Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 556

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, иргэдийн төлөөлөгч Д.Б******* нар шүүх хуралдаанд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20 өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд болохын хувьд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн цахим бүртгэлийн системд хандаж 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн З******* сумын нутагт орших -2 нэртэй газар 2175 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн ******* дугаарт бүртгэгдсэн. Уг өргөдлийг Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянаж, ашигт малтмалыг хайхыг хязгаарласан талбайд хамаарч байгаа гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.  

Уг шийдвэрийг компанийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших, тусгай зөвшөөрлийг эзэмших талаар өргөдөл гаргах эрхийг зөрчсөн гэж үзсэн. Ашигт малтмалын газарт гомдол гаргасан бөгөөд шалтгаан нь юу вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т хайгуулын тусгай зөвшөөрөлд тавигдах зураг зүйн шаардлагуудыг хуульчилсан байдаг. Зураг зүйн шаардлага дээр авч үзэхээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг баримталсан байдаг. Энэ тогтоолд дурдсан талбай тусгай хамгаалалтад байгаа гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг харахаар зураг зүйн шаардлагын хувьд Засгийн газраас тогтоосон талбай байна гэсэн шаардлага байх тул харин тусгай хэрэгцээнд ийм талбай, газартай давхцуулж болохгүй гэсэн хуулийн агуулга байхгүй. Энэ зөрчилдөөнтэй агуулга нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангасан. Тийм учраас шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж гомдол гаргаж байгаа. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийн “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэжээ.

3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Н*******" ХХК 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NЕ-******* дугаарт бүртгэгдэн Төв аймгийн З******* сумын нутагт орших -2 нэртэй 4177 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т "хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах богөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана" гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхэд "Н*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрел хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т "хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй" байх шаардлагыг хангаагүй байна.

Энэ талаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд Кадастрын хэлсийн Зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл "Н*******" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Түрүүлж ирүүлсэн ХА-019643 тоот өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай, 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан төрөөс тогтоосон өргөдлөөр олгох талбайд хамаарахгүй байсан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гуйцэтгэсний ундсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасны дагуу 19 дугаар зүйлийн 19.2.5-д "хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх", мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т "хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх" гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд "Нуттийн Ивээл" ХХК-иас гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н*******” ХХК 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цахим бүртгэлийн ******* дугаартай Төв аймгийн З******* сумын нутагт орших -2 нэртэй газарт 4277 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Өргөдлийг нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах шаардлага болон мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т .Энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл нь хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулсан.

“Н*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй” гэсэн шаардлагыг хангаагүй. Энэ талаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүссэн талбайд кадастрын зураг зүйн шүүлт хийж үзэхэд “Н*******”-ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь түрүүлж ирсэн индекс 019643 тоот өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай, мөн Засгийн газрын 2014 оны 239 тоот тогтоолоор батлагдсан тусгай хэрэгцээний газарт хамаарч байсан. Төрөөс тогтоосон өргөдлөөр олгох талбайд хамаарахгүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасны дагуу мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргадаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тусгай хэрэгцээний талбайд хамаарч байгаа нь харагдаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь тус компанийн өргөдлийг хянаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20 өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн цахим дугаар олгох системд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлэн улмаар Төв аймгийн З******* сумын нутаг дэвсгэр, -2 нэртэй газарт 4177 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019651-001-NE /NE-*******/ дугаартай өргөдөл /хх 5, 30/-ийг гаргажээ. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр /хх 26/-ээ “... өргөдлийг хянаж үзээд хүсэлтэд дурдсан талбай нь Монгол Улсын Засгийн газраас солбицлоор тогтоож, нийтэд мэдээлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамрагдаагүй тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэж шийдвэрлэжээ. Улмаар хариуцагч “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 дугаар албан бичиг /хх 4/-ээр нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг заасан. Энэ зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэжээ. Хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол /хх 124-130/ гарч, уг тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох боломжтой талбайн солбицлыг баталжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана” гэж заасан. Өргөдөлд дурдсан талбай нь мөн зүйлийн 17.2-д заасан тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан болон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагуудыг хангасан байхыг хуулиар шаарджээ. 

Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд заасан талбай нь дээрх Засгийн 2014 оны 239 дүгээр тогтоолоор баталсан өргөдлөөр олгох боломжтой талбайд хамаараагүй бөгөөд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан талбайд хамаарч байна. Энэ нөхцөл байдал нь  хэрэгт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицлыг заасан өргөдөл /5, 30/, кадастрын зураг /хх 43/,  зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх 24/, ашигт малтмалын кадастрын тойм зураг, усан сан бүхий энгийн хамгаалалтын бүс болон 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбайтай давхцалтай болохыг харуулсан зураг зүйн шүүлт хийсэн тойм зураг /хх 57, 58, 59, 133/, Засгийн газрын 239 дүгээр тогтоолын хавсралт /хх 125-130/, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагааг явуулсны үндсэн дээр мөн зүйлийн 19.2.3-д заасан “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэжээ. Энэ хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, шүүх хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлснээс бусад солбицолд ороогүй талбайд хайгуулын зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах боломжгүй бөгөөд хариуцагчид солбицлоор тогтоогоогүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй.

Үүний учир нэхэмжлэгчийн “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар зураг зүйн шаардлагын хувьд Засгийн газраас тогтоосон талбай байна гэсэн шаардлага байгаа харин тусгай хэрэгцээнд ийм талбай, газартай давхцуулж болохгүй гэсэн хуулийн агуулга байхгүй, нэхэмжлэгч компани хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан шаардлагын хангаж байгаа...” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч талаас “...түрүүлж ирүүлсэн өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай гэж маргаан бүхий актад дурдаагүй атлаа хариу тайлбартаа ийнхүү тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ. Гэвч маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх 24/-д энэ үндэслэлийг дурдсан учир энэ үндэслэлээр хариуцагчийн шийдвэрийг хууль бусад тооцох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. 

Үүнээс гадна нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлөө 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан бөгөөд түүний өргөдөл гарахаас өмнө Төв аймгийн з******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоол, түүний хавсралт /хх 135-138/, талуудын тайлбараар нэхэмжлэгчийн өргөдлийн талбай орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан нь тогтоогдож байна. Тухайлбал, нэхэмжлэгч компанийн өргөдлөөс  цаг хугацааны хувьд түрүүлж өргөдөлд дурдсан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авагджээ. 

Үүний учир нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20 өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА 

                                                                          ШҮҮГЧ Д.ХАЛИУНА