Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2024/00325

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: ЗХ011 нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-т холбогдох,     

Сургалтын төлбөр 2,545,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЗХ011-ийн захирагч хурандаа М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бэлтгэл дэд ахлагч Н.Б нь 2023 онд Ахлагчийн алба хаах гэрээг хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр цуцалсан. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны Б/1533 дугаар тушаалаар Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Ахлагчийн сургуулийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрийн төвд суралцсан хугацааны зардал, цэргийн дүрэмт хувцасны эдэлгээг 80 хувиар тооцож, төлбөрийг төлүүлэх тушаал гарсан. Төлбөр барагдуулах тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлбөрийг төлж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалын хэрэгжилтийг хангаагүй 11 сар болж байна. Иймд бэлтгэл дэд ахлагч Н.Быг эрэн сурвалжилж, шалгаж, хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.        

Нэхэмжлэгч ЗХн захирагч хурандаа М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Бэлтгэл дэд ахлагч Н.Б нь Үндэсний батлан хамгаалах их сургуульд суралцсан хугацааны зардал, цэргийн дүрэмт хувцасны төлбөр болох 2,545,105 төгрөгийг төрийн сангийн дансанд хийж хохиролыг барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзсаныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.             

ҮНДЭСЛЭХ нь:      

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.         

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ЗХ011 захирагч хурандаа М.Б нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлжээ.      

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.         

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЗХ011 нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЗХ011 нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Бт холбогдох, сургалтын төлбөр 2,545,105 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ЗХ011 захирагч хурандаа М.Б нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.              

2. Нэхэмжлэгч ЗХ011 нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА