Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 152/ШШ2024/00331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: А.Я-ы,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: А.Я (цахим)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Я шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие А.Я нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Завхан сумын Ногоон алт төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн. Энэ талаар Нийгмийн даатгалын хэлтсээс цахим лавлагааг авсан. Өндөр насны тэтгэвэрт гарахад төрд ажилласан жилд тооцуулах шаардлага байгаа тул дээр дурдсан ажилласан хугацааг төрд ажилласан жилд тооцож шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны хуулийн этгээдийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс А.Яы хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

2. А.Я нь шүүхэд хандаж 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Завхан сумын Ногоон алт төслийн зохицуулагчаар ажиллаж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцуулах тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч А.Яы хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч А.Я нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Завхан сумын Ногоон алт төслийн зохицуулагчаар ажиллаж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцуулах тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. А.Я нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Завхан сумын Ногоон алт төслийн зохицуулагчаар ажилласан. Энэхүү Ногоон алт төсөл нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хэрэгжсэн олон улсын төсөл бөгөөд энэхүү төслийг Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран хэрэгжүүлсэн. Тухайн үед төслөөс ажилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан ба миний нийгмийн даатгалын шимтгэлийг Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо төрийн бус байгууллага төлсөн байна. Ногоон алт төсөл нь олон улсын төсөл учраас дээрх хугацаанд тус төсөлд ажилласан хугацаагаа төрийн алба хаасан хугацаанд тооцуулах хүсэлтэй байна.

3.2. Учир нь төрийн албан хаагчид олгодог тэтгэвэр, тэтгэмжийг авахад энэхүү Ногоон алт төслийн зохицуулагчаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцуулах шаардлагатай байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. “Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо” ГҮТББ нь 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд бэлчээрийн менежментийг сайжруулах, хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилготой, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 733 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо төрийн бус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

4.2. Хүсэлт гаргагч А.Я нь шүүхэд нотлох баримтаар өөрийн 2013 оны 01 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг өгсөн бөгөөд тус лавлагаанаас үзвэл,

- 2013 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо,

- 2013 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо,

- 2014 оны 01 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо,

- 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд сайн дурын даатгал,

- 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо,

- 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд сайн дурын даатгал,

- 2018 оны 5,6  дугаар сард Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо,

- 2018 оны 7,8 дугаар сард сайн дурын даатгал,

- 2018 оны 10-12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо тус тус хүсэлт гаргагч А.Яы нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байжээ.

5. Дээрх баримтаар хүсэлт гаргагч А.Яы 2013-2018 оны нийгмийн даатгалын шимтгэлийг Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо төлж байсан мөн А.Я нь сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж байсан болох нь тогтоогдож байх тул түүний 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Завхан сумын Ногоон алт төслийн зохицуулагчаар ажилласаныг төрийн алба хаасан буюу төрд ажилласан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар "төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг хэлнэ.

Харин "төрийн албан хаагч" гэж Төрийн албан тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар “төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” хэлнэ.

Төрийн албыг төрийн улс төрийн алба, захиргааны алба, тусгай алба, үйлчилгээний алба гэж ангилан үзэхээр Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хуульчилжээ.

Энэ тохиолдолд хүсэлт гаргагч А.Яы нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо гэх гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагыг төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагааг эрхэлж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хүсэлт гаргагч А.Я нь дээрх хугацаанд Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн Ногоон алт төслийн зохицуулагчаар ажиллаж байсан гэх ба энэхүү төслийн зорилго, үйл ажиллагаа нь бэлчээрийн зохистой ашиглалт, борлуулалтын ашигтай тогтолцоо, эрхзүй, бодлогын таатай орчны нөлөөгөөр малчин өрхийн амьжиргаа дээшлэхэд чиглэсэн байна.

Иймд хүсэлт гаргагч А.Я нь Ногоон алт төслийн зохицуулагчаар ажиллаж байсныг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан төрийн албаны аль нэг ангилалд хамаарах ажил, албан тушаал эрхэлж байсан гэж дүгнэх үндэслэлгүй.

6. Мөн хүсэлт гаргагч А.Я нь төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авахад төрийн алба хаасан хугацаа шаардлагатай гэх тайлбар гаргасан.

 Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай Засгийн Газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор төрийн алба хаагчийн төрийн албанд ажилласан хугацааг хэрхэн тооцохыг нарийвчлан зохицуулсан бөгөөд дээрх зохицуулалтын дагуу мөн хүсэлт гаргагч А.Яы 2013 оны 6 дугаар сараас 2018 оныг дуустал Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо ГҮТББ-д ажилласан хугацаа болон сайн дурын даатгалд хамрагдсан хугацааг төрийн алба хаасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүхээс онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч А.Яы 2013 оны 6 дугаар сараас 2018 оныг дуустал хугацаанд ажилласан байдлыг төрийн алба хаасан хугацаа гэж тогтоох боломжгүй байх тул түүний хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

7. Шүүхээс хүсэлт гаргагч А.Яы хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч А.Я-ы 2013 оны 6 дугаар сараас2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын Ногоон алт төслийн зохицуулагчаар ажиллаж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч А.Яы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА