Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/669

 

 

 

 

 

 

      2022             6             29                                        2022/ДШМ/669

 

М.Н, Ж.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Бадамханд,

шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Бадамханд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Н, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2207 00000 0053 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Мын Н, ..... оны ... дугаар сарын .....-ны өдөр ............. аймгийн ................. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, модны захын манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ................. дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. дүүргийн ... дүгээр хороо, ..................... гудамжны .... тоотод үйл ажиллагаа явуулдаг ...... хашаанд түр оршин суудаг, /РД:............................./,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгийн торгох ял,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

            2. Б овгийн Жын Б, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр ............... аймгийн ............... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .................. дүүргийн ... дугаар хороо, ...................... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн .... дүгээр хороо, ........................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:...................../;

            Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 24 тоотод М.Нтай маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь тархи доргилт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулд шарх, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун шанаа, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 24 тоотод Ж.Бтай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн зүүн гарын шуу хэсгийг зүссэний улмаас биед нь зүүн бугалга, зүүн шууны тараагуур судасны бүрэн бус тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Мын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Жын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б овогт Мын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б овогт Жын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь хуульд заасан хугацаанд 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Н, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн бариултай, ажлын хэсгийн 13 см, өргөн 2 см, нийт 24 см урттай хутга 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 2 ширхэг, Ауруг нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт зүйлийг шингээж авсан самбаа даавуу 1 ширхгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлж, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогч Ж.Б нь цаашид нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Бадамханд нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хийсэн үйл баримтын дүгнэлт зөрүүтэй, хэргийн байдалтай нийцэхгүй, түүнд өгсөн эрх зүйн дүгнэлтэд ач холбогдол бүхий бөгөөд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулснаас бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт болж чадаагүй байна.

            Шүүх гэм бурууг үгүйсгэсэн нөхцөл байдлыг няцаахдаа шүүгдэгч Д.Бын мэдүүлэгт үндэслэн тогтоосон. Гэтэл Д.Бын өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад баримтаар няцаагддаг. Үүнд:

            Гэрч Билэгдэмбэрэлийн “...би юу болсон талаар Бас асуухад “Н лаларыг ална” гэж надад хэлэхээр нь би байшин руу ороод харахад Нын нүүр хэсэг нь хавдчихсан “хүргэн чинь намайг зодчихлоо” гэж надад хэлсэн. Би юу болоод яагаад байгаан гэхэд “намайг унтаж байхад цохиж зодоод, хутга бариад ална гээд байсан” гэхээр нь гарыг нь яасан юм гэхэд “би мэдэхгүй өөрөө хутга бариад яваад байсан, дүү чинь намайг зодоод дарамтлаад алах гэж байна” гэчихсэн сууж байсан...”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...хэсэг газрын үзлэгт ...баруун шууны баруун талд ташуу байрлалтай зураасан хэлбэрийн З см урттай, баруун сарвууны 2-р хурууны 2-р үений дотор талд ташуу байрлалтай зураасан хэлбэрийн 2 см урттай, 3-р хурууны 2-р үений дотор талд ташуу байрлалтай 1 см урттай зураасан хэлбэрийн, 5-р хурууны 4-р үений дотор талд ташуу байрлалтай зураасан хэлбэрийн 1 см урттай нимгэн хүрэн өнгийн тав тогтсон зулгаралтуудтай, хэвлий тэмтрэхэд эмзэглэлтэй...” /хх 62/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд “...тулгаа орон дээр сууж байгаад чамайг ална гээд босож ирээд над дээр мордож нүүр нүдгүй цохиж би амь тэмцээд орноос унаад ийшээ зүтгэсэн юм гээд орны урд унаж мөлхөж байгааг үзүүлэв. Би ингээд зүтгэсэн чинь хажуу тал руу өшиглөөд чих рүү цохиод байсан. ...Тулгаа хутга бариад авахаар нь үзүүрээс нь бариад алдчихсан. ...тэгээд шуун дээрээс нь бариад хутгыг нь баруун гараараа булааж авсан...” /хх 50/, шүүгдэгч, хохирогч М.Нын гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлтийг бүрэн дүүрэн хийгээгүй буюу үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, Нын амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар байхад Д.Бас ирэх ээлжит халдлагыг хүлээх боломжгүй М.Нын амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн байсан учир Бас ирсэн дотолгоо төгссөн хойно хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

            Өөрөөр хэлбэл, эрүүгийн эрх зүйд аргагүй хамгаалалтын хүрээ хязгаарыг илүү өргөн хүрээнд авч үзэж, халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ хамгаалалт хэрэглэх боломжийг зөвшөөрсөн. Халдагч этгээдийн зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно. Тухайн хэрэг учралын газарт хохирогч, шүүгдэгчээс өөр хэрэг учралыг шууд заах гэрч байхгүй, хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд болсон үйл явдлыг хараагүй буюу дамжмал байдлаар сонссон, үйл явдал дууссаны дараа мэдсэн, харсан гэрчүүдийн мэдүүлэг болон Д.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт болон 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

            Иймд М.Н нь шүүгдэгч Ж.Бын довтолгооны эсрэг өөрийнхөө эрүүл мэндэд нь халдсан үйлдлээс хамгаалах зорилгоор хутгыг булааж түлхэхдээ шүүгдэгч Ж.Бд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Нт холбогдох хэргийг шалгахдаа яллах болон цагаатгах нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлээгүй. Ж.Бын хувьд М.Нын гэрт 3 жилийн хугацаанд өөрийн дураараа орж гардаг буюу дуртай үедээ архи уудаг байсан. М.Ныг гэрийнхээ хаалгыг түгжсэн байхад хашааг нь даваад ороод ирдэг нөхцөл байдлууд байхад үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч гэх Ж.Бын хувийн байдалтай холбоотой байдаг. Энэ байдлыг шалгаж тогтоогоогүй. М.Нын эхнэр нөхцөл байдлыг маш сайн мэдэх хүн байсан. Гэтэл М.Нын эхнэрээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Ер нь мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Нын хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж ирсэн. Миний хувьд анхан шатны шүүх дээр хэрэг хянагдаж байхад өмгөөлөгчөөр томилогдсон. Өмгөөлөгч томилогдох хүртэлх хугацаанд М.Н нь ямар хэрэгт холбогдсон болохоо мэдээгүй байсан. Мөн анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийгээгүй. 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “М.Нын биед 6 тооны гэмтэл учирсан. 6 тооны гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэсэн. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж ярьсан боловч анхан шатны шүүх уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Ж.Бын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэмтлүүдийг үнэлэлгүй, зөвхөн М.Ныг бусдын биед хүнд хохирол учруулсан гэж үзсэн. М.Нын гарын сарвуунд гэмтэл учирсан. Мөн баруун гарын шуунд ноцолдох явцад үүсэх боломжтой гэх зулгаралт үүссэн. Эдгээр гэмтлүүд нь Ж.Бын хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой буюу хутгыг булааж авахад энэ гэмтлүүд үүссэн гэх байдлаар тайлбарласан. Энэ талаараа М.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлсэн. Гэтэл шүүх Ж.Бын мэдүүлгийг үндэслэж М.Ныг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Тухайн довтолгоон дууссан байхад үйлдсэн гэх байдлаар дүгнэсэн. Шүүгдэгч М.Н нь 60 настай Ж.Бас 20 насаар ах юм. Хийсэн үйлдлийг нь харахад Ж.Б нь М.Нын нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон байдаг. Энэ талаараа маргаагүй. М.Н нь уг цохилтуудаас холдох явцдаа орноос унасан. Газар унахад Ж.Б хутгыг шүүрч аваад дайрахад М.Н нь хутгыг булааж авсан үйл баримт тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх “довтолгоон дууссан байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр довтолгоон дууссан боловч М.Нын хувьд эрсдэл хэвээр байсан. Энэ байдал нь Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Н лаларыг би ална” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Уг хэрэг болохоос 1 сарын өмнө Ж.Б нь М.Нтай муудалцаж, зодсон асуудал байдаг. Уг үйлдлийг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар шалгаад Ж.Бд арга хэмжээ авсан байдаг. Хөгшин настай гэдгээр нь далимдуулж, гэр оронд нь дураараа байдаг нөхцөл байдал тогтоогдсон. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг баримтлан М.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Ж.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Энэ хэргийн хувьд шалгаагүй буюу эргэлзээтэй асуудлууд байдаг. Нэгдүгээрт, хөндлөнгийн гэрч байхгүй, хоёулаа архи уусан байдаг. Гэтэл бүх үйл явдал болоод дууссаны дараа Ж.Бын хүргэн ах болох Билэгдэмбэрэл, түүний төрсөн эгч хоёр нь ирсэн байдаг. Эдгээр хүмүүсийн мэдүүлгийг онцгойлон авч үзэж үнэлсэн. Гэтэл шүүгдэгч М.Нын хувьд мэдүүлэгтээ “...Ж.Б хутгыг авч над руу дайрахад би хутгыг зайлуулах гэж ноцолдсон” гэж тогтвортой мэдүүлдэг. Гэтэл уг мэдүүлгийг нь ямар ч үндэслэлгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, гэрч Билэгдэмбэрэл, Ж.Б нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Ж.Б мэдүүлэхдээ “би гадаа гараад ухаан алдаад унасан. Гэмтлийн эмнэлэгт ирээд сэрсэн” гэдэг. Гэтэл сүүлд ирсэн гэрч Билэгдэмбэрэл мэдүүлэхдээ “намайг ирэхэд Б ухаантай байсан. “Н лаларыг ална” гээд байж байсан” гэсэн байдаг. Гуравдугаарт, хоёр согтуу хүн хутга булаацалдаад ноцолдоод нэг нэгийгээ гэмтээсэн болон өөрийгөө гэмтээсэн олон тохиолдол байдаг. Ж.Б зүүн гараараа хутгыг хаасан гэж мэдүүлдэг боловч хэн харсан юм бэ, яаж хаасан болох нь нотлогдохгүй байдаг. Хүн хамгийн түрүүнд баруун гараараа л хаах учиртай. Эдгээр эргэлзээтэй байдлыг тогтоогоогүйгээс үүдэн гарах үр дагавар нь хүнд байгаа. Учир нь, бодит байдлыг тогтоогоогүйгээс бодит байдалд нийцэхгүй ял оногдуулсан байна. Хэрвээ хутгыг хэн барьж байсан болохыг бүрэн дүүрэн тогтоогоод эргэлзээг арилгасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэхгүй байсан. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа “гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” гэдэг. Шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Заавал “би хутгалсан” гэж хэлүүлэх гээд байгаа юм уу. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Нт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгч Г.Наранбаатараас “Ж.Бын хувийн байдлыг тогтоогоогүй буюу байнга М.Нын гэрт очиж архи уудаг, дарамталдаг байсан эсэхийг шалгаагүй” гэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар хангалттай ярьсан. Шүүгдэгч нар мэдүүлэхдээ “бид хоёр хоёулаа архи уудаг” гэж мэдүүлсэн. Ж.Б нь М.Ныг байнга дээрэлхэх байдлаар архи уудаг нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ж.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тогтвортой мэдүүлгээ өгдөг. Гар зүссэн талаар ярьж байна. Гэвч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байдаг. Шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас М.Н гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Ныг өмгөөлүүлэх эрхээр нь хангаж, ямар хэрэгт холбогдуулж шалгаж байгаа талаар тайлбарлаж хэлсэн байдаг. Аргагүй хамгаалалт хийсэн үйлдэл байхгүй. Харин хохирогчийн буруутай үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж үзэж байна. Хэрэг гарах үед Ж.Б, М.Н хоёр хоёулаа л байсан. Тухайн үед гэрч байгаагүй. Байхгүй гэрчээс мэдүүлэг авах боломжгүй. Хутга булаацалдах явцад учруулах боломжгүй гэмтэл байдаг. М.Нын гарын сарвуунд учирсан гэмтлийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулаад тодруулж асуусан. Өнгөц гэмтэл байсан болох нь тогтоогдсон. М.Н нь модны зах дээр ажиллаж байхдаа гараа зүссэн байх боломжтой гэж дүгнэсэн. Хутга булаацалдах явцад уг гэмтэл учрах боломжгүй. М.Н нь Ж.Бд зодуулсаныхаа дараа тодорхой хугацаа өнгөрсний дараа Ж.Бын биед хутгаар гэмтэл учруулсан асуудал яригддаг. М.Н нь хутгыг Ж.Бас аваад өөр тийш нь шидэх боломжтой байсан. Гэтэл хутгыг авч эргүүлээд хутгалсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна .” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 24 тоотод М.Нтай өмнө нь болсон маргаанаас үүдэж түүнийг буйдан дээр сууж байхад нь нүүрэн тус газарт удаа дараа цохиж зодон, М.Нын биед нь тархи доргилт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулд шарх, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун шанаа, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Нын “...Ж.Б “чи яасан хогийн пизда вэ, танайд архи ууна, дээр цуг архи уугаад надтай муудалцсан биз дээ, уухаараа надтай муудалцдаг биз дээ” гээд над руу ирж миний дээр гарч нүүр, толгой, цээж олон удаа цохисон...” /хх 20-22/,

гэрч Б.Блийн “...Тэгэхээр нь би юу болсон, яасан талаар нь асуухад Ж.Б надад “Н лалрыг ална” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би байшин луу ороод явах үед М.Нын нүүр хэсэг нь хавдчихсан хүргэн чинь намайг зодчихлоо гэж М.Н надад хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод яагаад байгаа гэхэд М.Н “Б намайг унтаж байх үед цохиж зодоод хутга бариад ална гээд байсан” гэхээр нь би гарыг нь яачихсан юм гэх үед мэдэхгүй өөрөө хутга бариад яваад байсан мэдэхгүй гэж хэлсэн...” /хх 26/,

гэрч Б.Эхын “...Яаралтай тусламжийн хуудаст харахад М.Н нь нүүрээр зөөлөн эдийн гэмтэл ихтэй, дээд уруулан язарсан шархтай байсныг зөвлөгөө өгч буцаасан байна... Нт би тухайн дүгнэлтэд баруун талын нүд болон дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын язарсан гэдэг онош тавьсан байна...” /хх 44/,

шинжээч эмч С.Төгсбуяны “...М.Нын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь дангаараа, доод уруулд шарх гэмтэл нь дангаараа, нүүрэнд цус хуралт гэмтэл нь дангаараа, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 86/,

шүүгдэгч Ж.Бын “...2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр би хотоос ирээд 12 цагийн үед Н ахтай золгохоор гэрт нь очиход Н ах жаахан халамцуу гэмээр байсан. ...хоёулаа цуг архи ууж дуусаад маргалдаж М.Н ахыг буйдан дээрээ сууж байхад нь би босож очоод нүүр ам хавьд нь 2-3 цохиод авсан чинь М.Н ах хаанаас ч юм хутга аваад миний цээж рүү чиглүүлээд чичихээр нь би зүүн гараараа хаахад шууны хэсэгт хутга нь орчихсон...” /хх 14-17/ гэх мэдүүлгүүд,

хохирогч М.Нын 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг болон дүрс бичлэг /хх 50/,

шүүгдэгч Ж.Бын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл болон дүрс бичлэг /хх 53/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 99 дугаартай “...М.Нын биед тархи доргилт, зүүн дээд 1, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун шанаа, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” /хх 62-63/ гэх шинжээчийн дүгнэлт зэргээр,

2. Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 24 тоотод Ж.Бтай архи ууж байхдаа өмнө зодуулсан талаар маргалдаж түүнд зодуулсаны дараа баруун гараараа өрөөний голд буюу шүүгдэгч М.Нын баруун талд газар байсан түмпэнгээс хутгыг авч цээж рүү нь хатгах үйлдэл хийхдээ зүүн гарын шуу хэсгийг хутгалсны улмаас Ж.Бын биед нь зүүн бугалга, зүүн шууны тараагуур судасны бүрэн бус тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Бын “...Тухайн өдөр би М.Нын ахын гэрт нэг шил архитай орсон. Бид хоёр золгосон. М.Н ах дахин нэг шил архи гаргасан. Нийт хоёр шил архи уусан. Тэгээд маргаан гарсан. ...Би сууж байхад нь очиж 2-3 удаа цохисон. Ноцолдоогүй, ...М.Н ах хаанаас ч юм хутга аваад миний цээж рүү чиглүүлээд чичихээр нь би зүүн гараараа хаахад шууны хэсэгт хутга нь орчихсон. Гар луугаа хутгалуулчхаад гэрээс нь гарсан. ...Цус алдаад ухаан алдаж унасан. ...би хутга аваагүй. ...Би Н ахыг 3 удаа цохихдоо тархи доргилт, нүүр уруулд гэмтэл учирсан байж магадгүй, харин гар хуруунд зүссэн байж болох гэмтлийг би учруулаагүй, өөрөө хутга авахдаа учруулсан байж магадгүй...” /хх 14-17/,

гэрч Б.Блийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би үхрээ харчихаад 15 минутын дараа орж ирэхэд Ж.Б куртикээ хаячихсан газар хэвтэж байсан. М.Н цонхны цаана зогсоод Ж.Бтай маргалдаж байсан. Тухайн үед Ж.Б ухаантай байсан. Ж.Б нэлээн цус болсон байсан. Би хутгалуулсан гэдгийг нь мэдсэн. ...Ж.Бд анхны тусламж үзүүлж гарыг нь өвсний уяагаар боосон. Яасан юм бэ гэж асуухад Ж.Б “М.Н лалар ийм болгочихлоо” гэсэн...”,

гэрч Ж.Дмийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Намайг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ажил дээрээ байхад өдрийн 12 цаг 50 минутын үед нөхөр Б.Билэгдэмбэрэл над руу “дүүг чинь М.Н хутгалсан байна, ухаангүй байна, түргэн дуудчихлаа, хурдан ир” гэж хэлсэн. Намайг 7 минутын дараа ирэхэд Ж.Б ухаангүй газар хэвтэж байсан. Анх Ж.Быг хараад би үхчихсэн байна гэж бодсон. Намайг байшинд ороход М.Н цонхоороо хараад орон дээрээ сууж байсан. Би М.Нт “чи хүн алчихсан байна” гэж хэлсэн. М.Н өөдөөс “би дүүг чинь хутгалчихлаа” гэж хэлсэн...” ,

гэрч Б.Эхын “...Ж.Б нь ирэх үедээ биеийн байдал дунд зэрэг, амин үзүүлэлтүүд тогтвортой, нэлээд согтуу, агсарсан байдалтай...” /хх 44/,

гэрч Ж.Үдын “...гэмтлийн эмнэлэг орж байхдаа юу болсон талаараа асуухад Тулгаа ах “Н ахтай архи ууж сууж байхдаа цагаан сарын өмнө та согтуу намайг толгой руу трубагаар цохисон” гээд маргаж байтал Н ах намайг хутгалах гэхээр нь би гараараа хаатал гар руу хутгалчихсан. Тэгээд би гараараа шархаа дарж байгаад ухаан алдчихсан” гэж ярьсан...” /хх 36/,

шинжээч С.Төгсбуянгийн “...Ж.Бд Налайх дүүргийн эрүүл мэндийн яаралтай төвийн хуудсанд зүүн шууны ард гүн зүсэгдсэн шархтай гээд шархны хэмжээ болон байрлалыг бичээгүй байна. Цус алдаж байгаа, амь насанд аюултай учраас дотроос нь цэгцлэлт хийх үүднээс хумьж оёсон. Ж.Бын гарт хагалгаа хийх гэж бугалгаас шуу хүртэл зүссэн байсан. Анх Ж.Бын гарт шууны дээд талд шарх үүссэн байсан...” /2 хх 32/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/,

шүүгдэгч Ж.Бын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл болон дүрс бичлэг /хх 53/,

шүүгдэгч Ж.Бас гаргаж өгсөн гэмтлийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 167/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаартай “...Ж.Бын биед зүүн шуунд шарх, зүүн бугалгын тараагуур судасны бүрэн бус тасралыг залгасан, зүүн шууны тараагуур судасны бүрэн тасралыг залгасан, зүүн бугалгын дунд мэдрэлийн тасралыг залгасан мэс заслын дараах байдал /2022.02.11 ГССҮТ/, цочмог цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /58-59/ гэх шинжээчийн дүгнэлт,

мэс заслын тэмдэглэл /хх 200/, яаралтай тусламжийн хуудас /хх 236/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, шүүгдэгч М.Ныг “хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Н, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Бадамханд нар нь хамтран “...гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч М.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол бичгээр гаргасан боловч өмгөөлөгч Ж.Бадамханд нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Нт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” хэмээн тус шүүх хуралдаанд давж заалдах гомдлоо өөрчилсөн ба уг давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь, аливаа гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой юм. Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Н нь өөрийн эрүүл мэндэд аюул учрахыг ойлгож өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус өөрийг нь цохисон гэх шалтгаанаар газарт байсан түмпэн дотроос хутгыг авч Ж.Бын цээж рүү хатгах үйлдэл хийх явцад Ж.Б зүүн гараараа хааж зүүн гарын шуу хэсгийг хутгалсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргээс үзэхэд, хохирогч Ж.Бын “...Би сууж байхад нь очиж 2-3 удаа цохисон. Ноцолдоогүй, ...М.Н ах хаанаас ч юм хутга аваад миний цээж рүү чиглүүлээд чичихээр нь би зүүн гараараа хаахад шууны хэсэгт хутга нь орчихсон. ...би хутга аваагүй. /хх 14-17/, гэрч Ж.Дмийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...“би дүүг чинь хутгалчихлаа” гэж хэлсэн...” /2 хх 34/, шинжээч С.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ж.Бын гарт хагалгаа хийх гэж бугалгаас шуу хүртэл зүссэн байсан. Анх Ж.Бын гарт шууны дээд талд шарх үүссэн байсан. ...М.Нын баруун сарвуунд үүссэн гэмтэл ...гүн биш, арьсны хамгийн өнгөн хэсгийг хуулсан байсан...” /2 хх 32/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаартай “...Ж.Бын биед зүүн шуунд шарх, зүүн бугалгын тараагуур судасны бүрэн бус тасралыг залгасан, зүүн шууны тараагуур судасны бүрэн тасралыг залгасан, зүүн бугалгын дунд мэдрэлийн тасралыг залгасан мэс заслын дараах байдал /2022.02.11 ГССҮТ/, цочмог цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /58-59/ гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Нын хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ж.Бын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдож байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэрэг учрал болох үед шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй бөгөөд шүүгдэгч нар нь хамтдаа архи ууж согтуурсан үедээ хоорондоо урьд үүссэн таагүй харилцааны улмаас маргалдаж, шүүгдэгч Ж.Б нь эхэлж  М.Нын  нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл, улмаар М.Н нь хутгаар Ж.Бын зүүн гарын шуу хэсэгт хутгалсаны улмаас хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон бөгөөд гэмт хэргийг үгүйсгэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Түүнчлэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих  ажиллагааг бүрэн шалгасан, өмгөөлөгчийн тайлбартаа дурьдсан ажиллагааг нэмж шалгах шаардлагагүй, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд зохих дүгнэлт өгөн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, М.Нын өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.Н нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Бадамханд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нын 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

                   

                                 ШҮҮГЧ                                                      М.АЛДАР

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ