Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0530/З |
Дугаар | 221/МА2017/0809 |
Огноо | 2017-11-15 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0809
“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
Г.Э, Г.Г нарын итгэмжлэгдсэн
төлөөлөгч Ө.Г, Ө.Г нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Ө.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0674 дүгээр шийдвэртэй, “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Э, Г.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Ө.Г нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Ө.Г нарын давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0674 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 171.2, 171.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Г.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нараас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан ““Т” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Т” ХХК-ийг сэргээн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Ө.Г нар давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь Гадаадын хөрөнгө оруулалттай компани мөн, биш гэдгийг Монгол Улсын Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар болон энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээс өөр хариулт өгч, бодит байдлыг тогтоох байгууллага Монгол Улсын хэмжээнд байхгүй. Тухайлбал, Монгол Улсын Сангийн яам “дүрмийн санд оруулсан хөрөнгийг буцаан татсан тохиолдолд дүрмийн сангийн дансыг бууруулан бүртгэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан. Тэгвэл БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь хамтарсан компани байгуулахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу анх 100 мянган америк доллартай тэнцэх хэмжээний 630,000 юанийг хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан боловч түүнээсээ 52380 америк доллартай тэнцэх 330,000 юанийг хувьдаа буцаагаад авчихсан учир гадаадын хөрөнгө оруулагч байх болзлыг хангаж чадахгүй болсон. Ингэснээр тэрээр гадаадын хөрөнгө оруулагч биш болсон. Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар “Хөрөнгө оруулалтын хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийн доод хэмжээ болох 100 мянган америк доллар нь хөрөнгө оруулагчийн тухайн аж ахуйн нэгжийн тодорхой хувийн хувьцааг эзэмшихээр төлсөн хувьцааны төлбөр буюу хувь нийлүүлсэн хөрөнгө байна” гэж дүгнэлт гаргасан.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүлэг гаргасан дүгнэлтдээ “Ши Жун Ган нь төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр компанийн харилцах данснаас 330,000 юань буюу 101,607,000 төгрөг авсан байна” гэж нотолсон. Гэтэл анхан шатны шүүгч эдгээр эрх бүхий байгууллагын дүгнэлт нотолгоог үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм.
Нөгөө талаар хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан 630,000 юаниасаа 330,000 юань буюу 101,607,000 төгрөгийг буцааж авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэр нь санхүүгийн тайлан /Ши Жун Ган нь өөрөө хүлээн зөвшөөрч уг тайланд гарын үсгээ зурж, тамгаа дарсан/, тооцоо нийлсэн акт, кассын зарлагын баримт, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын иргэн Ши Жун Ганаас “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хаяглан ирүүлсэн хүсэлт зэргээр нотлогдож байна.
БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан 630,000 юаниасаа 330,000 юанийг буцааж авснаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт илт зөрчигдөж, нэхэмжлэгч компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани биш болохыг эрх бүхий байгууллага нэгэнт тогтоочихсон, БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь өөрөө хүлээн зөвшөөрчхөөд байхад анхан шатны шүүх эрх бүхий байгууллага тогтоогоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, буруу шийдвэр гаргасан.
Компанид оруулсан хөрөнгийн хэмжээтэй холбоотой асуудал нь компанийн тухай хуулиар зохицуулагдана гэж шүүгч хуулийг буруу тайлбарласан. Учир нь энэ асуудлыг зохицуулах хуулийн заалт Компанийн тухай хуульд байхгүй. Нэгэнт эрх бүхий байгууллагууд Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани биш болохыг өөрсдийн гаргасан албан ёсны дүгнэлтээрээ нэгэнт нотолчихсон байхад түүнийг үгүйсгэж, “Т” ХХК-ийг Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болгон өөрчлөн бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх өөрчлөлтийг хийж бүртгэхийг тус газарт даалгахгүй байгаа нь анхан шатны шүүх Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруугаар тайлбарлаж, буруу хэрэглэснийг харуулж байна. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдаж, компанийнхаа дүрмийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн Монгол Улсын “Т” ХХК-ийг сэргээлгэх тухай нэхэмжлэлд дурдсан асуудлыг огт авч үзээгүй орхисон. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь манай дээрх компанийг бүртгэсэн атлаа гэрчилгээг бидэнд өгөөгүй.
“Т” ХХК нь анхнаасаа Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байсан, харин БНХАУ-ын иргэн Ши Жун Ган уг компанид хөрөнгө оруулснаар компанийн хэлбэрийг өөрчилж, хамтарсан компани болгосон. Гэтэл Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК нь нэгэнт гадаадын хөрөнгө оруулалттай компани байх шаардлагыг хангахгүй болсон тул түүний хэлбэрийг өөрчилж хамтарсан компани биш, урьд нь байсан Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг сэргээн бүртгүүлэх асуудлыг тавьж байгаа юм. Гэтэл хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх материалыг бүрдүүлэхэд шинээр бүрдүүлж ирүүлэхийг биднээс шаардаж байгаа юм. Бид шинээр компани байгуулж байгаа биш, урьд нь байсан компани сэргээлгэх шаардлага тавьж байгаа учир шинээр хуульд зааснаар материал бүрдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК-ийн гэрээ бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан албан ёсны одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээ болно. Уг гэрээний 4.2.5-д “ хувь нийлүүлэгч болох БНХАУ-ын иргэн Ши Жун Ган энэхүү гэрээний 4.2.1, 4.2.4, 5.2.3-6-д заасан үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд хамтарсан “Т” ХХК-д өөрийн эзэмшиж байгаа хугацааг хамтарсан “Т” ХХК-д эдэлж байгаа эрхийн хамт Монгол талын хувьцаа эзэмшигчдэд үл маргах журмаар үнэ төлбөргүй буцааж шилжүүлэх”, 4.1.2-т “энэхүү гэрээний 4.2.1-4.5.2.3-т заасан үүргээ Б тал биелүүлээгүй тохиолдолд Б талаас ямар нэгэн бичиг баримт, лавлагаа, зөвшөөрөл шаардахгүйгээр энэ компанид эзэмшиж байсан 60 хувийн хувьцааг үл маргах журмаар хамтарсан компанид тус бүр 20 хувь эзэмшиж байгаа Г.Э, Г.Г нар үнэ төлбөргүйгээр буцаан шилжүүлж авна” гэж тов тодорхой тусгагдсан байтал эрх шилжүүлэх өөр гэрээ шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.
Үүнээс үзэхэд захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.7-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн хувьд Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК-ийг өөрчилж, шинээр байгуулагдсан Монголын “Т” ХХК болгож өөрчилж өгөөч гэдэг хүсэлтийг гаргаагүй, өмнө нь байсан Монголын “Т” ХХК-ийг байгуулах хүсэлтийг гаргасан байхад шүүх нөхцөл байдлыг буруу үнэлж, дүгнэн, маргаж байгаа асуудалд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцэхгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй байна.
“Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Э, Г.Г нар 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын “Т” ХХК-ийг Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэж, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 01 дүгээр тогтоолоор Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК-ийн гэрээг нэгдүгээр хавсралтаар, дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус батлан компанийн гүйцэтгэх захирлаар Ши Жун Ган /Shi Zhonggang/-ийг томилжээ.
Уг шийдвэрийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч байгууллагад Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх, өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэх өргөдлүүдийг гарган бүртгүүлж, мөн өдөр 0000094616 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэгээ хийлгүүлсэн байна.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Э, Г.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид “...Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Монголын “Т” ХХК-ийг сэргээн бүртгэхээс татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...БНХАУ-ын иргэн Ши Жун Ган /Shi Zhonggang/ нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу хамтарсан компанид 100,000 америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрэн оруулж байж гадаадын хөрөнгө оруулагчийн болзлыг хангах ёстой байтал анх оруулсан 100,000 америк доллароосоо 52,380 америк доллартай тэнцэх 330,000 юанийг буцаагаад авчихсан учир энэ хэмжээгээр түүний дүрмийн санд оруулсан хөрөнгө дутаж, гадаадын хөрөнгө оруулагч болох шаардлагыг хангахгүй тул “Т” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани биш болж байгаа юм. Гэтэл хариуцагч Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэхгүй байна” хэмээн тайлбарлан маргажээ.
“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Э, Г.Г нарын “...Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй байхад хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу татгалзах байтал түүнийг зөрчин бүртгэсэн бол уг бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэх бөгөөд анхан шатны шүүх “компанийн үүсгэн байгуулагчаар Г.Э, Г.Г, БНХАУ-ын иргэн Ши Жун Ган /Shi Zhonggang/ нарыг бүртгэж, хуулийн этгээдийн хэлбэрийг гадаадын хөрөнгө оруулалттай болгон 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 15 дугаар зүйлийн 15.1.6, 171 дүгээр зүйлийн 171.2, 171.4 дэх заалтуудыг зөрчөөгүй байна” хэмээн үндэслэлтэй дүгнэж уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын “Т” ХХК-ийг Монгол-Хятадын хамтарсан компани болгон өөрчлөн байгуулахаар болж гэрээ дүрмээ баталсны дараа 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үед БНХАУ-ын иргэн Ши Жун Ган /Shi Zhonggang/ нь 630,000 юанийн хөрөнгө оруулалтыг оруулсан гэдэгтэй нэхэмжлэгч нар маргаагүй бөгөөд хөрөнгө оруулсан гэдэг нь “Хаанбанк” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05084/61 дүгээр тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсний дараа БНХАУ-ын иргэн Ши Жун Ган /Shi Zhonggang/ нь хөрөнгө оруулсан 630,000 юаниас 330,000 юанийг буцаан авснаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” хэмээн заасныг зөрчсөн гэж 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Э, Г.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Ө.Г нар давж заалдах гомдолдоо “Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх материалыг шинээр бүрдүүлж ирүүлэхийг биднээс шаардаж байгаа юм. Бид шинээр компани байгуулж байгаа биш, урьд нь байсан компаниа сэргээлгэх шаардлага тавьж байгаа учир уг материалыг бүрдүүлэх шаардлагагүй” гэж дурдсан бөгөөд хариуцагчийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэл хүчин төгөлдөр тул Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгохын тулд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ” гэж заасны дагуу өмнөх бүртгэлийг сэргээх бус компанийн хэлбэрийг өөрчлөх гэж үзэхээр байна.
Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан холбогдох баримтуудыг бүрдүүлж өөрчлөлтийг оруулахаар байх тул хариуцагч мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд татгалзсан үйлдлийг хууль хууль бус гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн давж заалдах гомдолдоо “Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК-ийн гэрээ бол хувьцаа эзэмшигчдийн хороонд байгуулсан албан ёсны хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг гэрээгээр БНХАУ-ын иргэн Ши Жун Ган /Shi Zhonggang/ нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд түүний эзэмшиж байгаа 60% хувьцааг тус бүр 20%-ийн хувьцаа эзэмшиж байгаа Г.Э, Г.Г нарт үнэ төлбөргүйгээр буцаан шилжүүлж өгөхөөр тодорхой заасан байхад эрх шилжүүлэх өөр гэрээ шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй” гэж дурдсан байна.
Уг гэрээ нь Монгол-Хятадын хамтарсан “Т” ХХК нь Монголын “Т” ХХК болж үүсгэн байгуулагч нь дээрх Монгол Улсын 2 иргэн бөгөөд БНХАУ-ын иргэн Ши Жун Ган /Shi Zhonggang/ нь тус компанид хувьцаа эзэмшихгүй болсон гэдгийг нотлох шийдвэр биш бөгөөд тухайн гэрээ хуулийн хүчин төгөлдөр, түүний дагуу БНХАУ-ын иргэн Ши Жун Ган /Shi Zhonggang/-ийн 60% хувьцааг хувьцаа эзэмшиж байгаа Г.Э, Г.Г нар авах эрхтэй эсэх асуудлыг иргэний хэргийн шүүхээр харьяалан шийдвэрлүүлсний дараа улсын бүртгэлд компанийн хэлбэрийг өөрчлөн бүртгүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, Ө.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дах хэсэгт заасны дагуу магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА