| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00198/и |
| Дугаар | 152/ШШ2024/00329 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2024/00329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: У.Б-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: У.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн. 60 настай. Би 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгаас цэргийн албанд татагдаж 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр халагдсан. Төрсөн нутаг Увс аймгийн Зүүнхангай суманд аав ээж дээрээ ирж 1990 оныг дуустал мал маллаж байгаад 1991 оны 01 дүгээр сараас хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 1993 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Зүүнхангай сумын кино механикчийн ажлыг хашиж байсан. Улмаар 2009 оны 4 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өгөөж Баянхангай ХХК-д жолоочоор тус тус ажилласан. Жич: 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Соёлын төвийн эрхлэгчийн тушаалаар 2 жил ажилласан. Тухайн үеийн тушаал нь Увс аймгийн архивт хадгалагдаагүй байсан. Иймд миний Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай зөвлөмжийн хуудас, түүний 084401 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон эх хувь, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дугаартай шийдвэр, гэрч Д.Ты иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийн хуулбар, Увс аймгийн Соёлын хэлтсийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаар шийдвэр, Д.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Анхдагчийн гэрчилгээ, 1993 онд соёл урлагийн тоглолтод хөгжим тоглож байсан үе гэх тайлбартай гэрэл зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс У.Бийн ХААТР-1 маягт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Соёлын хэлтсийн 1993-1994 оны тушаалын болон цалингийн баримтаас У.Бт холбогдох баримт байгаа эсэх талаар лавлагааг нотлох баримтаар гаргуулж, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, У.Бийн 084401 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь нэг төрлийн дэвтэр мөн эсэх, засвартай эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулав.
Хүсэлт гаргагч У.Бийн хүсэлтээр Д.Т, Д.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1 Шүүхээс У.Бийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. У.Б нь шүүхэд хандаж Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл кино механикчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч У.Бийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч У.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл кино механикчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. У.Б нь 1987 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд 1990 оныг хүртэл эцэг, эхийн хамт Увс аймгийн Зүүнхангай суманд мал маллаж байгаад 1993 оноос тус сумын Соёлын төвд кино механикчаар ажилд орж, 1994 оныг дуустал ажилласан боловч ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна. Мөн тухайн үед ажиллаж цалин хөлс авч байсныг нотлох Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвийн 1993-1994 оны баримт аймгийн архивт хадгалагдаагүй байна.
3.2. Ийнхүү ажилд орсон тушаал байхгүйн улмаас Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас У.Бийн Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд кино механикчаар ажилласан хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай тодорхойлолтоор “Увс аймгийн Зүүнхангай сумын Клубын баримт тус архивт шилжиж ирээгүй тул Улаанбаатарын Баатарпүрэвт холбогдох баримтыг судалж үзэх боломжгүй болно” гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан У.Бт Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дээд сургуулиас 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон 084401 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зүүнхангай сумын клубын дэргэдэх кино механикийн үйлчлэгчээр авч ажиллуулав, Клубын эрхлэгчийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний тушаалыг үндэслэн, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зүүнхангай сумын кино механикийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв гэж тус тус тэмдэглэсэн байх ба Увс аймгийн Зүүнхангай сумын клуб гэх тамга дарж баталгаажуулсан байна.
У.Бийн энэхүү 084401 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь засваргүй болохыг Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай криминалистикийн шинжилгээний дүгнэлтээр тогтоосон байна.
4.2. Түүнчлэн У.Бээс шүүхэд 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Зүүнхангай сумын Соёлын төвөөс түүнд олгосон Анхдагчийн гэрчилгээ гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба тус баримтад “Кино механикч У.Б нь соёл урлагийг сурталчлах аяны өдрөөр...” гэж тэмдэглэжээ.
Дээрх Анхдагчийн гэрчилгээ гэх баримт нь хэрэгт эх хувиар авагдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх хүсэлт гаргагч У.Б нь 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус Соёлын төвд кино механикчаар ажиллаж байсныг нотолж байна.
Мөн дээрх Анхдагчийн гэрчилгээ гэх баримт нь хэрэгт авагдсан У.Бийн 084401 дугаартай хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байгаа үйл баримтыг давхар нотлох нотолгооны ач холбогдолтой байна.
Иймд У.Бийн 084401 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон У.Бт 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдөр олгосон Анхдагчийн гэрчилгээ гэх баримтыг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.3. Гэрч Д.Т нь шүүхэд “Би 1978 онд Зүүнхангай сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд, 1978 оноос Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд элсэн орж, 1981 онд төгссөн. 1982 онд цэрэгт татагдаад 1985 онд халагдаж ирсэн. Би цэргээс халагдаж ирээд 1985 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай суманд Соёлын төвийн эрхлэгчээр томилогдож одоог хүртэл ажиллаж байна. У.Б Увс аймгийн Зүүнхангай суманд соёлын төвд 1993 онд кино механикчаар ажилд орсон, 1994 он хүртэл 2 жил ажилласан. Би тэр үед Зүүнхангай суманд соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан тул У.Бийг ажиллаж байсныг сайн мэднэ. 1994 онд ажлаас гараад Улаанбаатар хотруу ажил хийхээр явсан” гэж мэдүүлжээ.
Гэрч Д.Г “Би 1991 онд Увс аймгийн Зүүнхангай суманд Соёлын төвд хөгжмийн багшаар ажилд орсон. 2001 онд орон тооны цомхотголоор ажлаас гарсан. У.Б Зүүнхангай сумын найман жилийн дунд сургуулийг төгсөөд, 1981 онд Дорнодын техник мэргэжлийн сургуулийг сурч төгсөөд, 1984 онд цэрэгт татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирсэн. У.Б 1993 онд Увс аймгийн Зүүнхангай суманд Соёлын төвд кино механикчаар ажилд орж байсан. 1994 он хүртэл 2 жил ажиллаад ажлаасаа гарсан талаар л мэдэж байна” гэж мэдүүлжээ.
Гэрч Д.Т, Д.Г нар нь Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд хүсэлт гаргагч У.Бтэй хамт 1993-1994 оны хооронд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын ажилд томилогдсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Мөн Гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан У.Бийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Анхдагчийн гэрчилгээ гэх баримтаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Иймд шүүхээс хүсэлт гаргагч У.Бийн 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6. Шүүхээс хүсэлт гаргагч У.Бийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Цогт овогт Улаанбаатарын Баатарпүрэвийн 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хүсэлт гаргагч У.Бт Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дээд сургуулиас 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр түүнд олгосон бор өнгийн, 084401 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг буцаан олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч У.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА