Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/00904

 

Д.Уртнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7928 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 575 дугаар магадлалтай,

Д.Уртнасангийн нэхэмжлэлтэй

М.Энхмаад холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Май капитал” Хадгаламж зээлийн хоршоо /цаашид ХЗХ гэх/

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах болон барьцааны гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Т.Баярдалай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 02 дугаар сард М.Энхмаа, түүний ээж Г.Тунгалагтөр нарын зээл авах гэсэн юм, орон сууцаа 6 сарын хугацаатай барьцаалуулаач гэх хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 7 дугаар хэсэг, 44/1 дүгээр байрны 102 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих зөвшөөрлийг М.Энхмаад олгож нотариатаар гэрчлүүлснээс хойш одоог хүртэл М.Энхмаа миний байрыг барьцаанаас чөлөөлөөгүй. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Тунгалагтөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 10.00 цагт 2 дахь удаагийн дуудлага худалдаагаар оруулан зарах гэж байна гэж хэлсэн. Орон сууцыг 2012 оны 02 дугаар сард М.Энхмаагийн өмчлөлд шилжүүлснийг мэдэгдсэн. Тус байрны өмчлөгч нь хэлгүй, дүлий хүн гэдгийг мэдээд, тус байгууллага нь “энэ хүний байрыг барьцаалахгүй, зээл олгох боломжгүй тул барьцаа хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлэх, мөн барьцаа хөрөнгө нь зээлдэгчийн өмчлөлийнх байх ёстой” гэсэн шаардлагын дагуу М.Энхмаагийн нэр дээр миний орон сууцыг шилжүүлсэн байна. Тэд надад “зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл авна” гэж ойлгуулж, үнэн байдлыг хэлэлгүйгээр нотариатын газар дагуулж очиж, миний хэлгүй, дүлий байдал болон орон сууц барьцаалах, зээл авч эдийн засгийн эргэлтэд оруулах талын харилцаатай холбоотой үйл ажиллагааг мэдэхгүй байдлыг ашиглан зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл” гэж намайг хуурч, нотариат дээр хийсэн бичгүүдийг уншуулахгүйгээр, зөвхөн гарын үсэг зурах хэсгийг зааж өгч, гарын үсэг зуруулан “Бэлэглэлийн гэрээ” хийж, орон сууцыг М.Энхмаагийн өмчлөлд шилжүүлсэн. Би орон сууцаа түүнд шилжүүлсэн бол одоог хүртэл байрандаа амьдраад байх боломжгүй. Зээл авахдаа М.Энхмааг өмчтэй болгон харагдуулах зорилгоор дүр үзүүлэн Бэлэглэлийн гэрээ хийсэн. М.Энхмаа нь уг орон сууцыг өөрийн өмч болгох зорилгогүй, би ч өөрийн орон сууцыг түүнд бэлэглэн, өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг, илэрхийлэлгүйгээр хийсэн хэлцэл мөн. Зөвхөн зээл авах зорилготой байсан болохоор худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцыг шилжүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувиар татвар төлнө гээд Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Би төрөлхийн хэлгүй, дүлий тул хүмүүсийн хоорондын яриаг огт сонсдоггүй, хүмүүстэй зөвхөн дохио зангаагаар харилцдаг. Тухайн үед нотариатч надаас орон сууцаа М.Энхмаад бэлэглэж байгаа эсэхийг асуугаагүй, миний ээж Г.Тунгалагтөр болон М.Энхмаа нар нь надаас дээрх байдлаар нуусан учраас танилцах боломжийг ч надад олгоогүй. Нотариат дээр миний ээж Г.Тунгалагтөрөөс өөр надад хэлмэрчлэх хүн байгаагүй тул тэдний хооронд ямар хэлцэл, гэрээ хийгдэж буйг би мэдээгүй. Хэрэв нотариатч хуульд зааснаар надаас асуусан бол би тэдний хууль бус үйлдлийг мэдэх боломжтой байсан. Би аль дүүргийн нотариатч дээр очсоноо мэдэхгүй, гэрээний хувь надад байхгүй. Би М.Энхмааг хэдэн төгрөгийн зээл авах гэж байгааг мэдээгүй. Гэтэл 70 000 000 төгрөгийн зээл авч, зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэрээр “Май капитал” ХЗХ-д 128 000 000 гаруй төгрөгийн төлбөртэй болж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний орон сууцыг албадан дуудлага худалдаагаар оруулах болсон байна. 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр Д.Уртнасангийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг М.Энхмаад 20 000 000 төгрөгөөр худалдаж, уг гэрээг нотариатч И.Долгорсүрэнгээр гэрчлүүлсэн. Нотариатын тэмдэглэлд Д.Уртнасан гарын үсэг зурсан нь үнэн, уг тэмдэглэлд түүнийг хэлгүй дүлий гэж бичээгүй нь нотариатын хууль бус үйлдэл. Түүний хэлгүй, дүлий байдлыг ашиглан, хууран мэхлэх аргаар түүний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг нь М.Энхмаад 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20 000 000 төгрөгөөр худалдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг болон уг гэрээний үндсэн дээр хууль бусаар М.Энхмааг өмчтэй болгон байж зээл олгосон “Май капитал” ХЗХ-ны 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Барьцааны 208/01 тоот гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Г.Тунгалагтөр би 2012 оны 02 дугаар сард М.Энхмаагаар “Май капитал” ХЗХ-оос 70 000 000 төгрөгийн зээл гаргуулахаар тохирч, өөрийн охин Д.Уртнасангийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 7 дугаар хэсэг, 44/1 дүгээр байрны 02 тоот буюу одоогийн 102 тоот 4 өрөө орон сууцыг барьцаалахаар болсон. Гэтэл ХЗХ нь зээлийн барьцааны эд хөрөнгө зээлдэгчийн эд хөрөнгө байх ёстой гэсэн шаардлага тавьсан тул Д.Уртнасангийн орон сууцыг М.Энхмаагийн өмчлөлд шилжүүлсэн. Би Д.Уртнасанд “ХЗХ-оос зээл авахын тулд орон сууцыг нь зээлийн барьцаанд тавих зөвшөөрлийг чамаас авах хэрэгтэй байна” гэдгийг хэлж ойлгуулсан. Тухайн үед нотариатч ч элдэв асуулт асуухгүй, бидний хүсэлтийн дагуу орон сууцыг М.Энхмаагийн өмчлөлд шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хийсэн ба хэлгүй дүлий байдлыг нь анзаарсан эсэхийг би мэдэхгүй. Бид барьцааны эд хөрөнгийг “Май капитал” ХЗХ-ны шаардсанаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн. М.Энхмаагаар 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус хоршооноос 70 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэйгээр гаргуулж, Г.Тунгалагтөр би уг мөнгийг авсан. Гэвч би “Номун интер трейд” ХХК-аас авах ёстой мөнгөө авч чадахгүй байсан болон өөрийн биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас М.Энхмаагийн зээлийн үүргийг зохих ёсоор биелүүлж чадаагүй. “Май капитал” ХЗХ нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.Энхмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128 770 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүхээс 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 964/2 тоот тогтоолоор орон сууцыг хураан авч, 2014оны 12 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3/11023 тоот тогтоолоор 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид төлбөртөө авахыг санал болгох хурал зарлагдах шатанд явж байна. Би зээл авахын тулд түүний орон сууцыг М.Энхмаад шилжүүлэх гэж байгааг тайлбарласан учраас түүнийг ойлгосон гэж бодсон. Уг орон сууцыг 2 дахь дуудлага худалдаанд оруулах гэж байгааг тогтоолыг хүлээн аваад түүнд учрыг нь хэлэхэд уурлаж, “надад энэ тухайгаа хэлэхгүй яасан юм, миний хэлгүй, дүлий, орчинтойгоо чөлөөтэй харьцаж чаддаггүй байдлыг минь ашигласан байна орон сууцыг бэлэглэнэ гэж надад хэлээгүй, миний орон сууцны гэрчилгээг өг” гэх болсон. Тухайн үед тэрээр анхнаасаа орон сууцыг барьцаалж, зээл авах зорилготой байснаас биш, түүнийг худалдан авах бодолгүй байсан. Харин орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээ нь тус ХЗХ-оос тавьсан шаардлагатай холбоотой хийгдсэн үйлдэл. Хоршоо нь Д.Уртнасанг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдээд орон сууцыг нь барьцаалахгүй, М.Энхмаагийн өөрийн өмчийг барьцаална, барьцаа хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжсэн бол барьцаалж зээл олгохгүй гэсэн тул Д.Уртнасангийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур 20 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг хийж, түүний өмчлөлд шилжүүлсэн. Гэхдээ орон сууцыг нь барьцаалахгүй, М.Энхмаад шилжүүлэх шаардлагатай гэдгийг Д.Уртнасанд хэлж байсан тул нотариат дээр хамт очиж, гэрээг хийсэн. Түүнийг болон нотариатчийг хуурч мэхлээгүй. Харин тэрээр энэ гэрээний нарийн учрыг ойлгоогүйгээс орон сууцыг нь дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг аваад шүүхэд нэхэмжлэл гаргажээ гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Энхмаа нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай хоршооноос 70 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3.1 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 7 дугаар хэсэг 44/1 дүгээр байрны 2 тоот 135 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч 70 000 000 төгрөгийг Д.Уртнасангийн ээж Г.Тунгалагтөрд өгсөн. Тэрээр энэ мөнгийг Д.Уртнасангийн эмчилгээний зардалд хэрэглэхээр авсан болох нь түүний эцэг Ц.Дашнямын байгууллагадаа гаргасан өргөдөл, тус “Эсгий, эсгий гутал” ХК-ийн ТУЗ-ийн тогтоол зэргээр нотлогдоно. Д.Уртнасангийн эцэг Ц.Дашням нь зээл авах хүсэлт гаргаж байсан ч барьцаа хөрөнгө шаардахад өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгө байхгүй, охин Д.Уртнасангийн байрыг барьцаална гэж хэлсэн. Тухай үед охинтойгоо хамт ирсэн боловч албан ёсны орчуулагчгүй байсан учраас бид бэрхшээл учирна гээд түүнд зээл олгохыг зөвшөөрөөгүй. Хан-Уул дүүргийн 44/1-2 тоот 135 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц нь М.Энхмаагийн нэр дээр болсны дараа түүнд зээл олгосон. Манайх түүнд зээл олгохдоо Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авахад уг орон сууцыг М.Энхмаагийн өмч, хорооноос нь тодруулахад түүнийг уг хаягт амьдардаг гэж байсан. Зээлдэгч нь зээлээ төлөөгүй учраас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 3119/Б дугаар шийдвэрээр 128 770 500 төгрөгийг М.Энхмаагаас гаргуулж, үүргийг ипотекийн зүйл болох барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүхийн 2014 оны 815 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр одоогийн нэхэмжлэгчийн ээж Г.Тунгалагтөр оролцсон. Ийнхүү эх, охин нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж, бие биенээ шүүхэд өгч цаг хугацаа хожиж, хууль хяналтын байгууллагаар тоглож, эрх ашиг нь зөрчигдсөн этгээдийн эрхээ сэргээх ажиллагаанд санаатай саад учруулж байна. Шүүхийн 3119/Б дугаар шийдвэрийг албадан биелүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулж, барьцаа хөрөнгө зарагдаагүй тул төлбөр авагчид санал болгох хурал зарлагдсан. Г.Тунгалагтөр нь өөрийн төрсөн хэлгүй, дүлий охинтойгоо ойлголцож чадахгүй гэж үзэх боломжгүй. Д.Уртнасан уншиж, бичиж чаддаг. М.Энхмаа нь Г.Тунгалагтөрийн хамаатан мөн. Нотариатын бүртгэлд Д.Уртнасан өөрөө гарын үсэг зурсан. Д.Уртнасан нь эцэг н.Дашням, эх Г.Тунгалагтөр нарын хамт ам бүл 7-уулаа тус байранд амьдардаг бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцыг М.Энхмаад худалдсан гэдгээ мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7928 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Уртнасангийн нэхэмжлэлтэй Хутаг далай овогт Михаловын Энхмаад холбогдох Д.Уртнасан болон М.Энхмаа нарын 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн М.Энхмаа болон “Май капитал” Хадгаламж зээлийн хоршооны хооронд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 208/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хөнхөөдэй овогт Дашнямын Уртнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 575 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна. Д.Уртнасан нь энэхүү гэрээ хийгдсэн өдөр ээж нь зээл авах гэж байгаа бөгөөд өөрийн орон сууцыг зээлийн барьцаанд тавихад зөвшөөрөл өгөх шаардлагатай болсон гэсэн ойлголттойгоор нотариатч дээр очсон байдаг. Гэтэл энэ цэг мөчид нотариатч түүний хувийн байдлыг тодруулаагүй төдийгүй орон сууцаа 20 000 000 төгрөгөөр М.Энхмаад худалдаж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож байгаа эсэхийг асууж тодруулаагүй нь нотариатчийн бүртгэлээс харагддаг. Өөрөөр хэлбэл нотариатч Д.Уртнасанг хэлгүй дүлий гэдгийг мэдсэн бол Нотариатын тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс ээж Г.Тунгалагтөрийг хэлмэрчээр оролцуулан тэдгээрийн үйлдлийг баталгаажуулан тэмдэглэл, бүртгэл хөтөлж гарын үсэг зуруулах ёстой. Харин 202 дугаартай нотариатч ийм үйлдэл хийгээгүйгээс үзвэл М.Энхмаа, Г.Тунгалагтөр нар ямар нэгэн аргаар зээл авах хүсэлт зоригийн үүднээс өөрсдийн хэн нэгний таньж мэдэх нотариатчтай хэлэлцэн тохирч, Д.Уртнасанд орон сууцыг зарж байгаа гэдгийг мэдэгдэхгүй байх арга хэрэглэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй байхад Г.Тунгалагтөрийн тайлбар үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Бодит байдал дээр “Май капитал” ХЗХ нь “Д.Уртнасангийн ээж Г.Тунгалагтөртэй болон хамаатан садан гэх М.Энхмаатай нийлж шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Уг орон сууцыг Д.Уртнасангаас М.Энхмаагийн өмчлөлд шилжүүлсний дараа 70 000 000 төгрөгийг М.Энхмаад зээлж, тус орон сууцыг барьцаалсан, уг зээлийг нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан болох нь түүний аав Ц.Дашнямын байгууллагадаа гаргасан өргөдөл хүсэлтээр тогтоогдоно” гэх тайлбар хийдэг ч нэхэмжлэгчийн хувийн байдлыг мэдсэн учраас өмч хөрөнгийг нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх шаардлагыг Г.Тунгалагтөрд тавьсан болох нь тус байгууллагын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийн асуултад өгсөн хариулж шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдсан зэргээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагтөрийн тайлбараар нотлогддог. Иймээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Уртнасан нь М.Энхмаатай байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, М.Энхмаа болон “Май капитал” ХЗХ-ны хооронд 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагын талаар хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг бүрэн дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Д.Уртнасан нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр М.Энхмаатай, өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед түүний төрсөн эх Г.Тунгалагтөр хамт байснаас гадна М.Энхмаа “Май капитал” ХЗХ-оос 70 000 000 төгрөгийн зээл авахдаа Д.Уртнасангаас шилжүүлэн авсан орон сууцаа барьцаалсан, зээлийн мөнгийг Д.Уртнасангийн ээж Г.Тунгалагтөр авч захиран зарцуулсан болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3119/Б дугаар шийдвэрт тусгагдсан, Д.Уртнасан нь эцэг, эх, хүүхдийн хамт уг орон сууцанд амьдардаг байдлаас үзэхэд орон сууцыг шилжүүлэхдээ хуурч мэхлэгдсэн, төөрөгдсөн гэх байдал тогтоогдоогүй байна. Д.Уртнасан нь төрөлхийн хэлгүй, дүлий боловч эрх зүйн чадамжтай байх ба монгол хэлээр уншиж, бичиж, ойлгох чадваргүй талаар маргаагүй байв.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд орон сууц худалдах-худалдан авах баримт үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд гэрээнд заасан нөхцөлүүд, түүний агуулгыг Д.Уртнасан ойлгоогүй гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн улсын бүртгэлээр М.Энхмаа нь маргаж буй сууцны өмчлөгч байсан тул өмчлөлийн зүйлээ барьцаалах эрхтэй гэж үзэж, зээлийн үүргийг хангуулах зорилгоор түүнтэй  барьцааны гэрээ байгуулсан “Май капитал” ХЗХ нь шударга барьцаалагч болно. Уг барьцааны гэрээ нь Д.Уртнасан болон М.Энхмаа нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс хамааралгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан  хэлцэл биш тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байжээ.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7928 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 575 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

          ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА