгийг нь төлнө, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг хүргэн ах Б.Ууганбаяр төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2а. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 8 дугаар сарын 05-ны өдрийн 1330 цагт хэлэлцэхээр товлож, мөн өдрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу хариуцагчийн дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр ирээгүй, ийнхүү хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчийн мэтгэлцэх эрх, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
2б. Ийнхүү шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 0900 цагт товлож, товыг хариуцагч Ц.Гын дугаарын утсаар мэдэгдсэн боловч мөн л шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй байна.
2в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд, түүний шүүхэд урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хэргийг зохигчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Нэхэмжлэгч С.Б******* нь С.О Х тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.Гын тоот дансанд 30,000,000 төгрөгийг Б******* байрны урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэн авсан талаар хариуцагч маргаагүй болох нь Х дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
3б. Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийг төлнө, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг С.Б*******ийн хүргэн ах Б.Ууганбаяр төлөхөөр тохиролцсон гэх тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан, дээрх үйл баримтаас үзэхэд зохигчийн хооронд үүрэг үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч С.Б******* нь өөрийн шилжүүлсэн хөрөнгөө хариуцагч Ц.Гаас буцаан шаардах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
5. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ