Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/03213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** тоот хаягт оршин суух, Б*******ийн А*******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, Ж*******ийн Б*******д холбогдох /РД: *******/ холбогдох

8,315,097 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ж.Б*******тэй 2022 оны 08 сард танилцан найз нөхдийн харилцаатай болсон. Тухайн үед Ж.Б******* салонд өрөө түрээслэн хувиараа гоо сайханч хийдэг байсан. Санхүүгийн хүнд байдалд орчлоо, түрээс хураагдаад баларч байна гэсэн ба мөнгө зээлдүүлээч гээд эхний удаа 550,000 төгрөг авсан.

Мөнгө шилжүүлэх үед гүйлгээний утгаа надад хэлж өгдөг байсан ба гоо сайхан, хайртай шүү гэж бичээрэй гэдэг байсан. Банкнаас авахад хэрэгтэй, орлого болдог гэж хэлж байсан.

Би 2023 оны 10 сарын 18-ны өдөр Хэрэглээний лизинг ХХК-иар дамжуулан П** с** м******* ХХК-иас iphone 14 pro max gold маркийн гар утсыг урьдчилгаа 560,000 төгрөг төлж 6,823,009.88 төгрөгөөр, 24 сарын хугацаатай зээлээр худалдан авсан.

Ж.Б******* 2023 оны 12 сард чиний утас багтаамж сайтай юм байна, надад хэрэг болоод байна гэхээр нь утсаа өгсөн ба хэдхэн хоног хэрэглэнэ гэчихээд утсыг минь өгөхгүй байгаа.

Би түүнд зээлдсэн 1,492,000 төгрөг, гар утсаа нэхсэн боловч өгөхгүй, янз бүрийн шалтаг хэлээд сүүлдээ утсаа авахаа больсон. Ж.Б******* бид хоёр манай хүргэн ахынд хамт очиход ахад чинь энэ зургийг өгье гэсэн. Би уран зураг сонирхдоггүй.

Тухайн хүнээс үлдсэн зүйл нь зураг л байсан. Би Ж.Б*******гийн явдаг сүмийн жижүүрт нь зургийг аваачиж өгсөн. Тухайн зүйл надад хэрэггүй.

Иймд Ж.Б*******гээс түүнд зээлсэн 1,492,000 төгрөг, iphone 14 pro max gold маркийн гар утасны үнэ 6,823,009.88 төгрөг, нийт 8,315,097 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.А*******ын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлд үнэн бодит зүйлийг тусгаагүй, худал тайлбар гаргасан байна. Түүний зүгээс миний гэр болон доторхи зүйлүүдийг 2023 оны 12 сарын 08-ны өдөр хулгайлж явсан бөгөөд би мэдээд цагдаад утсаар дуудлага өгсөн. Түүний дараа 2023 оны 12 сарын 12-ны өдөр гэр болон бусад зүйлсийг би өөрөө очиж портер олж гэр барих 4 хүнийг хөлсөөр авч яван авчирсан.

2023 оны 12 сарын 08-ны өдрийн орой нь 19-20 цагийн үед над дээр ирээд зарим эд зүйлс эвдэрч гэмтсэн, цагдаад өргөдөл битгий өгөөрэй гээд хохиролд тооцон 1,000,000 төгрөгийг надад өгсөн болно.

Мөн Б.А******* нь миний 10,000,000 төгрөгийн үнэ бүхий тосон будгийн уран зургийг хулгайлж авч явсан урж гэмтээсэн байсан. Өөрөөр миний зүгээс Б.А*******аас мөнгө зээлсэн болон түүний утсыг гуйж аваагүй бөгөөд нэхэмжлэлд ор үндэсгүй худал зүйл бичсэн байна.

Сүүлд нь миний зурсан уран зурганд шунаад худалдаж авна гэж утсаараа тулж бартердаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.А******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 10 сарын 18-ны өдрийн лизингийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхний хуулбар, Б.А*******ын ******* тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч Ж.Б******* нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, утсаар авсан гэрэл зургууд зэргийг баримтаар ирүүлжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Ж.Б*******д холбогдуулан 8,315,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/зээл 1,492,000 төгрөг, iphone 14 pro max gold маркийн гар утасны үнэ 6,823,097 төгрөг/

Нэхэмжлэгч Б.А******* нь Хаан банк дахь ******* тоот данснаасаа хариуцагч Ж.Б*******гийн мөн банк дахь тоот дансанд 2022 оны 08 сарын 13-ны өдөр 550,000 төгрөг,

2022 оны 08 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг,

2022 оны 09 сарын 10-ны өдөр 150,000 төгрөг,

2022 оны 10 сарын 14-ний өдөр 52,000 төгрөг,

2022 оны 10 сарын 25-ны өдөр 20,000 төгрөг,

2023 оны 08 сарын 16-ны өдөр 200,000 төгрөг,

2022 оны 08 сарын 17-ны өдөр 20,000 төгрөг, нийт 1,492,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба тэрээр уг мөнгийг Ж.Б*******д зээлдүүлсэн гэж тайлбарласан.

/ХХ-ийн 11-17 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.А******* нь 2023 оны 10 сарын 18-ны өдөр Хэрэглээний лизинг ХХК-тай лизингийн гэрээ байгуулан iphone 14 pro max gold маркийн 5,599,900 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа төлбөр 560,000 төгрөгийг өгч үлдэх 5,039,910 төгрөгийг сарын 2,58 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн авсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 5-9 дүгээр тал/

Хариуцагч Ж.Б******* уг мөнгийг хүлээн авсан талаараа эсэргүүцээгүй бөгөөд тэрээр мөн гар утсыг авсан талаараа маргаагүй ба гагцхүү өөрийн уран зургаар бараа солилцоогоор авсан, уран зургийг нэхэмжлэгч Б.А******* нь түүний гэрээс хулгайлан авсан гэж тус тус тайлбарласан болно.

/ХХ-ийн 21-23, 29 дүгээр тал/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан ба хөрөнгө олж авсан этгээд болон эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

Нэхэмжлэгч Б.А*******ын 2023 оны 10 сарын 18-ны өдөр лизингийн гэрээний дагуу худалдан авсан iphone 14 pro max gold маркийн гар утсыг хариуцагч Ж.Б******* эзэмшилдээ шилжүүлэн авсан байх ба уг утасны үнэд нэхэмжлэгч Б.А******* гэрээний дагуу 6,823,009.88 төгрөгийг Хэрэглээний лизинг ХХК-д төлөхөөр байна.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Б*******гээс зээл 1,492,000 төгрөг, утасны үнэ 6,823,010 төгрөг, ний 8,315,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А*******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 87 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2024 оны 06 сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутад шүүх хуралдаан болохыг хариуцагч Ж.Б*******д хуралдаан болохоос 8 хоногийн өмнө 2024 оны 06 сарын 10-ны өдөр мэдэгдсэн ба хариуцагч Ж.Б******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй байсан тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Ж.Б*******гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 40-43, 46, 47, 64-69 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Б*******гээс 8,315,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А*******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 87 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б*******гээс 147,990 гаргуулан нэхэмжлэгч Б.А*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН