Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/03225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, О*******ын У*******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********, Э******* Э** ХХК-д /РД: *******/ холбогдох,

105,598,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч О.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.У******* нь Э******* э** ХХК-тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан ******** давхарт 50.36 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан.

1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр, нийт 90,648,000 төгрөгийг тус компанийн дансанд тушаасан. Гэрээнд заасны дагуу орон сууцыг 2022 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд оруулаагүй.

Тухайн орон сууцыг О.У******* захиалахын тулд өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа зарж, мөнгийг нь орон сууц захиалгын гэрээний төлбөрт бүгдийг нь өгч найзын хамт өнөөг хүртэл байр түрээслэн амьдарч байна.

О.У******* нь найз Б.Б*******, найзын дүү Б.Н******* нарын хамт ********** тоотын 37.6 м.кв талбай бүхий орон сууцыг 2022 оны 06 сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл түрээслэсэн. Сарын 900,000 төгрөгөөр түрээслэж байсан ба О.У******* сард 450,000 төгрөгийг төлж байсан.

Э******* э** ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй 2022 оны 10 сараас 2023 оны 12 сар хүртэл нийт 15 сар өнгөрсөн ба энэ хугацаанд байр түрээслэн түрээсийн төлбөрт 6,750,000 төгрөг төлсөн.

Ингээд орон сууцны төлбөрт төлсөн 90,648,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 6,750,000 төгрөг, нийт 90,648,000 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба 2023 оны 12 сараас 2024 оны 06 сар дуустал хугацаанд ******* тоот орон сууцыг 1 сарын 1,200,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулан түрээсийн төлбөрт 7,200,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөгийн хамт түрээслүүлэгч иргэн Ө.Бад төлсөн.

Орон сууц захиалгын гэрээ байгуулах үед орон сууцны 7 давхар баригдаж байсан бөгөөд нийт 16 давхар орон сууц баригдах байсан. Тус компанид барилга захиалсан иргэд групп чат үүсгэсэн ба барилга баригдахгүй байна, мөнгөө буцааж авья гэх зэргээр ярьж байсан тул О.У******* 2022 оны 08 сард Э******* э** ХХК-ийн захирал Д.Мтой уулзахад барилгын ажил явагдаж байгаа гэж хэлсэн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас О.У*******т мөнгө хэрэг болсон ба 2022 оны 12 сард компанийн захиралтай болон барилгын талбай дээр байсан н.Б гэх захиралтай нь очиж уулзахад 14 хоног хүлээчих, Хятадын банкнаас зээл авах гэж байгаа барилга ондоо багтаагаад баригдана гэсэн хариу өгсөн.

Утсаар маш олон удаа ярьсан. 2023 оны 02, 03 сард Д.М захиралтай уулзахад уурлан шүүхээрээ яв гэсэн. Н.Б захирал болохоор мөнгийг чинь өгнө гэдэг байсан бөгөөд 120,000-т орчим 1 өрөө байр байгаа авах уу гэсэн. Мөн нэг машин байгаа тэрийг зарагдахаар мөнгийг нь өгье, чи зар тавиадхаач гэсний дагуу зар өгч байсан.

Р.У******* нь шинэ байртай болох гээд хуучин байраа худалдсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр Э******* э** ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзан, хариуцагч талын гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирлоо нэхэмжилсэн.

Иймд хариуцагч Э******* э** ХХК-иас орон сууц захиалгын гэрээний төлбөр 90,648,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 6,750,000 төгрөг, 7,200,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг, нийт 105,598,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э******* э** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.У*******ийн нэхэмжлэлтэй, "Э******* Э**" ХХК-д холбогдох 97,398,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд хариуцагчаас дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

1. Талуудын хооронд 2022 оны 05 сарын 10-ны өдрийн дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу иргэн О.У******* нь******* хаягт баригдаж байгаа "Ч А" барилгын * давхарт 50,36 мкв талбай бүхий орон сууцыг манай компаниар захиалан бариулахаар тохиролцож, орон сууцны үнэ 90,648,000 төгрөгийг төлсөн.

Дээрх орон сууцны барилгын ажил өнөөдрийн байдлаар бараг 100 хувь, цонх 100 хувь, гадна ханын дулаалга, өнгөлгөө 50 хувийн тус тус гүйцэтгэлтэй байна.

Барилгын ажил удааширч байгаа шалтгаан нь барилгын материал, ажиллах хүчний үнэ болон бусад зардлууд сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэнээс захиалагчтай байгуулсан гэрээний үнээр барилгын ажлыг бүрэн дуусгах боломжгүй болсон тул нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэхэд хугацаа шаардлагатай болсон.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... 2022.10 сараас 2023 оны 12 дугаар сарыг хүртэл нийт 15 сар өнгөрсөн.... энэ хугацаанд байр түрээсэлсэн түрээсийн мөнгө 6,750,000 төгрөг, мөн байр захиалж өгсөн 90,648,000 төгрөг, нийт 97,398,000 төгрөгийг Э******* Э** ХХК-иас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь гэрээний 3.8-д "Гэрээг захиалагч дангаар цуцлах эрх эдлэхгүй", 5.3-т "Захиалагч өөрийн сайн дурын хүсэлтээр гэрээг цуцалбал, захиалсан байрыг нь авах өөр захиалагч олж ирсэн нөхцөлд мөнгийг нь 10 хувь суутган олгоно." гэсний дагуу захиалагч О.У******* нь гэрээг дангаар цуцалж, байрны төлбөрийг шаардах эрхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон зүйл байхгүй, гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг ирүүлж байгаагүй, талууд энэ талаар тохиролцсон зүйл байхгүй.

3. Мөн түрээсийн төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй. Учир нь гэрээнд энэ талаар тусгагдаагүй, хэрэгт авагдсан 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 1172 дугаартай орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч Б.Н******* нь маргаан бүхий орон сууц захиалгын гэрээний тал биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч О.У******* нь нэхэмжлэл, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэл, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн тоот орон сууц захиалгын гэрээ, гэрээний хавсралт өрөөний план зураг, Э******* э** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чандмана а 120 айлын орон сууцны төслийн танилцуулга,

90,648,000 төгрөгийг Э******* эра ХХК-д төлсөн баримт, хөлслөгч Б.Н*******, хөлслүүлэгч М.Төмөрөө нарын хооронд 2022 оны 06 сарын 03-ны өдөр байгуулсан ******** байр, *** тоотын 37.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хөлслүүлэх гэрээ,

Бат-Очир Б*******ийн Голомт банк дахь тоот дансны хуулга, Бат-Очир Б*******ийн Хаан банк дахь тоот дансны хуулга,

Хөлслөгч О.У*******, хөлслүүлэгч Ө.Б нарын хооронд 2023 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан ******** тоот орон сууцыг хөлслүүлэх гэрээ, Ө.Бын 8,200,000 төгрөг хүлээн авсан баримт, Ө.Б, О.У******* нарын иргэний үнэмлэхний хуулбар,

********** тоот орон сууцны өмчлөгч Ө.Б мөн болох тухай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ******** тоот хаягт О.У******* түр оршин суугчаар бүртгүүлсэн тухай харьяалах хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч Э******* э*** ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хариу тайлбар зэргийг баримтаар ирүүлжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.У******* нь хариуцагч "Э******* э***" ХХК-д холбогдуулан 105,598,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2022.05.10-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу төлсөн 39,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 90,648,000 төгрөг,

******** тоотын 37.6 м.кв талбай бүхий орон сууцыг 2022.06.03-2023.06.23-ны өдөр хүртэл түрээслэн, түрээсийн төлбөрт төлсөн гэх 6,750,000 төгрөг,

******** тоотын 68.3 м.кв орон сууцыг 2023.12-2024.06 сар сар дуустал хугацаанд түрээслэн, түрээсийн төлбөрт төлсөн гэх 7,200,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг/

Захиалагч О.У******* нь гүйцэтгэгч "Э******* э****" ХХК-тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр дугаар бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч "Э******* э*** ХХК нь ******** давхарт 50.36 м.кв талбай бүхий орон сууцыг 2022 оны 03-р улиралд ашиглалтанд оруулж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч нь 50.36 м.кв талбай бүхий орон сууцны 1 м.кв талбайн үнэд 1,800,000 төгрөг, нийт 90,648,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 3-7 дугаар тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2022 оны 05 сарын 10-ны өдрийн гэрээнд талууд буюу захиалагч О.У*******, гүйцэтгэгч "Э******* э*** ХХК нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Захиалагч О.У******* нь гэрээний үүргээ биелүүлэн гэрээнд заасан төлбөр 90,648,000 төгрөгийг гүйцэтгэгч Э******* эра ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд 2022 оны 5 сарын 10-ны өдөр төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон ба талууд гэрээ байгуулсан болон төлбөр төлсөн талаар маргаагүй.

/ХХ-ийн 8 дугаар тал/

Гүйцэтгэгч "Э******* э***" ХХК нь 2022 оны 03-р улиралд орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх байсан хэдий боловч уг хугацаанд үүргээ биелүүлээгүй бөгөөд гүйцэтгэгч тал барилгын материалын үнийн өсөлт, ажиллах хүчний хомсдолоос барилгыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ,

мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч тал 2022 оны 05 сарын 10-ны өдрийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гүйцэтгэгч Э******* э*** ХХК-иас 2022 оны 08 сараас эхлэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан ба тэрээр хариуцагч талын гэрээний үүргийн гүйцэтгэл болон өөрийн эрүүл мэндээс шалтгаалан уг орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан тухайгаа тайлбарласан ба 2023 оны 11 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ.

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,

227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

Хөлслүүлэгч М.Төмөрөө нь хөлслөгч Б.Н*******тай 2022 оны 06 сарын 03-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан ******* тоотын 37.6 м.кв талбай бүхий орон сууцыг 2022 оны 06 сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл түрээслэсэн, О.У******* уг орон сууцны түрээсийн төлбөрт 6,750,000 төгрөг төлсөн гэх боловч уг гэрээ М.Төмөрөөгийн өмчлөлийн гэх орон сууцыг иргэн Б.Н******* хөлслөн суусан талаарх гэрээ байх ба О.У******* уг байрыг бусадтай хамтран хөлслөн суусан гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүний түрээсийн төлбөрт төлсөн гэх 6,750,000 төгрөгийг хариуцагч Э******* э**** ХХК хариуцахгүй.

О.У******* нь иргэн Ө.Бтай 2023 оны 12 сарын 04-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулөн Ө.Бын өмчлөлийн ******** тоотын 68.3 м.кв орон сууцыг 2023 оны 12 сараас 2024 оны 06 сарыг дуустал хугацаанд хөлслөн, тухайн хаягт түр оршин суугчаар бүртгүүлсэн байх ба тэрээр барьцаа төлбөр 1,000,000 төгрөгт тооцон уг орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөхөөр тохиролцсон гэж тайлбарлалаа.

Дээрх орон сууцны өмчлөгч Ө.Б мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байх ба өмчлөгч Ө.Б 8,200,000 төгрөгийг хүлээн авсан болох нь мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 57-64 дүгээр тал/

Хариуцагч Э******* э**** ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т Захиалагч өөрийн сайн дурын хүсэлтээр гэрээг цуцалбал, захиалсан байрыг нь авах өөр захиалагч олж ирсэн нөхцөлд мөнгийг нь 10 хувь суутган буцаан олгоно гэж заасны дагуу О.У******* гэрээг дангаар цуцалж, байрны төлбөрийг шаардах эрхгүй гэж маргасан ба энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

Хариуцагч Э******* э**** ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

90,648,000+8,100,000=98,848,000 төгрөг.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч "Э******* э**** ХХК-иас 98,848,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.У*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,750,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч "Э******* э**** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Р.М нарт 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 11 хоногийн өмнө хэн алинд нь мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч "Э******* э**** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Р.М нарын х эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч "Э******* э**** ХХК-иас 98,848,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.У*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,750,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.У*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 593,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "Э******* э**** ХХК-иас 652,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгосугай.

3. Тус шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 30087 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасныг баримтлан хариуцагч "Э******* э****" ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 97,398,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН