Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 150

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч:М.Ө,

Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох 1728001050076 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт М.Ө-ын бие эрх чөлөөнд халдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

         Хохирогч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуудлагаар таксинд явдаг. Надаар байнга үйлчлүүлдэг залуу 8855-тай дугаараас залгаад та хаана явж байгаа юм бэ гэхэд Дунд сайханд явж байна гэсэн. Урагшаа давхиад найз хүүхнийд нь очоод зогссон чинь орж цай уугаад гар гэсэн. Цай уучихаад гарах гэсэн чинь та байж бай энэ Н.Б-г аваад яв гэсэн. Цэцэрлэгийн гадаа баруун хаалганд ирж зогсоод мөнгөө өг гэсэн чинь буугаад машины хаалга гаднаас нь онгойлгоод цонхоор намайг зодсон. Би цагдаа дуудахад дуудлага удаан ирсэн. Би архи дарс уудаггүй. Энэ хүнийг цагдаагийн газар байлгаж байгаад буцаад явуулсан байсан. Толгой өвдөөд хот явж үзүүлэх шаардлагатай гэсэн. Хот явж үзүүлсэн.

         Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амартүвшинтэй манай гэрийн гадаа уулзаад, такси дуудсаныг мэдээгүй, тэднийд очоод нэг шил архи уугаад цэцэрлэгийн хүүхдийг авах цаг болсон байсан учраас цэцэрлэг явахааар гарсан.

Очоод буугаад явах гэтэл таксины мөнгө нэхсэн. Үгүй ээ Амартүвшин өгөөгүй юмуу? гэхэд өгөөгүй, мөнгөө өг гээд хувцаснаас зуураад байсан. Уг нь тэр үедээ тохиролцож болох л асуудал байсан. М.Ө манай гэрийг ямар мэдэхгүй биш. Маргааш нь очоод авч болох л байсан. Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна.

          Хохирогч М.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Дунд сайханд явж байхад 88-тай дугаараас дуудлага ирээд Түвшинээ гэдэг надаар дандаа үйлчлүүлдэг залуу залгаад Тэнгисийн баруун талд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний хэлсэн газар нь хүрээд очсон Амартүвшин Н.Б гэдэг намайг зоддог залуутай хамт зогсож байсан. Тэр хоёрыг аваад Төгөлд айлд очоод тэндээсээ сүү аваад Дунд сайханд 16-13 билүүдээ тэнд очсон. Нөгөө хоёр буугаад намайг хамт орж цай уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёртой хамт орсон. Тэр хооронд нөгөө хоёр нэг жижиг шилтэй архи хувааж уусан би цайгаа уугаад гарах гэхэд араас нөгөө Түвшинээ Н.Бг хамт яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө Н.Бг аваад явсан тэр залуу цэцэрлэг орж хүүхэд авна гэсэн бид хоёр 23 дугаар цэцэрлэгт очоод нөгөө залуугаас таксины мөнгө 3000 төгрөг гэхэд тэр машинаас буугаад өмнө талаар тойрч ирээд миний талд ирсэн би цонхоо буулгаад мөнгө өгөх гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн нөгөө Н.Б намайг заамдаж аваад мөргөсөн. Би тухайн үед бүсээ зүүсэн байсан болохоор хөдөлж чадаагүй тэгээд зодуулсан. Буруу талын цонхоо буулгаад хүн дуудахад хүн байхгүй байсан би арай гэж машинаас буугаад зугтаахад тэр араас чулуу шидэхэд миний хөлийг оносон. Би машин тойроод гүйж байхдаа цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн Н.Б намайг ташаад унагаасан чинь миний гар утас газар унасан. Н.Б миний гар утсыг булааж авах гээд байсан тэгж байгаад миний гар утсыг өшиглөсөн. Тэр намайг машинд чинь ална гэж хэлээд байсан. Тэгж байтал цагдаа нар ирээд Н.Бд аваад явсан би араас нь цагдаа дээр ирсэн. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан харин Н.Б согтуу байсан. Н.Б миний толгой руу нэлээд хэдэн удаа гараараа цохиод мөргөсөн. Машинаас буусан дараа араас боржуурын хагархайгаар шилбэн дундуур цохьсон. Би түүнээс таксины мөнгө нэхсэн. Тэгсэн тэр байхгүй байхгүй хүнээс юуг нь авах гэж байгаа юм бэ гэж хэлсэн. Түүнээс болж тэр залуу намайг зодсон. Н.Б намайг цагдаа утсаар дуудаад байсан болохоор миний гар утсыг намайг яриулахгүй гэж өшиглөөд байсан. Миний гар утас Хятад эвхдэг хуучин утас байсан. Хоёр симтэй гар утас байсан. Би тухайн үед Н.Бд зодуулснаас болж миний машины МП хөгжим эвдэрсэн, 120.000 төгрөгөөр томо графикийн зураг авахуулсан гомдолтой байна. Би маргаашнаас Улаанбаатар хот руу явж толгойгоо нарийн мэргэжлийн эмчээр үзүүлнэ.  ...Энэ баримтууд нь аймгийн төвд эмчид үзүүлээд Улаанбаатар хот яв гэж хэлэхээр нь би хотод очиж гэмтлийн эмнэлэг үзүүлсэн баримтууд байгаа. Би 800.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07-р хуудас/,

         Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Н.Б-гийн хамт Тэнгисийн баруун талаас зам дээр зогсож байхдаа такси дуудсан. Би тэр залуугаар өмнө нь хэд хэдэн удаа явж байсан. Тэгээд бид нар Дунд сайхны 11 -20 тоотод очоод буусан айлд ороод нэг шил архины талыг уучихаад Н.Б явахаар болсон. Тэр цэцэрлэгээс хүүхдээ авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг ирсэн таксигаар хамт яв би мөнгийг нь өгчихнө гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр явсан. Удаагүй Н.Б над руу утсаар яриад жолооч нь мөнгөө нэхээд байна гэж надад хэлэхээр нь би утсаа жолоочид өгчих гэж хэлээд тэр хүнтэй утсаар яриад би мөнгийг нь өгнө маргааш тооцоог нь хийнэ гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн тэгээд юу болсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.26-ны өдрийн 505 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: М.Өын биед тархины доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, дагзны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний  цус хуралт, зүүн хацар эрүүний баруун талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

          “Ашид билгүүн”  ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд: 2 сим ордог Хятад гар утас 32000 төгрөг, MP  хөгжим тоглуулагч 7500 төгрөг нийт 39500 төгрөг гэжээ /хх-ийн 16-р хуудас/,

          Бэлэн мөнгөний орлогын баримт 120.000 төгрөг /хх-ийн 27-р хуудас/,

          Хот хоорондын зорчих тасалбар 22900  төгрөг /хх-ийн 29-р хуудас/,

          Тооцооны хуудас буудлын мөнгө 200.000 төгрөг /хх-ийн 31-р хуудас/,

          Хаан банкны ТМ-ийн мөнгөн шилжүүлгийн баримт 70.000 төгрөг /хх-ийн 32-р хуудас/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Өын бие эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.26-ны өдрийн 505 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: М.Ө-ын биед тархины доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, дагзны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний  цус хуралт, зүүн хацар эрүүний баруун талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

         Хохирогч М.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 800.000  төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, томографикийн зураг авахуулсан бэлэн мөнгөний орлогын баримт 120.000 төгрөг, хот хоорондын зорчих тасалбар 22900  төгрөг,  тооцооны хуудас буудлын мөнгө 200.000 төгрөг, Хаан банкны ТМ-н мөнгөн шилжүүлгийн баримт 70.000 төгрөг, “Ашид билгүүн”  ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд: 2 сим ордог Хятад гар утас 32000 төгрөг, MP  хөгжим тоглуулагч 7500 төгрөг нийт 39500 төгрөг, таксины үйлчилгээгээ эрхлээгүй байсан хугацааны олох орлогыг тус тус нэхэмжилж, энэ талаарх бичгийн хүсэлт, баримтыг хэрэгт хавсаргажээ.

       Шүүх хохирол төлбөртэй холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад томографийн зураг авахуулсны төлбөр 120.000 төгрөг, гар утас, MP хөгжим тоглуулагчийн үнэ 39500 төгрөг, нийт 159500 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардал гэж үзэн шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

       Хохирогч нь Улаанбаатар хот явсан болох нь тогтоогдож байх боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайлбал эмчилгээ хийлгэх зорилгоор явсан эсэх нь торхойгүй энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул явсан унааны баримт, буудалд хоносон баримт, ТМ-ээс мөнгө авсан баримтыг үндэслэн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигтай холбоотой зардал гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

         Түүнчлэн хохирогч нь Улаанбаатар хотод 5 хоносон боловч энэ хугацаандаа эрүүл мэндээ эмчлүүлсэн болохыг нотлох бичгийн нотлох баримт байхгүй, эрүүл мэндийн улмаас таксины үйлчилгээ эрхлэх боломжгүй байдалд хүрсэн талаарх болон олох байсан  орлогын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйн зэрэгцээ Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.26-ны өдрийн 505 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэж хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоожээ.

        Иймд хохирогч М.Ө-ын дээрх байдлаар нэхэмжилж буй 640.500 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

      Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Н.Б-г хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7–д зааснаар шүүгдэгч Н.Бгаас 159.500 /нэг зуун тавин есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч М.Ө-т олгож, хохирогч М.Ө-ын илүү нэхэмжилсэн 640.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА