Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Н.Цийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Н.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1985 оны 01 дүгээр сард Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажилд орж, 1989 оныг дуустал тасралтгүй ажилласан. Одоо миний бие тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байхгүй мөн архиваас цалингийн баримт дутуу гарсан учир шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1985-1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надттай хамт ажиллаж байсан С.Э, Ц.Ц нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан тул дээрх хугацааг оролцуулахгүйгээр 1985 оны 01 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримтУвс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаартай зөвлөмжийн хуудас, 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэх талархал, Н.Цийн цэргийн батлах, гэрч Ц.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 984 дүгээр шийдвэр, С.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолтын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Цийн ХААТР-1 маягт, Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Тагнуулын тусгай архиваас Н.Цийн цэргийн алба хаасан эсэх лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн 1985-1990 оны тушаалын болон цалингийн баримтаас Н.Цэд холбогдох баримт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Н.Цийн цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн жинхэнэ албад татагдагчдын анкет, Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын сургуулиас Н.Ц нь 1984-1986 оны хооронд тус сургуульд суралцаж байсан эсэх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

Н.Цийн хүсэлтээр Ц.Ц, С.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Н.Цийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Н.Ц нь шүүхэд хандаж 1985 оны 01 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Н.Цийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Н.Ц нь 1985 оны 01 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Н.Ц нь 1985 оны 01 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, цэргийн алба хааж ирээд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан боловч тухайн үеийн ажилд орсон болон гарсан тушаал аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасагт хадгалагдаагүй байна.

3.2.  Ийнхүү ажилд орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Н.Цийн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажилласан хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Шүүхийн журмаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Архивын тасгаас Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн 1985-1990 оны тушаал болон цалингийн баримтаас хүсэлт гаргагч Н.Цэд холбогдох баримтыг шүүлгэсэн ба тус архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолтоор “Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн 1985-1987 оны тушаалын баримт тус архивт шилжиж ирээгүй ба архивт ирүүлсэн 1988-1990 оны тушаал, 1985-1990 оны цалингийн баримтыг судалж үзэхэд Нямаагийн Цэвэгмэд нэрээр 1985 оны 8-12 дугаар сар, 1986 оны 01-12, 1987 оны 01-5, 7-10 сар, Нямаагийн Цэгмэд нэрээр 1990 оны 02-3, 6-12 саруудын цалин тус тус гарсан болно. 1988-1990 оны тушаал, 1988-1989 оны цалингийн баримтаас холбогдох баримт гараагүй” гэжээ.

Мөн тус архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 247 дугаартай цалингийн тодорхойлолтоор Н.Цийн 1985 оны 8-12 дугаар сар, 1986 оны 01-12, 1987 оны 01-5, 7-10 сарын цалингийн баримтыг хуулбарлан ирүүлжээ.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас түүвэрлэн ирүүлсэн Н.Цэд холбогдох дээрх тушаалын болон цалингийн баримтаар Н.Ц нь 1985 оны 8 дугаар сараас Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн Н.Цийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад түүнийг “...цэргийн жинхэнэ албанд татагдахаас өмнө Орлого бригадад малчин, 1985 онд 8 дугаар анги төгссөн” гэж тэмдэглэжээ.

Н.Ц нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдсан болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 08/469 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн Н.Ц нь 1985 оны 6 дугаар сард 16 настайдаа тус сумын сургуульд 8 дугаар анги төгсөөд, 1985 оны 8 дугаар сараас Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба улмаар цэргийн албанд татагдах хүртэл буюу 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Мөн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Н.Цийн ХААТР-1 маягтыг 2011 оны 02 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн боловч тус баримтад түүнийг “бүрэн бус дунд боловсролтой” гэж тэмдэглэсэн байх бөгөөд энэхүү баримт нь хүсэлт гаргагч Н.Цийг 1985 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 8 дугаар анги төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн гэх үйл баримтыг давхар нотлох нотолгооны ач холбогдолтой байна.

Хэдийгээр Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолтоор “Н.Ц нь тус сургуульд 1977 онд 1 дүгээр ангид орж, 1984 онд 7 дугаар ангиа төгсөөд ар гэрийн гачигдлын улмаас цаашид суралцах боломжгүй болсон тул Цог нэгдэлд малчин болсон нь үнэн” гэж тодорхойлсон боловч энэхүү тодорхойлолт нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул энэхүү тодорхойлолтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Иймд Н.Цийг 1985 оны 8 дугаар сараас цэргийн албанд татагдах хүртэл буюу 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул дээрх хэсгийг хангаж, 1985 оны 01 дүгээр сараас 1985 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

4.2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 08/469 дугаартай цэргийн жинхэнэ алба хаасны архивын лавлагаагаар Н.Ц нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 622317 дугаартай цэргийн батлахтай халагдсан болохыг тодорхойлжээ.

Хэдийгээр хүсэлт гаргагч Н.Ц нь цэргийн алба хааж ирээд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсныг шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтын хүрээнд түүнийг цэргийн алба хааж ирээд 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 248 дугаартай цалингийн тодорхойлолтоор Нямаагийн Цэгмидийн 1990 оны 02-3, 6-12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн ба тус баримт нь  Цэгмид гэх нэртэй боловч Цэвэгмэдийн нэрийг зарим тохиолдолд Цэгмид гэж дууддаг, бичдэг байсан гэх тул Н.Цийн ажиллаж байсан байдлыг тогтооход хамааралтай баримт гэж дүгнэв.

Мөн дээрх баримт нь цаг хугацааны хувьд 1990 оны үйл баримтыг тогтоож байгаа боловч хүсэлт гаргагч Н.Ц 1989 онд цэргийн албанаас халагдаж ирээд Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход дам байдлаар нотолгооны ач холбогдолтой гэж үзэв.

5. Гэрч Ц.Ц нь1984 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 984 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Гэвч гэрч Ц.Цгийн шүүхэд өгсөн “...Н.Ц нь 1985 онд 8 дугаар анги төгсөх ёстой байсан хэдий ч өвчний улмаас 8-р ангиа төгсөж чадахгүйгээр хичээлээс гарч байсан. Тэрээр 1985 онд хичээлээс гарснаас хойш аав, ээжийнхээ хамтаа Өмнөговь сумын Цог нэгдлийн мал маллаж байгаад 1987 онд цэргийн албан татагдаж яваад цэргийн алба хааж байх хугацаанд нь буюу 1988 онд түүний төрсөн эгч нь нас барж ар гэийн гачигдлаар цэргээс халагдаж ирж байсан. 1988 онд цэргээс ирсэн цагаас хойш одоог хүртэл нэгдлийн болон хувийн малаа маллаж байгаа...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул гэрч Ц.Цгийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үнэлэв.

Харин гэрч С.Э нь 1989 оны 5,6,7 дугаар сард Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж байсан байх тул түүний мэдүүлэг нь хүсэлт гаргагч Н.Цийг 1985 оны 01 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан эсэхийг нотлоход хүрэлцээгүй байна.

5. Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Н.Цийн 1985 оны 8 дугаар сараас цэргийн албанд татагдах хүртэл буюу 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, цэргийн албанаас халагдаж ирээд буюу 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1985 оны 01 дүгээр сараас 1985 оны 7 дугаар сарыг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Н.Цийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Н.Ц-ийн 1985 оны 8 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1985 оны 01 дүгээр сараас 1985 оны 7 дугаар сарыг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Н.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА