Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2024/00326

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,                                           

Нэхэмжлэгч: Т.А-ийн,

            Хариуцагч: Т.Б-т холбогдох,

            Түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,047,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 23ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Г.А, Т.Б нартай харилцан тохиролцож, Улаангом сумын 6 дугаар баг, 119 тоотод байрлалтай NICE89 car wash авто угаалгыг 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр бичгээр гэрээ хийж ажиллуулсан юм. Түрээсийн гэрээг тухайн үед Г.А, Т.Б нар нь хүлээн зөвшөөрч, гэрээн дээр Г.А гарын үсэг зурж, Т.Б ганцаараа ажиллахаар тохиролцсон юм. Т.Б нь авто угаалгын түрээсийн барьцаа 1,000,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн боловч сар бүрийн түрээсээ хугацаа хэтрүүлж өгдөг байсан. Мөн гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 01, 02 дугаар сарын түрээсийг дулаан зогсоолоор тооцож 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ч ар гэрийн гачигдлын улмаас тухайн саруудыг 01, 02, 3 дугаар сар болгон тухайн саруудаас 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг үлдсэн саруудад /4, 5, 6, 7, 8, 9/ тус бүр 500,000 төгрөгийг үндсэн түрээсийн төлбөр дээр нэмж төлөхөөр тохиролцсон юм. Гэвч Т.Б нь сарын түрээсээ удаа дараа олон хоногоор хугацаа хэтрүүлж, ар гэрийн гачигдалтай гэх зовлон ярьсаар түрээсээ төлөхгүй өдий хүрсэн байна. Мөн 9 дүгээр сараас хойш усны төлбөр 147,500 төгрөг төлөөгүй болно. 2024 оны 01, 02, 3 дугаар сарын түрээс 3,000,000 төгрөг өгөхөөс 3 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 3 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 700,000 төгрөг, 4 дүгээр сарын 05-ны өдөр 800,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөг цувуулж өгсөн бөгөөд үлдэгдэл 900,000 төгрөг төлөх ёстой. 4 дүгээр сарын түрээс 1,000,000 төгрөгийг 4 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн. 5 дугаар сарын түрээс төлөх болоход Т.Б нь 4 дүгээр сарын 26-ны өдрөөс гуравдагч этгээдэд худал хэлэн давхар түрээслүүлж, тухайн хүнээс 1,800,000 төгрөг авч, ажиллуулж байсныг 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэж үйл ажиллагааг зогсоосон. Т.Быг өмнөх түрээсээ барагдуулахыг шаардсан боловч утсаар хариу өгөхгүй, уулзахгүй, алга болсон байна. Иймд 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 01, 02 дугаар сарын үлдэгдэл 3,000,000 төгрөгөөс барьцаа 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,000,000 төгрөг дээр, 3 дугаар сарын үлдэгдэл 900,000 төгрөг, 5 дугаар сарын түрээс 1,000,000 төгрөг, 9 дүгээр сараас хойших усны төлбөр 147,500 төгрөг, нийт 4,047,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

            Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Бт холбогдох 4,047,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Т.Б бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч Т.А би нэхэмжлэлийн шаардлага болох 4,047,500 төгрөгөөс 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Баас 3,547,500 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Т.Б нь 3,547,500 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ат 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан байхаар тохиролцов. Иймд нэхэмжлэгч, хариуцагч бид дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаангүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

            2. Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Т.Б нар нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

            Нэхэмжлэгч Т.А түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,047,500 төгрөг гаргуулахаас 500,000 төгрөгөөсөө татгалзаж, 3,547,500 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэхэд хариуцагч Т.Б нэхэмжлэгч Т.Ат бүрэн төлж барагдуулах,      

            3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

            4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгч Т.Аийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,710 төгрөгөөс 39,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 39,855 төгрөгийг, хариуцагч Т.Баас 35,855 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Ат олгох нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:  

            1. Нэхэмжлэгч Т.А нь түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,047,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, 3,547,500 төгрөгийг хариуцагч Т.Баас гаргуулах, хариуцагч Т.Б нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэхэд 3,547,500 төгрөгийг төлж барагдуулсан байх нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Аийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,710 төгрөгөөс 39,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 39,855 төгрөгийг, хариуцагч Т.Баас 35,855 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Ат олгосугай.     

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА