Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2024/00389

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: М.Х-ийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгч: М.Х /цахимаар/,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч М.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

      1.1. Миний бие 1988 онд 10 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт ажилд орж, 1992 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан. Аймгийн архиваас тэжээлийн аж ахуйд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон тушаал гарсан хэдий ч энэ хугацаанд ажилласан цалингийн тодорхойлолт, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд миний Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

        2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 173 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 152 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар Тамирчид ажлаас түр чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, З.О-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, О.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, баталгаажилтын хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 401 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, ХААТР-15 маягтууд, гэрч З.О, О.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

          1. Нэхэмжлэгч М.Х-ийн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.Х-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч М.Х нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

        3. Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 152 дугаар Ажилд түр томилох тухай тушаалаар М.Х-г 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тэжээлийн үйлдвэрт ажилчнаар томилжээ.

        Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар Тамирчид ажлаас түр чөлөөлөх тухай тушаалаар М.Х-г волейболын төрөлд тэмцээнд оролцох болсон тул 1989 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажлаас нь чөлөөлжээ.

       4. Шүүхээс гэрч З.О, О.О нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.О Би 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд, 1989 онд Хар толгойн сангийн аж ахуйд кино маханикчаар ажилд орж байсан. М.Х-ийн аав ээж Гурван тээл гэх газар манайхтай хамт зусдаг байсан тул нэгнийхээрээ орж гардаг нэгнээ сайн мэднэ. 1988 онд манай эхнэр болох О.О-тай хамт Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн Үтрэмд туслах ажилтнаар ажиллаж эхэлж, тариа будаа буулгаж цэвэрлэдэг ажил хийдэг байсан. М.Х Хархираа тэжээлийн аж ахуйд 1992 оныг хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч О.О М.Х бид хамтдаа 1988 оны 6 дугаар сард 10 жилийн сургуулиа төгсөөд 1988 оны 8 дугаар сард Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн Үтрэмд туслах ажилтнаар би ажилд орж ажиллаж эхэлсэн. М.Х нь 1988 оны 9 дүгээр сард Хархираа тэжээлийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт ажилчнаар ажилд орсон. М.Х-ийн гэр нь Хархираад байдаг байсан ба би том ахындаа суурьшин Хархираад ажил хийдэг байсан. Бид найз нөхөр хүмүүс учир нэгнийхээ гэрээр орж гардаг нэгнийхээ ажиллаж байсан байдлын талаар сайн мэддэг. Тухайн үед бид 10 дугаар ангиа төгсөөд Хархираа тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар ажилд ороод үндсэн ажилчин болоод 1992 оныг хүртэл ажилласан. Тэр үед Хархираа тэжээлийн аж ахуйн даргаар Н.Ю гэх хүн ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан гэх нотлох баримт байхгүй тул түүний гэрчийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, харин гэрч З.О Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

        5. Нэхэмжлэгч М.Х нь Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 152 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар Тамирчид ажлаас түр чөлөөлөх тухай тушаал, гэрч З.О-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

         6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Х-ийн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт М.Х-гийн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР