Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 152/ШШ2024/00332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.Чийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч:Б.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1984 онд 7 дугаар сараас 1987 оны 10 дугаар сар хүртэл Увс аймгийн Наранбулаг сум Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1989 онд цэргээс халагдаж ирээд Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 1989 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилсан. Малчнаар ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт байгаа хэдий ч малчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Одоо тэтгэвэрт гарах нас болж, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох малчны хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед малчнаар надтай хамт ажиллаж байсан Б.С, Ш.Ц нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримтУвс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 156 дугаартай тодорхойлолт,  Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3455 дугаартай лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай зөвлөмжийн хуудас, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б.Чийн цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Ш.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 852 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Б.Сын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Чийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

Б.Чийн хүсэлтээр Б.С, Ш.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Б.Чийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.   

2. Б.Ч нь шүүхэд хандаж 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Б.Чийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Б.Ч нь 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Б.Ч нь 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллжа байгаад цэргийн албанд татагдсан. Улмаар цэргийн алба хааж ирээд 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох цалингийн баримт аймгийн архиваас гарсан боловч ажилд орсон болон гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй байна.

3.2.  Ийнхүү ажилд орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.Чийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажилласан хугацааг оролцуулан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 156 дугаартай тодорхойлолтоор “Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн 1984-1989 оны тушаал, цалингийн баримтыг шүүн үзэхэд Батаа овогтой Чимэдтэй холбогдох тушаал гараагүй ба Б.Чтэй холбогдох Наранбулаг сумын Хужирт бригадын 1984-1989 оны цалин гарсныг тус иргэнд хуулбарлан олгосон болно” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Ч шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолтыг хавсралтын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба тус тодорхойлолтоор Б.Ч нь 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь тогтоогдож байна.

4.2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3455 дугаартай тодорхойлолтоор Батаагийн Чимэд нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар Увс аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 158 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 641519 дугаарын цэргийн батлахтай халагдсан болохыг тодорхойлжээ.

Иймд дээрх баримтууд нь хүсэлт гаргагч Б.Ч 1984 оны 7 дугаар сараас Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1987 оны 10 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан болохыг шууд нотолж байна.

4.3. Улмаар Б.Ч нь 1989 оны 10 дугаар сарын 15-нд цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолтоор нотлогдож байна.

4.4. Гэрч Ш.Ц нь 1980 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болохыг Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 852 дугаартай шийдвэрээр тогтоожээ.

Иймд гэрч Ш.Цгийн “...Б.Ч багаасаа аав, ээждээ тусалж мал малладаг байсан. Б.Чийн аав н.Батаа манайхан олон жил айл саахалтаар Пионер нэгдэлд, нэг бригадад мал маллаж байсан тул Б.Чийг сайн мэднэ. Б.Ч 1984 оноос Наранбулаг сумын Пионер нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн ба голдуу хонь малладаг байсан. 1987 оноос цэргийн албанд татагдаж, 1989 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1990 он хүртэл Пионер нэгдэл тартал мал маллаж байгаад 1990 оноос хувийн мал малаа маллаж эхэлсэн” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Гэрч Б.С нь 1981-1990 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Иймд гэрч Б.Сын “Би 1969 оноос 1990 он хүртэл Наранбулаг сумын Пионер нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1990 онд Наранбулаг сумын пионер нэгдэл тараад хувиараа мал малласан. Б.Чийн аав н.Батаа манайхан айл саахалтаар нэг бригадад нэгдлийн мал маллаж байсан тул би мэднэ. Б.Ч 1984 оноос эхлэн Наранбулаг сумын пионер нэгдлийн 3 дугаар бригадад голдуу хонь малладаг байсан. 1987 онд цэргийн албанд татагдсан. 1989 онд халагдаж ирээд 1990 он хүртэл пионер нэгдэл тартал мал малласан. Б.Ч голдуу хонь малладаг байсан” гэх мэдүүлгийг мөн үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.5. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Чийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар гаргуулсан ба тус баримт нь 2008 онд үйлдэгдсэн байх тул хүсэлт гаргагч Б.Ч 1984-1987 оны хооронд болон 1989 онд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолгүй бөгөөд хамааралгүй баримт байна.

5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Б.Чийн 1984 оны 7 дугаар сараас цэргийн албанд татагдах хүртэл буюу 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, цэргийн албанаас халагдаж ирээд буюу 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс  1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Чийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх  заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.Ч-ийн 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Б.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА